​УИХ “Төрөөс мөнгөний бодлогын талаар 2014 онд баримтлах үндсэн чиглэл”-ийн төслийг хэлэлцэж бай­на. Уг асуудлыг анх­ны хэлэлцүүлэгт бэлтгэхээр УИХ-ын Эдийн зас­гийн байнгын хороонд шил­жүүлээд байгаа.

Үүний өм­нө өнгөрсөн баасан гаригт хуралдсан чуулганы нэгдсэн хуралдаанаар УИХ-ын тог­тоолын төслийг хэлэлцэх үеэр ямархуу “гал авалцаж” хэн нь хэрхэн популизм хийснийг олон нийт харсан. Тэр ч байтугай нэр бүхий УИХ-ын гишүүн, Эдийн засгийн байнгын хорооны дарга хүртэл үүрэгт ажлаа өгөхөд бэлэн байгаагаа илэрхийлсэн. Үүнийг үнэн бодит байдлын төлөөх эрсдэл, золиос гэж үзэх үү, эсвэл хийрхэл үү гэдгийг харин иргэн бүр төдийлөн ойлгоогүй болов уу. Тиймээс ямар гээч мөнгөний бодло­гыг оруулж ирээд “дажин үүсгээд” авсныг жаахан ч атугай задлан харуулахыг зорилоо.

Монголбанкныхан 2007 он хүр­тэл мөнгөний бодлогыг боловсруулан УИХ-д танилцуулахдаа хэдэн хуудас цаас өгдөг байсан юм. Түүнийг нь уншихаас зал­хуурсан эрхэм гишүүд танин мэдэхүйн чанартай асуулт тавьж өөрсдийн томилсон Монголбанк­ны удирдлагуудыг “хөөрхөн жижигрүүлээд” авдаг байв. Харин 2007 оноос эхлэн төслөө товхимол болгон урт удаан хугацаанд хэрэглэх, архивлах боломжтой бол­гож УИХ-ын гишүүдээс гадна холбогдох байгууллагууд, олон нийтэд хүргэх болсон юм. Энэ бол товчхондоо Монгол Улсын макро эдийн засгийн түүх ч гэж хэлж болохуйц баримт бичиг билээ.

Дараагийн нэг онцлог гэвэл сүүлийн жилүүдэд Монголбанкны мөнгөний бодлого инфляцийг онилсоор ирсэн. Энэ нь тухайн үеийн эдийн засгийн нөхцөл байдал, дотоод, гадаад нөлөөлөл, түүнээс үүдэлтэй инфляцийн огцом өсөлт, хэлбэлзэл зэрэгтэй хол­боотой байв. Инфляци өндөр бай­на гээд мөнгөний хатуу бод­лого баримталдаг. Үүнийг дагаад зээлийн хүү өсдөг. Энэ бүх нөлөөлөл нь эцэстээ хувийн сек­торынхны ашгийг бага байлгах, зээл авч үйл ажиллагаагаа явуулдаг бизнесийнхнийхээ “амийг таслах” шахдаг байлаа. Гэтэл үнэн хэрэгтээ бизнесмэнүүд болон жирийн иргэд тэр “хараал идсэн” инфляцийг нь өсгөөгүй болохоор яагаад тийнхүү хатуу бодлогоор “шийтгүүлээд” байгаагаа үл ойлгоно. Гэхдээ үүнд тухайн үеийн Монголбанкны удирд­лагуудын буруу ч бас биш юм. Учир нь тэдэнд УИХ-ын гишүүдэд загнуулах, Засгийн газарт таалагдахаас илүүтэй инфляци аль болох нам дор, тогтвортой төвшинд байх нь чухал төдийгүй олон нийтийн эрх ашигт нийцэж байсан гэсэн үг.

