Өнгөрсөн долоо хоногт дуучин С.Амармандах хэвлэлийн шуугианы гол эзэн байсан гэж хэлэхэд болно. Тэрбээр мөн өөрийн биеэр мэдэгдэл хийж болсон үйл явдалын талаар тайлбар хийсэн билээ.

Тэгвэл энэ хэргийн цаана хотын удирдлагууд байгаа бөгөөд Амраагийн хэргийг намжаахаар түүнтэй тохиролцсон гэх яриа дахин дэгдэв. Түүний өмгөөлөгч мөн энэ явдалд тун сэтгэл дундуур байгаа бололтой. 

С. Амармандахын өмгөөлөгч Г.Батбаяр ОХУ-ын Элчин сайдын яам, МАН-ын даргад хүртэл хандаж хариуцлага тооцуулах гэж уйгагүй хөөцөлдөж буй. Харамсалтай нь ингэж гүйсэн өмгөөлөгчөө тайлбар авсан сэтгүүлчээр дамжуулан буруутгах өнгө аястай асуултууд асуулгаж байгаа нь бичлэгэн дээр тод үлджээ. Гэхдээ хуульчийн эрх зүйн байдлын тухай хуулийн 38.1.1-т “Өмгөөлөгч нь зөвхөн үйлчлүүлэгчийнхээ хүсэл зорилгоор ажиллана” гэсэн хуулийн заалтаас харахад С.Амармандах өмгөөлөгчийнхөө бүхий л үйлдлийг мэдэж, өөрийн хүсэлтээр ажиллуулж байсан гэдэг нь тодорхой боллоо.

Харин өөрийнх нь төлөө тууштай тэмцсэн өмгөөлөгчөө С.Амармандах их хэмжээний мөнгөөр солиод өнгөрчээ. Хэрэв Амараа үнэхээр тохиролцоонд хүрсэн бол, энэ хэрэг тун удахгүй намжих ёстой.

Амраагийн яаруу хийсэн мэдэгдлийн цаана тохиролцоонд хүрсэн гэх хэд хэдэн сэжиг таамаг байгаа аж. 

С.Амармандах эмнэлгээс бүрэн эдгэрч гарсныхаа дараа хэргийн талаар олон нийтэд тайлбар хийж болох л байсан. Нөгөө талаар өвдөн байж зөвхөн яагаад ТВ5, 25-р суваг телевизэд ярилцлага өгөх болов оо гэдэг асуулт гарч ирнэ.

Мөн өөр нэг баримт дэлгэвэл ТВ5 телевизийн гүйцэтгэх захирал Э.Даагиймаа Нийслэлийн ЗДТГ-ын хэвлэл мэдээллийн албаны даргаар ажиллаж байгаа бол Нийслэлийн Засаг даргын Тамгын газар 25-р суваг телевизтэй 2017 он хүртэл хамтран ажиллах гэрээ буюу иргэдийн ярьдгаар хаалтын гэрээ хийснийг үгүйсгэхгүй.

Яагаад нам гүмхэн шиг хоёрхон телевизэд ярилцлага өгч, фэйсбүүкээр шууд дамжуулаад чимээгүй болчихов. Тодорхой жишээ дурдахад, тус ярилцлагыг Амараа 15 цагийн орчим ГССҮТ-д өгсөн байдаг. Харин дээр дурдсан хоёр телевизээс бусад телевизийн сэтгүүлчид огт мэдээгүй өнгөрчээ.

 Энэ мэтээр түүний энэ хэргийг намжаахын тулд нийслэлийн удирдлагууд зохион байгуулалттайгаар оролцсон гэх хардлага ийн цуварсаар Амраагийн орооцолдсон хэрэг тийм ч амархан намжихгүй бололтой.