Эцэг хуулийг ёс суртахууны эрхгүй хүмүүсээр оролдуулах ёсгүй!
2017/01/13
Өнөөдөр ардчилсан Үндсэн хууль мэндэлсэн өдөр. Эцэг хууль хэмээн нэрийддэг Үндсэн хуулийг шинээр батлах үйл явц 1990 оны Ардчилсан хувьсгалын дараа эхэлж, Үндсэн хуулийн төслийг Монголын нийт ард түмнээр хоёр удаа, Улсын Бага Хурлаар дөрвөн удаа, БНМАУ-ын Ардын Их Хурлын хуралдаанаар хэлэлцэж 1992 оны нэгдүгээр сарын 14-ний өдөр Монгол Улсын Үндсэн хуулийн өдрийн тухай хуулийг баталж, Монгол Улсын Үндсэн хуулийн өдрийг жил бүрийн 1 дүгээр сарын 13-ны өдөр тэмдэглэж байхаар хуульчилсан.
Эцэг хуульд өөрчлөлт оруулах тухай яриа хэд хэдэн парламент дамжин яригдаж байгаа юм. Үндсэн хуульд нэмэлт өөрчлөлт оруулах ажлын хэсгийг өмнөх парламентын үед Н.Батбаяр гишүүнээр удирдуулан байгуулсан ч ажлын хэсгээс үр дүн гараагүй. Энэ парламентын үед Үндсэн хуульд өөрчлөлт оруулах асуудлыг судлахаар хоёр ч ажлын хэсэг байгуулагдсан.
Ер нь бол Монгол улс засаглалын хямралд нэрвэгдсэн талаар сүүлийн хэдэн жил ярьж байна. Өнөөгийн эдийн засгийн хүндхэн нөхцөл байдал улстөрийн хямралтай шууд холбоотой гэдгийг шулуухан хэлэгсэд ч цөөнгүй бий. Тэгвэл бид яагаад засаглалын хямралд нэрвэгдэв. Хаанаа болохгүй байж ирэв гээд хараад үзэхээр Үндсэн хууль руу учиг нь чиглэж байгаа талаар хэлж яригсад ч цөөнгүй. Үндсэн хуульдаа 1999 онд оруулсан долоон өөрчлөлт нь явж явж засаглалын хямралыг өдөөх суурь болсон гэгддэг. Тэгвэл туршлагатай парламентч Д.Лүндээжанцан news.mn сайтад өгсөн ярилцлагадаа энэ тал дээр өөрийн санаа оноогоо хэлснийг ишлэн хүргэж байна. Тэр хэлэхдээ “-Хүн бүр дордуулсан долоон заалтыг өөрчилж хэвийн байдалд нь оруулах ёстой гэж үздэг. Үүнд авах гээхийн ухаанаар хандах хэрэгтэй. Үндсэн хуульд зааснаар Ерөнхий сайдаа томилж чадахгүй 45 хоновол УИХ-ыг тараах зарлиг гаргах эрх нь Ерөнхийлөгчид бий. Гишүүдийн ирцийн асуудлаар зохицуулсан заалт бий. Энэ бүхнийг эргэж хараад бодох ёстой. Би тэрхүү долоон өөрчлөлтөөр бие даасан анализ хийгээд эерэг ба сөрөг талыг нь гаргасан. Тухайн үед миний бие тэдгээр долоон өөрчлөлтөд шүүмжлэлтэй хандаж байсан учраас миний баланк дээр хүчээр хийсэн юм. Гэхдээ Үндсэн хуульд оруулсан долоон заалтыг батлахад оролцсон учраас уучлалт хүсч байгаагаа УИХ-ын тахимд хоёр удаа мэдэгдсэн. Яах вэ төрийн машиныг гацаахгүй ажиллуулахын тулд эдгээр заалт хэрэг болсон байж магадгүй. Гэхдээ давхар дээлийг тайлах ёстой гэдэг дээр бол хатуу байр суурьтай байна. УИХ-ын гишүүнд Засгийн газрын гишүүн болох эрхийг нээж өгсөн учир УИХ, Засгийн газар хоорондоо холилдсон. Үүнээс үүдэж хяналт шалгалт, тэнцвэрийн тогтолцоо байхгүй болчихож байгаа юм. Анх 1992 онд энэ асуудлыг хэлэлцээд гацаанд орсон байхад нь дан ганц Ерөнхий сайд давхар УИХ-ын гишүүн байх зохицуулалтыг оруулж гацаанаас гаргаж байсан. Тэгвэл одоо тодорхой хэмжээнд хязгаарлаж өгөх ёстой юм байна гэдэг дээр олон хүн санал нэгдэх байх. Үүнийг Үндсэн хуулиар хязгаарлалт хийх саналыг би дэвшүүлнэ. Яагаад гэхээр Засгийн газрын хуулиар болгох гэж олон жил оролдсон. Ёстой болдоггүй юм байна. Үүнд гэнэн байдлаар итгэж нэлээд хэсэг явсан. Дараа нь болдоггүй юм байна гэдгийг ойлгосон. Тиймээс Үндсэн хуулиар зохицуулалт хийх шаардлагатай байгаа юм. УИХ-ын гишүүн Засгийн газрын гишүүн байхыг бүр мөсөн хязгаарлахгүй байх. Өнөөдөр модернизац гээд шинэ онолоор бол Герман, Япон, Их Британи гэх мэт парламентын засаглалтай улсад давхар Засгийн газрын гишүүн хийгээд явдаг. Гэхдээ Англи бол Лордын танхимаа оруулаад 2 мянган гишүүнтэй. Япон 460 гэх мэт. Энэ олон гишүүн дунд 5,10 хүн давхар алба хашиж байхад болохгүй гэх зүйлгүй. Манай 76 гишүүн болохгүй байгаа юм. Тиймээс хязгаарлаж өгөх зайлшгүй шаардлага байна. Органик хууль буюу Засгийн газрын тухай хууль, УИХ-ын тухай хуулиар зохицуулах ямар ч аргагүй юм байна гэдгийг ойлгосон. Энэ мэтчилэн ганц нэг өөрчлөх сайжруулах зүйл байж болно. Гэхдээ би бол Үндсэн хуулиа хамгаалах ёстой. Монголчууд бүгд хамгаалах ёстой. Яаж вэ гэвэл Монголчууд боловсронгуй болгож, насыг нь уртасгах хэрэгтэй. Ингэснээр эх хуулийн үйлчлэл дахиад 25-50 жил явна.” хэмээн хэлж ярьсан юм.
За мөн өөр бусад эрхмүүд Үндсэн хуулийн өөрчлөлтийн талаар юу хэлснийг эргэн сануулъя.
Ц.Нямдорж: Энэ УИХ Үндсэн хуулийг өөрчлөх ёс суртахууны эрхгүй
2015 оны 11 сарын 11
-Яагаад гэвэл Үндсэн хуульд гар хүрэх ёс суртахууны ямарч эрх энэ УИХ-д байхгүй. Ийм дампуу, улс орын эдийн засгийг сүйрэлд хүргэж, төрийн хямрал бий болгож байгаа Их хурал Үндсэн хуульд өөрчлөлт оруулах эрхгүй, нэгд. Хоёрт, Үндсэн хуульд нэмэлт өөрчлөлт оруулах журмын тухай хууль гэж бий. Тэр хуульд “УИХ-ын сонгууль болохоос зургаан сарын өмнө Үндсэн хуульд өөрчлөлт оруулж болохгүй” гээд заачихсан. Одоо тэр зургаан сарын хугацаа нь тоологдож эхлэх гэж байна. Гуравдугаарт, сая өргөн барьсан Үндсэн хуулийн өөрчлөлт гээч юмыг эхлээд сайн судалж үзэх хэрэгтэй. Гарын үсэг зурахаас өмнө шүү. Тэгээд намууд улстөрийн шийдвэрээ гаргах ёстой. Үндсэн хууль бол аль ч улсад улс төрийн хамгийн том баримт бичиг байдаг. Тийм учраас улс төрийн намууд шуу ухаантай юм бол, тэр дундаа МАН гэж байгаа санаатай юм бол улс төрийн хамгийн том баримт бичгийг өөрчлөх эсэхэд оролцох, үгүйгээ өндөр төвшиндөө ярилцах ёстой. Энэ бүгдийг бодоод үзэхээр цаг хугацааны хувьд ч амжихгүй. Хамгийн гол нь дахиад хэлэхэд өнөөдрийн орчинд, энэ УИХ-д Үндсэн хуультай ноцолдох ёс суртахууны эрх байхгүй. /nam.mn/
