ХБНГУ-ын Бавари мужийн иргэдийн төлөөлөгч Н.Солонго: Монгол хүн л Монголоо хөгжүүлнэ
2016/10/27
Бид өмнө Холбооны бүгд найрамдах Герман улсын Бавари мужийн иргэдийн төлөөлөгч, CSU (Christian Social Union) намын гишүүнээр ажиллаж буй монгол бүсгүй Н.Солонгын талаар товч мэдээлэл хүргэж байсан билээ. Нэлээд олон ажлыг амжуулан Монгол Улсынхаа нэрийг гадаадын улс оронд өндрөөр авч явж, амжилттай яваа энэ бүсгүйтэй хэсэг хором ярилцах завшаан тохиосон бөгөөд түүнийтэй хэдэн хором ярилцсанаа уншигч та бүхэнд хүргэж байна.
Сайн байна уу? Таньд энэ өдрийн мэнд хүргэе! Уншигчидад өөрийгөө танилцуулна уу?
Сайн байна уу. Намайг Нацагдоржийн Солонго гэдэг 32 настай. Нөхөр, хүүгийн хамт ХБНГУ-ын Бавари мужид амьдардаг. 2016 оны 8 сараас Аугсбург хотын болон Швабэн бүсийн төлөөлөгчөөр сонгогдон, ажиллаж байна.
Таныг ХБНГУ-ын улс төрд гарсанаар монголчууд маань нэлээдгүй танина. Уншигчдад сонирхолтой байх болов уу? Та яаж энэ өндөрлөгт хүрсэн бэ?
Анх 2008 оны сүүлээр ХБНГУ-д ирээд эх орныхоо талаар гадаад хүмүүст зөв ойлголт өгөхийг хүсээд “ Монгол орон ” гэдэг цуврал илтгэлийг тавьж эхэлсэн. Олон соёлын өдөрлөгүүд болон Бавари мужийн нэлээн олон хотуудаар тус илтгэлээ тавьж явсан. Ингэж явах үед -Хотын даргын сонгуульд тусалж оролцооч гэсэн Намын саналаар анх улс төрийн гараагаа эхэлсэн. Гадаадад амьдардаг хоёрдогч , гуравдагч хүн байхыг хүсээгүй. Нэгэнт энэ улсад амьдарч байгаан хувьд тухайн улсын иргэнтэй ижил тэгш эрхтэй байхыг хүссэн, нөгөөтэйгүүр Монгол хүн байна даа чадах ёстой л гэж зүтгэсэн. Үнэнч шударгаар ажиллаж амьдарч байгаа болохоор энэ ажлын маань үр дүн болгож 2015 оны 3 сард ИТХГ- ээр сонгосон болов уу гэж үздэг. Одоо бол улс төрийн амьдралд суралцаад л явж байгаа энгийн л монгол эмэгтэй.
Таны үүсгэн байгуулсан Отгонбаяр сан, энэ санг Европд нэлээдгүй танигдсан гэж сонслоо ямар үйл ажиллагаа явуулдаг, зорилго чиглэл нь юу вэ? Бусад ижил төстэй сан, ТББ-уудаас юугаараа давуу вэ? Одоо хэрэгжүүлж байгаа төсөл хөтөлбөрийн талаар?
Монгол-Германы хамтарсан Отгонбаяр сан үүсгэн байгуулагдаад гурван жил болж байна. Аав, ээжээс минь ялгаагүй намайг хүн болгосон Цэрэндоржийн Отгонбаяр гэх нагац ахынхаа гэгээн дурсгалд зориулж, Монголын хүүхэд залуучуудын төлөө хийж байсан үйл хэргийг нь үргэлжлүүлэхээр сэтгэл шулуудан 2013.10.06 буюу ахынхаа мэндэлсэн өдрөөр анх байгуулж байсан гэр бүлийн сан. Монгол орон цуврал илтгэлийн орлогоо сандаа байршуулж Монголын хүүхэд, залуучуудынхаа төлөө зориулсаар байна. Отгонбаяр Сангийн бүх үйл ажиллагаа Монгол хүний , Монгол хүүхдүүдийн оюунд чиглэсэн байдаг. Одоо бид залуучуудын оюун санаанд хэрхэн зөв нөлөөлж болох вэ гэдэг дээр их анхаарч байгаа. Тухайлбал бид анх удаа улс төрд буй залуусаа нам үл харгалзан дэмжих зорилготой 2016 оны 7 болон 9 сард манай сангаас санаачилсан, Монгол Германы Гүүр ТББ тай хамтран хэрэгжүүлж эхэлсэн “Ойлголцол-Хөгжлийн гарц” нэртэй залуу улс төрчдийн солилцооны хөтөлбөр амжилттай хэрэгжүүлж эхлээд байна. Энэ нь хоёр жил тутамд Герман-Монгол хоёр орны улс төрийн тогтолцооны талаар харилцан туршлага судлах зорилготой юм. Монгол залуус анх удаа ХБНГУ ын Парламентад айлчиллаа. Зөв ардчилал хэвшсэн, хөгжилтэй орны улс төрийн лидерүүд хэрхэн ажилладаг тэдгийг өөрсдөө уулзаж мэдэх боломжтой болсон. Германы улс төрч залуус мөн Төрийн ордонд Монгол залуустай болон залуусаа дэмжсэн УИХ ын зарим гишүүдтэй хамт чууллаа. Дашрамд хэлэхэд энэхүү төсөлд хамтран ажиллаж буй бүх багийн хамт олон болон залуустаа талархлаа илэрхийлье.
