УИХ дахь МАН-ын бүлгийн өчигдрийн хуралдааны “Бусад” асуудлын хүрээнд Тавантолгойн гэрэээний талаар хэлэлцэнэ гэсэн мэдээлэл байсан. Энэ ёсоор болж эрх баригчид бүлгийнхээ хуралдаанаар Тавантолгойн ордын ашиглалтын гэрээний талаар хэлэлцлээ.

Хуралдаан нэлээд ширүүн уур амьсгалтай болсон байна. Бүр хэрүүл тэмцэл өрнөж, барилцаж авахдаа тулсан тухай мэдээлэл байна. Мэдээж хэрэг, Тавантолгойн ордын хэдэн хувийг хэн авч, ямар эрх хэмжээтэйгээр эзэмших нь бараг тодорхой болоод байсан. Тиймээс он солигдохоос өмнө гэрээг эцэслэх сонирхол бүхий хэсэг, нөгөө талд нь үүнийг эсэргүүцсэн гишүүдийн хооронд ширүүхэн тэмцэл өрнөснийг хэлэх хэрэгтэй.

Таван цаг үргэлжилсэн хурлаар олонд ил болсон Тавантолгойн гэрээнд нэлээд хэдэн гишүүн ихээхэн шүүмжлэлтэй хандсан байна. Тухайлбал, УИХ-ын гишүүн Б.Жавхлан, Ё.Баатарбилэг, Л.Оюун-Эрдэнэ, Л.Энхболд нар одоо явагдаж буй гэрээний эсрэг байр суурьтай байгаагаа илэрхийлжээ.

УИХ-ын гишүүн Б.Жавхлан “...Хямралаар далимдуулж баялгаа хямдхан зарах гэж байгааг зөвшөөрөхгүй” гэсэн бол УИХ-ын гишүүн Ё.Баатарбилэг “...Энэ асуудлыг хэрхэн шийдэхээс Засгийн газрын тогтвортой байх эсэх хамаарна” гэдгийг анхааруулсан байна. Мөн УИХ-ын гишүүн Л.Оюун-Эрдэнэ “...580 сая ам.долларын өрийг төлөх менежмент туйлын хангалтгүй байна. Хурдтай, санаачлагатай ажиллах хэрэгтэй байна” хэмээн сануулж, хурлыг орхин гарчээ. Түүнчлэн УИХ-ын гишүүн Л.Энхболд “...Тавантолгойг буруу явуулбал өмнөговьчуудтайгаа хамт тэмцэнэ” гэсэн байна.

Үүнээс гадна ЗГХЭГ-ын дарга Ж.Мөнхбат ард түмнийхээ талд зогсч, Тавантолгойн гэрээг яаран шийдэхгүй байх нь зөв гэсэн байр суурьтай байсныг энд дурдах хэрэгтэй. Ж.Мөнхбатын хувьд  халуунд халж, хүйтэнд хөрч өнөөдрийг хүрсэн улстөрч. Тиймээс ийм ухаан гаргах зүрх сэтгэл түүнд байж таарна.

Эцэст нь Тавантолгойн ордын асуудлыг он гарахаас өмнө хэлэлцэхгүй, оны дараа УИХ-аар заавал оруулж хэлэлцүүлнэ гэсэн шийдэлд хүрчээ.

Эндээс харахад МАН-ын залуус Тавантолгойн ордыг он гарахаас өмнө бусдын мэдэлд шилжихээс хамгаалж үлдэв бололтой. Гэхдээ тэд хэр удаан ингэж тэсэх бол гэдэг асуулт гарч ирнэ.

Тавантолгойн гэрээ хэлэлцээний талаар УИХ-ын гишүүд, олон нийт л мэдээгүй болохоос бараг л гарын үсэг зурдаг дээрээ очсоныг сүүлийн хэд хоногт ил болсон зарим баримтаас харж болно.

Тухайлбал, “Эрдэнэс Тавантолгой” ХК-ийн гүйцэтгэх захирал Д.Ариунболдод TTJV компаниас ирсэн захидал эхлээд ил болсон. Уг захидалд Чалкод төлөх өрийг 2017 оны эхний хоёрдугаар сард төлж дуусна. Оны эцэс гэхэд 300 сая ам.долларын ашиг Монгол Улсад орно. Улмаар төмөр замгүй “Эрдэнэс Тавантолгой”-н үнэ 5 тэрбум ам.долларт хүрнэ гэдгийг тооцоо судалгаатай бичсэн байдаг. Гэвч зарим хэвлэлээр үүнийг буруушаах PR-ын өнгө аястай нийтлэлүүд нэлээд гарсан. Уг нь бид дээрх захиаг зүхэх биш, тийм бололцоо бий юу гэдгийг эрдэмтэд, эдийн засагчдаа суулгаад бодуулах ёстой юм.

Үүний дараа “Энержи ресурс корпорац” ХХК-ийн 34 хувийг давуу эрхийн хувьцаагаар үнэ төлбөргүйгээр “Эрдэнэс Тавантолгой” ХК-д эзэмшүүлэх ерөнхий нөхцөл нийтэд ил болсон. Уг нөхцөлийг хүлээн зөвшөөрсөн хоёр талын удирдлага энэ сарын 2-ны өдөр гарын үсэг зурчихсан бололтой юм.

Ерөөсөө л Монголын талын хөрөнгө оруулагчаар MCS группийн “Энержи ресурс корпорац” тодорчихсон. 51 хувийнхаа 34 хувийг “Эрдэнэс Тавантолгой” буюу Монголын Засгийн газар, Монголын ард түмэнд давуу эрхийн хувьцаагаар эзэмшүүлнэ гээд тохироод гэрээлчихсэн гэсэн үг. Энэ тухай УИХ-ын гишүүд байтугшай жирийн иргэд бид ч мэдэж байх учиртай юм.

Хамгийн аймшигтай нь хоёрхон сарын дараа төлж дуусгах Чалкогийн өрийн үлдэгдэл 85 сая ам.долларыг тэглээд, нэмж 400 сая ам.доллар аваад Тавантолгойн 49 хувийг Хятадын “Шинхуа”-д өгөх тохироо юм.

Энэ ордыг монголчууд 300 жил ухаж амьдрах нөөцтэй гэж байгаа. Дээрээс нь энэ ордод хэн ч нөөцийг нь тогтоож амжаагүй метаны хий хэмээх асар үнэтэй баялаг байгаа. Тийм учраас УИХ-ын гишүүд, ард түмэн энэ гэрээний сайн муу эсэхийг дүгнэж шийдэх учиртай.

Хэдхэн хоногийн дараа он солигдоно. Он солигдохоор энэ гэрээ дахиад л хөндөгдөнө. Тэр үед, Тавантолгойн ордын хувь заяаг шийдэхдээ УИХ-ын гишүүд хэр зэрэг эх орончоор хандахыг л харах үлдлээ.

Б.ДАМДИН-ОЧИР