2013 оны 24 буюу өчигдөр орой “Увертюра” хамтлагийн ...Төгсгөлгүй-Эхлэл... тоглолтыг үзэхээр УДЭТеатртыг зорьлоо. Тоглолт бөмбөрийн цохилтоор үзэгчдэдээ мэхийн ёсолж, “Увертюра”-гийнхан ийн тоглолтоо эхэлж буйгаа тунхаглав. Монголын дууны урлагт нэгэн шинэ хуудас нээж, поп опера урсгалаар уран бүтээл туурвиад дөрвөн жилийг хугацааг үдсэн “Төгсгөлгүй эхлэл” нэртэй анхны тоглолтоо Цэргийн дуу бүжгийн эрдмийн чуулгийн эстрад симфони найрал хөгжим, ХБК-ийн симфони найрал хөгжимчидтэй хамтран,

ЭХЛЭЛ Төрийн соёрхолт, УГЗ хөгжмийн зохиолч Б.Шаравын ая, яруу найрагч СТА Л.Өлзийтөгсийн үг “Өнө мөнх орон” дуугаараа тоглолтын эхлэл хэсгийн жавирыг үргээсэн юм. Энэ нь ч тус хамтлагийнханд их учир утгатай. Учир нь уг дуу нь тэдний анхны уран бүтээл.

ӨРНӨЛ Монголын нэрт хөгжмийн зохиолч, яруу найрагчдын ухаанаас төрсөн алдартай уран бүтээлүүдийг “Увертюра”- гийнхан эгшиглүүллээ. Төрийн шагналт, Ардын жүжигчин Ц.Намсрайжавын хөгжим, соёлын гавьяат зүтгэлтэн Ж.Бадраагийн шүлэг “Халуун элгэн нутаг”, Төрийн шагналт, хөгжмийн зохиолч Б.Шаравын ая, Төрийн шагналт Д.Сосорбарамын үг “Цагийн аяс” ч тоглолтын тайзнаа поп опера урсгалаар эгшиглэв. Ардын жүжигчин Ш.Чимэдцэеэтэй хамтарч “Тэнгэр ээж минь өршөө”-г дуулсан бол гавьяат жүжигчин Г.Эрдэнэбаттай “Тэмээн сүргийн говь”-ийг толилуулахад үзэгчид нижигнэтэл алга ташсаар. Бүжигчид шаргал нар, говийн халуун элс, тэнд амьдрах амьтан бүгдийг дүрсэлнэ. Хамтлагийн ахлагч Г.Пүрэвдагва “Ээж минь” дуугаа сонордуулснаар өрнөл хэсэг өндөрлөв. “Халуун элгэн нутаг”, “Тэнгэр ээж минь өршөө”, “Цагийн аяс”, “Тэмээн сүргийн говь”, “Аз жаргалын ундарга”, “Ээж минь” дуугаа эгшиглүүж 15 минутын завсарлага авсан юм.

ОРГИЛ  Амьддаа бие биенээ хайрла хүмүүсээ

             Алив сайхнаа бусдаас битгий харамла

            Хэрэггүй үгийн зэвээр зүрхийг минь бүү шархлуул

           Хэн нэгнийгээ харанхуй нүх рүү битгий түлх... уншихад л сэтгэл уярааж, ухаарал хайрласан энэ шүлгийг хийлийн уянгалаг аялгуутай хослуулан дуулсан нь үзэгчидийг огшитуул дуулсан. Уг дууг “Увертюра” хамтлагийн продюсер "Анир" студийн захирал Б.Алтанхуяг аялгууг зохиосныг анх удаа тайзнаа дуулж амилуулсан юм. Урлагийн гавьяат зүтгэлтэн Т.Сэр-Одын хөгжим, Б.Цогнэмэхийн үг “Тэнгэрийн хүү” бүтээлийг тэд 60 гаруй хүний бүрэлдэхүүнтэй жааз, симфони оркестртой толилуулсан. Тайзыг эмээлийн дөрөө, дөрвөн бэрх шагайгаар чимэглэжээ. Бөмбөр, цохивор хөгжим, гитар, хийл, морин хуур зэргээр тэнгэрийн хүүгийн сүр хүчийг гайхалтай мэдрүүлэв. Хамтлагийнхан дуурийн дуучдын хоолойн чадлыг шалгадаг “Конте Партиро”, “Трантелла”-г дуулсан нь тэд хүчирхэг хоолойтой гэдгээ үзэгчдэд бататган харуулж байлаа.

Тайлал Үзэгчдийн дотор огшисон сэтгэлээ энэ хэсэгт илүү гаргасан.  Удаан уулзаагүй эсвэл мөнхөд уулзахгүйгээр тэнгэрт одсон андыгаа үзэгчид хамтлагийн залуустай хамт дурсан санасан юм. 1990-ээд онд “Хонх” хамтлагийнхны дуулснаар монголчуудын сонорт хүрч, ардчилсан хувьсгалын сүлд дуу болсон “Хонхны дуу”-г поп опера урсгалаар дуулсан нь Монголын дууны урлагт хувьсал хийнэ хэмээн зорьж буй уран бүтээлчид гэдэг нь харагдаж байсан.

