Жил бүрийн 12 дугаар сарын 01-ны өдрийг “ДОХ-той тэмцэх дэлхийн өдөр” болгон тэмдэглэдэг. 2015 оны байдлаар дэлхий дээр 36,7 сая хүн ХДХВ-ын халдвартай амьдарч байгаа судалгаа гарчээ. Манай улсад өнөөдрийн байдлаар ХДХВ/ДОХ-ын нийт 219 тохиолдол бүртгэгджээ. Нийт бүртгэгдсэн тохиолдлын 62 хувийг 25-34 насны залуучууд, 80 хувийг эрэгтэйчүүд эзэлж байна.

Тиймээс ДОХ-той тэмцэх дэлхийн өдрийг манай улс энэ жил “Хүний дархлал хомсдлын вирүс, Дархлалын олдмол хомсдлоос сэргийлэх нь та бидний гарт” гэсэн уриан дор тэмдэглэн өнгөрүүлж байна.

Энэ хүрээнд нийслэлийн Налайх дүүргээс “ДОХ-той тэмцэх дэлхийн өдөр”-т зориулж дүүргийн төв гудамжаар тууз аялуулах арга хэмжээг зохион байгууллаа.

Арга хэмжээнд дүүргийн 8 байгууллагын 40 орчим ажилтан, албан хаагч, “Голомт” цогцолбор сургуулийн 50 гаруй сурагч хамрагдаж ДОХ-ын эсрэг эв санааны нэгдэл, итгэл найдварын бэлэг тэмдэг болсон Улаан туузыг барьж аялууллаа.

Тус үйл ажиллагаанд дүүргийн Засаг даргын орлогч С.Тунгалаг, Нийгмийн хөгжлийн хэлтсийн дарга М.Баттулга, Эрүүл мэндийн нэгдлийн Нийгмийн эрүүл мэнд, тусламж үйлчилгээ хариуцсан орлогч дарга Ц.Алтантуяа нар оролцлоо.

Сонирхуулахад олны анхаарлыг ДОХ-ын асуудалд хандуулах зорилгоор Франк Мур хэмээх зураач 1991 оны 4-р сард “Улаан тууз”-ыг зурсан түүхтэй. Тэрээр 17 жилийн туршид ДОХ-ын халдвар тээгч байжээ. Өнөөдөр “Улаан тууз”-ыг дэлхийн ХДХВ/ДОХ-ын асуудалд бие сэтгэл, амьдралаараа холбогдсон, ажил үйлс, бүх чадлаа зориулж яваа хүмүүсийн эв санааны нэгдэл, итгэл найдварын бэлэг тэмдэг болгон бүх дэлхий даяараа зүүдэг билээ.