Морин спорт уяачдын холбоод “Дүнжингарав” хаврын бүсийн морин уралдааныг шүүхийн шийдвэрийг үл тоомсорлон зохион байгуулсан. Энэ нь олон нийтийн дургүйцлийг төрүүлж улмаар уяачдын холбоо болоод Монгол Улсын Засгийн газрыг олон хүн буруутгаж байгаа.

Уг уралдааны үеэр хоёр хүүхэд хүнд гэмтэж, 24 хүүхэд мориноосоо унасан. Ер нь сүүлийн 5 жилд 1500 гаруй хүүхэд хурдан морины уралдаан, сунгаа, үсэргээний үед мориноос унан хүнд, хөнгөн гэмтсэн, олон хүүхэд хөгжлийн бэрхшээлтэй үлдсэн, мэдээлэгдсэн тоогоор 10 гаруй хүүхэд амь насаа алдсан гэх аймшигтай тоо баримт бий. Тиймээс Дүнжингарав хаврын бүсийн уралдааныг зохион байгуулахыг олон нийт эсэргүүцэж, зохион байгуулагчдыг буруутгаж буй. 

 

 

Тэгвэл энэ бүхнийг Хөдөлмөр, Нийгмийн  хамгааллын сайд Н.Номтойбаяр цээжээрээ хамгаалахаар шийдсэн бололтой. Тэрбээр өмнөх сайдын А/36 тоот тушаалд өөрчлөлт оруулж, хаврын эхний сард зохион байгуулагддаг “Дүнжингарав” уралдаанд хүүхдээр морь унуулах нь хүний эрх зөрчиж,хүүхдийн тэвчишгүй хөдөлмөр эрхлүүлэлтийн төрөлд оруулахгүй байх зохицуулалт бүхий тушаал гаргажээ.

 

Хөдөлмөр Нийгмийн хамгааллын сайд Н.Номтойбаяр өвөл бус хаврын улиралд хүүхдээр морь унуулахыг зөвшөөрсөн тушаал гаргаж, олны дургүйцлийг төрүүллээ. 

Тодруулбал Монгол Улсын Хөдөлмөр Нийгмийн хамгааллын сайд Н.Номтойбаяр 2017 оны хоёрдугаар сарын 20-ны өдөр А/28 тоот тушаал гаргаж, жил бүрийн  11.01-05.01-ний хооронд хүүхдээр хурдан морь унуулахыг хориглох шийдвэрийг “Жил бүрийн өвлийн улирал” хэмээн өөрчилсөн байна. Улмаар Монгол Улсын Засгийн газар 2017 оны хоёрдугаар сарын 22-ны өдөр буюу уг тушаал гарснаас хоёр хоногийн дараа хурдан морины хаврын болон зуны уралдааны тов, орон нутгийг тогтоосон байх аж. Гэсэн ч энэ бүхнийг хүүхдийн эрхийг хамгаалах байгууллагууд эсэргүүцэж, улмаар шүүхэд хандсан. Тиймээс ч Нийслэл дэх захиргааны хэргийн анхан шатны шүүхээс “Дүнжингарав” морин уралдааныг зохион байгуулах тухай Засгийн газрын шийдвэрийг тодорхойгүй хугацаагаар түдгэлзүүлэх шийдвэр гаргасан ч зохион байнуулагчид үүнийг үл тоомсорлон уралдаанаа зохион байгуулсан юм.

 Энэ бүхний буруутан хэн байх тухай дуулиан өрнөж байгаа эдгээр өдрүүдэд Н.Номтойбаяр сайдын тушаал олонд ил болж, хэргийн эзэн тодорхой болж байх шиг. Тэгэхээр өмнө сайдын тушаалыг өөрчлөн зөвхөн өвлийн улиралд хүүхдээр морь унуулахыг хориглохоор засварласан сайдын тушаал л энэ бүхнийг зохион байгуулах зөвшөөрлийг олгосон бололтой юм. Тэгвэл цахим ертөнцөд энэхүү тушаалыг эсэргүүцэж, "Н.Номтойбаяр хүүхдийн эрхийг зөрчиж, намын дарга, Засгийн газартаа "кок" авах тушаал гаргасан байна" хэмээн шүүмжилж байна.

 

Үргэлжлэлийг эндээс