Цагаан сар болдгоороо болоод өнгөрөв. Монголчууд улс төрөө ид ярих гэтэл гай болж Мартын найман шууд залгаж, улмаар Цэргийн баяр гэж байтал нь Ерөнхийлөгчийн сонгуулийн хамаг гол өрөг тавигдаад дуусах нь байна.

Монголчууд Цагаан сарын бууз, банштайгаа холиод “идчихсэн” маш олон үйл явдлыг “санах” гэж ихэд хичээж байх шиг. ОУВС-гийн зээл гэж баахан халж байснаа шууд Цагаан сар руу орчихсон улс чинь ямар үхснээ санахав. Ямар ч гэсэн Цагаан сар, Март хоёрын завсар амжиж анализ хийхгүй бол цаана чинь улс төрийн маш хүнд нөхцөл үүсээд байна.


Мөнгөтэй болсон луйварчид

Монголын эдийн засгийг сүйрүүлж дампууралд хөтөлсөн эрх баригчид дэвэн дэлхийгээр хэсч мөнгө гуйсан боловч олдсонгүй. Энэ талаар миний “Дэлхийн шившиг” өгүүлэлд тодорхой буй. Ингээд “аргаа барж хуйхаа маажиж” байтал ОУВС 5,5 тэрбум долларын тусламж үзүүлж, “Өргөтгөсөн санхүүгийн хөтөлбөрт” хамруулахаар болов.

ОУВС-гийн практикаас ажихад улс орноо хямрал дампууралд оруулсан төр засаг солигдсоны дараа хөтөлбөрөө эхэлдэг. Харин манайд болохоор ОУВС “хуучны сайн танил” хулгайч, дээрэмчин, луйварчидтай гэрээ тохиролцоо хийж байна.
Ямар ч гэсэн “аргаа барж, хуйхаа маажиж” байсан манай аваргууд мөнгөтэй болоод авав. Одоо бол өмнө нь ор мөргүй алга болгож, үрэн таран хийж, идэж ууж, оффшорт нуусан асар их мөнгө огт хамаагүй, харин шинээр олж ирсэн асар их мөнгийг захиран зарцуулах нь хамгийн чухал улс төрийн асуудал болон хувирав. ОУВС-г сулхан эсэргүүцэх хэсэг гарсан ч үндсэндээ түүнээс зээл авахаас татгалзсан улс төрийн хүчин гарсангүй, гарах ч үндэс байхгүй юм.

Сүүлийн жилүүдэд МАНАН-гийн хийсэн зохион байгуулалттай, зорилго чиглэлтэй угсраа, цуврал хулгай, дээрэм, луйврын үр дүнд Монгол Улсын эдийн засаг засал авахааргүй доройтож, арчаагүй байдалд орсон нь хэн бүхэнд тодорхой.

1. Монгол Улсын эдийн засгийг хэн ийм болгосон бэ ?
2. Улсын эдийн засгийг удирдаж чадалгүй дампууруулсан гэмтнүүдэд хариуцлага тооцолгүй өршөөхөөр барахгүй эрх мэдэлд нь байлгаад л байх уу ?
3. Эдийн засгийг сүйрүүлсэн гэмтнүүд өөрсдөө ОУВС-гийн зээлийг удирдах ёстой юу ? гэсэн зарчмын асуудал гарцаагүй үүснэ.

Зарчмын бөгөөд үндэстний хувьд амин чухал эл асуудлыг ОУВС биш, харин Монголчууд, Монголын ард түмэн өөрсдөө улстөрийн аргаар шийдвэрлэх эрхтэй бөгөөд үүрэгтэй. Гэтэл МАНАН-гийн эрх баригчид монголын ард түмний зүй ёсоор асуух, шийдвэрлэх энэ асуудлаас бүхий л аргаараа зугтан бултаж, бүх төрлийн хэвлэл мэдээллийг хааж боож байна. Түүгээр ч үл барам “Монгол Улс мөнгөгүй ядаж байхад бид эртэй сайндаа олж ирлээ” гэсэн агуулга бүхий системт мэдээлэл түгээж байна.

