Сүүлийн өдрүүдэд их хэмжээгээр орсон цаснаас үүдэлтэйгээр нийслэлийн авто замын байдал хүндэрч буй билээ.Үүнтэй холбоотойгоор Нийслэлийн засаг дарга бөгөөд  Улаанбаатар хотын захирагч Сундуйн Батболд, Улаанбаатар хотын Ерөнхий Менежер Т.Гантөмөр нар цаг тухайд нь  шийдвэртэй арга хэмжээ авч чадаагүйн уршгаар  олон хүн эд хөрөнгөөрөө төдийгүй эрүүл мэндээрээ хохирч буй нь нууц биш. Гэтэл Нийслэлийн засаг дарга Су.Батболд дөнгөж өчигдөр л харьяа газрын дарга нараа цуглуулан  хуралдаж, холбогдох газар хэлтсийн дарга нартаа хандан цас, мөс хайлуулах бодис, давсны татан авалтыг түргэсгэж, 400 тонн бодис татах гэрээг хурдан хугацаанд хийх болон цэргийн алба хаагчдыг багаж хэрэгслээр хангахыг үүрэг болгосон нь түүний ямар хурд  мэдрэмж муутай,  чадваргүй удирдах албан тушаалтан болохыг харуулж буй ганцхан жишээ юм.
Су.Батболдын багийн зарим гишүүд  өөрсдийгөө өмөөрөхийн тулд давс нөөцлөх хөрөнгө мөнгө байхгүй гэж тайлбарлаж буй ч үүнд нь итгэх хүн тун цөөн байна. Жишээ нь орон нутгийн сонгуулийн өмнө Нийслэлийн төв талбайд болсон “Улаанбаатарын намар”  шоуг гэхэд л 217 сая төгрөгөөр зохион байгуулжээ. Зөвхөн уг мөнгөөр зам дээр цацах давс авсан бол 350 тонн  буюу бүтэн сар хэрэглэх давсаа нөөцөлчихсөн байсан гэнэ.
Ийм л удаан, мэдрэмжгүй, маш муу менежер Улаанбаатар хотыг удирдаж буйг Нийслэлчүүд анхныхаа өвлөөр мэдэж авлаа.
 
Н.Сандуй
www.sonin.mn