Өнгөрсөн долоо хоногт хуралдсан УИХ-ын Төрийн байгуулалтын байнгын хорооны хуралдааны үеэр УИХ-ын гишүүн Су.Батболд гишүүдийн цалин, хангамжийг нэмэх хэрэгтэй, олон жилийн өмнө баталсан  хэм хэмжээгээр одоо болтол байгаа нь  бараг л шударга бус хэмээн ярьсан.

Тэгвэл  та биднийг төлөөлөн УИХ-д суугаа эрхэмүүд өнөөдөр сард хамгийн багадаа л гэхэд  нэг сая төгрөгөөс илүү  цалин хэмээн авдаг. Тэдний цалин дээр олон жил ажилласан болон албан тушаал, зэрэг дэвийн нэмэгдэл, онцгой байдлын, албан томилолтын мөнгө, утасны төлбөр, хэвлэл захиалга, бензин тосны  хангамж гээд  овоо их хэмжээний  мөнгө ордог.  Тэр мөнгө нь улсын төсвөөс буюу  уншигч та бидний татварт төлсөн мөнгө шүү дээ.

Тэгвэл УИХ-ын нэг гишүүний жилийн  орлогыг дунджаар тооцон үзье.  УИХ-ын гишүүнийн жилийн цалин 15 сая, туслах, зөвлөхийн цалин 26 сая, хоол, унааны зардал 193 сая, хууль сурталчлах нэрээр 10 сая, гадаад оронд хууль судлахад 10 сая, гар утасны ярианы зардалд 1.5 сая, хууль санаачилсных нь төлөө 20 сая, унааны зардалд 6.6 сая, тойргийн томилолтод 8.7 сая гэхмэтчилэнгээр цалин хангамж нь эхэлдэг. УИХ-ын гишүүдийн цалин хангамжийн төсөв нь  УИХ-ын үйл ажиллагааны нийт зардлын  талыг эзэлдэг.

УИХ-ын гишүүдийн тансаглал жилийн жилд нэмэгдэж байсан түүх ч бий. Түүхийг эргэн сануулбал 2004 онд парламент гишүүд тойрогтоо хийх ажилд нь зориулж 10 сая төгрөг төсөвлөсөн. Энэ тоо  100 сая, 250 сая, 500 сая гэх мэтээр өсөж, 2009 онд нэг тэрбум төгрөгт хүрсэн. Үүн дээр нэмэгдээд хууль боловсруулах ажилд зориулсан мөнгө гэж гишүүн бүр жилд 35 сая төгрөг төсвөөс авдаг байсан.

Ийм түүхээ эргэн сангалзав уу, эсвэл  одоогийн байгаа байдал нь чамлалттай санагдсан уу?  Ирэх жилийн төсвөө нэмэгдүүлэхээр төсвийн төсөлд тусгасан байх юм.  

Тухайлбал:

Улсын Их Хурлын гишүүдийн албан конторын тавилгыг шинэчлэх шаардлагатай гэж үзээд 500.0 сая төгрөг төсвийн төсөлд тусгав. /Өнөөдөр буйдан нь халцарч муудаад, хэрэглэхэд хэцүү болсон буйдан, сандалтай гишүүн байхгүй.  Тиймээс энэ зардал илүүц мэт санагдаад байгаа юм./

УИХ-ын гишүүд, Тамгын газрын ажилтнуудын орон сууцны дэмжлэгт зориулан 240.0 сая төгрөг тусгасан болно. /Энэ мөнгөний дийлэнх нь  гишүүдэд л зориулагдахаас  хөөрхий тэр УИХ-ын тамгын газрын  ажилтнуудад  оногдох нь юу л бол.../

Монгол Улсын Их Хурал, Улсын Их Хурлын гишүүдийн бүрэн эрхээ хэрэгжүүлэхэд шаардагдах 2014 оны төсвийн төслийн нийт зардлын хэмжээг 22411.1 сая төгрөгөөр, үүнээс урсгал төсвийн төслийг 18553.3 сая төгрөгөөр, хөрөнгө оруулалтаар санхүүжигдэх төсвийн хүрээний төслийг 3857.8 сая төгрөгөөр тооцов.

2013 оны батлагдсан төсвөөс урсгал төсвийн төсөл 927.6 сая төгрөгөөр буюу 4.6 хувиар, хөрөнгө оруулалтын төсвийн төсөл 3404.6 сая төгрөгөөр буюу 8.2 дахин нэмэгдэхээр байгаа.

Улсын Их Хурлын 2014 оны төсвийн төсөлд УИХ-ын гишүүний төсөв 46.8.хувь, Байнгын хорооны төсөв 2.4 хувь, нийтлэг үйл ажиллагааны төсөв 17.0 хувь, УИХ дахь нам эвслийн бүлгийн төсөв 4.5хувь, Тамгын газрын төсөв 28.1хувийг тус тус эзлэхээр байгаа болно.

Улсын Их Хурлын Байнгын хороо, Улсын Их Хурал дахь нам, эвслийн бүлгээс өөрийн төсөвтэй холбоотой ирүүлсэн саналыг төсвийн төсөлд тусгав. 2013 оны төсвөөс Улсын Их Хурлын нэг байнгын хорооны төсөв дунджаар 8.9 сая төгрөгөөр өсөхөөр тооцогдсон болно.

Ичээчээ.... Гадаадын хууль тогтоох байгууллагынхан  өөрсдийнхөө цалин хангамжийг бууруулчихаад байна. Тэгтэл манайхан УИХ-ын 2014 оны төсвийн төслийн танилцуулгыг сонсох үеэр гишүүд талцан муудалцаж байна лээ. Өөрсдөдөө хэдэн төгрөг илүү тусгуулах гэж маргалдаж байхын оронд бусад улсаас жишээ аваад өөрсдийнхөө зардлыг хасах тухай мэтгэлцдэг болоосой.

Нэг сая төгрөгийн  цалин дээрэс нь  хоол, унаа, хэрэглээ гээд бүхий л зүйлийг нь төр түмний мөнгөнөөс гаргаад байхад дахиад цалингаа нэмүүлнэ гээд зүтгэх нь байж боломжгүй зүйл.  Өөрөөр хэлбэл  бараг хоёр сая төгрөгийг  амьдралд нь хүрэхгүй байна гэхээр сарын 600,000 мянган төгрөгийн цалинтай хүмүүс тэгээд юу гэж ярих ёстой юм бол...  

Сарын 600,000  төгрөгийн цалинтай улсууд татвараа шударгаар төлж гар дээрээ 480,000 төгрөг авч түүнийгээ амьдрал ахуйдаа хүргэх гээд зүдэрч явна.  Дээрээс нь  УИХ-ын гишүүд шиг цалин хангамжгүй болохоор  автобус, хоол унаа гээд  чамгүй  зардал гаргаж байгааг бодоод  хэрхэн зүдэрч байгааг  УИХ-ын зарим гишүүд бодоод үзээсэй...

Иргэдийнхээ төлөө гэж УИХ-ын гишүүн болчихоод  тэднийхээ халаасыг  тэмтрэх чинь ариун явдал уу? Ичих булчирхайгаа ажилд оруулсан нь дээр биз ээ...

А.Баярмаа