М.Энхсайхан: Эдийн засагт огцом эмчилгээ хийх юм бол мажийж мэдэхээр байна
2016/10/25
Төрөөс мөнгөний бодлогын талаар 2017 онд баримтлах үндсэн чиглэлийн төслийн талаарх хэлэлцүүлэг боллоо. Энэ үеэр Ерөнхий сайд асан М.Энхсайханаас мөнгөний бодлогын талаарх байр суурийг тодруулахад: “Эдийн засгийн байдал хүнд байгаа гэдгийг хүн бүр л мэдэж байгаа.
Хялбаршуулж төсөөлөхийн тулд хэвтэрт байгаа өвчтөнтэй зүйрлэсэн. Өнөөдрийн байдлаар эдийн засагт огцом эмчилгээ хийх юм бол мажийж мэдэхээр байдалтай байна. Эдийн засгийн эмчилгээг хийхийн тулд мөнгө төсвийн бодлогоо болгоомжтойгоор хоёр гурван жилийн хугацаанд аажим, аажмаар хийхээр танилцуулж байна. Буруу юм байхгүй. Гэхдээ эдийн засаг хэр удаан хэвтэрт байх вэ? гэдэг асуудал байна. Мөнгөний бодлого, төсвийн бодлого уягдахгүйгээр хямралаас гарах аргагүй. Жишээлбэл, төсвөө асар их алдагдалтай батлах юм бол мөнгөний бодлого түүн дээр ажиллаж чадахгүй. Энэ хоёр өөр хоорондоо уялдаа холбоотой байх ёстой. Танилцуулга мэргэжлийн сайн төвшинд хийгдсэн байна.
Миний хувьд эдийн засагт эмчилгээ хийх аргын тухай л ярьсан. Аажуухан эсвэл түргэн байж болно. Гэхдээ энэ хоёрынхоо дунд тэнцвэрээ олоорой л гэж зөвлөмөөр байна. Хэтэрхий их удаан эмчилгээг тэсч хүлээх цаг хугацаа байгаа эсэх дээр анхаарах хэрэгтэй” гэлээ.