УИХ-ын гишүүн Ц.Нямдорж "Алтан Дорнод Монгол" компанийн захирал асан С.В.Паушокийн зарим хэвлэл мэдээллийн хэрэгслээр цацаж буй ярилцлагатай холбогдуулан мэдээлэл хийлээ. Тэрээр мэдээллийнхээ өмнө тус компанийн нэхэмжлэлийн дагуу олон улсын арбитрын шүүхээр шийдвэрлэсэн 68 хувийн татвартай холбоотой маргааны талаар дэлгэрэнгүй тайлбарласан юм.
 
Ингэхдээ "Ардын намын XXVII их хурал хийж байгаа үеэр зарим телевизээр "Алтан Дорнод Монгол" компанийн захирал байсан С.В.Паушокийн ярилцлага гарсан нь ойлгомжгүй байдлыг олон нийтэд бий болгож байна. Паушок гэдэг хүн 1997, 1998 оны үеэр Монголд орж ирж алтны олборлолтын бизнес эрхэлсэн.
 
Ерөнхийдөө Монголын хуульд захирагддаггүй, Монголын газар нутгийг хувийн өмчөө гээд тооцчихсон, татвараа төлдөггүй дураараа дургисан хүн. Тэр Заамар гэх мэт нийт дүнгээрээ 40 шахам ашигт малтмалын хайгуулын болон ашиглалтын лиценз авч үйл ажиллагаа явуулахдаа тухайн газартаа Монголын төр, хууль хяналтыг оруулдаггүй, татвараа төлдөггүй, Монголын зарим улстөрчдөөр бамбай хийж, тэдний нөмөр нөөлөгт дураараа дургиж байсан ийм явдал байдаг.
 
2006 онд намайг УИХ-ын дарга байх үед 68 хувийн татварын хууль гарсан. Энэ хуулийн дагуу С.В.Паушок татвар төлөхөөс зайлсхийж, тэр ажиллагааг нь Монголбанкны тэр үеийн ерөнхийлөгч О.Чулуунбат өөгшүүлж, 1.5 тонн алтыг нь Монголбанкинд хадгалах нэрийдлээр байлгаж татвар төлөхөөс зайлсхийсэн.
 
Гэтэл 2007 онд Паушок гэдэг хүн 68 хувийн татварын хуулийг монголчууд гаргах эрхгүй байсан, энэ хуулийн дагуу татвар төлөхгүй, Монголын Засгийн газраас мөнгө нэхэмжилж байна хэмээн 1.5 тэрбум ам.доллар буюу өнөөдрийн яригдаад байгаа "Чингис" бондын мөнгөтэй тэнцэх хэмжээний мөнгийг нэхэмжилж олон улсын арбитрын шүүхэд өгсөн.
 
2008 онд би Хууль зүйн сайдаар дахин томилогдох үед энэ маргаан ид явагдаж байсан. Америкийн нэгэн хуулийн фирмийг хөлсөлж зургаан сая ам.доллар Монголын Засгийн газар зарцуулж байж 2011 онд олон улсын арбитрын шүүхийн шийдвэр манай талд ашигтайгаар гарсан.
 
Өөрөөр хэлбэл, 1.5 тэрбум ам.долларын өрөнд оруулахаас сэргийлж чадсан шийдвэр гарсан юм. Энэ шийдвэр зөвхөн нэг маргааны асуудал биш монгол төрийн тусгаар байдал, Монголын төр шаардлагатай хуулийг гаргах эрхийг баталгаажуулсан, дахин ийм төрлийн маргаан гарвал Монголын талд шийдэгдэх юм байна гэдэг ойлголтыг олон нийт, гадаадынханд өгсөн ийм шийдвэр байсан гэдгийг хэлье.
 
2008 оноос хойш энэ маргаан ид арбитрын шүүхэд явагдаж байх үед "Танай тал тэртэй тэргүй хожигдоно, тийм учраас хэлэлцээрт оръё" гэж давхар дарамтлах ажиллагаа хийгдсэн.
 
