Ерөнхий сайд Ж.Эрдэнэбат жирийн иргэдийн биш төрийн бүсийг чангална гэдгийг мэдэгдсэн. Тиймээс төсвийн үргүй зардлыг бууруулахад анхаарч байгаа бөгөөд  дүүргийн ИТХ-ын төлөөлөгч нарт улирал бүрт олгодог таван сая төгрөг олгохыг болиулсан. Гэтэл Хан-Уул, Баянзүрх дүүргийн ИТХ-ын төлөөлөгчид таван сая төгрөгийн урамшууллаа авсан байна.

Нийслэлийн Хан-Уул дүүргийн ИТХ 35 төлөөлөгчтэй. Төлөөлөгчид улирал бүрийн таван сая төгрөгийн урамшуулал авсан. Харин төсвийн үргүй зардлыг танах чиглэл авсан болохоор үрж амжилгүй акт тогтоолгож, мөнгөө өгөхөөр болж байгаа  гэх мэдээлэл байна. ХУД-ын 35 төлөөлөгчийн улирал тутмын  урамшуулал нийтдээ 175 000 000 /175 сая/ төгрөг, жилд 700 000 000 /долоон зуун сая төгрөг/ болж байна.  Энэ мөнгөөр тус дүүрэгт хичнээн сургууль, цэцэрлэг, бүтээн байгуулалт хийж болохыг  уншигч та нэг бодоод үзээрэй.  

БЗД-ийн хувьд  ИТХ-ын 41 төлөөлөгчтэй. Эдгээрээс АН-аас сонгогдсон 16 төлөөлөгч таван сая төгрөгийн урамшууллаа авсан аж.  Тэгвэл БЗД-ийн ИТХ-ын төлөөлөгчид АН, МАН гэлтгүй бүгдээрээ урамшууллаа татгалзах юм бол улиралд  205 000 000  /205 сая төгрөг/, жилдээ  820 000 000 / 820сая төгрөг/ төсвөөс хэмнэгдэх болно.  

Зөвхөн  Баянзүрх, Хан-Уул дүүргийн ИТХ-ын төлөөлөгчдийн  урамшуулал  5 000 000 төгрөгийг олгохгүй бол жилдээ  1 520 000 000   /1.5 тэрбум/ төгрөг хэмнэх тооцоо гарч байна. Энэ хэмнэсэн мөнгөөр мөн ч олон сургууль, цэцэрлэгийг сүндэрлэх байх шүү. Цаашлаад нийтийн эзэмшлийн орон сууцны дээврийн засварт шаардагдах хөрөнгө оруулалтаар суухгүй болно, хогны машиныхаа тоог ч нэмж болно. Ногоон байгууламжаа хашаатай, харанхуй гудамжаа гэрэлтэй болгох гээд маш олон ажлыг хийж болмоор санагдана. Нөгөөтэйгүүр, аймаг, сумын ИТХ-ын төлөөлөгчид ч урамшууллаасаа татгалзчихвал төсвийн мөнгө үр ашигтай зарцуулагдах болно.  Ингэж хэлэх болсон шалтгаан нь улсын нэгдсэн төсвийн тэнцвэржүүлсэн орлого, тусламжийн нийт хэмжээ 2017 оны эхний 2 сард 963.4 тэрбум төгрөг, зарлага, эргэж төлөгдөх цэвэр зээлийн нийт хэмжээ 1175.1 тэрбум төгрөг болж, улсын нэгдсэн төсвийн тэнцвэржүүлсэн нийт тэнцэл 211.7 тэрбум төгрөгийн алдагдалтай гарсан.  Ядаж энэ хэмнэсэн мөнгө төсвийн алдагдлын нөхөхөд тодорхой хэмжээгээр нөлөөлөх болно гэдгийг  ИТХ-ын төлөөлөгчид ухамсарлаж  улирал бүрийн таван сая төгрөгийн урамшууллаасаа татгалзана уу.