Гадны хөрөнгө оруулагчдын итгэл сэргэж эхэллээ
2017/03/16
-Гадны хөрөнгө оруулалтыг татахгүйгээр Монголын эдийн засаг сайжрахгүй-
Өнгөрсөн онд гадны нэгэн сэтгүүлч “Байгалийн баялагтай Монгол ганцаардаж байна” хэмээн нийтлэл бичиж гадна дотны хүмүүсийн анхаарлыг татаж байсан.
Тодруулбал, дэлхийн банкны “Doing Business-2017” судалгаагаар манай улсын хөрөнгө оруулалтын орчин өнгөрсөн жил 190 орноос 64 дүгээр байрт орсон нь 2015 онтой харьцуулахад хоёр улсаар ухарсан үзүүлэлт. Тэд хөрөнгө оруулалтын орчинд хэд хэдэн хүндрэл байгааг дурдсанаас улс төр, засаглалын тогтворгүй байдал голлох шалтгаан болсныг онцолжээ. Яг үнэндээ гадаадын хөрөнгө оруулагчдын хувьд аливаа улсад хөрөнгө оруулахдаа нэгдүгээрт, улс төрийн нөхцөл байдлыг харгалздаг бол хоёрдугаарт, татварын эрх зүйн орчин, гуравдугаарт, олон улсад хүлээн зөвшөөрөгдсөн арбитрын асуудлыг чухалчилдаг. Энэ талаар эдийн засагч С.Дэмбэрэл “Гадны нэг компани манайд хөрөнгө оруулаад явж байтал төрийн эрх барьж буй нам солигдоход л үйл ажиллагаа нь зогсох аюул бий болдог. Нэг намын асуудлаас шалтгаалаад эрх зүйн орчин өөрчлөгддөг байдал гадаадын хөрөнгө оруулагчдад гол бэрхшээл болж байгаа” гэв. Угтаа бол гадны хөрөнгө оруулалтыг татахгүйгээр эдийн засаг сайжрахгүй, Монгол Улс хөгжихгүй гэдгийг дээр дооргүй ярьж чамлахааргүй олон ажил хийсэн боловч хөрөнгө оруулалт сэргэнэ гэсэн монголчуудын итгэлээс өөр бодитой үр дүн өнгөрсөн хугацаанд төдийлөн харагдахгүй байсан юм.
Өнөөгийн нөхцөл байдалд Монгол Улсын эдийн засгийг уул уурхайд түшиглэн босгохоос өөр аргагүйд хүрч байгаа гэдгийг хүн бүхэн мэднэ. Өөрөөр хэлбэл, хайгуулын лицензийг зогсоож, гадаадын хөрөнгө оруулагчдыг үргээж, хавтгайрсан халамж зэргээс гадна хамгийн гол нь улс төрийн тогтворгүй байдал нь гадны хөрөнгө оруулагчдын итгэлийг алдахад хүргэсэн гол хүчин зүйл болсон гэдгийг бид хангалттай ярьж, хэлсээр ирсэн. Эдийн засгийн нөлөөлөл гэхээсээ илүү төрийн болон сангийн бодлого, эрх зүйн орчин, татварын бодлого, бодлогын хэрэгжилт зэрэг нь манай улсын эдийн засгийн тулгуур багана болсон уул уурхайн салбарыг уналтад ороход нөлөөлж байсан. Хэдийгээр хууль тогтоочид уул уурхайн салбарыг дэмжсэн хууль санаачлан баталдаг ч энэ нь амьдралд огт хэрэгждэггүй байсан. Түүнчлэн өнгөрсөн хугацаанд яагаад хөрөнгө оруулалт зогсонги байдалд орсон. Ялангуяа гадаадын хөрөнгө оруулагчдын эрх яаж зөрчигдсөн, эрх ашгийг нь хэрхэн хамгаалах вэ гэдэгт огт анхаарч ажиллаагүйн улмаас хөрөнгө оруулалт хасах руугаа орж байсан удаатай.
