Унтарсаар унтарсаар уугих утаа ч үгүй болсон орон нутгийн сонгууль
2016/10/28
Орон нутгийн сонгууль болж өнгөрлөө. Сонгогчдын ирц өмнөх жилүүдээс байнга буурсан үзүүлэлттэй явсаар ирсэн.
Энэ жил ч ирц тааруу, хувь хэмжээндээ хүрээгүй тойрог, хэсэг олон байв. Аймгуудад ирц 62.7, нийслэлд 45.2 хувьтай байсан бөгөөд улсын хэмжээнд 54.8 хувийн ирцтэй байлаа. 2012 онд болсон орон нутгийн сонгууль улсын хэмжээнд 52.9 хувийн ирцтэй байжээ. Сүүлийн гурван удаагийн орон нутгийн сонгуулийн ирц хүрээгүйгээс зарим тойрогт дахин сонгууль болсон. Энэ сарын 23-нд нэмэлт санал хураалт болно. Үүгээр ирц хүрээгүй тойрогт санал өгөөгүй хүмүүсээс саналыг нь авах юм. Харин 29-нд дахин санал хураалт болно. 19 аймгийн 57 тойрог, 58 хэсэгт дахин санал хураалт явагдах юм. Нийт 117 нэр дэвшигчийн авсан саналын тоо тэнцсэн учраас ийнхүү дахин санал хураалт болох аж. Ер нь бол сүүлийн хэдэн удаагийн орон нутгийн сонгуулийн дүнгээс харахад дахин сонгууль, нэмэлт санал хураалт гэх мэтээр хүчээр л үр дүн гаргаж байна. Мөн орон нутгийн сонгуульд залуусын оролцоо тун тааруу байдаг. Энэ удаа гэхэд 18-25 насны 100 мянган залуус саналаа өгөөгүй гэсэн урьдчилсан мэдээлэл явж байна. Сонгуулийн өдрийг ажлын бус өдөр болгож, саналаа өгөх чинь гол ажил шүү гэж боломж олгоод ч нэмэр болсонгүй. Жил ирэх тусам ингэж орон нутгийн сонгуульд оролцох оролцоо буураад байвал энэ сонгууль эцэстээ сонгууль биш болох нь. Эмээ, өвөө нарын л оролцдог сонгууль болоод дуусах биз. Сонгуульд оролцох идэвх буураад байгааг хүмүүс янз бүрээр тайлбарлаж байна. Улстөрчдөд, улс төрийн намуудад итгэл алдарсан, үүнээсээ болоод аль нь ч сонгогдсон хамаагүй гэж боддог болсонтой холбоотой л гэнэ. Залуусын оролцоо муу байсан нь тэдний тэнэг, залхуугаас боллоо гэлцэв. Зарим нэг нь сонгуулийн систем рүү ч бурууг чихэж үзэв. Ойр ойрхон сонгууль болоод байхаар тэгж байгаа юм гэж нэг хэсэг нь хэлж байна. Хэрэв улстөрчдөд, улс төрийн намд итгэхээ байгаад сонгуульд оролцох дургүй болсон юм бол, хэн ч гэдэг улстөрч гарсан хамаагүй гэж үзсэн юм бол өнгөрсөн зуны УИХ болон аймаг, нийслэлийн сонгуулиар тийм их идэвхтэй оролцох байсан уу. Иргэдийн хэлж байгаа шалтгаануудаас зарим нь үнэний ортой ч байж болох. Гэхдээ шууд нөлөөлсөн гэх үндэслэл биш юм. Найман настнаасаа наян настан нь улстөрждөг Монгол шиг улс дэлхийд ховор шүү дээ. Тиймээс залхсан, итгэл алдарсан гэж шууд ойлгож боломгүй. Улс төрөөс залхах байтугай алс холын Америкийн Ерөнхийлөгчийн сонгууль юу болж байна гэж ирээд Хиллари, Трамп хоёрын талаар асууж шалгаагаад, мэтгэлцээнийг нь хоног тоолж хүлээгээд байгаа улсыг улс төрөөс залхсан, сонгуульд дургүй гэхээргүй.
