Тавантолгойн 49 хувийг 400 сая ам.доллараар зарахыг зөвшөөрөхгүй
2016/12/26
Уул уурхай, хүнд үйлдвэрийн сайд Ц.Дашдоржоор ахлуулсан Засгийн газрын ажлын хэсэг Монголын “Энержи ресурс”, Хятадын “Шинхуа”, Японы “Сумитома” гэх гурвалсан нэгдэлтэй хэлэлцээ хийж эхэлж байгаа. Тэгвэл энэ талаар Өмнөговь аймгаас сонгогдсон УИХ-ын гишүүн Л.Энхболд Ерөнхий сайд Ж.Эрдэнэбатад асуулга тавьсан байна. Тэрбээр асуулгадаа:
1. “Эрдэнэс Тавантолгой” ТӨХК-ийн өнөөгийн нөхцөл байдал, тус компанийн цаашид авч хэрэгжүүлэх арга хэмжээний талаар, Монгол Улсын эдийн засагт ямар хувь нэмэр оруулж байгаа эсэх /2015, 2016 онуудад Улсын төсөвт хэдий хэмжээний татвар хураамж төвлөрүүлсэн/, ажилчдын нийгмийн асуудал болон орон нутагт өгч буй үр өгөөж, нийгмийн хариуцлагын талаар авч хэрэгжүүлж байгаа арга хэмжээнүүд, БНХАУ-ын “ЧАЛКО” компанид төлөх өрийн өнөөдрийн байдлаар ямар шатандаа байгаа, хэзээ төлөгдөж дуусах талаар, өр төлбөрөө төлж дууссаны дараагаар уг компани нь эдийн засгийн үр өгөөжтэй бие даан үйл ажиллагаагаа явуулах боломжтой эсэх талаар
2. “Эрдэнэс Тавантолгой” ТӨХК-иар дамжуулан Монгол ард түмний өмч болсон Тавантолгойн бүлэг ордын нөөцийг Эрдэс баялгийн зөвлөл тогтоохдоо 6.4 тэрбум тонн нөөцтэй гэж тогтоосон байдаг. Иймд энэ ордын өнөөгийн үнэлгээг бодитойгоор тогтоосон эсэх талаар, Монгол Улсын иргэн бүрийн 1072 ширхэг хувьцаа хэзээ бодит үр шимээ өгч эхлэх. Үүнтэй холбоотойгоор Монгол Улсын Засгийн газраас авч хэрэгжүүлж буй арга хэмжээний талаар
3. “Эрдэнэс Тавантолгой” ТӨХК нь Монгол Улсын эдийн засгийн хүндрэлээс гаргах хамгийн том боломж гэж харж байгаагийн хувьд тус орд газрын тээвэр ложистикийн асуудлыг яаралтай эрчимжүүлэх шаардлагатай байгаа бөгөөд ТӨМӨР ЗАМ-ын асуудал нэн чухал гэж үзэж байгаа болно. Иймд тус төмөр зам ямар эх үүсвэрээр, хэзээ эхэлж хэзээ дуусах, одоогийн байдлаар төмөр замыг барьж байгуулах гэрээ хэлэлцээр ямар шатандаа явж байгаа талаар, төмөр зам тавигдсанаар орд газрын үнэлгээ хэрхэн нэмэгдэх талаар, Монгол Улсын Засгийн газраас Тавантолгойн төмөр замын талаар авч хэрэгжүүлж буй арга хэмжээний талаар,
4. Сүүлийн үед хэвлэл мэдээллийн хэрэгслээр “Эрдэнэс Тавантолгой” ТӨХК-ийг тойрсон олон мэдээлэл цацагдаж байгаагийн дотор “Эрдэнэс Тавантолгой” ТӨХК-ийн тодорхой хувийг БНХАУ-ын компанид худалдах гэж байгаа талаар гэрээ хэлцэл хийж байна гэсэн мэдээлэл олон нийтэд цацагдаж, улмаар манай тойргийн иргэд сонгогчдын зүгээс УИХ-ын гишүүн миний дээр хаягласан санал, хүсэлт, шүүмжлэл, гомдол маш ихээр ирэх боллоо. Иймд “Эрдэнэс Тавантолгой” ТӨХК-ийн тодорхой хувь худалдан борлуулах гэрээ хэлцлийн хүрээнд,
Үүнд:
· “Эрдэнэс Тавантолгой” ТӨХК-ийн тодорхой хувь ямар компанид худалдан борлуулах гэж байгаа манай улсад ямар санал ирсэн талаар,
· Энэ гэрээ хэлцэлд Монгол Улсын Үндэсний аюулгүй байдал хэрхэн хангагдаж байгаа талаар /БНХАУ-ын гадаад улсад оруулсан хөрөнгө оруулалтыг хамгаалах зорилгоор гадаад улсад цэргийн үйл ажиллагаа явуулна гэж заасан байдаг/,
· Уурхайгаас гаргаж буй нүүрсний үнийн бодлогод урт хугацаанд манай улс ямар байр суурьтай байх талаар, /нэг улсын хараат болох монополь байдалд орох магадлалын талаар/
· Үндэсний аж ахуйн нэгж, орон нутгийн аж ахуй нэгж байгууллагууд хэрхэн оролцуулах талаар,
· Монгол ажилчдын ажлын байр нийгмийн асуудлыг хэрхэн шийдвэрлэх гэх мэт асуудал дээр Монгол Улсын Засгийн газраас авч хэрэгжүүлэх гэж буй арга хэмжээний талаар
5. Хэвлэл мэдээллийн хэрэгслээр “Эрдэнэс Тавантолгой” ТӨХК-ийн 49 хувийг 400 сая ам.доллараар үнэлж худалдах гэж байна гэсэн мэдээлэл маш ихээр цацагдаж байна. Тавантолгойн орд газар бол Монголын ард түмний өмч, ирээдүйн баталгаа, иргэн бүрийн 1072 ширхэг хувьцааг үнэгүйдүүлж, орд газрын 49хувийг 400 сая ам.доллараар худалдан зарах гэж байгаа бол Монгол Улсын Их Хурлын гишүүний хувьд үүнийг хэрхэвч зөвшөөрөхгүй гэдгээ албан ёсоор илэрхийлж байна. Иймд энэ асуудал дээр Монгол Улсын Засгийн газраас үнэн бодитой мэдээллийг ард түмэндээ өгөх шаардлагатай байна.
Тэрбээр асуулгын хариуг чуулганы нэгдсэн хуралдаанд танилцуулахыг хүсчээ.
Зочин · 2016/12/27
ХУЛГАЙЧ НАРЫГ ЭХ ОРНЫ НЭРИЙГ ӨМНӨӨС БУУДАН ХӨРӨӨ АРД ТҮМЭН БОСООД ИРВЭЛ ҮҮНИЙГ ГҮҮЦЭТГЭЖ Л ТААРНА
Иргэн · 2016/12/26
ТТ-н 49%-ийг 400саяаар өгөх гэж байгаа бол зүгээр байсан нь хамаагүй дээр. Ядаж 4 тэрбум доллараар өгч болох шүүдээ. Ийм ашиггүй гэрээ хийснээс газрын хэвлийдээ хэвтэж байсан нь илүү. МАН-ын хэдэн олигархиас гадна монголын хойч үе бас нүүрс хэрэглэнэ дээ.