Монгол улс ирэх жилийнхээ төсвийг хэлэлцээд эхэлсэн. Тэгвэл анхны хэлэлцүүлгээр бол ирэх жил манай улсын төсвийн орлого 7.2 их наяд төгрөг байх бөгөөд мөнгөний бодлогын  хувьд инфляцийг найман хувьд барих, зээлийн хүүг бууруулах нөхцлийг бүрдүүлэх, үйлдвэрлэлийг дэмжсэнээр ажлын байрыг бий болгох зэрэгт анхаарах аж.

УИХ-ын чуулганаар Ерөнхий сайд Н.Алтан­хуяг “Жилийн өмнө эдийн засгийн яамыг тусгайлан байгуулсан нь Монгол улсын хөгжилд түүхэнд чухал явдал болжээ гэдэг нь харагдаж байгаа. Өмнө нь сангийн яаманд төсвийн бодлого, эдийн засгийн бодлого хамтдаа байхад бол хэн ч хэзээ ч энэ олж хардаггүй байсан олон зүйлийг нэг жилийн хугацаанд эдийн засгийн яам гаргаж ирж чадлаа. Цаашдаа энэ хөөсөрчихсэн төсвийг зогсоохгүй бол энэ илүү зардлыг арилгах,  энэ илүү төсөв бодолтуудыг засахгүй юм бол бид 50 сургууль барих мөнгөөрөө таван сургууль барих болчихоод байна тийм учраас энэ 2014 оны ажлын төсөв дээр ажлаасаа  гэж хүсэж байна” гэж хэлсэн юм. Түүнчлэн "Авлигажсан төсвийг бид цаагдаа танасаар байх болно" гэсэн мэдэгдэлд  зарим нэг гишүүд эгдүүцэж буй нь тэднийг бачируулаад байгаа.

 Үнэндээ хөрөнгө оруулалтын зардлыг албаар өндөр тавьдаг, дундаас нь төрийн байгууллагынхан авлига авдаг бүхэл бүтэн тогтолцоог өөрчлөх ёстой гэсэн Ерөнхий сайдын байр суурьт МАН-ынхан тааламжгүй хандасаар... Энэ байдал нь “авлигажсан төсөв”-ийг авлигачид эсэргүүцээд байна уу гэх харыг нийгэмд төрүүлж буй. Магадгүй төсвөөс дансандаа мөнгө гувчуулдаг болсон зарим хүмүүст таагүй байдал үүсгээд байгаа аж. Гэхдээ улс орныхоо эдийн засгийн төлөө төсвийг авлигаас ангид байлгах цаг нь ирсэн.

Төсвөөр санхүүжиж  байгаа 80 хүүхдийн дотуур байрыг барих зардал нь 800 саяас 1.1 тэрбум болтлоо өссөн. Гэтэл МАК компани Өмнөговийн Гурвантэст 350 хүүхэд хичээллэх сургууль, 120 хүүхэд амьдрах дотуур байрыг 1.5 тэрбумаар барьсан байна. Энэ хоёр жишээнээс харахад төсвөөр хийгддэг ажлын зардал өсч байгаа нь хэний халаасыг санхүүжүүлдаг нь батлагдаж байгаа юм. Төсвөөс  өөрсдийнхөө дансны тоог олон оронтой болгодог байсан хүмүүсийн эрх ашигтай энэ бодлого зөрчилдөөд эхэлсэн нь тэдний хандлагаас харахад л тодорхой . Олон арван жил төсвийг хөөсрүүлж, төсвөөс олон арван тэрбумтнуудыг төрүүлсэн гэхэд хүн бүр санал нийлэх биз ээ.

