Алт олборлогчдыг албан ёсны сүлжээнд хамруулахад юу саад болж байна вэ...
2017/02/27
Монгол улсын төрөөс хэрэгжүүлж байгаа бодлогоос хамраач Монголбанканд тушаах алтны хэмжээ ихэсч буурч байгаа. Ашигт малтмалын татвар нэмэх бүрт Монгобанканд тушаах алтны хэмжээ буурдаг бол татварыг бууруулахад Монголбанканд тушаах алтны хэмжээ нэмэгддэг байна. Алт бол үнэ цэнээ үргэлж хадгалж байдаг стратегийн чухал бүтээгдэхүүн. Нөгөө талаар чөлөөтэй хөрвөх чадвартай валют. Тиймээс экспортын өрсөлдөх бараа бүтээгдэхүүн багатай манай улсын хувьд гадаад валютын нөөц бүрдүүлэх нэг чухал эх үүсвэр болсоор. Төв банкинд тушаасан алтны статистикаас харахад 1990 оноос алт тушаалт тодорхой хэмжээгээр нэмэгдэж ирсэн. Тодруулбал, 2005 онд хамгийн өндөр түвшиндээ буюу жилийн 15.23 тонн алтыг Монголбанк худалдан авч байжээ. Тэгвэл энэ онд алтны тушаалт жилийн өмнөх түвшнээс давах магадлал өндөр байна. Учир нь, Ашигт малтмалын тухай хуульд хоёр жилийн өмнө нэмэлт, өөрчлөлт оруулж, Монголбанк, түүнээс эрх олгосон банкинд худалдсан алтанд ашигт малтмалын нөөц ашигласны төлбөрийн хэмжээг 2.5 хувь, нэмэлт төлбөрийн хэмжээ 0 хувьтай тэнцүү байхаар заасан. Ингэснээр Төв банканд тушаах алтны хэмжээ 2014 оноос эрс нэмэгдэж эхэлсэн билээ. 2015 онд 15.1 тонн буюу сүүлийн 10 жилд тушаагдаагүй алтыг аж ахуйн нэгж болон иргэд Монголбанкинд худалдсан. Энэ нь 2010 оны худалдан авалттай харьцуулахад долоо дахин, 2011, 2012 оныхтой харьцуулахад бараг тав дахин нэмэгдсэн үзүүлэлт.
Монголбанкинд тушаасан алтны хэмжээ энэ оны есдүгээр сард 13.7 тоннд хүрчээ. Энэ нь өнгөрсөн оны мөн үеэс 34 хувиар өссөн үзүүлэлт болж байна. Алтны тушаалт жил ирэх тусам нэмэгдэж байгааг та эндээс анзаарсан байх. Гадаад валютын улсын албан нөөцийг нэмэгдүүлэх дотоодын эх үүсвэрийн нэг нь алт худалдан авалт байдаг. Тэгвэл манай улсаас гадаадад гаргах алт нь олон улсад албан бус сүлжээнд тооцогддог.
Албан бус гэдгийн тухайд,
Албан бус гэдэг нь алт олборлоод тушаахдаа ямар нэгэн татвар төлөхгүй байвал албан бус сүлжээ, татвар төлж байвал албан сүлжээ гэж ойлгож болно. Тодруулбал, бичил уурхайгаар олборлож буй алтыг албан болон албан бус хоёр сүлжээгээр борлуулж байгаа. Албан сүлжээ нь томоохон компаниуд болон Сорьцын хяналтын газраар дамжин Монголбанкинд нийлүүлэгддэг, мөн экспортод гарч байна. Харин албан бус гэдэгт нь орон нутгийн ченжүүд болон боловсруулах үйлдвэр, цехүүд алтны борлуулалтын газрууд багтдаг. Албан бус сүлжээ нь алтыг харьцангуй бага үнэлгээтэйгээр худалдан авдаг бол албан сүлжээ нь тухайн өдрийнхөө ханшаар ченжүүдийг бодвол өндөр үнээр авдаг.
Албан бусаар алтны сүлжээнийхэн Улаанбаатарт алтан эдлэл хийдэг хүмүүс болон алт худалдаж авдаг хүмүүст нийлүүлдэг бөгөөд зарим тохиолдолд боловсруулах үйлдвэр, цех болон Улаанбаатар хот дахь алтны зах зээл дээр худалдаа эрхэлж буй хүмүүс Сорьцын хяналтын газарт алтаа тушаадаг. Мөн тодорхой хувийг нь гадагш гаргаж байж магадгүй юм.
Алт олборлогчдыг албан ёсны сүлжээнд хамруулахад юу саад болж байна вэ?
Тэгвэл алтыг албан ёсны сүлжээгээр борлуулахад харьцангуй урт хугацаа шаардлагатай болдог. Орон нутгаас Монголбанкинд алт тушаахаар ирвэл дор хаяж 2-3 хоног болно. Харин орон нутгийн ченжүүдэд өгвөл тав минутын дотор мөнгөө авчихаж байгаа юм. Тэгээд ч хөдөө, орон нутгаас буюу хэт алслагдмал газраас багахан хэмжээний алтыг Улаанбаатарт авчирч зарвал төдийлөн ашигтай байж чадахгүй шүү дээ. Үүнээс гадна бичил уурхайд алт олборлож буй иргэд хувь хүмүүс болоод банкнаас зээл авчихсан байдаг. Тиймээс өр зээлтэй хүмүүсийнхээ хараанаас зугтаж Улаанбаатарт ирж чаддаггүй.
Мөн бичил уурхай албан бус байсаар байна. Ихэнхи бичил уурхайчид хуулийн дагуу олгогдсон газаргүй тул албан бус ХАМО болдог. Ингээд дийлэнх нь алтаа хууль бус газраас олборлодог тул гарал үүслийг нь тодорхойлж борлуулах боломж байхгүй.
Нөгөө талаас татварын систем оновчтой бус. Орлогоосоо 10 хувийг төлөх ёстой болохоор энэ нь хэт өндөр тул орлогоо нуухын тулд албан сүлжээгээр явахаас дургүйцдэг.
Энэ бол өнөөдөр алт ухаж байгаа хүмүүст тулгараад байгаа жижиг мэт боловч том асуудал. Иймд эдгээр асуудлуудыг шийдэж, олон улсын стандартад нийцсэн нийлүүлэлтийн сүлжээг бий болгохын тулд Уул уурхай, хүнд үйлдвэрийн яамтай хамтарч Бичил уурхайгаар олборлож буй алтны нийлүүлэлтийн сүлжээг албажуулах бодлого гаргахаар ажиллаж байна. Уг бодлогод
- Гарал үүслийг тодорхой болгох
- Татвар төлөлтийг дэмжих 1.0% гэх мэт
- Алт борлуулах нэг цэгийн үйлчилгээгээр турших зэргээр олон боломжит хувилбарыг санаачлаад байгаа аж.