Ерөнхий сайд асан Н.Алтанхуягийн ахлах зөвлөх ба туслахуудыг  "Нүүрс" хөтөлбөр, татвар нуун дарагдуулсантай холбоотой хэргээр  2015 онд ялласан билээ.
 
Тэгвэл сүүлийн үед  түүний төрсөн дүү, төрсөн эгчийн охин, хүргэн нарыг ээлж дарааллан баривчилж, тэр ч бүү хэл эхнэр н.Сэлэнгийг нь хүртэл Монгол улсын хилээр гарахыг албан ёсоор хориглоод байна.  Хэрэг явдал нэгэнт өрнөж,  эхнэрт нь хилийн хориг тавигдаж эхлэх үед буюу 11 сарын 9-нд  Ерөнхий сайд асан Н.Алтанхуяг яаран хэвлэлийн хурал хийлгэж, "  2 жилийн өмнө Ерөнхий сайдын албанаасаа огцрох үедээ болон УИХ-ын ээлжит сонгуулийн өмнө миний хэлж байсанчилан улс төрийн амьдрал өрнөлөө...
 
Нам дамнасан хуйвалдааны бүлэглэл Монгол улсыг айдсаар захирч, эдийн засгийн өнгөтэй өөдтэй бүхнийг сорчлон залгиж байна...
 
Би ирэх жил болох Ерөнхийлөгчийн сонгуульд нэр дэвшихээр шийдлээ...  МАН амлалтаасаа буцаж, төрийн бүхий л шатанд эрх мэдлээ тогтоохын төлөө явж байна.Хуйвалдааны бүлэглэл хуулийн байгууллагыг шууд ил цагаан удирдаж байна...  Үүний эсрэг би тэмцлээ эхлүүлж байна...Бидний Монгол үүрд мандан бадраг" хэмээн мэдэгдсэн юм.
 
Уг мэдэгдлийн дараачаас үйл явц бүр ч хурдацтай өрнөн, эдүгээ түүний эгчийн охин, төрсөн дүү нар нь баривчлагдаад байна. Зарим эх сурвалжийн өгүүлж буйгаар Н.Алтанхуягийн эгчийн охин, эхнэр, төрсөн дүү нарынх нь нэр дээрх банкны харилцах дансанд их хэмжээний орлого орсон ба үүнийх нь эх үүсвэр "Чингис", "Самурай" бондтой холбоотой байж болох эсэхтэй холбоотой асуудлаар шалгаж буй байж болзошгүй гэнэ. Энэ тохиолдолд эцсийн дүндээ Н.Алтанхуяг өөрөө шалгагдаж мэдэх юм.
 
Э.Мягмар