Улс төр, эдийн засгийн тогтворгүй байдлаас болж дүрвэсэн хөрөнгө оруулагчид Монголыг сонирхож эхлэв
Тэгвэл энэ нөхцөл байдал одоо өөрчлөгдөж гадны хөрөнгө оруулагчид манай улсад их хэмжээний хөрөнгө оруулах нөхцөл байдал бүрдсэн байна. Тодруулбал, энэ сарын 5-8-ын өдрүүдэд Канадын Торонто хотноо болсон Канадын хайгуулч, олборлогчдын холбоо (PDAC)-ны чуулга уулзалтын үеэр Монголын төлөөлөгчдийг Торонтогийн хөрөнгийн биржийн Олон улсын бизнесийн хөгжлийн газрын захирал Роберт Петерман, Үнэт цаасны зах зээлийн газрын захирал Унгад Чадда нар хүлээн авч уулзсан байна. Уулзалтад Монгол Улсыг төлөөлж Уул уурхай, хүнд үйлдвэрийн сайд Ц.Дашдорж, УИХ-ын гишүүн А.Ундраа, Засгийн газрын хэрэгжүүлэгч агентлаг Ашигт малтмал, газрын тосны газрын дарга Б.Баатарцогт, “Монголын хөрөнгийн бирж” ТӨХК-ийн гүйцэтгэх захирал Х.Алтай болон бусад төлөөлөгч оролцжээ.
Энэхүү уулзалтын үр дүнд Монголын хөрөнгийн бирж /МХБ/ болон Торонтогийн хөрөнгийн бирж давхар бүртгэлийн үйл ажиллагааг эхлүүлэх чиглэлд хамтран ажиллахаар болсон байна. Манай улсын хувьд Үнэт цаасны тухай хуулийн шинэчилсэн найруулга батлагдсанаар давхар бүртгэлийн үйл ажиллагаа эхлүүлэх хууль эрхзүйн орчин нээгдсэн хэдий ч, өнөөдрийн байдлаар энэхүү боломжийг ашигласан хувьцаат компани байхгүй гэнэ. Торонтогийн хөрөнгийн бирж нь зах зээлийн үнэлгээгээрээ дэлхийд есдүгээрт бичигддэг томоохон бирж аж.
Тус биржид нийт 3.278 бүртгэлтэй компани байгаагаас ихэнх нь уул уурхай, газрын тосны салбарт үйл ажиллагаа явуулдаг компани байдаг байна. 2015 онд Торонтогийн хөрөнгийн биржээр дамжуулан нийт 57.7 тэрбум канад долларын санхүүжилтийг босгосон байдаг. Түүнчлэн Торонтогийн хөрөнгийн биржид бүртгэлтэй Монгол Улсад үйл ажиллагаа явуулдаг “Erdene Resource Development Corporation”, “South Gobi Resources”, “Turquoise Hill Resources” зэрэг 11 компани бий аж. Дээрх хамтын ажиллагаа эхэлснээр эдгээр компанийг МХБ-д давхар бүртгэн, дотоодын хөрөнгө оруулагчдад үнэт цаасыг нь санал болгох бүрэн боломжтой.
Ямартай ч энэхүү уулзалтын үр дүнд монголын улс төр эдийн засгийн тогтворгүй байдлаас болж дүрвээд байсан хөрөнгө оруулагчид манайд таатай хандаж хэдэн тэрбум ам.долларын хөрөнгө оруулахаар болсон нь чихэнд чимэгтэй сонсогдож байна.
Өөрөөр хэлбэл өнөөдрийн байдлаар хөрөнгө оруулалт хасах руу орчихсон байгаа нь улс төр, эдийн засаг, хууль эрхзүйн тогтворгүй байдалтай шууд хамааралтай. Одоогийн Засгийн газар улс төр, эдийн засаг, хууль эрхзүйн орчныг тогтвортой байлгаж, өмнө нь хэрэгжүүлж байсан бодлогуудын залгамж чанарыг хадгалах, хөрөнгө оруулагчдын итгэлийг төрүүлэх, одоо байгаа хөрөнгө оруулагчдаа тогтоох бодлого баримтлан ажиллаж байгаа төдийгүй хөрөнгө оруулагчид ч энэхүү тохиромжтой цагийг хүлээж хаана, ямар газар хөрөнгөө оруулах вэ хэмээн хүлээж сууна шүү.
ss · 2017/03/16
gadniinhan urgesend 2 nam ali ni ch buruugui shaardlagtai gevel tsaad gadniinhan chini chutgurtei baisan ch hamtraad l ajilchina gol delhiin zah zeel uuruu hyamarch tuuhii ediin une unsan chine l gol shaltgaan shdee
Зочин · 2017/03/16
Гол итгэлийг нь үргээсэн хүмүүс чинь МАН-ынхан шүү дээ өнгөрсөн 4 жилд хөрөнгө оруулагч нарыг үргээх, АН-ын засгийн ажлыг муулах элдэв тогтворгүй байдал үүсгэх хуулиар оролдох зэрэг хорлон сүйтгэх ажиллагааг энэ л эрх барьж байгаа МАН хийсэн ш дээ. Харин АН эд нар шиг ажиллахгүй байгаа учраас МАН өөрөө өөрийгөө хорлохгүй бол хөрөнгө оруулагч нарт итгэл байж л байгаа ш дээ