Намууд доторх “дайн” ширүүслээ

Монголын гол хоёр намын дотоод зөрчил ширүүслээ. АН ч байнга ийм байсан. Харин МАН-ынхан олгой хагаравч тогоон дотроо байдагсан. Энэ удаад даравч далдайх нь дээ. Гол шалтгаан нь Ерөнхийлөгчийн сонгууль. МАН-ын дотоод хагарал ОУВС-гийн хөтөлбөрт хамрагдах эсэхтэй хамаатай боловч үнэндээ Ерөнхийлөгч, намын дарга, УИХ-ын даргын суудлын төлөөх “дайн”.
АН-ын хувьд хамгийн том толхилцоон нь Ерөнхийлөгчийн сонгууль мөнөөсөө мөн. Гэхдээ түүний хажуугаар намын ҮБХ-ны гишүүдийг сонгох сонгууль энэ тэр гээд жижиг сажиг шалтгаан юу эс мундах билээ. Түүний хажуугаар МАХН дотор ч Ерөнхийлөгчийн сонгуультай холбоотой багахан “тулаан” өрнөөд эхэлж. 
 
МАН-ынхан улсаа бас намаа бодолцохын заагт 
 
МАН 2016 оны сонгуульд олон сайхан амлалт өгч байж ялалт байгуулж, эрх барьж буй. Тэдний сонгуулийн өмнө явуулсан хар пиар нь АН гаднаас баахан зээл авч, улсаа өрөнд оруулсан гэх тархи угаалт байлаа. Гэтэл их санасан газар есөн шөнө хоосон хононо гэгчээр өөрсдөө гаднаас зээл авахаас өөр гарцгүй болчихлоо. ОУВС-гийн “Санхүүгийн өргөтгөсөн хөтөлбөр”-т хамрагдаж, 440 сая ам.долларын зээл авахаар эхний ээлжинд тохиролцоонд хүрчихээд байна. Гэхдээ энэ мөнгө зүгээр ч нэг ороод ирчихгүй. Эхлээд ОУВС-гийн шаардлагыг биелүүлэх ёстой.
 
Төсвийн орлогоо нэмж, зарлагаа танах. Сангийн сайд эхний ээлжинд 6-7 төрлийн татварыг нэмж, зарим халамжийг танах бодлого барина гэдгээ хэлсэн. ОУВС-гаас бол тийм ийм татвар нэм гэж хэлэхгүй нь тодорхой. Зүгээр л төсвийн орлогоо нэм гэж хэлсэн байх. Манай дарга нарын төсвийн орлогоо нэмэх арга нь баахан татвар нэмэх. Гэхдээ яг энэ дагуу татвараа нэмээд явна гэвэл МАН Ерөнхийлөгчийн сонгуульд оролцоод ч нэмэргүй.
 
Тэд ОУВС-гийн хөтөлбөрийг хэрэгжүүлэхийг мэдээж дэмжинэ. Өөр арга МАН-д үлдээгүй гэдгийг эдийн засагчид хэлж байгаа. Гагцхүү энэ удаад намынхаа эрх ашгийг хаяад, улсаа бодоод явах уу. Эсвэл Ерөнхийлөгч болох хүсэлтэй ганц хоёрхон хүний эрх ашгийн зөрчлийн төлөө улсаа дампууруулах уу гэдэг л сонголт байна. Нөгөөтэйгүүр ганц нэг татвар нэмээд, өөрсдийнхөө тансаглалыг хасч чадвал өөр харагдана. Хэрэггүй дэд сайдуудаа суудлаас нь буулгаад, олон саяын цалинтай төрийн өмчит компаниудынхаа дарга нарын “амыг татах” гээд сонголт бий. Мөн ашиггүй ажилладаг, төрөөс байнга татаас авдаг компаниудыг хувьчлах ажлыг ч яаралтай хийж болно. Мэдээж энэ хувилбарыг ярьж байгаа нь ойлгомжтой.
 
МАН-ынханд намынхаа нэр хүндийг ч аварч үлдэнэ гэвэл дэд сайдуудаараа “туг тахих”. Нэг их мөнгө хэмнэгдэхгүй ч, гоё харагдана. Ийм зориг энэ намынхнаас гарахгүй байгаа учраас ээлжит бус чуулган хуралдаж чадахгүй, МАН-ынхан дотроо хэд хэд хуваагдчихаад хөнжилдөө жийлцэж байна.