Үнэн хэрэг дээрээ МАН ба АН-ын Засгийн газрууд:
• Оюутолгойн гэрээнд буулт хийгээгүй бол;
• Чингис бондын 1.5 тэрбум ам.долларыг үрэн таран хийгээгүй бол;
• “Самурай” бондын 30 тэрбум иень буюу 600 сая ам.долларыг үрэн таран хийгээгүй бол;
• АСЕМ зохион байгуулж 600 тэрбум төгрөг салхинд хийсгэж, чингэхдээ Хятадаас 38 тэрбум төгрөгийн хөнгөлөлт аваагүй бол;
• “Эрдэнэт”-д шахаа хийж сүйрүүлэн, улмаар улсын үйлдвэрийг банкаар дамжуулан 500 сая ам.доллар дээрэмдэж хувийн өмч болгоогүй бол;
• Монголбанк дөрвөн жилд улсын жилийн төсөвтэй тэнцэх 7 их наяд төгрөгийн эмисс буюу цаасан мөнгө хэвлэж нийлүүлээгүй бол;
• Авилгадаж, хулгайлж луйвардсан хэдэн арван тэрбум ам.долларыг офшоор дансандаа хийж нуугаагүй бол
• Улсын гадаад өрийн 2/3-той тэнцэх хэмжээний Засгийн газрын баталгааг олигополь компаниудад гаргаж өгөөгүй бол манай эдийн засаг өнөөгийнх шиг шившигт байдалд орж, сүйрэх ёсгүй байлаа.

Монголын эдийн засаг сүйрч дампуурсны цорын ганц шалтгаан нь Монголын төрд МАНАН-гийн хулгайч, дээрэмчин, луйварчид бөөнөөрөө үүрлэсэн явдал мөн. МАНАН-гийн цуврал дээрэм луйврын улмаас өнөөдрийн байдлаар Монгол Улсын иргэн тус бүр 5138 ам.долларын өртэй бөгөөд энэ өр өдөр бүр 2 ам.доллараар нэмэгдэж байна.

ТТЭНН зарчмын энэ асуудлыг хөндөж, улс орныг дампуурал сүйрэлд хөтөлсөн гол гэмтэн МАНАН-ийн эсрэг тэмцэх улс төрийн мэдэгдэл гаргасан боловч Монголын “эрх чөлөөт” хэвлэл мэдээллийн тун цөөхөн нь эл мэдээллийг дамжуулав. Гэхдээ орчин үеийн мэдээллийн даяар систем дэлхийг нэвт хэрсэн нөхцөлд мэдээлэл хааж боох нь утгагүй гэдэг нь нэгэнт нотлогдсон асуудал. Манай хэдэн тэнэг улс төрч, биеэ үнэлэгч хэдхэн ХМХ мэдээлэл хааж боож болно гэж итгэх нь үнэн гачлантай бөгөөд шившигтэй.

Одоо асар их мөнгөтэй болсон Монголын хулгайч, дээрэмчин, луйварчид энэ их мөнгөө захиран зарцуулах улс төрийн эрх мэдлийн төлөө нөр их өрсөлдөөн тэмцэлд орж байлдаж эхлэв. Энэ нь хамгийн түрүүнд Ерөнхийлөгчийн сонгуулийн хөшигний арын өрсөлдөөнөөр илэрч байна.
Элбэгдоржийн элдэв заль

Ц.Элбэгдорж улс төрийн “насаа” уртасгах гэж аливаа хүнд байдгаас хэтэрсэн хүчдэл гаргаж байна. Ц.Элбэгдоржийн рейтинг навс унаж, тойрон хүрээлэгсдийн эгнээ хаврын цас шиг хайлан алга болж байгаа боловч тэр хүчтэй хэвээрээ байна. Учир нь түүнд “шуудай дүүрэн бөлдөг” байгаа юм. Аюул болмогц шуудайнаасаа хэдэн ширхэг бөлдөг гаргаж ирээд чангахан базахад л түүний хүссэн бүхэн нь биелээд байна. Гэвч маш олон хүн Ц.Элбэгдоржид маш удаан бөлдөгдүүлсэндээ залхаж, түүнээс салахын түүс болж байна. Тэр цаг тун ойрхон байна.
Үүнийг Ц.Элбэгдорж зөн билгээрээ мэдэрч байна. Иймээс тэр өмнөх зарим нүглээ цайруулах арга чарга хайж эхэлжээ. Ухаандаа тэр Н.Энхбаяртай холбоо тогтоох бүх талын суваг, боломжийг хайж эхлэв.