Та ХБНГУ-д найман жил амьдралаа гэж байна. Аав ээж, эх орон, элгэн садангаа санах сэдэл төрнө л биз дээ?
Саналгүй яахав байнга санана. Аав минь ноднин талийгаач болсон, (хоолой нь зангирав) манай гэр бүлд хүнд хэцүү цаг байсан. Эгч минь Монголынхоо төрд зүтгэж байгаа Шүүхийн шийдвэр Гүйцэтгэх байгууллагад дэд ахлагч цолтой, ээж дүү нар минь Дархандаа амьдардаг. Гэр бүл, найз нөхдөө их санана. Дэлхийн олон оронд ажиллаж амьдарч буй сайхан найз нөхдөөрөө бахархдаг. Тэд нарынхаа хүчээр маш олон ажлыг амжуулдаг. Найз нөхөд маань миний хувьд хоёр дахь гэр бүл гэж хэлж болно доо. Монголынхоо салхийг их үгүйлдэг. Амьсгалах бүрдээ эх орноо гэсэн чин сэтгэлээр бүх зүйлд ханддаг.
Та аавынхаа талаар тодруулбал, сонсох нь ээ Ардчиллын алтан хараацай нарын нэг хэмээн мэддэг юм байна лээ. Та аавынхаа талаар дурсвал?
Миний аав Дагвын Нацагдорж гэж ухаалаг хүн байсан. Аав минь анх ардчилал байгуулагдаж байх үед хамт байгуулалцаж явсан гэдэг юм. Бас л их олон нөхөдтэй байсан, сайхан шударга хүн гэдгээр нь тэд сайн мэднэ дээ. Их аж ахуйч хөдөлмөрч хүн байсан, анх манай буурай ээж минь бидэнд зааж өгч бид гэртээ саван үйлдвэрлэдэг байлаа, ундааны цех, гахайн аж ахуйтай, ногоо тарьдаг, зэсийн жижиг дунд үйлдвэрлэл аав маань хөгжүүлж мөн худалдааны дэлгүүрүүд тухайн үеийн орос дэлгүүр, барааны дэлгүүр, орон сууц, спорт хөгжил дэвшлийн гээд үл хөдлөх хөрөнгүүдтэй Дарханыхан андахгүйдээ Бизнесмен хүн байсан.
Анх нэг сая төгрөгний зээл аваад 30 сая төгрөг болтол нь өсгөж Дарханы анхны саятан хүн байсан гэгддэг. Дархан хотод аж үйлдвэрийг нэлээдгүй хөгжүүлж, жижиг дунд үйлдвэрлэлийг хөгжихөд том хувь нэмэр оруулсан, залуучуудыг их дэмждэг хүн байсан. Жудо бөхийн залуус, залуусын спорт, чөлөөт цагаа зөв боловсон өнгөрүүлэх талд их анхаардаг хүн байсан.
Дархан хотынхоо Худалдаа аж үйлдвэрийн тэнхимийн анхны ерөнхийлөгчөөр ажиллаж байсан. Тухайн үед Дарханд “ Залуу Монгол“ , “Эрдэнэ” компаниуд гээд ид хүчээ авч байсан. Аавыг мины жил бүр Ардчиллын олон одон медалиар урамшуулж , сүүлд Ерөнхийлөгчөөс Алтангадас одонг хүртээд түүндээ их л сэтгэл хангалуун хэлж байж билээ (уйлав ). Миний аав анх 1990 онд Герман түншүүдтэйгээ бизнес эхлүүлж, охиноо Герман хэл сургая гэж шийдсэн юм билээ. Намайг найман настай байхад маань Дарханы Герман- Англи хэлний сургалттай 19-р дунд сургуульд оруулж байсан. Тэр үед бүртгэл дууссан байхад намайг сургуульдаа авч байсан захирал Дэлгэр багшдаа маш их баярлаж явдаг шүү.