"Москвад Элчин сайдын яаман дээр очиж хэлэлцээрт оръё" гэдэг зүйл ярьж, эсвэл зарим улстөрчдөөр "Тэртэй тэргүй манай тал ялагдах учраас энэ хүнтэй хэлэлцээрт орох, маргаанаа татаж авах шаардлагатай" гэсэн далд дарамтуудыг хийж байсан. Надад хоёр зам байсан.
 
Нэг дэх нь яаж ийж байгаад маргааны ард хууль номын дагуу гарч, Монголд гаднынхан орж ирж дураараа дургихыг таслан зогсоох хувилбар. Нөгөө нь гаднын луйварчдын аманд багтаж хэлэлцээрт орж таллаж асуудлыг шийдвэрлээд тэдэнд асар их хэмжээний мөнгө төлөх хувилбар байлаа.
 
Би нэг дэх хувилбарыг сонгож эцсийг нь хүртэл явсан. Үүний үр дүнд 2011 онд 168 хуудастай арбитрын шийдвэр гарч Монголын талд бүх асуудал нааштай шийдвэрлэгдэж байсан юм.
 
Ийм байдалд дургүйцсэн гаднын этгээд Ардын намын их хурал болох үеэр энэ ярилцлагыг өгч олон нийтийг төөрөгдүүлэх байдлаар Монголын дотоод хэрэгт, улс төрийн хоёр гол хүчний нэгийнх нь дотоод хэрэгт оролцох далд явуулга хийж байгааг үнэн бодитоор нь ярих хэрэгтэй гэж бодож байна" гэлээ.
 
Мөн олон сая ам.долларын мөнгөн дүнтэй залилангийн хэргүүдтэй Хууль зүйн сайд байх үедээ хэрхэн тэмцэж, ямар арга хэмжээ авч байсан талаар сэтгүүлчдэд байр сууриа илэрхийлж, сонирхсон асуултад нь хариуллаа.
 
 
-Паушокийн ярилцлагад Таны нэр ямар байдлаар холбогдоод байгаа юм бэ?
 
 -Ерөнхийдөө С.Баяр, Сү.Батболд, Ц.Мөнх-Оргил бид дөрвийн нэр орсон байна лээ. Паушоктой холбоотой нэхэмжлэл гарсан, тэр нэхэмжлэлийг шийдвэрлэсэн хугацаа нь С.Баярын Засгийн газраас эхлээд Сү.Батболдын Засгийн газрын үед дууссан.
 
Ц.Мөнх-Оргилыг Хууль зүйн сайд байх үед энэ маргаан эхлээд намайг сайд байх үед дууссан. Ярилцлага дотор нь Ц.Нямдорж нь С.Баяр, Сү.Батболд нарын гар хөл болсон гэсэн юм ярьсан байна лээ. Би хэний ч гар хөл болж байгаагүй.
 
Монгол Улсын Засгийн газрыг төлөөлж Засгийн газрын шийдвэрээр арбитрын үйл ажиллагаанд манай яам оролцож, яамны төрийн нарийн бичгийн дарга Баясгалан, газрын дарга Алтангэрэл нар Монголын талд ашигтайгаар шийдвэрлүүлсэн. 
 
 
 -Паушоктой ойр дотно байсан улстөрч хэн байж болох вэ? 
 
-Эрхшээлд нь гэх юм уу маш нарийн сүлжээнд байсан хүн нь Эдийн засгийн хөгжлийн дэд сайд О.Чулуунбат. Монголбанкны ерөнхийлөгч байсан. 68 хувийн татварын хууль гарангуут 1.5 тонн алтыг нь Монголбанкинд хадгалалтын хууль бус гэрээ хийж хадгалаад татвар төлөхөөс зайлсхийх боломж олгосон.
 
Ийм байдалтай байж байгаад намайг 2008 онд яаманд буцаж очихын өмнө Паушок Монголын хилээр бас зугтаад гараад явчихсан байдаг. Сая энэ ярилцлагыг зохион байгуулж Монголын телевизээр цацах ажлыг нь хийж байгаа хүн бол энэ хүн.
 
 
Ө.Амук