Тэгвэл буруутан нь хэн бэ. Юуны өмнө эрэлт, нийлүүлэлтээ уялдуулан гэнэтийн хомсдол үүс­гэхгүй байх “хамгаалалт” хийж чадаагүй төрийн бодлого буруутай. Төр “зөв бодож” гэмээнэ түүнийг нь үл ойлгож, үл дэмжих парламент, Засгийн газартай хамтарч ажиллах нь Монголбанкны үе үеийн удирд­лагуудад амаргүй байсан биз ээ. Тиймээс энэ удаад Монголбанк Засгийн газартай хамтран гол нэрийн бараа бүтээгдэхүүний үнийн гэнэтийн өсөлтөөс урьдчилан сэргийлэх “ерөндөг” зохиов. Учир нь Засгийн газартай хамтрахгүйгээр энэ ажлыг хийх боломжгүй. Гэхдээ энэ нь Ерөнхий сайдын үгэнд орно гэсэн үг биш гэдгийг бодитоор ойлгох нь зүйтэй болов уу. Ингээд дэд хөтөлбөрүүд боловсруулан хэрэгжүүлсний дүнд инфляци буурсан гэдгээс өмнө 177 мянган ажлын байрыг хамгаалж үлдсэн гэдгийг онцолмоор байна. Энэ бол бага тоо биш. Гэнэт 180 орчим мянган хүн ажилгүй болчихвол яах вэ. Тэгэхээр үнэлэмж мөн биз.

Дараагийн асуудал гэвэл мэдээж инфляци мөн. Инфляци өнгөрсөн оны эцэст 14 хувь байсныг энэ оны есдүгээр сарын байдлаар улсын хэмжээнд 9.9 хувь, нийслэлийн хэмжээнд 8.4 хувь болтол бууруулсан. Өмнөх Засгийн газрын үед 2011 онд 200 тэрбум төгрөг, 2012 онд 228 тэрбум төгрөгийн зээл олгож 2011 онд 100 тэрбум төгрөгийн бонд худалдан авсан байдаг. Улс төрийн хүрээнд сэм ярьж байгаагаар “Өмнөх Засгийн газар нэг их наяд төгрөг Монголбанкнаас зээлчихсэн юм билээ. Арай ч дээ” гэж дуу алдаад байгаа ч энэ талаар төдийлөн улс төр “хийхгүй” байгаа. Ийм хөрс суурин дээр “Инфляцийг найман хувьд барина. Цаашилбал 2015-2016 онд инфляцийг долоон хувьтай байлгана” гэх Монголбанкныхны бодлого, зорилт хэтэрхий том гэмээр байгаа биз.

 Монгол Улсын гадаад валютын нөөц энэ оны есдүгээр сарын байдлаар 2.7 тэрбум ам.доллар байна. Энэ нь нийт валютын төлбөртэй импортын 5.4 сарын хэрэгцээг хангах хэмжээнд буюу олон улсын жишгээс өндөр түв­шиний үзүүлэлт аж. Тэгэхээр хэдийгээр Монголбанкны Мөн­гөний бодлогын зөвлөл энэ оны эхнээс мөнгөний бодлогын хүүг гурван  удаа, нийтдээ 2.75 нэгж хувиар бууруулан 10.5 хувь болгосон ч инфляцийг бууруулж чадаж байна. Мэдээж үүнд олон жилийн турш Эрээний импортыг дэмжиж хэрэглээгээ нэмсээр ирсэн “урт түүх” саад болж байгаа нь үнэн. Харин одоо энэ бүхнээс татгалзаж иргэдээ хуримтлалтай, улсаа гол нэрийн бараа, бүтээгдэхүүний нөөцтэй болгоё гэсэн бодлого баримталж байна.

Мөн нийлүүлэлтийн шатанд үүсээд байгаа зардлыг бууруулахын тулд дэд бүтцээ сайжруулахад хөрөнгө гамналгүй зарцуулж “хөл дээрээ тогтох”-ыг хүсч бай­гаад буруу нь юу байх вэ. Энэ бүхнийг эсэргүүцэж, тэр тусмаа төгрөгийн гадаад валюттай харьцах ханшийг макро эдийн зас­гийн суурь нөхцөлтэй нийцэж, уян хатан тогтоох бус “хүчээр барих” хуучин аргаа санагалзах нь хөгжлийг онилсон мөнгөний бодлогод саад болж мэдэх юм. Иймээс өнөөдөр хуралдах УИХ-ын Эдийн засгийн байнгын хорооны хуралдаан болон энэ долоо хоногт хүлээгдэж буй нэгдсэн чуулганы үйл явцад олон нийт, сонгогчид анхаарлаа хандуулах учиртай. Тэр тусмаа өнгөрсөн баасан гарагт болсон хуралдааны нэгэн адил “гал маналзаж”, хөгжлийг онилсон мөнгөний бодлогыг чухам хэн эсэргүүцэн эдийн засагтаа “тэрсэлж” буйг сайн хараад аваарай.

 

У.Оргилмаа