Асар удахгүй ноён Ц.Элбэгдорж Н.Энхбаярын бүхий л гэмт хэргийг хэрэгсэхгүй болгож, түүнийг Ерөнхийлөгчийн сонгуульд оролцох хуулийн боломж, эрхийг нээж өгөх нь гарцаагүй гэдгийг би монгол судлаачийн хувьд батлан хэлж чадна. Хэдхэн жилийн өмнө ямар ч хайрлах энэрэх сэтгэлгүйгээр Н.Энхбаярын “оймсыг гозойлгож” байсан Ц.Элбэгдорж одоо болохоор өөрийн биеэр Н.Энхбаярын “оймс гутлыг өмсүүлж” өгч байна. Үүнийг л хувь заяаны шоглоом гэдэг.

Ц.Элбэгдоржийн энэ үйлдэл Ерөнхийлөгчийн сонгуульд МАН-аас нэр дэвшигчийн, тодруулбал М.Энхболдын саналыг хуваах “хөнөөлт” үр дагавартай нь гарцаагүй. Ц.Элбэгдорж олон жилийн түнш, хамтран ажиллагч М.Энхболдын нуруу руу хутга шааж байна. Угаасаа ийм адгийн араншинтай төрсөн хүнд үүнээс өөр арга байхгүй юм.

Ямар ч гэсэн ноён Ц.Элбэгдорж өөрийнх нь “оймс гозойх” вий гэдгээс үхтлээ айж байгаа нь тодорхой байна. Гэвч энэ нь дэндүү оройтсон байх…

Одоо АН-ын Ерөнхийлөгч л Ц.Элбэгдоржийг аврах боломжтой бөгөөд В.Путин Б.Ельцинийг хамгаалсан шиг явдлыг давтахыг тэр туйлын их хүсч байна. Гэтэл АН-д В.Путины бараа сураг ч алга. Харин Ц.Элбэгдоржид гэм халгүй хандаж, гэмт явдлуудыг нь чихнийхээ хажуугаар өнгөрөөх хүн олдох нь мэдээж хэрэг.
АН-аас Ерөнхийлөгчид нэр дэвшихээр яригдаж буй Н.Алтанхуяг, Э.Бат-Үүл, Б.Жаргалсайхан, Р.Амаржаргал, Г.Батхүү нарын хэн нь Ц.Элбэгдоржид гэм халгүй байж чадах вэ гэдгээр Ерөнхийлөгчийн сонгуулийн өнгө тодорхойлогдоно гэж бүрэн итгэлтэй хэлж болно. АН-ын даргын сонгуулиас үзэхэд сунгаа энэ тэр бол яршиг л байна, сунгааг яаж л бол яаж л тохируулж болдог нь илт тодорхой болсон.

АН-аас Ерөнхийлөгчид жинхнээсээ нэр дэвшигчийг олох шиг амархан юм байхгүй. АН-аас нэр дэвшихээр яригдаж буй хүмүүсээс “шоронгоос зугтагчдыг” хасахад л тэр хүн нь гараад ирнэ. Тэр хүн нь Р.Амаржаргал юм. Нэг сүрхий онол ном яриад л тааж ядаад байх юм алга л байгаа биз дээ…

Харин “шоронгоос зугтагчдын” дотроос Н.Алтанхуяг л Ц.Элбэгдоржийн “оймсыг гозойлгох”-оос сийхгүй, яс үзэлцэж чадах цорын ганц хүн юм. Энэ нь түүнийг магтсан хэрэг огт биш гэдгийг эрхбиш ухаарна биз…

“Годгонуур” хочит Амаржаргал

Р.Амаржаргал бол Ц.Элбэгдоржтой нэг нутгийн буюу хоёулаа Ховдын Зэрэг сумынх. Ц.Элбэгдорж Монгол Улсын Ерөнхийлөгчийн суудлыг нутгийн дүү Р.Амаржаргалдаа угсаа залгамжлан шилжүүлэх шийдвэр гаргах нь мэдээж хэрэг.

