УИХ-ын гишүүн Т.Аюурсайхан ид дундаа явж байгаа “ШИЛДЭГ 99” улстөрч шалгаруулах жагсаалтаас өөрийгөө хасч өгөх хүсэлтийг Нүүр номоороо дамжуулан илэрхийлжээ. 

Тэрбээр “Улс нь ядуу байхад улс төрч нь шилдэг байна гэж юу байх вэ! Намайг энэ жагсаалтаасаа хасна уу... сайт аа!

Харин үүний оронд улсаа ядууруулсан шилдэг хулгайчдыг олон нийтийн санал асуулгаар шалгаруулъя?” гэв.

Түүний хүсэлтийг олон хүн дэмжиж, улс нь дампуурчихаад байхад юун шилдэг гэх зэргээр дэмжиж байна. Н.Энхбаярыг “Үндэсний удирдагч” болон мандаж байх үеэс эхэлсэн шилдгийг шалгаруулах цуваа бүр утгаа алдсан. Үнэхээр Монгол улс шилдэг 99, 108, 50, 100, 76 улстөрчтэй юм бол өдийд нөгөө “...Цэнгэлийн манлайд хүрчихсэн байх байлаа.

Уг нь элдэв янзын шилдэг улстөрчдийн шалгаруулалт сонгуулийн өмнөх болоод сонгуулийн жил л гаардаг сан. Гэтэл энэ жил ямар нэг “шилдэг 76” хэрэггүй байх цагаар ийм шалгаруулалт явуулж байгаа нь цагаа олоогүй хэрэг ажээ. Шалгаруулалт явуулж байгаа хэдэн ядуу сэтгүүлчдийг муулах яахав. Харин тэр шалгаруулалтад дээгүүр бичигдэх гэж хэдэн халтар төгрөг бариад гүйж яваа “шилдэг” улстөрчид өөрсдөө инээдтэй. Эрх барьж байхдаа эх орноо өрөнд оруулж, хямралын ангалд аваачсан АН-ынхан шилдэгт багтвал дэндүү эмгэнэлтэй.

Одоогоор хямралаас гарах ухаанаа хараахан олоогүй яваа МАН-ынхан орох бас боломжгүйУИХ-д 65 суудал авсан гэдгээрээ л шилдэгт багтдаггүй юм бол хэцүү. Мөн “бор оймс”-оо гялалзуулан ачигдаж явсан МАХН-ын дарга Н.Энхбаяр тэргүүтэн багтах уу гэдэг ч сонин хэрэг.

АН-ынхнаас гэвэл уг шалгаруулалтад Монгол улсын Ерөнхий сайд, АН-ын дарга асан Н.Алтанхуяг, түүний Засгийн газрын Эдийн засгийн хөгжлийн сайд Н.Батбаяр нар багтах магадлалтай. Их хааны маань нэрээр бонд /өрийн бичиг/ босгож баахан өр тавьсан. Түүнийгээ ойр тойрныхондоо тарааснаасаа болж одоо АТГ-т ах дүү, анд нөхдөө, номын дүү нараа дагуулан шалгагдаж байгаа эдгээр хүмүүс тэгээд шилдэг биш нь ойлгомжтой.

Мөн уг жагсаалтад “Оффшорын эзэн” С.Баярцогт багтвал бүр гоё. Бараг л багтах биз. Түүний комсомолч найз бас Ерөнхий сайд асан Ч.Сайханбилэг шилдэг улстөрчдийн жагсаалтад багтах бололтой. Тэр бол Дубайн гэрээ гэгчээр Монгол улсаа өрөнд оруулагч, Ерөнхий сайд байж Тавантолгойг хөдөлгөж чадаагүй бас Эрдэнэтийг гол гаргахад тусалсан нэгэн. Эдэн дээр нэмээд сүүлийн хэдэн жил ялагдал амсаагүй явсан АН-ыг тартагт нь тулгаж, сонгууль бүрд цэвэр тавиулахад хүргэсэн З.Энхболд түүний шадар С.Эрдэнэ нар бас шилдэгт багтана. Иймэрхүү нөхдүүд л шилдэгт багтаад байхаар АН цаашлаад Монгол улс маань яах билээ.

Эрх барьж байгаа учраас МАН-ынхан 99 шилдэг улстөрчийг өнгөлөх нь лав. Гэхдээ цаг нь болоогүй байна. Хэрвээ ирэх 2-3 жилд Монгол улсын эдийн засгийг сэргээж, улс орноо хөл дээр нь босгочих юм бол тэр цагт МАН-ын “хонь”-ийг нь хүртэл шилдэг болгох хэрэгтэй.

Албан ёсоор бол АН-ынх ч биш, МАН-ынх ч биш хэдий ч аль алинтай нь ашигтай тоглож яваа цорын ганц хүн Ерөнхийлөгч Ц.Элбэгдорж гарцаагүй багтаж таарна. Гэхдээ түүнийг ч бас шилдэг нь биш гэж үзэх хүмүүс олон.

Тэгэхээр хямарсан Монголд маань өнөөдөр шилдэг улстөрч алга даа.

Г.Самбаа

gereg.mn