УИХ-ын гишүүн Ж.Батзандантай ярилцлаа.
 
-АН дотор хагарал, талцал болсон зүйл бий юу. Танай нам зарим фракцаа татан буулгаснаа зарлахаас гадна намын гишүүд хэвлэлээр нэгнээ баалах явдал тасрахгүй байгаа учраас асууж байна?
 
-АН дотор үзэл бодлын зөрүү маш их байдаг. Манайх таван намын нэгдэл учраас таван тийш харах тохиолдол цөөнгүй. Гэхдээ үндэсний эрх ашигтай холбоотой томоохон асуудалд AH, МАН нэгдээд явах нь зүйтэй.
 
Магадгүй хэдэн дарга нар өлсөхгүй байгаа байх. Манай Ерөнхийлөгч өлсөхгүй, бүр таргалж байж магадгүй. Гэтэл ард түмэн өлсч байна. Үүнийг ойлгооч. Хулгайн бүлэглэлд хандаж хэлэхэд “Ард түмнээ өчүүхэн ч гэсэн бодооч” гэж хэлмээр байна.
 
-Тантай ижил байр суурьтай хүн АН-ын бүлэгт хэр олон байгаа вэ?
 
-Манай намын бүлгийн олонх гишүүн дарамтад орчихсон, айдастай байна. Асуудлыг эрүүлээр хардаг хүн цөөн болж. Залуусын хэлдгээр, доороосоо чангааж, зулгаадаг зүйлтэй болчихсон. Эр зориг, зарчимтай бай гэж би улстөрчдөд хэлж байгаа юм.
 
Энэ улсын төлөө яв гэж л биднийг сонгосон болохоос авлигач, хулгайн бүлэглэлд нэгдэн ор гэж сонгоогүй. Эрхэм түшээд минь, хууль хяналтын байгууллагын эрхэм нөхөд минь. Сүүлдээ дарга нар нь нийлж хулгай хийдэг боллоо шүү дээ. Үүнийгээ болих хэрэгтэй. Монголоо аваръя гэвэл бид зарчмын хувьд нэг талд гарах хэрэгтэй. Үзэл санаа, үнэт зүйлийнхээ талд гарч, өвөг дээдсийнхээ сургаалийг санах хэрэгтэй.
 
-Намын нөхдиийн чинь зүгээс хөөх асуудлыг хөндөөд эхэлчихлээ. Харин танд АН-аас гарах бодол байгаа юу?
 
-Намаас гарах бодол байхгүй. АН-д би элссэн, энэ намынхаа төлөө зүтгэж байгаа. Харин АН ардчилсан үзэл санаан дээрээ ирэх хэрэгтэй. Үнэндээ АН ардчиллын төлөө явж, зүтгэж чадахгүй байна. Ардчиллын үзэл санаа ийшээ байхад нам тийшээ буюу буруу яваад байна.
 
Өөрөөр хэлбэл, АН ардчилсан үзэл санаа хоёр нэг шугаман дээр давхцах ёстой. Үүний төлөө би эцсээ хүртэл явна. Гэхдээ АН-ын толгойд байгаа хэдэн олигархи Ж.Батзанданг гадуурхаж, энэ намаас хөөх гэж их хор найруулж байгааг би мэдэж байна. Тэгэхээр би үүний эсрэг хатуу зогсч, тэмцэх болно.
 
-АН УИХ-д дөнгөж хуулийн босгондоо хүрсэн буюу есөн гишүүнтэй. Гэтэл таныг намаас хөөчихвөл бүлэг үйл ажиллагаа явуулах чадамжгүй болчих юм биш үү. Мэдээж танай намынхан үүнийг тооцоолж баймаар юм, магадгүй таны оронд өөр хүн оруулж ирэхээр ярилцаж байгаа юм биш биз дээ? 
 
-Бүлгээс ийм шийдвэр гаргаагүй. АН-ын нөхөд доод, дунд бүр олигархийн төвшинд Ж.Батзанданг хөөчих гэдэг яриаг гаргаж байгаа. Гэхдээ тэд чадахгүй ээ. АН-аас хөөж болно, гэхдээ би Монголын ардчилал, улс орныхоо төлөө эцсээ хүртэл явах болно. Ж.Батзанданг АН-аас хөөснөөр асуудлыг шийдэхгүй. Би АН-ын бус Монголын ардчиллын төлөө явна гэдгээ байнга хэлдэг. АН-ыг ардчиллын замд нь оруулахын төлөө явна.
 
-Таныг бүлгийн есөн гишүүнийхээ тоон дээр тоглолт хийгээд МАН-ынхантай нэгдэх нь гэсэн хардлага байж болох юм?
 
-Тийм зүйл байхгүй. МАН-ын бүлэг 65 гишүүнтэй. Ж.Батзандан тэдэнд хэрэггүй. АН есөн гишүүнтэй, бид зөв зарчимтай, шударга үнэний талд зогсох ёстой. Энэ есөн гишүүний олонх нь хулгайн бүлэглэлийн талд зогсвол би эсэргүүцэх л болно. Би хулгайчдыг дагах дургүй. Шуудхан хэлье би хулгайг сөрнө..
 
-Та Хууль зүйн байнгын хорооны хурал дээр Б.Пүрэвдорж гишүүнийг хулгайч, луйварчин гэж хэлсэн. Магадгүй гишүүний бүрэн эрх яригдаж болох юм. Тэр хэлсэн үгээ бүрэн хариуцах уу?
 
-Б.Пүрэвдорж гэдэг хүн бол Ерөнхийлөгч Ц.Элбэгдоржийн хуурай дүү, хамаатных нь хүүхэд. Тэр өөрийн толгойгүй, хүний үгээр явдаг хүн.
 
-Хууль шүүхийн байгууллага эцэслэн шийдээгүй байхад хэн нэгнийг хулгайч, луйварчнаар дуудаж болохгүй гэдэг шүү дээ?
 
- Би хэлсэн үгэндээ эзэн болдог хүн.
 
М.Өнөржаргал 
Эх сурвалж: “Монголын үнэн” сонин