Үнэгүй бяслагт шунасан А.Гансүх сайд оросуудын “хавх”-нд орлоо
2013/11/06
Ц.Нямдорж “Женко”-г “Монголын төрөөс зайлаарай” гэж хэлснээ Зам, тээврийн сайд А.Гансүхэд хандан хэлж мэдэх нь. Үнэхээр ч энэ Засгийн газарт эрх муур шиг дураараа аашилж буй сайд нарын нэг бол А.Гансүх.
Жирийн нэгэн хуульчаас Засгийн газрын гишүүн болтлоо огцом дэвшсэн түүний ард МАНАН-ын нөлөө бүхий эрхмүүд байдаг нь нууц биш. Хөшигний наана ил болсон үнэн билээ. Өөрөөр хэлбэл, ураг төрлийн хувьд МАН-ын олигархиудын нэг Сү.Батболдтой, улс төрийн эрх ашгийн тухайд АН-ын олигархи Х.Баттулгатай шүтэн барилдлагатай. Тиймдээ ч “Женко”-ийн өмнөөс Ц.Нямдорж руу зоригтой дайрч байсан биз. Харин одоо тэрбээр Нямка, “Женко” хоёрын дунд хэдийнэ “гал” асаачихаад байгаа төмөр замын салбарыг хариуцсан сайд.
А.Гансүх хэмээх очкитой залуугийн тухайд, МоАХ-оос сонгуулийн ялалтын “бялуу” хүртэгсэд дундаа арай дөнгүүр нь л дээ. Албан тушаалаар намтраа гоёсон хэрнээ бичиг үсэг ч тайлагдаагүй шахам хэдэн партизантай түүнийг харьцуулшгүй. Гэвч мань эр ихээхэн эргэлзээ төрүүлж эхлэв. Хэвлэлийн бага хурлын үеэр сэтгүүлчдийн асуултнаас бултаж, Ерөнхий сайдынхаа араар орж нуугдчихна. Харин Н.Алтанхуяг “А.Гансүх сайд аа, асуултаас юундаа зугтаад байгаа юм бэ. Алив хариул л даа” хэмээн түүнийг тун эвгүй байдалд оруулсан удаатай. Ерөнхийлөгч Ц.Элбэгдоржийн тухайд ч мөн адил. Засгийн газрын хуралдаанд гэнэт зочлохдоо Э.Бат-Үүлийг “Юун буруу рультэй машин бэ” гэж загнасан нь олонд илүү хүрснээс биш А.Гансүх сайдад “Төмөр замын төсөл юу болж байна вэ. Ажлаа хугацаанд нь хийж чадахгүй бол хариуцлагаа хүлээгээрэй” гэж хатуухан сануулсан билээ. Зам, тээврийн зангиатай сайд сандарсандаа Төрийн тэргүүнд “Удахгүй дуусна” гэж хэлсэн нь харин үнэн болов уу. Ямартай ч Ерөнхийлөгчид худлаа хэлээгүй байгаасай гэж найдъя.
“РЖД”-ийн ерөнхийлөгч В.И.Якунин 2009 онд манай улсад зочлохдоо “Үнэгүй бяслаг зөвхөн хавханд л бий” хэмээн хэлж байв. Орос ноёнтон “Тавантолгой, Оюутолгой, ер нь байгалийн баялгаараа бид дэлхийн гигантуудын сонирхлыг татаад эхэлчихлээ” хэмээн хөөрцөглөж байсан монголчуудад ийн хэлсэн нь бас л учиртай. Тухайн үед Оросын олигархиуд Тавантолгойд хөрөнгө оруулах сонирхлоо илэрхийлсэн байсан уу, тийм. Тэр ч атугай Мянганы сорилын сангаас Монголын төмөр замын салбарт 188 сая ам.долларын хөрөнгө оруулах байсныг нь оросууд болиулж байсан. Монголчуудад мөнгө хэрэгтэй байсан уу, мэдээж. Гэвч Мянганы сорилын сангийн мөнгөөр төмөр замаа өөд татахаас татгалзаж, хөрш орныхоо эрх ашигт бууж өгсөн нь тэр байв. Харин тэр үед Зам, тээвэр, барилга, хот байгуулалтын дэд сайд асан А.Гансүх “Оросын тал “Улаанбаатар төмөр зам”-д 188 сая ам.долларын хөрөнгө оруулалт хийх нь эдийн засгийн хувьд үр ашиггүй” гэж дүгнэсэн. Энэ байгууллага 50:50 хувийн хөрөнгө оруулалттай тул ОХУ-ын талын саналыг хүлээж авахаас өөр аргагүй” гэж мэдэгдэж байлаа.