С.Оюун: УИХ-ын гишүүнийг эгүүлэн татах заалт заавал Үндсэн хуульд байх албагүй
Үндсэн хуульд нэмэлт өөрчлөлт оруулах төсөлд туссан 99 гишүүнтэй байх, бүрэн эрхийн хугацаа нь 5 жил байх зэрэг нь бүхий л хэвлэл мэдээллийн мэдээнүүдийн онцлох гарчиг болоод яваад байна. Энэ бол онцлох өөрчлөлт биш. Шаардлагатай бол энэ саналыг хэлэлцүүлгийн явцад ажлын хэсэг татаж болно гэж би хувьдаа бодож байгаа. Энэ бол нэг гишүүнд ногдох хүн амын дэлхийн дундажаар үндэслэсэн. Хоёр сая гаруй хүн амтай байсан. Өнөөдөр 3 сая хүн амтай болж нэмэгдсэн. Тиймээс үүнийг харгалзаж үзэх хэрэгтэй гэж ярилцсан. Жишээлбэл, би 20 мянган хүн төлөөлдөг байсан бол өнөөдөр 30 мянган хүнийг төлөөлж байна. Нэг гишүүнд ногдох хүн амын төлөөлөл нь нэмэгдэхээр тэр бүр иргэндээ хүрч чадахгүй. Өнгөцхөн харахад баахан гишүүн нэмэгдэж байгаа мэт боловч парламентын гишүүд нэмэгдсэнээр төлөөлж байгаа хүндээ хүрч чадна. Шийдвэр гаргалт дээр олон хүний санаа бодол тусч оролцоно. Ардчилал өөрөө зөв зүйтэй байхын тулд олон хүний, гишүүдийн санааа бодол тусах ёстой.
УИХ-ын гишүүнийг эгүүлэн татах заалт заавал Үндсэн хуульд байх албагүй. Өөр хуулиар зохицуулж болно. УИХ хариуцлага хүлээнэ гэдэг нь парламент тарах, тараахыг бас хэлээд байгаа юм. Тухайлахад нэг нам УИХ-ын сонгуулиар олонхи боллоо. Олонхи болсон нам нь Ерөнхий сайдаа томиллоо. Ерөнхий сайд нь намынхаа мөрийн хөтөлбөр, амласан амлалтуудаа хэрэгжүүлэхийн төлөө явна. Гэтэл Ерөнхий сайдын ажлыг УИХ нь хийлгэхгүй, хэрэгжүүлэхгүй байгаа бол УИХ тараад ,ард түмэн дараа нь хэнд саналаа өгөхөө шийднэ гэсэн санаа цаана нь байдаг юм байна. Гэхдээ дөнгөж сонгогдонгуутаа Ерөнхий сайд парламентаа ганц жилийн дотор тараагаад байж болохгүй. Тодорхой заасан хугацаа байдаг юм билээ. /Parliament.mn 2015.11.20/
Я.Содбаатар: Үндсэн хуульд нэмэлт өөрчлөлт оруулах гурван шаардлага байна гэж харж байгаа
Энэ парламент байгуулагдснаас хойш Үндсэн хуулийн асуудлаар хоёр ч өргөн бүрэлдэхүүнтэй ажлын хэсэг гарч ажиллалаа. Эхнийхийг УИХ-ын дэд дарга Л.Цог, дараагийнх нь УИХ-ын гишүүн Н.Батбаяр ахалсан юм. Энхбаатар, Солонгоо гээд Үндсэн хуулийн эрхзүйгээр мэргэжсэн багш, эрдэмтэн судлаач нар оролцож тайлан гэсэн томоохон баримт бичиг гаргасан байдаг. Үүнд “25 жилийн хугацаанд Монгол Улсын Үндсэн хууль үүргээ их сайн биелүүлсэн байна, тиймээс шинэчилсэн найруулга хийх шаардлагагүй, харин нэмэлт өөрчлөлтийн түвшинд л тулгуур хуульдаа “гар хүрч” болох юм” гэсэн дүгнэлт гаргасан. Ингэж “засвар” оруулахдаа юунд дээр анхаарах вэ гэдгийг ч тайландаа тодорхой оруулсан байгаа.
