Монголд уран олборлох гэрээнд Гадаад харилцааны яамны сайд Л.Болдыг Францын талтай хамтран гарын үсэг зурсан хэмээн хэвлэлээр шуугих болсон. Тэгвэл тус асуудлыг Л.Болд сайд хэдхэн хоногийн өмнө эрс эсэргүүцэж байсан билээ. Тэрбээр уг айлчлалын үеэр уран олборлох гэрээ, хэлэлцээрт ямар ч гарын үсэг зураагүй, тус мэдээллийг нэр бүхий улс төрийн нам, бүлэглэлийн зүгээс цацсан гэж үзээд үүнийг эрс эсэргүүцэж буй байр сууриа илэрхийлсэн юм. Харин айлчлалын үеэр Гадаад харилцааны сайд Л.Болд “Дипломат паспорт эзэмшигчдийг визийн шаардлагаас харилцан чөлөөлөх тухай” хоёр талын хэлэлцээрт л гарын үсэг зурсан” гэж байв.

Харин уран олборлох гэрээний асуудлын хувьд цөмийн эрчим хүчний салбар дахь хамтын ажиллагааг өргөжүүлэх үүднээс Францын “Арева” компанитай Монголын төрийн өмчит “Мон-Атом” хамтарсан компани байгуулах тухай гэрээг тус компаниудын хооронд байгуулсан байна. Ингэхдээ хамтын ажиллагаа нь “Монгол Улсын төрөөс цацраг идэвхт ашигт малтмал болон цөмийн энергийн талаар баримтлах бодлого”-той нийцэж байх ёстойг манай тал мэдэгдсэн гэдгийг Гадаад харилцааны сайдын зөвлөх онцлон мэдэгдэж байсан юм.

Тэгвэл Гадаад харилцааны яамнаас  манай улс өнгөрсөн сард Францын “Арева”-тай уран ашглах талаар гэрээ байгуулаагүй ташаа мэдээлэл гарч байна хэмээн мэдэгдээд байсан нь худал болж таарав уу яав. Эсхүл...

Ямартай ч  Мон-Атом ХХК-ийн вэб сайтад  өнгөрсөн аравдугаар  сарын 28-нд тавьсан  Мон-Атом ХХК, Арева, Мицубиши корпорацийн хооронд дахь стратегийн түншлэлийн гэрээнд  гарын үсэг зурах ёслол дээр “Арева” гурппийн ерөнхийлөгч ноён Люк Урселийн хэлсэн үг  юм уншдаг, ойлгодог хэний ч өмнө  даравч далдайж, булавч бултайна гэгч болоод нийтлэгджээ.

Улаанбаатар хотноо аравдугаар сарын 26-ны өдөр Мон-Атом ХХК, Арева, Мицубиши корпорацийн хооронд дахь стратегийн түншлэлийн гэрээнд гарын үсэг зурах ёслол дээр Арева гурппийн ерөнхийлөгч ноён Люк Урселийн хэлсэн үгийг та бүхэндээ бүрэн эхээр нь хүргэе. 

Монгол Улсын Анхны Ерөнхийлөгч Эрхэмсэг ноён Пунсалмаагийн Очирбат аа, Франц болон Япон Улсуудаас Монгол Улсад суугаа Эрхэм Элчин сайдууд аа, Байгаль Орчин, Ногоон хөгжлийн Яамны Сайд Хатагтай Санжаасүрэнгийн Оюун аа, Улсын Их Хурлын Эрхэм гишүүд ээ, Ерөнхийлөгчийн тамгын газрын Эрхэм дарга аа,, Эрхэм Дэд сайд нар аа, Төрийн нарийн бичгийн Эрхэм дарга нар аа, Цөмийн Энергийн Газрын Эрхэм дарга аа, Атомын Энергийн болон Хоёрдогч Энергийн Коммисын Эрхэм төлөөлөгч өө, Мон-Атом ХХК-ийн Эрхэм Ерөнхий Захирал аа, Мицубиши Корпорацийн Эрхэм Ерөнхийлөгч өө, Хатагтай Ноёд оо:  Миний бие, АРЕВА группийн Ерөнхийлөгчийн хувьд өнөөдөр Улаанбаатарт айлчлан ирж, Монгол Улсын Гадаад харилцааны сайд Лувсанвандангийн Болд болон Бүгд Найрамдах Франц Улсын Гадаад хэргийн Сайд Лорен Фабиус нарын оролцоотойгоор ураны салбарт Франц-Монголын үйлдвэрлэлийн хамтын ажиллагааны стратегийн гэрээг батлалцах гэж буй нь туйлын нэр хүндтэй хэрэг билээ.