Харин одоо “Улаанбаатар төмөр зам” дээр ихээхэн сонирхолтой үйл явдал өрнөж эхлэв. В.И.Якунины хэлсэнчлэн мөнөөх үнэгүй бяслагт салбар хариуцсан сайд нь ихээхэн шунав бололтой. Монгол, Оросын тал 50:50 хувийг нь эзэмшдэг энэ нийгэмлэгийн совет өчигдөр хуралдаж, шинэ удирдлагыг томилох талаар багагүй санал зөрөлдсөн байна. Үнэхээр ч төмөр зам, тэр дундаа “Шинэ төмөр зам” төсөл гэх мэт их мөнгөний сургаар үнэгүй бяслаг руу улайрсан улстөрчид олон бий. УИХ-ын гишүүн асан Д.Загджав гэхэд л ОХУ-ын нөлөө бүхий улстөрч С.Мироновтой найз гэдгээрээ түрий барьж, хойд хөршид очин “Намайг “Улаанбаатар төмөр зам”-ын дарга болгож өгөөч” хэмээн өвдөг сөхрөх нь холгүй явсан гэдэг. Гэвч Д.Загджав мэтийн барьцгүй, тавьтаргүй нөхдөд оросууд юу гэж царай өгөх вэ. “Үгүй” гэж хэлээд буцаасан тухай улс төрийн хүрээнийхэн шоглонгуй ярьцгаадаг. Тэгвэл Д.Загджавын халааг Зам, тээврийн сайд А.Гансүх авч, төрийн шившиг болох нь холгүй явна. Тэрбээр “Улаанбаатар төмөр зам”-ын советын хурлын үеэр Г.Сэрээнэндорж гэдэг холбооны инженерийг дахин зүтгүүлж, орос дарга нараас мөн л татгалзсан хариу сонсчээ. Гэвч эрхбиш улсынх нь салбар хариуцсан сайд ашиг сонирхлоо илт илэрхийлж, улайран зүтгэж байсан учраас цаадуул нь “За яах вэ, та нарын санал болгосноор болъё. Гэхдээ Г.Сэрээнэндоржийг бүр биш, түр томилъё. Хувь нийлүүлсэн нийгэмлэгийн даргаар ажиллах хугацааг нь гурван сараар сунгая” гэсэн байх юм. Зарим эх сурвалжийн мэдээлснээр, оросууд УИХ-ын гишүүн асан Д.Одхүүд “Улаанбаатар төмөр зам”-ыг удирдах эрх өгөхийг өмнө нь зөвшөөрсөн байж. Улс төр, эдийн засгийн хүрээнд ажиллаж байсан чадвар, туршлагатай, хэл ус нэвтрэлцэхэд бэрхшээлгүй, хамгийн гол нь геополитик, гео эдийн засгийн талаар ойлголцоход дөхөмтэй гэдгээр нь түүнд нааштай хандаж байсан гэх. Гэвч бүх зүйл А.Гансүх сайдын санаснаар боллоо. Хамгийн гол нь үнэгүй бяслагт шунасан эрхэм сайд Монголын эрх ашгийг төмөр замтай нь, тэр дундаа “Улаанбаатар төмөр зам”-тай хамт оросуудын “хавх”-нд оруулчихлаа. Учир нь энэхүү хувь нийлүүлсэн нийгэмлэгийг хоёр тал гурав, гурван жилийн хугацаатайгаар удирдах талаар холбогдох дүрэмд тусгасан байдаг. Дүрмээ яг таг баримталбал “Улаанбаатар төмөр зам”-ыг монгол хүн биш, Оросын талын төлөөлөл удирдах цаг хэдийнэ болсон. Харин оросууд Монголын төмөр зам, транзит тээвэр, төмөр замын төсөл гэхмэтчилэн эдийн засгийн ашиг сонирхлоо илүүд үзэж байгаа учраас энэ байгууллагыг удирдахын төлөө нэг их улайрахгүй байгаа нь ажиглагддаг. Гэхдээ л А.Гансүх сайд үнэгүй бяслагт илт шунаж байгааг тэд анзаарч, гэдэн нь хөдөлсөн үү “Тэгвэл “Улаанбаатар төмөр зам”-ын нэгдүгээр орлогч И.А.Домбровскийгоор энэ байгууллагыг удирдуулъя” гэх хариу тулгалтыг хийх гэж оролдсон. Ямартай ч хувь нийлүүлсэн нийгэмлэгийн советийн хурлын хамгийн “hot” мэдээ нь энэ байлаа. Харин оросууд гурван сарын дараа байр сууриа хэрхэн өөрчлөх бол. Магадгүй, тэд “Бид Монголын талд олон удаа боломж олгосон. Энэ удаад өөрсдийнхөө төлөөллийг томилно” гээд гэдийчихвэл А.Гансүх сайд болон төмөр замын салбарынханд эсэргүүцэх шалтгаан байхгүй. Яагаад гээч. Оросуудын хувьд, хүрд эргүүлэх ээлж хэдийнэ ирчихсэн.
С.Тулга
Зочин · 2013/11/07
http://Cash4Visits.com/ref.php?refId=296141