Нийгмийн халамж үйлчилгээний газрын дарга Д.Баярсайхантай ярилцлаа.

-Өрхийн амьжиргааны түвшинг тогтоох судалгаа энэ сарын 25-ны өдрөөс арванхоёрдугаар сарын 9-ны өдрийг хүртэл үргэлжлэх юм байна. Энэ талаар тодруулахгүй юу?

-Шинэчлэлийн Засгийн газраас энэ онд багтаан Монгол Улсын нийт хүн ам, өрхийн мэдээллийн санг бүрдүүлэх чиглэл өгсөн. Ингээд Засгийн газраас баталсан 269 дүгээр тогтоолын дагуу ХАХНХЯ улсын хэмжээнд өрхийн амьжиргааны түвшинг тогтоох ажлыг хийхээр бэлтгэл ажлаа базааж байна. Өрхийн амьжиргааны түвшинг тогтоож байгаагийн гол зорилго, агуулгыг иргэд сонирхож байгаа байх л даа. Ерөнхийдөө өрхийн амьжиргааны түвшинг тодорхойлох ажил гэдэг нь Монгол Улсын хэмжээнд байгаа нийт хүн ам, өрх амьжиргааны түвшинг тодорхойлох асуудал юм. Өөрөөр хэлбэл, амьжиргаандаа зарцуулж байгаа хэрэглээ нь хэдий хэмжээний өрх хаана амьдарч байна вэ гэдгийг тодорхой эзэн биетэй болгоно гэсэн үг. Ер нь ийм томоохон  хэмжээний судалгаа цаанаа маш том зорилго агуулж байдгийг хэлэх нь зүйтэй. Энэ удаагийн судалгааны нэг гол зорилго нь Засгийн газар, салбарын яамдыг нийт хүн амд чиглэсэн зохистой бодлого хэрэгжүүлэхэд нь мэдээллийн сангаар хангах баазыг бий болгохоороо чухал ач холбогдолтой болоод байна.

-Өмнө нь энэ төрлийн судалгаа хийж байсан. Одоо хийх гэж байгаа судалгааны ажил тэр үеийнхээс юугаараа өөр юм бэ?

-Өмнө нь 2010-2012 онд өрхийн амьжиргааны түвшинг тогтоох судалгааг хийж байсан л даа. Гэхдээ зорилго нь өөр буюу зөвхөн нийгмийн халамж хэрэгтэй хэсгийг чиглэсэн судалгаа явуулсан юм. Одоо хэрэгжээд явж байгаа Хүнсний эрхийн гэрчилгээ олгох буюу нийгмийн дэмжлэг туслалцаа зайлшгүй шаардлагатай хүн ам, өрхийг тодруулах зорилгоор хийсэн гэж ойлгож болно. Хүмүүсийн хэлж заншсанаар орлого багатай, эмзэг бүлгийг тодорхойлох зорилгоор хийсэн судалгаа ч гэж хэлж болно. Харин одоо явуулах гэж байгаа судалгааны ажил бол огт өөр зорилготой. Өөрөөр хэлбэл, зөвхөн “эмзэг бүлэг” гэж фокуслалгүй Монгол Улсын хэмжээнд байгаа нийт хүн ам, өрхийг хамруулж, салбар дундын нэгдсэн мэдээллийн санг үүсгэх учиртай. Засгийн газрын явуулж байгаа аливаа бодлого, үйл ажиллагаа болон төрийн бусад үйлчилгээг иргэдэд хүргэхэд энэ мэдээллийн санг ашиглана гэсэн үг.

-Салбар дундын мэдээллийн сан бүрдүүлэх нь улсад ямар ашиг тустай юм бэ?

-Энэ ажлаас хэн ашиг хүртэх вэ гэдэг нь өөрөө их чухал асуудал л даа. Энгийн жишээ хэлье л дээ. Төр нь иргэддээ хүргэх гэж хичээж байгаа ажил нь эзэн биегүй байвал үр дүнгүй болно. Хоёрдугаарт, эзэн биегүй ажлын зарцуулах хөрөнгө нь ч тодорхойгүй байдаг шүү дээ. Тэгэхээр төр хэнд ямар үйлчилгээг зориулж хүргэх вэ гэдэг бодлогоо тодорхойлоход нь Өрхийн нэгдсэн мэдээллийн сан чухал ач холбогдолтой юм. Нэгдсэн мэдээллийн санд өрхийн мэдээллүүд эрэмблэгдэж орно. Тийм учраас  хэнд ямар үйлчилгээ хэрэгтэй байгааг төвөггүй мэдэж, бодлогоо оновчтой хэрэгжүүлэх боломжтой болно.