Гэр бүлийн хамт Аав Д.Нацагдорж, Ээж Монгол улсын хүндэт донор Ц.Эрдэнэбаяр эгч дүүгийн хамт
Гадаад улсад амьдарч байгаа хүний хувьд эх орныхоо хөгжил, ирээдүйн талаар хэрхэн төсөөлдөг вэ? Мөн таны оруулах хувь нэмэр юу гэж боддог вэ?
Монголын ирээдүй болсон хүүхэд залуучууд, өсвөр үеийнхнээр дамжуулж оюуны зөв хөрөнгө оруулалт хийхийг зорьж, “Монгол хүн л Монголоо хөгжүүлнэ” гэсэн урианд бүхий л ажил чиглэддэг. Нүүдлийн өв соёлоо биедээ тээсэн 21-р зууны Монгол залуусын үнэ цэнэ олон улсын төвшинд хаана явааг, Монгол залууст, Монгол хүнтэй хамтран ажиллах бүрэн итгэлийг бий болгохын төлөө л хичээдэг дээ. Германд ирсэн цагаасаа хойш эх орондоо хилийн чандаас хувь нэмэрээ оруулж байна. Цаашдаа ч оруулах болно Хилийн чанадад амьдардаг монгол хүн бүр эх орноо гэсэн чин сэтгэлтэй байдаг. Тийм болохоор орон зайн хувьд глобалчилагдсан нийгэмд аль нэг улсад байх нь хамаагүй Монгол хүн л бол монголынхоо төлөө байдаг байхаа гэж боддог.
Жишээлбэл хөрш айлын хүн танай гэрт орж ирээд танайхыг гоё сайхан болгоод өгье гэдэггүйтэй ижил бид өөрсдөө л илүү хөдөлмөрлөх хэрэгтэй. Гадаад хүмүүс бидэнд нэг удаа хоёр удаа тусалж болноо гэхдээ Монгол хүн л Монголоо л хөгжүүлнэ өөр хэн ч биш. Болж өгвөл энд тэнд тусламж гуйлгүй өөрсдөө л бүтээдэг болчихвол.
Ирээдүйн Монгол орноо мэдээж сайн сайхнаар төсөөлдөг. Эрүүл нийгэмтэй, Эх орондоо зөв ардчиллалыг хэвшүүлэхийн төлөө , ирээдүйн дүү нартаа эх оронч үзэлтэй хүн болоход өөрийн өчүүхэн хувь нэмэрийг оруулна даа . Эх оронч хүн гэдэгт иргэн бүр дор бүрнээ хичээж хэл , соёл, өв түүхээ хүндэлдэг, ширхэг өвс, газар шороогоо хайрладаг, тусгаар тогтносон Монгол эх орныхоо төлөөх чин сэтгэлээр зүтгэдэг байхыг хэлдэг болов уу.
Таны хувь хүний баримталдаг зарчим юу вэ? Нийгэмд үнэлэгдэх залуу хүний байр суурь ямар байх ёстой гэж үздэг вэ?
Олон улсын түвшинд Монгол хүн ялангуяа Монгол залуусдаа итгэдэг тэр итгэлийг бий болгохын төлөө зүтгэдэг. Миний баримталдаг зарчим худал хэлдэггүй, худлаа ярихыг үнэхээр үзэж чаддаггүй, хэлсэн үг бус хийсэн ажлаараа харуулдаг. Залуус бид илүү их бүтээх ёстой , тэгэх үүрэгтэй. Ер нь тэгээд цаг хугацаа л хамгийн үнэ цэнэтэй дээ .
Нийгэмд үнэлэгдэх залуу хүний байр суурь ямар байх ёстой гэж үздэг вэ?
Ямар ч юмны дотоод мөн чанарт чухалчилж, аливаа асуудалд хандахдаа өөрсдийн үзэл бодолдоо үнэнч бусдын нөлөөнд автагүй шударга байгаасай л гэж боддог доо. Монгол залуусын үнэ цэнэ нь хаана явж байнаа гэдгээ бодоод үзэх юм бол бид нарт маш их хийх , бүтээх ажил байгаа.