Ерөнхийлөгчийн Тамгын Газрын дарга байсан П.Цагаан Р.Амаржаргалыг хөрөнгө мөнгө болон бусад бүх талаар дэмжин зүтгүүлж байгаа нь эл шийдвэр маш эрт гарсныг тод харуулж байна.

Р.Амаржаргал зах зээлийн эдийн засгийг сурталчлан түгээх үйлсийг эхлүүлэгч, гоцлол магтан дуулагч юм. Тэрээр социалист суурьтай Санхүүгийн техникумыг либерал суурьтай Санхүү-Эдийн засгийн Дээд сургууль болгосон гол хүн бөгөөд анх удаа АНУ болон Барууныхантай холбогдож, зах зээлийн эдийн засгийн онолыг сурталчлан түгээх ажлыг эхлүүлсэн. Түүнийг анхны “панамерик” гэж нэрлэж бүрнээ болно. Гэвч тэр Монголын амьдралыг мэддэггүй, дандаа онолддог, уншсан номоо эргүүлж ярьдаг, мэдэмхийрдэг араншинтай. АН-ынхан түүнд “годгонуур” хоч хайрласан бөгөөд энэ нь язгуур утгаараа тогтворгүй хүнийг хэлдэг нэршил юм.
Р.Амаржаргал хэн нэгэнд гэм хал болдоггүй, тодорхой ажил хийдэггүй, онол ном ярихаас хэтэрдэггүй учраас АН сүйрлийн байдалд орж, танагаа алдсан хүнд үед “нүүр тахлах” гол хүн болсон юм. 1996-2000 онд М.Энхсайхан, Ц.Элбэгдорж, Ж.Наранцацралт нарын Засгийн Газрууд дараалан унасны дараа “нүүр тахлагчийн” үүрэгтэйгээр Ерөнхий сайд болсон юм. Мань годгонуур тэр дороо л угсарсан алдаа хийж эхэлсэн бөгөөд үүнийг нь дөрөөлж МАН түүнийг огцруулахад бэлэн болсон байлаа. Гэвч тухайн үед УИХ-ын дарга байсан Л.Энэбиш “4 жилд 4 Засгийн Газар огцруулах арай хэтэрнэ ээ” гэж хэлээд Р.Амаржаргалыг “өршөөсөн” бөлгөө.

Түүнээс хойш Р.Амаржаргал “Ерөнхий сайд асан” гэх эрхэм алдрыг хүртсэн бөгөөд Ерөнхий сайд байхдаа ямар алдаа дутагдал гаргасныг санах хүн эдүгээ байхгүй шахам болсон юм. Хэдэн сурах бичиг хялбарчлан орчуулсан нь түүнийг “эрдэм номтой” харагдуулж, яг ганц жил Ерөнхий сайд хийсэн нь түүнийг “нэр цэвэр” болгожээ.

2014 оны сүүлчээр АН-ын дотоод байдал туйлын хүндэрч, Ерөнхий сайд Н.Алтанхуягийг “дүүжилж алах“ шахсан үед Ерөнхий сайдад Р.Амаржаргалын нэр дахин яригдаж эхлэв. Бас л “нүүр тахлагч” болох гэж байтал АН дотор “төрийн урвалт” гарч, Ч.Сайханбилэг, С.Баярцогт хоёр МАН-тай нийлж байгаад асуудлыг шал өөрөөр эргүүлж орхисон билээ.
Р.Амаржаргал АН-д гомдсон үедээ УИХ-ын гишүүнээс татгалзах, МҮДН байгуулах хуйвалдаан зохиох, сүр сүр мэдэгдэл гаргах зэрэг тогтворгүй буюу “годгонуур” зан олон удаа гаргасан нь өөрт нь муугаар нөлөөлдөг ч үүнийгээ тэр мэддэггүй юм.

Одоо бол Р.Амаржаргалыг АН-ын “нүүр тахлагч” биш, Ц.Элбэгдоржийн “бамбай” болох хувь заяа хүлээж байгаа гэдэгт эргэлзэх зүйл үгүй.

