Эдийн засгийн хөгжлийн сайд Н.Батбаярыг хэрүүлч гэдгээр нь хүмүүс илүү сайн мэдэх биз. Болсон болоогүй ажил, асуудал дээр хошуу цорвойлгон хэрэлддэг нь гэм биш зан нь. Телевизээр ярилцлага өгөхдөө “Япон” манайд мөнгө өгнө. Май гээд өгдөг газар ер нь хаана байгаа юм. Бид л мундаг болохоор Япончууд мөнгө өгч байгаа юм гэсэн утгатай үг хэлж, олон хүний ундуйцлыг хүргэсэн. Гэтэл өчигдөр чуулганы хуралдаан дээр Бондын мөнгийг хэрхэн зөв зарцуулж буй асуудал дээр өөрийн хийж буй ажлаа зөвтгөж, өмөөрсөн тайлбар хийхдээ “Уулзварыг өргөн болгосноороо, түгжрэлгүй байгаа. Энэ чинь хэмнэлт гарч байгаа юм шүү дээ” хэмээн ярьж, мөн л олон түмний эгдүүцлийг хүргээд авлаа. Ард түмэн өнөөдөр өглөө ажилдаа явах гэж 2 цаг, ажлаасаа тараад гэртээ харих гэж 2 цагийг зарцуулж байгаа. Үүнтэй маргах хүн байхгүй биз. Нэг ёсондоо бүхэл бүтэн дөрвөн цагийг замын голд зарцуулчихаж байна шүү дээ. Гэтэл Уулзвар өргөн болж, зам түгжрэхгүй байгаа хэмээн сайд юу ярьчихав аа. Эсвэл УИХ, Засгийн газрын гишүүдийг худлаа ярьж болохгүй гэх хууль зохион УИХ-д өргөн барьдаг юм билүү. Тэгэхгүй бол амьдралаа яая даа, хоногийн хоолоо хэрхэх билээ гэж буй ард түмнийг худал ярьж, улам л бухимдуулах юм. Шинэчлэлийн гэж өөрсдийгөө өргөмжлөөд байгаа сайд нарт сануулахад ард түмэн тэнэг биш ээ. Аливаа зүйлийг учир шалтгаан, хүний хэлж ярьж буй үгний үнэн худлыг дэнсэлчих чадвартай юм шүү. Чуулганы хуралдаанд дахин худлаа ярьж, ард иргэдийг өөрсөд шигээ мулгуу  гэж басамжилах  хэрэггүй биз ээ.

 

Н.Чинзориг