2016 оны 11-р сарын 13-ны оройн 19 цагийн орчим Чингэлтэй дүүргийн 6-р хороо 50-р сургуулийн урд зам Баянгол дүүрэг дэх цагдаагийн хоёрдугаар хэлтсийн  хэв журмын офицер, цагдаагийн д/ч Г.Тэнгис зам тээврийн осол гаргаж, ослын улмаас хохирогч 17 настай Э нь хүндэвтэр гэмтсэн хэрэгт МУ-ын Эрүүгийн хуулийн 215 дугаар зүйлийн 1 дэх хэсэгт зааснаар эрүүгийн хэрэг үүсгэн Замын цагдаагийн албанд шалгаж байна.

Тухайн үед цагдаагийн алба хаагч Г.Тэнгис нь ажлын бус цагаар хувийн тээврийн хэрэгслээр замын хөдөлгөөнд оролцож байсан байсан бөгөөд уг асуудалд албан тушаалтнаас хөндлөнгөөс нөлөөлсөн ямар нэгэн асуудал байхгүй, хэрэгт хуулийн дагуу мөрдөн байцаалтын ажиллагаа явагдаж байгааг мэдэгдэж байна.

       Тодруулбал Г.Тэнгисийг Эрүүгийн хуулийн 215-р зүйлд заасны дагуу шалгаж байгаа юм байна. Уг зүйл нь Тээврийн хэрэгслийн хөдөлгөөний аюулгүй  байдлын болон ашиглалтын журам зөрчих тухай бөгөөд Г.Тэнгисийг шүүхээс гэм буруутай гэж үзвэл жолоодох эрхийг хоёр жил хүртэл хугацаагаар хасах буюу хасахгүйгээр хөдөлмөрийн хөлсний доод хэмжээг таваас тавь дахин нэмэгдүүлсэнтэй тэнцэх хэмжээний төгрөгөөр торгох, эсхүл нэгээс гурван сар хүртэл хугацаагаар баривчлах ял шийтгэх юм байна.