М.Энхболдын зовлон

Ерөнхийлөгч Н.Энхбаяртай хийсэн хүч шавхсан тулалдаанд ялагдаж 2-хон хоногийн дотор Ерөнхий сайд, Намын даргын суудлаа хамтад нь алдаж байсан М.Энхболдыг хаширсан гэхээс өөр аргагүй. Тэр “Ерөнхийлөгч болох уу, болохгүй юу” сонголтын байж болох бүх хувилбарууд дээр ажиллаж байгаа нь өнгөц харахад зөрчилтэй харагдавч хаширсан хүний хувьд зайлшгүй хийх үйлдэл болно.
М.Энхболд МАН хэмээх хүчирхэг институт дээр хүн болгоны мэдээд байдаггүй институтжсэн бүтцийг ашигладаг юм. Ухаандаа Морин спорт уяачдын Холбоо гэхэд л УИХ-ын даргаас эхлээд сумын засаг дарга, ИТХ-ын дарга хүртэлх бүхий л “өнгөтэй өөдтэй” феодалуудыг багтаасан 160 мянган гишүүнтэй. Гэр бүлийн сонгогчдын тоогоор (3) үржүүлбэл бараг хагас сая хүнтэй болно. Мэдээж бүгдээрээ М.Энхболдод саналаа өгөхгүй боловч дийлэнхи нь дэмжих өндөр магадлалтай. Манайхан Морин спорт уяачдын Холбоо зэрэг нэлээд зэгсэн институтжсэн бүтцийг тооцоололдоо огт оруулж байгаагүй нь маш буруу юм. Энэ мэт институтжсэн бүтцийг тооцож байж системийн анализ хийдгийг сануулах нь миний үүрэг болой.

Ингээд М.Энхболд институтжсэн бүтцүүдэд дулдуйдан, тэднийг базаж, сахилгажуулж, идэвхижүүлэх чиглэлээр эрчимтэй ажиллаж байна.
Гэвч түүнд аюул их бий. М.Энхболдын бүлэг дүүрэг, хотоор дамжиж, Улаанбаатар сан, Улаанбаатар даатгал зэргийг идэж уун, газрын наймааны ачаар хүчээ авсан бөгөөд бусад бүлгээсээ харьцангуй тусгай бүрэлдсэн бүлэг юм. АН-ын Н.Алтанхуяг Ерөнхий сайд болмогцоо бондын мөнгө тараадаг “өвлийн өвгөн” мэт ажиллаж өөртөө гай тарьсан бол М.Энхболд өөрийн бүлгийг ноёлох бүлэг болгох замаар “баялгийн хуваарилалт” хийж байгаа нь асар их ялгаа юм. М.Энхболдын мэдэлд 60 тэрбумын шархаа нөхөх шаталсан бүтэцтэй, сахилга бат бүхий бүлэг байгааг “гэнэт олдсон” ярианаас нь монголчууд мэдэх болсон.

Илт нүүрлэн буй аюулыг харгалзахгүй бол М.Энхболд хэн болох билээ ?! Тэрээр Ц.Элбэгдоржтой зохицон шинэ Үндсэн Хууль боловсруулах чиглэлээр идэвхитэй ажиллаж байна. Шинэ Үндсэн Хуулийн төсөл боловсруулж бэлэн болгох нь тэдний хэн хэнд нь ашигтай юм. Мөн М.Энхболд бөлдөгдөхөөс өөр хийх юмгүй Ц.Элбэгдоржийг АН-ын эсрэг амжилттай турхирч байна.

Сүүлийн хэдэн жил Ц.Элбэгдорж АН-ынхныг дагнан бөлдөгдөж байгааг анзаарвал анзаарах цаг болсон. АН-ынхан жинхэнэ бөлдөгдөж байгаа эзнийг нь харахгүй МАН руу дагнан дайрч байгаа нь усан тэнэгийн баттай шинж мөн.