  • Энэхүү гэрээний дагуу Дулаан Уул болон Зөөвч Овоо ордуудыг олборлох франц-монголын хамтарсан компани байгуулагдаж байна.
  • Хувь эзэмшлийн энэхүү гэрээгээр Монгол Улсад уул уурхайн төслүүдийг хэрэгжүүлэх АРЕВА Майнс ХХК-ийн 66%-г АРЕВА Монгол, 34%-г Мон-Атом эзэмшихээр болж байна.
  • Энэхүү компани байгуулагдаж байгаад би сэтгэл хангалуун байна. Энэ нь Монгол улсын Төр ураны хэтийн төлөв сайтай төсөлд оролцож буйг илэрхийлэхийн зэрэгцээгээр хориод жилийн тэртээгээс бид бүхний Монгол улстай бий болгосон итгэлцлийн харилцааг дахин баталгаажуулж байгаа хэрэг юм.
  • Цөмийн энергийн салбарт дэлхийд тэргүүлэгч, сэргээгдэх эрчим хүчний томоохон оролцогч Францын төрийн өмчит АРЕВА групп нь Монгол Улсад өөрийн охин компани Кожеговиор төлөөлүүлэн 1996 оноос хойш үйл ажиллагаагаа явуулж ирсэн.
  • Энэ үеэс эхлэн хөдөлмөрийн аюулгүй байдал, найдвартай ажиллагаа, байгаль орчин хамгааллын хамгийн нарийн чанд горимуудыг мөрдөн хайгуулын ажлыг гүйцэтгэж ирсэн билээ.
  • Эдгээр ажлын үр дүнд АРЕВА-ын геологичид Дулаан Уулын ордыг 2002 онд, Зөөвч Овоогийн ордыг 2009 онд нээн илрүүлсэн. Маш богино хугацаанд илрүүлсэн Зөөвч Овоогийн орд нь 50 000 тонн нөөцтэй ба сүүлийн 20 жилд илрүүлсэн ураны хамгийн том ордуудын нэгд тооцогдоно. Уг хоёр орд нь Монгол Улсын хувьд асар их нөөцийг агуулж байна.
  • 2009 онд АРЕВА Цөмийн Энергийн Газартай хамтын ажиллагааны гэрээнд гарын үсэг зурсан.
  • Мөн тэр жилдээ Монгол улсын Төр ураны салбар дахь уул уурхайн төсөлд оролцохын тулд Мон-Атом компанийг байгуулсан бөгөөд энэ үеэс АРЕВА нь өөрийн монгол түншүүдтэйгээ нягт хамтран ажиллаж байна.
  • Монгол улс дахь ураны хайгуулын салбарт АРЕВА групп болон Мицубиши Корпорацийн хооронд түншлэлийн түүхэн харилцаа үүссэнд би талархаж байна.
  •  “АРЕВА Монгол”-ын хувь эзэмшилд Мицубиши Корпораци оролцох болсноор энэхүү урт хугацааны хамтын ажиллагаа нь нэгэн шинэ шатанд шилжих юм гэдгийг хэлэхэд нэн таатай байна.
  • Өнөөдөр энэхүү гэрээнүүдэд гарын үсэг зурснаар Монгол, Франц, Япон гурван улсыг холбосон түншлэл нь Монгол улсын ураны нөөцийг э/з-ийн эргэлтэнд оруулах, мөн түүнчлэн тус улсын хөгжилд хувь нэмэр болох юм.
  • АРЕВА групп үйл ажиллагаа явуулж буй улс орон бүртээ үйлдвэрлэлийг урт хугацаанд явуулах үйл хэрэгт нэгдэж байдаг.
  • Мөн дэлхийн аль ч улсад манай группийн нэн тэргүүний зорилт нь байгаль орчныг хамгаалах явдал юм.
