Дэлхий нийтээрээ ХДХВ/ДОХ-ын асуудалд анхаарал хандуулах өдөр өнөөдөр тохиож байна.

ХДХВ-ын халдвар нь нийгэм, хүний хөгжилд ихээхэн бэрхшээл учруулж, зарим улс орны үндэсний аюулгүй байдалд нөлөөлөх байдалд хүрээд байгаа бөгөөд дэлхий дээр ХДХВ/ДОХ-той амьдарч байгаа 33.3 сая хүн байна. НҮБ-ын ДОХ-ын нэгдсэн хөтөлбөрөөс гаргасан тооцооллоор өдөрт дунджаар 7000 хүн шинээр халдвар авч байгаа ба 1981 оноос хойш 30 сая орчим хүн хорвоогийн мөнх бусыг үзүүлж, 0-17 насны 16.6 сая хүүхэд бүтэн буюу хагас өнчрөн үлджээ.

Харин манай улсад ХДХВ-ын анхны тохиолдол 1992 онд оношлогдож өнөөдрийн байдлаар Монгол Улсад ХДХВ/ДОХ-ын нийт 219 тохиолдол бүртгэгдсэн  байна. Нийт бүртгэгдсэн тохиолдлын 62 хувийг 25-34 насны залуучууд, 80 хувийг эрэгтэйчүүд эзэлж байгаа юм. Бүртгэгдсэн тохиолдлын 99 хувь нь бэлгийн замаар дамжсан халдвар аж.

Гэхдээ бүртгэлтэй хоёр хүний ард гурван оношлогдоогүй хүн бий гэж тооцоолохоор энэ тоо 457 болж байгаа талаар Халдварт өвчин судлалын үндэсний төвөөс /ХӨСҮТ/ өнөөдөр /2016.11.29/ мэдээллээ.

Эдгээр иргэний хувьд 15-49 насныхан байгаа ажээ. Харин ХДХВ/ДОХ-ын халдварын улмаас нас барсан тохиолдол 35 бүртгэгдсэн байна. Албаныхны мэдээлж буйгаар нийт тохиолдлын 80 хувь нь эрэгтэйчүүд аж.

Энэхүү аюулт өвчнөөс урьдчилан сэргийлэлтийн олон шинэлэг үйлчилгээ нэвтэрсэн өнөө үед ХДХВ-ын халдвартай эсэхээ эрт мэдсэний үндсэн дээр өөрийгөө болон гэр бүл, хайртай дотны хүмүүсээ халдвар авах эрсдлээс хамгаалах бүрэн боломжтой хэмээн эмч, мэргэжилтнүүд зөвлөж байна.