Хэрэв Ц.Элбэгдоржийн тэнэг уур хөдөлж МАН-ыг бөлдөгдөөд эхэлбэл ёстой жинхнээсээ балрахгүй юу ?! Гэвч сүүлийн үед Ц.Элбэгдорж хэтэрхий их бөлдөгдөхөөс залхсан ба энэ нь өөрөө удахгүй бөлдөгдүүлэхээс айсан хэрэг л юм.
М.Энхболдод эдүгээ гурван гол аюул буюу даваа тулгараад байна. Нэгдэх нь өөр хүний, тухайлбал Ө.Энхтүвшин, Б.Бат-Эрдэнэ, Ц.Нямдорж нарын аль нэгийг дэвшүүлэх. Үүнийг давбал нэр дэвшүүлээд унагах, эцэст нь “дэвшүүлэн зайлуулах” гэсэн дэс дараатай. Аль аль нь ихээхэн аюултай.

М.Энхболд Ерөнхийлөгч болбол УИХ-ын дарга, МАН-ын дарга гэсэн түлхүүр хоёр суудал онгойх ба үүний төлөө “алалцахгүй” бол улс төрч байсны хэрэг юу билээ ?! Эдгээр хувилбар тус бүр дээр дэлгэрүүлэн ярьж, буу халж, тааж, фантаазлах боломжийг уншигчиддаа олгож байна. Ухаандаа МАН-аас М.Энхболдоос өөр хүний нэр дэвшүүлбэл МАН, АН-ын хооронд жинхэнэ алалцаан болно гэхчлэн бодоод байвал маш олон асар их сонирхолтой хувилбарууд үүснэ гэдэгт эргэлзэх зүйлгүй.

Одоо МАН-д хамгийн их амбицтай нь хэн бэ ? гэсэн асуулт тавиад үзье. МАН-д насаараа бугшиж хамаг бузар булайг үйлдсэн атлаа юу ч болоогүй юм шиг албан тушаалдаа үлдэж, дээрээс нь мангар их мөнгө захиран зарцуулна гэж байгаа хөгшчүүдийг “манай” залуучууд шахан зайлуулах цаг нь болсон гэж МАН-ын олон залуу бодож байгаа. Тэдний зөв, идэхийг нь хөгшчүүд иддэг, лай ланчгийг нь дандаа залуучууд үүрдэг ёс хаанахын ёс юм ?!
Тэдний дотроос “насан туршдаа” намын төлөө зүтгэж зүтгэчихээд “нэг муу” Шадар сайд дээр бууж хадагдсан У.Хүрэлсүх ингэж бодох нь мэдээж хэрэг. У.Хүрэлсүх маш олон алдсан, мөн маш олон оносон, гэхдээ сүүлийн жилүүдэд алдаа бараг гаргаагүйг хүлээн зөвшөөрөх хэрэгтэй. Гэхдээ У.Хүрэлсүх нар хөгшин төгцөгүүд болох С.Баяр, Сү.Батболд нарын “удирдлагад” дахин орох онцгой аюул байгаа юм. Ямар ч гэсэн У.Хүрэлсүх “албан ажлын” шугамаар оронд нутагт тулж ажиллан ихээхэн идэвхи гаргаж байна. Аль ч тохиолдолд У.Хүрэлсүх онцгой их эрсдэл хүлээхгүй. Хэрэв тэр хүчтэй бол М.Энхболдыг унагахад оролцоно, өөр хүнийг дэмжинэ, ингэвэл 3 суудал онгойно, хэрэв хүч багатай бол М.Энхболдыг “дэвшүүлэн зайлуулна”, дэмжинэ, тэгвэл хоёрын хоёр суудал онгойно. “Жам ёсны” энэ үйл явц гэхэд л Монголын улс төрийн хүчний харьцааг орвонгоор нь өөрчлөх боломжтой. Заавал ингэж дайсагнах албагүй, асуудлыг эвээр шийдэж болно. Гэлээ ч гэсэн асуудлын мөн чанар үл өөрчлөгдөнө, учир МАН-ын дотоодод түлхүүр суудлуудын төлөө хүчтэй өрсөлдөөн гарцаагүй. Энэ бол МАН-д тулгарсан шинэ цагийн сорилт бөгөөд МАН-д олон жилийн турш хуримтлагдсан системийн хур алдааны бодит үр дүн мөн.