УИХ-дахь АН-ын бүлгийн дарга Д.Эрдэнэбат: "Ирэх оны төсөв бол улс орон, эдийн засгийн бодит байдалд тулгуурласан, ард түмний амьдралыг дээшлүүлсэн төсөв байгаасай гэж хүсч байна.  Энэ ч утгаараа улстөржилт багатай байгаасай гэж бодож байна.  2014 оны төсвийг царцаах асуудал бол анх удаа хийгдэж байгаа ажил. Сүүлийн жилүүдэд дотоодын нийт бүтээгдэхүүний хэмжээ хурдацтайгаар  өсч байсан. Ялангуяа сүүлийн гурван жилийн төсөвт хэмжээ  хязгаараа алдаж, төрийн данхайлгасан, цатгалан төсөв баталж байжээ. Ард түмний хөрөнгө, мөнгөөр задгайдуу явж ирсэн төсөв болсон гэдгийг бид хаана хаанаа хүлээн зөвшөөрч байна. Тийм учраас 2014 оны төсөв анх удаа царцаж байна. Ажлын хэсгийнхэн 2014 онд төсвөөс гадуур хийгдэх  хөрөнгө оруулалтын жагсаалтыг гаргах ёстой гэсэн байр суурьтай байна.  Төсвөөс гадуур зээлийн, бондын хөрөнгөөр ямар ажил хийх жагсаалтыг танилцуулах үүргийг манай бүлэг өгсөн.  Төрийн захиргааны компьютер, сандал ширээ  зэрэгт нийт 27 тэрбум төгрөг зарцуулсныг эргэж харах ёстой гэдэг асуудлыг ажлын хэсэг гаргасныг бид зүйтэй гэж үзлээ. Төсвийн тогтвортой байдлын хуулийн дагуу Монгол Улсын өрийн хэмжээ ДНБ-ний 40-60 хувьд хэлбэлзэнэ гэсэн тооцоолол хийсэн. Энэ ямар үндэслэлтэйг судлах зайлшгүй шаардлагатай. Өөрөөр хэлбэл он оноор нь авч үзэх хэрэгтэй.  Бид Засгийн газрын саналыг авч үзэж болно. Гэхдээ 40-60 гэдэг хувийг яагаад гаргаад ирсэн бэ гэдгийг судалж үзэх ёстой"

УИХ-ын гишүүн С.Ганбаатар: "Төсвийн хөрөнгө оруулалт энэ жил тасалдсан. Төсвийг боловсруулахдаа төсөвчид хөөсрүүлсэн байна гэж дүгнэсэн юм. Төсөвт 2013 онд нэг их наяд 524 сая төгрөгийн хөрөнгө оруулалт суутгасан  бол 2014 онд нэг тэрбум 250 сая төгрөгийн төсвийн хөрөнгө оруулалт суутгаж байна.  Үүнийгээ аманд ч үгүй, хамарт ч үгүй тараахаар нэг төмрийн баяжуулах үйлдвэр бариач ээ, монгол орон хадаасаа хийдэг болчихмоор байна. Уг нь төсвийн тодотгол байх ёсгүй зүйл. Тухайлбал, Герман төсөвтөө хэзээ ч тодотгол хийдэггүй. Алдагдалтай төсөв батална гэдэг ирээдүйгээсээ, дараа жилийн төсвөөсөө зөвшөөрөлгүй хулгай хийж байгаа явдал юм. Бие даагчдын зөвлөл төсөв тодотгож болно, төсвийн төсөөллийг  үндэслэлтэй тооц гэсэн байр суурьтай байна. Гэхдээ УИХ дээр олонхиороо шийддэг шүү дээ".

МАН-ын  бүлгийн дарга Н.Энхболд:  “Ерөнхий сайд 2013 оны төсвийг авилгажсан төсөв  гэсэн нь ноцтой мэдэгдэл юм. Төсвийн гүйцэтгэл 80 гаруй хувьтай  гэж байгаа ч хөрөнгө оруулалт 30 хувьтай байна. Энэ нь Засгийн газар хэрэгжүүлэх боломжтой, төлөвлөсөн хөрөнгө оруулалтын ажлаа хийж чадаагүй гэсэн  үг” хэмээн мэдээлсэн юм.

Тэгвэл жил жилийн төсөвт суутгагдсаар ирсэн  ажлуудыг яагаад цаг тухайд нь хийгээгүй шалтгаанаа   МАН-ынхан эхлээд тайлбарлах ёстой.  Мөн өнгөрсөн 2007 оноос хойш төсөвт суутгагдсаар, жил болгон зардал нь өссөөр ирсэн бүтээн байгуулалтын ажлын цаад зорилгыг  нь МАН-ынхнаас асуумаар байна шүү.
 

Монгол улс орны маань нуруун дээрээ авч явна хэмээн өөрсдийгөө нэрийддэг төр түшилцэж буй хэдэн гишүүд минь одоо энэ авлигажсан зангаа засч, улсын төсвөө намжирхаж, улс төрчүүлэхгүй нэг баталчих юмсан. Аливаа нэг асуудалд намын болон хувийн үзэл бодлын өнцгөөс харахаа одоо болиул ард түмэн чинь баярлах байлтай.

Х.Даваа