Цаана чинь, Ардчилсан Солонгосын эрх баригчид Өмнөд Солонгосын олон ангит кино үзэж, тэдний явуулж буй тархи угаалтад нь автсан хэргээр 80 орчим хүнийг баривчилж, цаазаар авсан байна.

Хүн төрөлхтний хувьд дэндүү харгис гэмээр энэ үйлдлийн цаана өөрийн орны соёл уламжлалыг хадгалж үлдэх, гадны орны соёлын довтолгоонд хэт автахгүй байх зэрэг том бодлого байгаа нь мэдээж.

Харин манайд бол бүх нийтээрээ Солонгосын олон ангит кинонд донтчихсон, автчихсан. Телевизийн бүх суваг дээр ямар нэг солонгос кино гарна.

Тэр бүгдийг алгасалгүй үздэг хүмүүс ч цөөнгүй байгаа. Бүр хамаатан саднаа ярьж байгаа аятай л киноны баатруудын тухай хуучилна. Жаахан худал хэлсэн хүнд киноны баатар үхсэний төлөө уйлах нь энүүхэнд.

Хамгийн гол нь манайхан Солонгосын соёлын довтолгоонд хэтэрхий их автаж байгаа нь олон хүний санааг зовоосон асуудал болчихож. Сүүлийн үед амтай болгон Солонгосын соёлын довтолгоон, олон ангит киноных нь тухай муугаар ярьж байгаа ч шийдвэрлэсэн юм алга.

Телевизүүд ч энэ тал дээр ямар нэг арга хэмжээ авч хэрэгжүүлэхгүй байна. Арга ч үгүй биз, өөр гаргах юм байхгүй юм чинь. Солонгос киногоороо бөмбөгдөөд, эфирийн цагаа дүүргээд байж байхаас өөр яах вэ дээ. Ядаж байхад телевизийг хянадаг байгууллага гэж ч алга. Харилцаа, холбооны зохицуулах газар гэж нэг байгууллага байгаа.

Тус байгууллага телевизийг бага ч болов хянаж байх ёстой юм шиг байгаа юм. Гэтэл Солонгос киног хязгаарлах тал дээр авч хэрэгжүүлж байгаа ажил гэж огт алга.

Ямар Хойд Солонгос шиг кино үзсэнийх нь төлөө буудалтай биш. Телевизээр гарч байгаа киног л хязгаарлах, цагийг нь багасгах арга хэмжээ авч байж зугатаж чадна. Тэгэхгүй бол өнөөдөр хүүхэд, залуус солонгос кинонд хэт автаж, соёлын довтолгоонд нь өртөж байна.

Улаанбаатарын гудамжаар алхаж байгаа залуусын багагүй хувь нь эмэгтэйлэг шинжтэй болчихсон. Нарийн өмд өмсч, нүүрээ будаж, аальгүйтэж алхах хөвгүүдтэй хаана л бол хаана таардаг болчихсон.

Солонгосын хэв маягийг дуурайж байгаа хэрэг. Үүгээр ч зогсохгүй сүүлийн үед хүүхдүүд гэртээ ирэхгүй хоёр гурав хоногоор алга болдог нь солонгос киноноос үүдэлтэй гэсэн сонирхолтой судалгаа гарсан байгаа юм.

Учир юу гэвээс, Солонгосын зарим кинон дээр гэрээсээ гараад нэг хоночихоод очвол эцэг, эхдээ, гэрийнхэндээ загнуулдаг. Харин хоёр, гурав хоноод очвол загнуулах нь битгий хэл харин ч алга болчихлоо гэж санаа зовж, эрж хайж байсан гэрийнхэн нь сүйд майд болж угтаж байгаагаар гардаг.

Ер нь Монголд гарч байгаа солонгос киноны 50 хувьд нь ийм буруу үзэл, суртал гардаг аж. Түүнийг нь манай залуус дуурайгаад, гэртээ харилгүй 2-3 хонодог болсон юм байх.

Итгэхэд жаахан дутагдалтай л судалгаа. Яагаад гэвэл өнөө цагт хүүхдүүд янз бүрийн шалтгаанаар гэрээсээ гадуур олон хонодог болсон. РС тоглох, найз нөхөдтэйгээ ийш тийшээ явах, цаашлаад буруу замаар орсон нөхдүүд ч олон бий.

Гэхдээ дээрх судалгааны багагүй хувь нь үнэний ортой. Солонгос кино үзсээр байгаад яг дуурайж, гол дүрийнх нь баатар аятай аяглаж байгаа хүүхэд, залуус цөөнгүй байгаа нь үнэн. Яг тэдэн хувь нь тийм болсон гэх нь утгагүй хэрэг. Тийм боломж ч байхгүй.

Тэгэхдээ хүүхэд, залуусын нэг хувь нь байна уу, 10 нь байна уу хамаагүй, Солонгосын соёлын довтолгоон өртөж, янз бүрээр аашилж, аяглаж байгаа бол бид энэ тал дээр анхаарах цаг болсон гэсэн үг. 

Ядаж л зарим том сувгууд элдэв янзын солонгос кино гаргахаа больчих хэрэгтэй шүү дээ. Өнөөдөр Монголын үндэсний олон нийтийн телевиз солонгос кино гаргахгүй болоод л байна.

Тэгвэл үндэсний хэмжээний томоохон сувгууд энэ зарчмыг бариад ажиллаж яагаад болохгүй гэж. Үнэхээр монголчууд олон ангит кино үзэхгүй л бол болохоо больчихсон юм бол өөрсдөө хийж болно.

Эхнээсээ янз бүрийн олон ангит кино хийж л байна. Уйлалдсан, өшөө хорсол өвөртөлсөн, өнгө мөнгө харсан, баян нь ядуугаа дорд үзсэн сэдэвтэй солонгос киноны дэргэд арай л дээр байх, манайхны олон ангит кино.

Нөгөө, хар нь хараараа, цагаан нь цагаанаараа байя даа гэдэг шиг сэтгэхүйгээ жаахан ангилмаар юм. Тэгэхгүй бол нэг л өдөр залуу эмэгтэйчүүд өшөө авч байгаа нэрээр нэгнийгээ хөнөөж байх вий дээ.

Н.Пунцагболд