Монгол улсад үндэсний сэтгүүлзүйн салбар үүсч хөгжсөний 100-н жилийн ойн хүрээнд зохион байгуулагдаж буй “ХЭВЛЭЛ МЭДЭЭЛЛИЙН САЛБАРЫН УРЛАГИЙН ИХ НААДАМ” 2013 оны 10-р сарын 26-30 ны өдрүүдэд Улаанбаатар хотноо зохион байгуулагдах гэж байна.

            Уг наадмын  техникийн зөвлөгөөний хурал өнөөдөр 12:00 цагаас Нийслэлийн Улаанбаатар чуулгын байранд болох аж. Энэ үеэр наадмын зохион байгуулалтын талаархи дэлгэрэнгүй мэдээ мэдээллийг хүргэх юм. Тус хэвлэлийн хурал, нэгдсэн арга хэмжээнд Монголын сэтгүүлчдийн эвлэлийн ерөнхийлөгч Б.Галаарид тэргүүтэй наадмын зохион байгуулагчид, мөн наадмыг дэмжин оролцож буй 10 гаруй байгууллага, холбоодын тэргүүлэгч, төлөөлөгчид, наадамд оролцохоор бүртгүүлээд буй 100 гаруй байгууллагын төлөөлөгчид оролцох юм.  

      “ХЭВЛЭЛ МЭДЭЭЛЛИЙН САЛБАРЫН  УРЛАГИЙН ИХ НААДАМ”-ын ерөнхий зохион байгуулагчаар “Монголын Сэтгүүлчдийн Эвлэл”, санаачлагчаар урлаг соёлын мэдээ мэдээллийн нэгдсэн www.URLAG.mn сайт ажиллаж байгаа бөгөөд энэхүү наадам нь хэвлэл мэдээллийн салбарынхны урлаг, соёлын хамгийн том баяр  наадам нь болох юм. Хэвлэл мэдээллийн салбарын нийт ажилтнуудын чөлөөт цагийг зөв боловсон өнгөрүүлэх тэдгээрийн урлаг, уран сайхны мэдлэг боловсролыг дээшлүүлэх, хөгжүүлэх, түүгээр дамжуулан урлагийн яруу сайхныг уншигч, сонсогч, үзэгчдэд хүргэх, оролцогчдын дундаас урлагийн өндөр авъяас билэгтэй ажилтан, албан байгууллагыг тодруулан алдаршуулж, шагнаж урамшуулах зорилготойгоор 2 жил тутамд уламжлал болгон зохиогдох ажээ.