-Засгийн газарт мэдээллийн нэгдсэн сан ашиг тусаа ингэж өгөх юм байна. Тэгвэл иргэнд, өөрөөр хэлбэл, танд бас надад энэ судалгаанд хамрагдсанаар ямар ашиг тус өгөх бол?

-Магадгүй та бид хоёр мэдээллийн санд орж чадсангүй гэж төсөөлье. Энэ тохиолдолд нийт хүн амд зориулж хэрэгжүүлэх ямарваа төрийн үйлчилгээний гадна үлдэнэ гэсэн үг. Жишээ нь, ЭМЯ-наас нөхөн үржихүйн насны эмэгтэйчүүдэд зориулсан “Эрүүл мэндийн хөтөлбөр” хэрэгжүүллээ гэж бодъё. Гэтэл тухайн өрх судалгаанд хамрагдаж чадсангүй л дээ. Тэгвэл ЭМЯ-ны хөтөлбөр тэр өрхөд хүрч чадахгүй. Мөн нийт хүн амаа интернетийн сүлжээнд хамруулъя гэвэл уг судалгаанд тулгуурлаж тооцооллийг нь хийнэ шүү дээ. “Энэ байршилд нийт тэдэн өрх байна, амьжиргааны түвшин нь ийм байна” гэхчилэн тооцооллоо боловсруулснаар Засгийн газар төсөв хуваарилна. Тэгэхээр судалгаанд хамрагдалгүй хоцорвол энэ тооцоо, төсвийн гадна л үлдэнэ шүү дээ. Цаашилбал, боловсрол, нийгмийн хамгааллын хөтөлбөрүүд хэрэгжүүлж болно. Эрчим хүчний салбарт л гэхэд өрийн үлдэгдэлтэй айл өрхүүд өчнөөн бий. Тэгвэл энэ судалгаагаагаар хэн, хаана хэдий хэмжээний эрчим хүчний төлбөрийн өртэй байна гэдэг нь тодорхой болно. Түүнийг нь харж байгаад л асуудлийг нь шийдэх болно шүү дээ. Онцгой байдал үүслээ гэхэд мэдээллийн сангаас харж байгаад ахмад настан, хөгжлийн бэрхшээлтэй иргэддээ түрүүлж ьусламж хүргэх гэдэг ч юм уу. Гэх зэргээр тоочоод байвал судалгааны ач холбогдол их байгаа л даа.

-Зарим хүн энэхүү судалгааг орон сууц, хүн амын тооллоготой ойролцоо ач холбогдолтой гэж эндүүрч болох юм. Тийм учраас та энэ хоёр ажлын ялгаа, ач холбогдлыг нь дахин нэг удаа тайлбарлаж өгөхгүй юу?

- Хүн ам, орон сууцны тооллого гэдэг бол дэлхий нийтээрээ 10 жил тутамд хүн амаа тоолдог тооллого. Уг тооллогыг цэвэр статистикийн тоон шижилгээнд ашиглах зорилгоор хийдэг. Харин манай судалгаа бол тухайн өрх, хүн амд зориулсан төрийн аливаа үйлчилгээг зохион байгуулахад зориулсан өрхийн албан ёсны бодит мэдээллийн санг бүрдүүлж байгаагаараа ялгаатай гэсэн үг. Тухайн өрхийн гишүүдийн овог, нэр, регистрийн дугаар, хаяг байршил, боловсрол, ажил эрхлэлтийн байдал , амьжиргаандаа зарцуулж байгаа орлого, эд хогшил гээд бүх зүйлийг албан ёсны мэдээллийн санд оруулна. Өөрөөр хэлбэл, агуулга нь өөр, харин мэдээлэл цуглуулж байгаа хэлбэр нь хаалганаас хаалганд буюу  хүн амын тооллого явуулдагтай ижил зарчимтай гэсэн үг.

