Б.БАЯР

Хөгжлийн банк гэж мөнгөөр гулгиж байдаг газар байдаг бололтой юм. Өнөөдөр дарга нарынхаа өмнөө барьдаг бамбай болж суугаа Хөгжлийн банкны гүйцэтгэх захирал асан Н.Мөнхбатын хийж байсан үйлдэл өнөөдөр үргэлжилсээр байгаа ажээ. Шуудхан хэлэхэд, түүний оронд очсон Б.Батбаяр ч бас Хөгжлийн банкны хөрөнгө мөнгийг зарцуулсан шиг зарцуулж сууна.

Энд олон жишээ дурдахаа больё. Түүний томилолтын ганц хоёрхон баримтыг харъя. 

Б.Батбаяр 2016 оны есдүгээр сарын 6-7-ны өдрүүдэд БНХАУ-ын Хөх хотод ажиллажээ. Тэрээр Хятадын Хөгжлийн банктай хамтын ажиллагаагаа өргөжүүлэх, эх үүсвэр бүрдүүлэх, харилцан ашигтай төсөл хөтөлбөрүүдийн тухай хэлэлцэх болон албан уулзалт хийхээр явсан байна. Ингэхэд нь Хөгжлийн банкны ТУЗ тогтоол гарган, томилолтоор ажиллах зардлыг нь шийдэж өгчээ. Өмнөд хөршид, энүүхэнд хил даваад хоёр хоног ажиллахдаа 2 401 479 төгрөг зарцуулжээ. Нэг хоногт нэг сая төгрөг гэсэн үг. Б.Батбаяр захирал хоногт 110 ам.долларын зочид буудалд бууж, 180 ам.доллараар хоол иднэ. Мөн унаанд 30 ам.доллар зарцуулна гэжээ.

Дараа нь 2016 оны есдүгээр сарын 30-нд Хөгжлийн банкны ТУЗ-өөс Томилолтоор ажиллуулах тухай 85 дугаар тогтоол гаргасан байна. ТУЗ-ийн дарга Б.Даажамба, Гүйцэтгэх захирал Б.Батбаяр, Ажлын албаны дарга Д.Дэлгэрсайхан нарын 2016 оны аравдугаар сарын 2-18-ны өдрүүдэд АНУ, ИБНВУ, Сингапур, Хонгконг улсуудад томилолтоор ажиллахад зарцуулах төсөв болгон 96 011 364 төгрөгийг баталж өгчээ. Томилолтын зорилго нь хөрөнгө оруулагчдад сүүлийн үеийн бодит мэдээлэл өгөх, харилцаа холбоог тогтворжуулах албан уулзалт хийнэ гэсэн байна. 

Бодвол тэд зорьсон хэргээ бүтээж Америк, Англи, Сингапурт очиж сүүлийн үеийн бодит мэдээллийг өгч, харилцаа холбоогоо тогтворжуулаад ирсэн биз ээ. Гэвч энд нэг зүйлийг хэлэх хэрэгтэй. Монгол Улс даяараа бүсээ чангалж, хөгшдийн тэтгэвэр, хүүхдийн мөнгө, оюутны тэтгэмж, тэтгэвэрт гарч буй төрийн албан хаагчдын тэтгэмжийг тас танаж байгаа энэ цаг үед Хөгжлийн банкны захирлуудын гадаад томилолт арай л тансаг харагдаж байна. Банк мөнгөтэй байж болно. Бүхэл бүтэн улсынх юм болохоор их, бага хэмжээгээр мөнгө хөрөнгө байж л байгаа. Харин тэр нь хэн нэгэн ТУЗ-ийн дарга, Гүйцэтгэх захирлуудыг гадаад очиж мэдээлэл өгч, нэг уулзалт хийх төдийдөө өчнөөн саяар нь үрээд бай гэсэн үг биш. Өнөөдөр холбоо харилцаа ямар төвшинд хүртэл хөгжөөд байгаа билээ дээ. Олон улс дамжин явж үнэн бодит мэдээлэл түгээсэн захирлуудын томилолт гэхэд 96 сая төгрөг болж байна. Энэ мөнгийг хүүхдүүдэд өгсөн бол 4800 хүүхэд хамрагдах байжээ.  Бага тоо биш, бага ч мөнгө бас биш.

Ингээд байвал Хөгжлийн банк гэдэг “мөнгөний хүүдийний паян” бондуудынхаас цааш ч үргэлжилж мэдэх юм.

Эх сурвалж: “Зууны мэдээ” сонин