Монгол-Герман хоёр орны улс төрийн тогтолцоо хэр ялгаатай вэ? Улс төрч хүний хувьд юу гэж харж байна вэ? Аль нь юугаараа давуу талтай санагддаг вэ таньд?
Миний хувьд ингээд хэлбэл буруудах юм болов уу, Олон хүний дургүйцлийг хүргэх байх, гэхдээ Монголд одоогоор зөв ардчилал хараахан хэвшээгүй байна. Нам гэдэг бол эрүүл зохион байгуулалттай, төрийн эрхийг авахын төлөө зөв замаар эцсийн зорилго ард түмнийхээ сайн сайхны төлөө үүнээс хазайхгүй шударгаар өрсөлдөх тийм институт байх ёстой. Сөрөг хүчингүй байна, сөрөг хүчний байр суурь сул байна гэдэг бол өөрөө зөв ардчилал биш байна гээд илтгэж байгаа юм. Зөв ардчилал хэвшсэн, хөгжсөн орнуудаас жишээ нь: Герман улсын намын тогтолцоо улс төрийг хараад үзэхэд сөрөг хүчин маш хүчтэй байр суурьтай байдаг. Засгийн эрхэнд байгаа намынхаа ажил үүргийг шударгаар ил тод шүүмжилж мөн нөлөөлж байдаг . Шулуухан хэлэхэд иргэд нь төрөөс биш төр нь иргэдээсээ айдаг эмээдэг хүндэлдэг ийм нийгэм байж л эрүүл улс төр байдаг болов уу.
Энд улс төр мөнгө хоёрыг салгадаг. Улс төр, мөнгө хоёр бол хамт байж болохгүй гэж үздэг. Generationenvertrag гэж бий аливаа юм өөрийн цаг хугацаатай байдаг. Тодорхой хугацааны дараа том лидер улс төрчид залуу үедээ суудлаа, байр сууриа тавьж өгөх нь жам ёс. Залуусаа багаас нь системтэйгээр бэлтгэдэг. Гэтэл манайд бол сүүлийн 26 жил ардчилал эхэлснээс хойш залуусдаа байр сууриа тавьж өгөх тун дургүй, тавьж өгсөн ч ард нь нөлөөлж байгаа харагддаг.
Мөн улс төрд орж байгаа залуусаа дараад байдаг юм болов уу гэж боддог залуусын дуу хоолой, залуусын оролцоогүйгээр төрийн бодлого бүрэн хэрэгжихгүй .Тэгхээр Засгийн эрхэнд улиран сонгодсон маш удаан байсан эрхэмүүд залуустаа боломж олгох үүрэгтэй.
Бавари мужийн ЦСҮ намын Иргэдийн Төлөөлөгчдийн Хурал 2016 он, Бундестагийн гишүүн ноён Штраубингэр
Өндөр хөгжилтэй оронд амьдарч байгаагийн хувьд тухайн улсаас Монгол улсын хөрсөн дээр хамгийн амархан буух зүйл гэж юу төсөөлддөг бэ?
Миний хувьд бол боловсрол ялангуяа иргэний улс төрийн боловсрол, эрүүл мэнд , хүний хөгжил гээд эдгээр салбарууд бол маш чухал. Боловсролын системийг л арай өөр болгохыг хүсэж мөрөөддөг. Тэгээд оюутан залуусын зөв чөлөөт цагаа өнгөрүүлэх газар хомс, сурагчдыг сургуулийн бүсэд чөлөөт хөөрхөн хөгжлийн клубүүдээр дамжуулан хөгжүүлж байвал дээр болов уу гэж боддог доо. Хүүхэд, залуусынхаа сурч боловсрох орчин нөхцөлөөр л сайн хангаж өгөх хэрэгтэй санагдах юм.
Сонирхолтой ярилцлага өрнүүлсэн таньд баярлалаа. Миний асуугаагүй, хэлэхийг хүсч байгаа зүйл байвал хэлэх боломжтой?
Монгол хүн бүр тэвчээртэй, Монгол хүүхэд бүр аз жаргалтай эрүүл энх байхыг хүсэн ерөөе дөө.
Бидний ярилцлага энэ хүрээд өндөрлөж байна. За баярлалаа таны ажил амьдралд өндрөөс өндөр амжилтыг хүсэн ерөөе
Та бүхэнд баярлалаа. Амжилт хүсье. Монгол хүн л Монголоо хөгжүүлнэ...
Ярилцсан : С.Отгонбаяр
Зочин · 2016/10/27
sain bna amjilt husie
Зочин · 2016/10/27
mundag busgui bna amjilt