Г.Батбаатар: Тоомжиргүйтэн тасалсан харилцуур утсыг дахин юу ч холбож чадахгүй
2013/11/04
“Цаг хугацааг эргүүлж болдогсон бол...” Ийм бодол хааяа хүн бүрт төрдөг.
Амьддаа бие биенээ хайрла хүмүүсээ
Алив сайхнаа бусдаас битгий харамла хэмээх агуу найрагчийн шүлгээс иш татан өгүүлэх тэрээр яг ийн бодож буй мэт. Манай энэ удаагийн зочиноор Fly хамтлагийн дуучин Баагий буюу Г.Батбаатар уригдсан юм.
-Урилгыг минь хүлээж авсанд баярлалаа. Уран бүтээлийн сонин сайхан юу байна?
- Урьсанд баярлалаа. Хамтлагаараа “Дижитал” хамтлагийн Эрка ахын зохиосон дуун дээр ажиллаж байна. Мөн “Гурван бүдүүн” хамтлагийн Шагай ахын өгсөн “Уяхан сэтгэлт ээж”, Байздаа ахын үг, ая “Улаан сарнай” гэх дууг дуулж бэлэн болгосон. Харин миний хувьд “Sync” хамтлагийн Амараатай хамтран “Аавдаа” дууг дуулж, дүрсжүүллээ.
-“Аавдаа”дууг сонссон, ухаарал хайрласан. Харин тус тусдаа хамтлагтай залуус хамтран дуулсан нь сонирхол татаж байлаа.
- Бид олон жил нөхөрлөсөн найзууд. Тэр ч утгаараа хамтран уран бүтээл хийнэ гэж ярьдаг байсан. “Аавдаа” дуу бол одсон аавын тухай дуу. Учир нь би аавыгаа алдаад удаагүй байна. Дуулаад, уран бүтээл хийгээд яваад байсан ч аавдаа зориулж дуулаагүйгээ хойно нь мэдэж, харамссан. Гэсэн ч аав минь хаа нэгтээгээс намайг харж байгаа болохоор зориулан дуулах хэрэгтэй гэж бодсон. Энэ тухайгаа Амараад хэлтэл саналыг минь дэмжиж хамтран дуулахаар болсон юм. Амараа маань олон жилийн өмнө аавыгаа алдсан л даа.
-Аав хүн гэдэг хүүдээ, охиндоо хамгийн том нөмөр түшиг байдаг. Тэр их хайр, нөмөр түшгийг үгүйлэхийн зовлон гэдэг...
-Тэгэлгүй яахав. Хүн аавыгаа алдчихаар сэтгэл гонсойгоод нэг л нөмөр түшиггүй болчихдог юм байна. Аавын минь хайр, халуун дулаан үг алхам бүрт үгүйлэгдэж байна.
-Бид эцэг эхтэйгээ ялангуяа аавтайгаа тэр болгон сэтгэлээ хуваалцаж, юу мэдэрч байгаагаа илэрхийлээд байж чаддаггүй. Таны хувьд “Баярлалаа ааваа” гэх үгийг хэр олон хэлж байв?
-Ааваа баярлалаа гэж хэлдэг байсан ч одоо бодоход дэндүү цөөхөн санагдаж байна. Аавынхаа амьд сэрүүнд нь илүү олон зүйлд талархаж түүнээ илэрхийлэх ёстой байж. Үнэндээ завгүй гэх үгээр халхавч хийн, утсаар ярьсан тоо минь ч хэд билээ гэж бодогдож байна. Тоомжиргүйтэж салгасан харилцуур утсыг одоо юу ч холбож өгч чадахгүй гэж бодохоор харамсаад харамсаад барахгүй нь. Тиймээс “Амьддаа бие биенээ хайрла” гэдэгчлэн залуус аав ээждээ баярлалаа, хайртай гэх үгийг харамгүй хэлж, тэвэрч бас үнсэж байгаасай. Учир нь тэд маань нас нэмэхийн тоогоор хүүхэд шиг болж, баярлах гомдох нь амархан болдог.
-Та сая аав минь хаа нэгтээгээс намайг харж байгаа гэлээ. Гэтэл “Аав минь харчихсан бол яанаа, ямар дэмий юм хийчихэв дээ” гэж бодох үе гарав уу?
- Гараагүй. Цаашдаа ч тэр тийм зүйл бодож харамсахгүй нь төлөө амьдарна.
-Хүн амьдрал үзэхийн хэрээр юу хийх ёстойгоо ойлгож мэдэрдэг юм шиг санагддаг. Таны хувьд ирээдүйгээ хэрхэн төсөөлж байна вэ?
-Таван жилийн өмнө бодож байсан зүйгээ эргээд санавал сонин. Учир нь одоо яг тэр зүйлийн талаарх бодол минь бараг 100 хувь өөрчлөгдсөн байх жишээтэй. Тиймээс таван жилийн дараа одоогийн бодож байгаагаас тэс өөр зүйл бодож байх магадлал өндөр. Ялангуяа хүн хагацал гуниг үзээд ирэхээр амьдралыг үзэх үзэл өөрчлөгддөг юм байна л даа. Гэхдээ мэдээж ирээдүй минь гэрэлтэй гэгээтэй, амжилттай, аз жаргалаар бялхам сайхан байна гэдэгт итгэл төгс байна.
-Аавын тухай ярьсных асуумаар санагдлаа. Бүсгүйчүүд бид жинхэнэ эр хүн тийм, ийм байх ёстой гээд л олон шинжүүдийг нэрлэдэг. Харин таныхаар “Эр хүн” гэж хэн юм бэ?
-Бүсгүйчүүд та нар эхлээд эр хүн ноён нуруутай, нөмөр түшигтэй, ухаалаг, амьдралаа аваад явах чадвартай байхыг шаарддаг. Энэ нь ч зөв. Үүний дээр гэр бүлийн болоод нийгмийн амьдралд хүлээх үүрэг хариуцлагаа дээд зэргээр ухамсарлан биелүүлдэг бүсгүйн сайн хань, хүүхдийн сайн эцгийг л жинхэнэ эр хүн гэх байх.
-Эрчүүд дэндүү залхуу байгаагаас өрхийн тэргүүн бус гишүүний нэр зүүх боллоо гэх шүүмж байна. Гэтэл үнэхээр монгол эр хүний үнэлэмж буурчихаад байгаа гэж үү?
-Хүн бүрийн боловсрол мэдлэг, бие махбодийн чадамжаас шалтгаалан ажил амьдралдаа гүйцэтгэх үүрэг нь адилгүй. Үүнээс шалтгаалан цалин хөлсний хэмжээ ч өөр. Тиймээс бүсгүйчүүд нөхрөөсөө илүү орлого олдог бол нөхөр нь өрхийн тэргүүний үүргээ биелүүлж чадахгүй байгаа мэтээр ойлгож ярих хүн байдаг юм билээ. Үүнийг өрөөсгөл ойлголт гэж боддог. Монгол эр хүний ухаан, уужуу сэтгэл, алсын хараа хэзээд үнэлэмжээ хадгалах болно.
Ярилцсанд баярлалаа. Таны үг дуугаар чинь дамжин аавд тань хүрнэ гэдэгт эргэлзэхгүй байна. Таныг урлагийн янжинлхам бурхан үргэлж ивээх болтугай.
Ярилцсан А.Чимгээ