Жаргаах... “Монгол минь тэнд дуугаараа Төрийн соёрхолт, МУГЖ Д.Сосорбарамтай хамтран дуулж тоглолтоо Жаргаасан билээ. Хүйн холбоотой эх орон, элгэн садангаа санах монгол хүний сэтгэлийг хөгжмийн эгшгээр илэрхийлсэн урлагийн гавьяат зүтгэлтэн Б.Бямбабаярын ая, Төрийн шагналт зохиолч Ц.Бавуудоржийн шүлэг “Монгол минь тэнд” дууг Төрийн шагналт Д.Сосорбарам, “Хөсөгтөн” хамтлагийнхан болон уртын дуучин Д.Үүрийнтуяа, Э.Болормаа нарын уран бүтээлчидтэй хамтран сонордуулснаар тоглолтын хөшгийг хаав.

Мөн Төрийн шагналт, Ардын жүжигчин Л.Мөрдоржийн ая, Төрийн шагналт Ардын уран зохиолч Д.Пүрэвдоржийн үг “Дөрвөн цагийн тал”- аар тэд ээлжлэх дөрвөн улиралтай эх нутгаа магтахад дөрвөн улирлын өнгө, төрхийг дэлгэцнээ 3D хэлбэрээр харуулсан нь дуучид танхим дотор бус амьд байгаль дээр дуулж байгаа мэт сэтгэгдэл төрүүлж байсан юм. Эргэдэг тайзаар тэд дэлхийн бөмбөрцөгийг дүрслэн харуулжээ.

Түүнчлэн Зогсолтгүй, төгсгөлгүй туурвих уран бүтээлийн эхлэлийг бэлгэдэж “Төгсгөлгүй эхлэл” хэмээн нэрийдсэн уг тоглолтын ерөнхий найруулагчаар Төрийн шагналт Д.Сосорбарам, продюсераар “Анир” дуу бичлэгийн студийн захирал Б.Алтанхуяг нар ажиллажээ.

 Д. Сосорбарам гуай “Увертюра хамтлагийн онцлог бол нэлээд өндөр зиндааны, том төвшний, мэргэжлийн хамтлаг. Хөгжмийн мэргэжлийн томчууд, жишээлбэл Б.Шарав гэх мэтээр дурьдаад байвал олон. Ийм хүмүүсийн дууг поп опера чиглэлээр дуулж байгаа учраас би мэргэжлийн гэж тодотгоод байна” гэж нэгэн ярилцлгадаа дурджээ. “Монголын урлагт дутаж байсан нэг цоорхойг нөхөж буй залуус” хэмээн Төрийн хошой шагналт, хөгжмийн зохиолч Н.Жанцанноровын тодорхойлсноор тэд үнэхээр Монголын урлагт өөрсдийн гэсэн орон зайтай болж өнгө төрхөөрөө бусдаараа ялгарч үнэнч шүтэн бишрэгчтэй болжээ гэдэг нь уг тоглолтын үеэр мэдрэгдэж байлаа.  

Тоглолтод гавьяат жүжигчин Д.Зоригоор удирдуулсан ХБК-ийн цохивор хөгжимчид, соло гитарчин М.Отгонбаяр, ритм гитарчин Э.Эрболд болон ЦДБЭЧ, “Сүлд”, “Улаанбаатар” чуулгын бүжигчид оролцлоо. Тайз засалтыг “Гэсү”, гэрэлт үүлгийг “DLights”, хөгжим техникийг “ART” продакшн, “Total music”-ын хамт олон хариуцжээ. Манай улсад өмнө нь хэзээ ч тоглож байгаагүй өвөрмөц тоглолт, сонирхолтой тайз засалт, гэрлийн гайхамшгийг мэдрүүлнэ хэмээн ерөнхий найруулагчийн хэлж байсан нь биелэлээ олж, “Увертюра”- гийнхан Хоёр үдшийг "Амьд" дуу хоолойгоороо үзэгчдийг баясгаж чадсан гэдгийг онцолж хэлмээр байна.

Сайн зүйлийн хажуугаар саар гэгч  тоглолтыг үзэж байхдаа олж харсан нэгэн зүйлийг дурдахгүй өнгөрч чадахгүй нь. Учир нь урд суусан хүмүүс гар утсаараа бичлэг хийж, хажууд минь суусан эгчийн хүүхэд нь үглэж, уйлж байсан нь амьд тоглолтыг улам илүү мэдрэх хүчийг сааруулж байсныг хэлэх гэсэн юм. Монголын үзэгчид бид ямарваа нэгэн тоглолтыг үзэх гэж очсон байж түүнийгээ үзэхгүй утсаараа бичлэг хийдэг зангаа хэзээ тавих юм бол доо. Уг нь тухайн орчинд нь сэтгэл хөдлөлөө гаргаж, тэр тоглолтын гайхамшгийг мэдэрмээрсэн.

Үүнээс бусдаар “Увертюра”-ийн дөрвөн залуу маань үзэгчдэдээ өгсөн амлалтаа биелүүлж, амьд дуулалт, 3D тайзыг мэдрүүлж чадсан. Монголын дууны урлагийн уран бүтээлчид цаашид бүр их дэвжин дэлгэрэх болтугай.

Д.Ана