Шинэчлэлийн засгийн газраас Японоос "цөмийн хаягдал" оруулж ирж булахгүй гэв
2013/11/12
Шинэчлэлийн Засгийн газрын үйл ажиллагааг гуйвуулсан цуурхал, дам яриаг тодорхой хүмүүс, бүлэглэлийн зүгээс facebook, twitter зэрэг олон нийтийн сүлжээгээр дамжуулан зохион байгуулалттайгаар тарааж байна. Эдгээр нь хэвлэл мэдээллийн хэрэгслээр ч цацагдаж, иргэдийг төөрөлдүүлж байгаа тул худал цуурхал тараагчдыг хууль, ёс зүйн хэм хэмжээнд ажиллахыг анхааруулж байна" хэмээн Засгийн газрын зүгээс мэдэгдээд дараахи хэд хэдэн асуултад хариулт өгсөн юм.
-“Хүүхдийн мөнгийг өгөхөө болино” гэсэн цуурхлын тухайд:
Шинэчлэлийн Засгийн газрын эзэндээ хүрсэн бодлогын нэг гол илэрхийлэл бол Хүүхдийн мөнгө. Төрийн халамж тэтгэмжийг хавтгайруулахын оронд бусдын дэмэнд өсч бойждог үр хүүхэддээ сар бүр 20 000 төгрөг олгохоор Шинэчлэлийн Засгийн газар шийдвэрлэсэн, цаашдаа ч үүнийгээ баримтална. "Хүний хөгжил" сангаас энэ оны эхний арван сард 18 хүртэлх насны 988.3 мянган хүүхдэд 188.4 тэрбум төгрөг олгосон байна.
-“Орон сууцны 8 хувийн хүүтэй зээл зогсох нь” гэсэн цуурхлын тухайд:
Орон сууцны 8 хувийн хүүтэй зээлийн хөтөлбөрийн хэрэгжилт удааширлаа, зогсох нь гэсэн мэдээлэл иргэдийг түгшээж байна. Бодит байдал дээр 8 хувийн хүүтэй зээл хэвийн үргэлжилж байгаа, цаашид ч үргэлжилнэ. Харин зээлийн барьцаанд амины орон сууц, хашаа байшин оруулдаг болох, зорилтот бүлгийнхэнд урьдчилгаа төлбөрийн уян хатан нөхцөл санал болгох зэргээр энэ ажлыг илүү боловсронгуй болгоход чиглэсэн зохицуулалтууд хийхээр ажиллаж байна.
-“17 төрлийн татвар шинээр бий болгоно” гэсэн цуурхлын тухайд:
Монгол Улсад одоо мөрдөж буй 23 төрлийн татварын хувь хэмжээг нэмэгдүүлэхгүй, шинээр бий болгохгүй. Харин ч эсрэгээрээ бизнес, хөдөлмөр эрхлэлтийг дэмжихэд чиглэсэн шинэчлэл хийж байна. Татвар төлөгчиргэд, аж ахуйн нэгжүүдээ урамшуулж, жижиг, дунд бизнес эрхлэгчдийн төлөх татварыг багасгах зорилгоор ажиллаж байна. Бизнесийн харилцааг дэмжсэн, татварын ачааллыг бууруулсан шударга харилцаа бий болгох эдгээр шинэчлэл нь уул уурхайгаас бусад салбараа дэмжих, хэт импортоос хамааралтай байдлаасаа салахад үр өгөөжөө өгнө.
- “Японоос цөмийн хаягдал оруулж ирж булах нь” гэсэн цуурхлын тухайд: Японоос цөмийн хаягдал оруулж ирж булах гэж байна гэж зарим улс төрийн нам, олон нийтийн байгууллагаас мэдэгдэл хийлээ. Энэ мэдэгдлээрээ Ерөнхий сайд Япон улсад айлчлахдаа тус улсын цөмийн хаягдлыг Монголд булшлахаар тохиролцсон, Гадаад харилцааны сайд уран олборлох гэрээг Франц улстай хийсэн гэхчлэн ярьжээ. Монгол Улс бол цөмийн энерги, уран олборлолтын талаар бодлогоо тодорхойлсон орон. Японоос цөмийн хаягдал оруулж ирж булах ямар ч үйл ажиллагаа хийгдээгүй, цаашдаа ч хийхгүй гэдгээ Шинэчлэлийн Засгийн газар хариуцлагатайгаар мэдэгдэж байна.
-“Уранд хордож мал үхсэн” гэсэн цуурхлын тухайд: Дорноговь аймгийн Улаанбадрах сумын нутаг, Дулаан уулын ордын орчимд уран болон хүнд металд мал хордож үхлээ гэсэн мэдээлэл өнгөрсөн оны сүүлчээр цацагдаж байв. Дорноговь аймгийн Сайншанд сумын малчин Д.Норсүрэнгийн 22 тугал үхсэн шалтгааныг судалж тогтоох, үнэн зөв дүгнэлт гаргах үүргийг Ерөнхий сайд Н.Алтанхуяг холбогдох байгууллагуудад өгч, энэ дагуу мэргэжлийн судлаач, шинжээчдээс бүрдсэн 60 шахам хүнтэй бүрэлдэхүүн шат дараалсан хяналт шалгалт хийгээд ионжуулагч цацраг, ураны нөлөөллөөс шалтгаалж хүн, мал хордоогүйгтогтоосон юм. Харин селен, зэс, сурьмагийн ужиг хордлого тугалын хорогдолд нөлөөлсөн байх магадлалтай гэж ажлын хэсэг дүгнэсэн тул эдгээр бодис стандарт хэмжээнээс давсан нь ямар шалтгаантайг тодруулахаар олон улсын томоохон лабориториудтай хамтран судалгаагаа үргэлжлүүлж байна.
Х.Даваа
Зочин · 2013/11/13
gadaadiin hewlel medeellees olj unshij medehgui ***** sohor gej ard tumniig ba***g yum bhdaa. ANiin zasgiin gazar hudlaa yarihaa boli. tsumiin ayuliig delhii niiteer jigshij bhad manaih l awchirch bulah yamarch alba bhgui. ternii orond bugd ulsuj uhsen deer