Ямар ч байсан МАН 65 гишүүнийхээ давуу талыг гаргаж чадахгүй бөгөөд МАН-д М.Энхболдын тал, түүний эсрэг тал гэсэн хоёр том бүлэглэл үүсээд байна. М.Энхболд хүчтэй байгаа ч эсрэг бүлэглэл нь харгалзахгүй байхын аргагүй хүчирхэгжиж байгааг нэр нэрээр нь гаргасан ч болно.

Н.Энхбаярын горьдлого

Ц.Элбэгдоржтой тохиролцсон Н.Энхбаяр дүрдээ итгэж, Үндсэн Хуулийн төсөл боловсруулж олон нийтэд тарааж, элдэв хурал зөвлөгөөн дээр “онолдох” болов. Ц.Элбэгдоржийн амлалтад итгэх нь амиа хорлосон явдал гэдгийг Н.Энхбаяр мэдэхийн дээдээр мэдэж байх ёстой. Гэвч Н.Энхбаярын мөн чанар болсон дарга байх хүслэн “бүр цаанаас нь” хатгаад байгаа бололтой. Одоо бол Н.Энхбаяр “санал хуваах” багаж хэрэгслээс өөр юу ч биш. Түүнийг их өрвөлзөөд байвал АН, МАН-ын аль аль нь “эд бадыг” нь хөтөлчихөж элбэгхэн дөнгөх л байх…

“Чөтгөрийн тойргийн” сүүлчийн цагираг

Ийнхүү Монголын улс төрийг олон жил баглан хүлж ирсэн “чөтгөрийн тойргийн” сүүлчийн цагираг тасрахад ойрхон болов. МАНАН олигархи бүлэглэлийн зөрчил тэмцэл улам хурц үедээ орж байна. МАНАН бүлэглэлийн анхны дарга Н.Энхбаяр байв. Түүнийг С.Баяр, Ц.Элбэгдорж хоёр хавсран унагаж, МАНАН “хоршоо”-г үүсгэв. С.Баяр авилга, оффшорын хэргээр улс төрөөс арга буюу холдсоны улмаас Ц.Элбэгдорж МАНАН-гийн цорын ганц дарга болов.
Ц.Элбэгдорж Монгол Улс, монгол үндэстний эрх ашгаас урваж, олон удаа гэмт үйлдэл хийснээс гадна шоронгийн түлхүүр эргэлдүүлсэн, “шуудай дүүрэн бөлдөгтэй” аймшигт дарангуйлагч болон хувирсан юм. Эдүгээ түүний эрин үе дуусвар болох дөхөж байна. “Дөхөж” гэж хэлсний учир нь Ц.Элбэгдорж түүхийн хуудсанд орохгүй, музейн үзмэр болохгүй гэж бүхий л аргаараа зууралдан чаргуулдаж байна.
Манайхан дандаа бэлэн хоол хүнээр зажлуулж идээд сурчихсан учраас “М.Энхболд, Р.Амаржаргал, Н.Энхбаяр гурвын алийг сонгохыг чи муу чаддаг юм бол хэлээд өг !!!” гэж загнах нь ойлгомжтой. Эхлээд өөрийнхөө толгойг нэг удаа ч болов ажиллуулаад үз гэж би зөвлөх байна. Тэгээд ч энэ бол дараагийн анализын сэдэв мөн. Дараагийн анализыг А.Баатархуяг бид хоёр хийж байгаа, санаа зоволтгүй. Дашрамд дурдахад А.Баатархуягийг даргаасаа хусагдсанд хамгийн их баяртай байгаа нь би. Учир нь бид хамтдаа “онь нийлүүлэн буудах” боломж эрс нэмэгдсэнд байгаа юм.

Ямар ч гэсэн Г.Уянгыг санаатайгаар, зохион байгуулалттай гүтгэлэг тарааж унагасан баагийнуудаас “амьд үлдэх” хүн гарахгүй л байх…


Монголчууд төрд олон жил бугшсан хулгайч, дээрэмчин, луйварчдаас салъя гэвэл юуны өмнө Ц.Элбэгдоржийн “хойт дүр”, залгамжлагч, холбоотнуудаас ангид байх Шинэ Ерөнхийлөгчийг сонгох ёстой…

Судлаач Х.Д.Ганхуяг