  • АРЕВА нь олон улсын болон тухайн улсын хамгийн өндөр шаардлага бүхий стандарт, хууль тогтоомжид нийцсэн хариуцлагатай үйлдвэрлэлийг явуулдаг.
  • Тус групп нь уул уурхайн үйл ажиллагаанаас үүсэх нөлөөллийг багасгахад анхаарч ажилладаг бөгөөд уул уурхайн аливаа төсөлдөө нөлөөллийн судалгааг заавал хийдэг билээ.
  • Дорноговь, Сүхбаатар аймгуудад хайгуулын үйл ажиллагааг явуулахдаа хөрс, ус, агаар, ургамал болон амьтны аймагт тогтмол хяналт хийх нь бидний Монгол Улс дахь нэн тэргүүний зорилт юм.
  • Олон улсын стандарт болоод дотоодын хууль тогтоомжид нийцсэн эдгээр хяналтын хөтөлбөрт Монголын хөндлөнгийн байгууллагууд  болох Байгаль Орчин, Ногоон Хөгжлийн Яам, Цөмийн Энергийн Газар хяналт тавьдаг.
  • Хяналтаар хүн болон мал амьтны эрүүл мэндэд эрсдэл, нөлөө байхгүй гэдгийг баталсан.
  • Өнгөрсөн сард орон нутгийн иргэд болон малчдыг оролцуулсан байгаль орчны хяналтын багц ажлыг эхлүүлсэн бөгөөд энэ төрлийн ажил нь цаашид сар бүр зохион байгуулагдах болно.
  • Мөн АРЕВА-ын үйл ажиллагаа нь нийгэм, эдийн засгийн хөгжилд хувь нэмрээ оруулдаг.
  • АРЕВА нь өөрийн уул уурхайн үйл ажиллагаагаар орон нутгийн иргэдэд үйлдвэрлэлийн тусгай ур чадварыг эзэмшүүлэн, тухайн улс орнуудад шинэ ажлын байр бий болгодог. 
  • АРЕВА өөрийн Сангаараа дамжуулан олон нийтэд чиглэсэн, эв санааны олон төслүүдийг хэрэгжүүлдэг. Энэхүү Сан нь эрүүл мэнд, боловсрол, соёлын салбарт хамаарагдах тусламжийн төслүүдийг түлхүү дэмждэг.
  • Жишээлбэл, АРЕВА 2004 оноос эхлэн Улаанбаатар дахь өнчин хүүхдүүдийн улсын болон хувийн хоёр Асрамжийн газарт  дэмжлэг үзүүлсээр ирсэн.
  • АРЕВА нь Эрүүл мэндийн салбарт нийслэлийн болон Дорноговь аймгийн эмнэлгүүдэд материал, тоног төхөөрөмж худалдан авахад нь санхүүжилт үзүүлсэн ба энэ нь голлон орон нутгийн иргэдэд чиглэсэн байдаг.
  • Тун саяхан тус Сангаас санхүүжүүлсэн хэвлийн дурангийн тоног төхөөрөмжийг Дорноговь аймгийн Сайншандын Нэгдсэн эмнэлэг хүлээн авсан.
  • Эдгээр төслүүд нь Монгол дахь АРЕВА группийн идэвхитэй оролцоог илтгэх бөгөөд бид үүнийг ирээдүйд улам эрчимжүүлэх болно.  Түүний энэ хэлсэн үгийг http://www.monatom.mn/content/4434.shtml?alias=news сайтад байрласан байх юм.

 

Та бүхний хэлсэн үг яагаад зөрөөд байна аа Гадаад харилцааны яамны  Л.Болд сайд аа. Үүнийг юу гэж ойлгох вэ ард түмэн бид чинь...

Х.Даваа