УИХ-ын гишүүн Ц.Нямдорж "Алтан Дорнод Монгол"-ын захирал С.В.Паушокийн  “EТV”  телевизэд онлайнаар өгсөн ярилцлагадаа өөрийг нь гүтгэсэн гэх асуудлаар өнөөдөр хэвлэлийн хурал хийлээ. Тэрбээр "МАН-ын 27-р их хуралтай зэрэгцээд  зохион  байгуулалттай, захиалгаар хийсэн ярилцлага. ОХУ-ын иргэн С.В.Паушок, Монгол Улсын Засгийн газар хоорондын маргаан Арбитрийн шүүхэд байхад буюу  2008 оноос  хэлэлцээр хийе гэх далд дарамтыг С.В.Паушок байнга үзүүлж байсан. Тухайн үед хуулийн хүрээнд маргааныг шийдүүлэхээр  болсон  юм.  Маргаан явсаар  2011 онд  168 хуудас бүхий Арбитрийн шүүхийн  шийдвэр гарч, бүх асуудлыг Монголын талд нааштайгаар шийдвэрлэсэн. Үүнд  дургүйцсэн С.В.Паушок  Монгол Улсын дотоод хэрэгт оролцох, эмх замбараагүй байдал үүсгэх  далд явуулга хийлээ" гэлээ.

Түүнчлэн өөрийгөө  Хууль зүйн сайдаар ажиллаж байхдаа гэнэтийн ашгийн 68 хувийн татварыг тойрсон залилан  хийх,  Монголбанкаар дамжуулж мөнгө угаадаг байдал газар авсан байсныг зогсоосон хэмээн онцолсон юм. Энэ үеэр сэтгүүлчид  УИХ-ын гишүүн Ц.Нямдоржоос зарим асуултад хариулт авсан юм. Тоймлон хүргэе.

-Таныг С.В.Паушок "Алтан Дорнод Монгол" компанийн асуудалтай холбож байна.  Ямар үндэслэлээр ийм  ярилцлага өгсөн гэж үзэж  байна вэ?

 -С.Баяр, Сү.Батболд, Н.Мөнх-Оргил бид дөрвийг дурдсан байсан. Энэ маргаан С.Баярын Засгийн газраас эхлээд Сү.Батболдын Засгийн газрын үед дууссан учраас тэгэж ярьсан   байх. Намайг тэдний гар хөл, тэр байтугай аллага зохион байгуулсан гэсэн байна лээ. Машинаа барьж яваад  нас барсан хүний үхэлд буруутгасан  байгаа юм.

 -МАН-ын их хурлын үеэр зориуд ийм ярилцлага гаргасан гэж  та хэллээ. Хэн зохион байгуулсан гэж үзэж буйгаа хэлж болох уу?

-Эдийн засгийн хөгжлийн дэд сайд О.Чулуунбат  байх магадлалтай. О.Чулуунбат Монголбанкны ерөнхийлөгч байхдаа Гэнэтийн ашгийн 68 хувийн татвартай холбоотойгоор "Алтан Дорнод Монгол" компанийн 1.5 тонн алтыг хадгалж татвар төлөхөөс зайлсхийх боломж олгосон. Үүнээс нь болж С.В. Паушок Монголын Засгийн газраас 1.5 тэрбум ам.доллар нэхэмжилж, Арбитрийн шүүхэд хандсан. Харин би Хууль зүйн сайд байхдаа энэ асуудлыг хуулийн хүрээнд нь шийдвэрлүүлсэнд С.В.Паушок хорсч яваа.

-С.В.Паушок Монголын  хууль хяналтын  байгууллагад шалгагдаж байхдаа оргон зайлсан. Түүнийг хилээр гаргахад хууль хяналт, хил гаалийнхан тусалсан юм  гэдэг зүйл ч  яригддаг?

-Намайг 2008 онд Хууль зүйн сайдаар ирэхэд С.В.Паушок хилээр гарчихсан байсан. Хууль хяналтынхан оролцсон эсэх  нь баримтаар нотлогдоогүй. Ер нь Монгол Улсын хил хамгаалахад амаргүй. Хоёр хөрштэй 10 мянга гаруй км газраар хиллэсэн. Газар нутгаа сайн мэддэг нутгийн хүнтэй танилцахад л  хилээр гарчих  боломжтой гэдэг ойлголтыг надад өгсөн.

Х.Даваа