Ингэж том улс төр, өөр улсын Ерөнхийлөгч, УИХ-ын гишүүдийг ч анзааралгүй өнгөрөөхгүй, чих тавьж, ярьцгаадаг улсууд орон нутгийн сонгуулийг арай жижиг гэж голоо юу даа. Учир нь Орон нутгийн сонгуулийн сүр сүлд сүнсийг нь хуул,даа өөрчлөлт оруулж байгаад сугалаад хаячихсан.
Өмнө нь орон нутгийн сонгууль аймаг, нийслэлтэйгээ хамт явж байсан. Гэтэл аймаг, нийслэлийн сонгуулийг нь салгаад УИХ-ын сонгуультай хамт явуулдаг болчихсон шүү дээ. Тэгэхээр сум, дүүргийн иргэдийн төлөөлөгчдийг сонгох сонгуульд хүмүүс тоож очихгүй байна. Ингэж Орон нутгийн сонгуулийн хамаг сүнс сүлдийг нь чухам яагаад салгаж аваад УИХ-ын сонгуультай хамт явуулах болсон бэ. УИХ-ын сонгуулийн үед аймаг, нийслэлд хэн дэвшиж байгааг ч анхаарах сөхөөгүй УИХ-д нэр дэвшигчид рүү бүгд хошуураад, өрсөлдөгч намуудыг анхаарцгаадаг. Тэр сиймхийгээр нь буцаад дарга болчих санаатай, аймаг нийслэлийн Засаг дарга болчих гэсэн харалган улстөрчдийн бодлогоос үүдэлтэй УИХ-ын сонгуультай, аймаг нийслэлийнхийг хамтатгах болсон. Уг нь Их хурлын сонгуультайгаа аймаг нийслэл, дүүрэг сумдынхаа сонгуулийг бүгдийг хамтатгаад явуулах нэг арга байна. Хэрэв тэр олон хүний учир начрыг олохгүй гээд байгаа бол буцаагаад сум дүүргийнхээ сонгуулийг аймаг, нийслэлтэйгээ хамтатгаж, УИХ-ын сонгуулиас салгаад явах хэрэгтэй. Бас иргэдийг Орон нутгийн сонгуульд оролцуулах нэг арга бол бүх шатны Засаг даргаа шууд сонгодог болох юм. Одоо бид Засаг даргыг шууд сонгодоггүй. Төлөөллийн байгууллагаар дамжуулж сонгодог. Сумын Засаг дарга аймгийн Засаг даргад өрсөлдөх хүмүүс нь дэвшээд бид шууд сонговол харин сонгуульдаа идэвхтэй оролцоно. Тэгэхгүй бол хороо, сумын төлөөлөгч сонгох сонгуульд гучин хувьтай оролцож, саналаа өгч байгаа нь их юм болоод байна.
Энэ удаагийн Орон нутгийн сонгуульд түүний өмнөх сонгуулиудад ч иргэдийн оролцоо буурч энэ сонгуулийг тоох хүнгүй болох нь. Хуулиа дахин өөрчлөх зайлшгүй шаардлага байгаа нь тодорхой боллоо. Тэр ч бүү хэл сонгуульд идэвхтэй оролцуулах ямар нэг хөшүүрэг, зарим орны жишгээр хүндэтгэх шалтгаангүй бол торгууль ноогдуулах, төрд ажиллуулахаас татгалзсан ч яахав. Хэрэв дараагийн удаа орон нутгийн сонгууль энэ байдлаараа явж, иргэдийн оролцоо буурсаар байвал, хэдэн сонгуулийн дараа санал өгөх ч хүн олдохгүй. Унтарсаар унтарсаар уугих утаа ч үгүй Орон нутгийн нэртэй сонгууль болох нь.
Д.МӨНГӨНДАЛАЙ