УИХ-ын гишүүн асан Л.Эрдэнэчимэг Төрийн ордны албан өрөөг шоуны цэнгээний өргөө болгож, тамхи татаж, архи ууж, “Архи, тамхи, секс гурав хүний амьдралын гурван чандмань эрдэнэ гэж хэлэх нь холгүй ярьсан бичлэг байдаг. Үүнийхээ дараа тэрбээр өөрийнхөө санаачлан батлуулсан “Тамхины хяналтын тухай хууль”-ийн дагуу 50 мянган төгрөг төлсөн хэмээн олон нийтийн мэдээллийн хэрэгслээр мэдэгдэж байв.

Үнэндээ Тамхины хяналтын тухай хуулиар жирийн иргэн тамхи татахыг хориглосон газар тамхи татвал 50 мянган төгрөгийн торгууль төлөх ёстой. Харин Л.Эрдэнэчимэг шиг Төрийн албан тушаалтан тамхи татахыг хориглосон газар тамхи татвал хөдөлмөрийн хөлсний доод хэмжээг 10-25 дахин нэмэгдүүлсэнтэй тэнцүү буюу 1 сая 920 мянгаас 4 сая 800 мянган төгрөгийн торгууль төлөх ёстой. Гэтэл Тамхины хуулийг санаачлан батлуулсан эрхэм гишүүн өөрийнхөө өлгийдөн авсан хуулийнхаа зүйл заалтыг мэдэхгүй 50 мянган төгрөг төлж, олны доог тохуу болж байв.

Үүний дараа энэ хуулийг ОХУ-аас хуулсан гэх яриа ч гарсан. Тэгвэл УИХ-ын эрхэм эмэгтэй  гишүүд маань ямар хууль батлуулаад, ямар хууль дээр гарын үсэг зураад яваагаа тэр бүр мэддэггүй нэгэн жишээ саяхан гарлаа. Тодруулбал, УИХ-ын гишүүн Н.Оюундарь саяхан олон нийтийн цахим сүлжээнд О.Баасанхүү гишүүний “Ерөнхийлөгчийн сонгуулийн хууль өргөн баригдсан байна. Энэ хууль батлагдвал МАН-аас өөр нам Ерөнхийлөгчид хүн дэвшүүлэх боломжгүй юм байна” гэсэн жиргээнд “Монгол Улсын Ерөнхийлөгчийн сонгуулийн тухай хуулийн төслийг УИХ-ын даргад хамтдаа өргөн мэдүүлсэн бус уу?” гэж хариу барьснаар харагдаж байх шиг.

Үнэн хэрэгтээ Ерөнхийлөгчийн сонгуулийн тухай хуулийг Н.Энхболд, Б.Батзориг, З.Нарантуяа, Н.Оюундарь, Д.Хаянхярваа нарын гишүүд өргөн барьсан нь харагдаж байна. Харин Н.Оюундарь гишүүн он солигдох сүүлийн мөч буюу өнгөрөгч оны ажлын хамгийн сүүлийн өдөр /2016.12.28/ гишүүд маш олон хуулийн төсөл өргөн барьснаас будилсан уу ийнхүү жиргэжээ. Ямартай ч, УИХ-ын гишүүд, ялангуяа эмэгтэй гишүүд маань ямар хуулийн төсөл, хэнтэй хамт өргөн барьснаа тэр бүр мэддэггүй бололтой.

 

Төгс