Миний хувьд Үндсэн хуульд нэмэлт өөрчлөлт оруулах гурван шаардлага байна гэж харж байгаа.
/times.mn 2015.11.18/
Судлаач Г.Цэрэнжамц: Б.Чимэд багшийн нэрлэснээр дордуулсан долоон өөрчлөлт орсон
Тиймээ нэг удаа нэмэлт, өөрчлөлт оруулсан. Б.Чимэд багшийн нэрлэснээр дордуулсан долоон өөрчлөлт орсон. Ард түмэн УИХ-с энэ нэмэлт, өөрчлөлтийг хүчингүй болгохыг удаа дараа хүссэн ч амжилт олоогүй л явна. Одоо хуулийн төсөл яригдаад эхэлж байна. Өмнөх алдаагаа засаж чадахгүй байгаа УИХ-д дахин нэмэлт, өөрчлөлт оруулахыг Монгол Улсын иргэний хувьд би хүлээн зөвшөөрөхгүй. Монголын ард түмэн ч надтай санал нэг байгаа гэдэгт итгэж байна./today.mn 2015.11.16/
Эх сурвалж: Шуурхай.мн
Зочин · 2017/01/16
Үндсэн хуулийг өөрчлөх гэдэг асар нягт нямбахандах ёстой ажил өмнө нь 400 депутат оролцслон бол одоо 800 хүн оролцуулах гэхгүй уран үйл хийдэг хүн дээл эсгэх гэж яаж нягт нямбай ханддаг билээ яг тэр, Дээр нь мэдээж ёс зүйтэй Төв шударга тулхтай өв тэгш боловсорсон, туршлагах? Нэн ялангуяа АШУҮИС-ийн Нийгмийн эрүүл мэнд,Хүрээлэн буй Орчны эрүүл мэндийн Чиглэлийн судлаач ,эрдэмтдийг заавал оролцуулах Агаар хөрс,Унд ахуйн усны олон зууны нөөцтэй газар л улс орон өнө мөнх оршин тогтонодог амин суурь асуудлыг мэддэг эрдэмтдийг оролцуул 400 хүн байх огт албагүй ш дээ Салбар салбарын эрдэмтэд монгол орон удаан жил оршоон тогтнуулах үүрэгтэй УБ-т бол үнэхээр амьдрал байхгүй хүрээлэн буй орчин дууссан хөрс эвдэрсэн хөрсний нуралтаар нэг өдөр гулсалт үүсвэл тэр чигтээ атамын станц сүйрэхээс ядгаагүй юм болох болсон удаж байнаа.???Төр засаг уудам нутаггүй юм шиг ёстой 4 жил дан ганц Улаанбаатар улс"-ыг яриадхөгжүүлээд байдаг одоо яаж хөгжүүлэх гэж Яаж???700,0 машин ч гэх шиг гишгэх газаргүй хөл хятад солонгосын Муж улснэрэмжит гудамж гэгчээр дүүрсэн бна?? Монголд 400 хуульбиш Харин 400 муж улсбосгож өнө мөнх оршуулах хот суурин хэрэгтэй , дагуул хотууд\бүх аймгийн төвийг хот болгох Хамгийн гол нь хот сууринд нүүдэлчин малчдад ч хаана ч бай №1 юм Агаар ус хөрс гэсэн Амин Орчин - ус байдаг юм Аюулгүй ЭКО хот хөдөөд л байгаахүн ам унаган нутаг усруугаа нүүж очин өөр өөрийн хот сууринаа барьж байгуулах ёстой УБ бүгд шавж ядууралд хулгай хийж арчаагүй архи уух өвдөж үхээд байх огт хөгжил бишээ УБ-ыг Астана,Шинэ Дели гэж нүүлгэж өөр газар барьсан шиг хуучин үндсэн хотын 500,0 хүнийг орхиод энэ УБ-1 хот байдгаараа байна Цонжин болдгийг торуулж өвөрхангай,Төв г. м аймгуулын нутагт тэлж маш том хот Шинэ УБ-ыг ёстой Азийн цагаан дагина хот гэж шинээр барих асуудлыг оруулах г.м газарзүйн эрдэмтэд хүн ам зүйчид г.м бүгд нийлж байж үндсэн хуулиа дээрдүүлэх ёстой ..
ok · 2017/01/15
ok