-Тооллогын үргэлжлэх хугацаа, зохион байгуулалтын ажлын талаар тодруулна уу?

-Дэлхий нийтийн жишгээр энэ төрлийн судалгааг урт хугацаанд бэлдэж, богино хугацаанд хийдэг л дээ. Энэ бол онолын шаардлага. Тийм учраас бид арваннэгдүгээр сарын 25-аас арванхоёрдугаар сарын 9 хүртэл буюу нийтдээ 14 хоногийн хугацаанд улсын хэмжээнд орон даяар, нэг цаг хугацаанд, нэгэн зэрэг эхлүүлж, дуусгана. Одоогийн байдлаар зохион байгуулалтын ажил болон бэлтгэл ажлаа хангаад явж байна. Энэ ажлыг нийт хүн амд чиглэсэн бодлогын ажил учраас ХАХНХЯ-нд даалгаж хийлгэж байгаа. Тиймээс манай яамны бүтцийн байгууллага болох НХҮЕГ, түүний харъяа хэлтсүүд оролцож байна. Нийгмийн халамж үйлчилгээний ажилтнууд сум, баг, хорооны түвшинд баг ахалж ажиллаж байгаа.

-Тоологч нараа ямар шалгуураар авсан бэ. Ажлын эхний үр дүн хэдийгээр гарах бол?

-Энэ судалгааны ажлыг хийх ур чадвартай, хариуцлагтай, туршлагатай, боловсролтой хүмүүсийг тоологч, судлаачаар сонгон шалгаруулж гэрээт ажилтнаар авсан. Мөн тоологчдын цуглуулсан мэдээллийг компьюторт шивэж оруулах хүмүүсийг ч гэсэн шалгаруулж авсан. Бид энэ ондоо багтааж мэдээллийн сангаа бүрдүүлж, ирэх оны эхний улиралд үр дүнгээ Засгийн газарт тайлагнах төлөвлөгөөтэй ажиллаж байна.

-Нийт хэчнээн хүн энэ ажилд оролцож байгаа вэ?

-Улсын хэмжээнд 337 сум, 1000 гаруй баг, нийслэлийн 156 хороо, 1000 гаруй хэсгүүдэд төрийн аблан хаагчдыг дайчилж ажиллуулж байна. Учир нь, тухайн сум, баг, хороо, хэсэг дээр ажиллаж байгаа төрийн албан хаагчид бүрдүүлсэн мэдээллийн сангаа эргээд өөрсдөө ашиглах юм. Тийм учраас нэгжүүд дэхь төрийн албан хаагчдийг энэ ажилд түлхүү оролцуулж байгаа хэрэг. Ер нь бол гэрээт тоологч, төрийн албан хаагчид гээд тооцохоор нийтдээ 10 мянга гаруй хүн энэ ажилд оролцож байна.

-Эдгээр 10 мянган ажилтан нийт хэчнээн өрхөд хүрч ажиллах вэ?

-Монгол Улсад нийтдээ 713 мянган өрх байгаа гэсэн статистик судалгаа бий. Эдгээр өрхийг бүгдийг нь судалгаанд хамруулах бэлтгэл ажлын хүрээнд нийт өрхийн байршлийн жагсаалтыг гаргасан. Ингэснээр тоологч нарт өрх айл орхигдуулахгүй байх нөхцлийг нь бүрүүлж өгч байгаа юм.

-Улсын хэмжээний том судалгааны ажил учраас маш олон айл, өрхөөр явж судалгаа хийх нь. Хот төлөвлөлт, хаягжилтаас эхлээд тоологч нарт бэрхшээл их учрах байх. Энэ бүх эрсдлийг тооцсон уу?

-Мэдээж тооцолгүй яахав. Бид мэдээлэл цуглуулах ажлын эрсдлийн удирдлагыг хэрэгжүүлж байгаа. Өрхийг орхигдуулахгүй бүрэн тоолох, хаягжилтийг тодорхой болгох арга хэмжээг урьдчилж авсан байгаа. Тоологч нартаа зориулж тухайн байршлийнх нь газрын зургийг бэлдүүлж авсан. Өөрөөр хэлбэл, тоологч нарын гар дээр өрхийн жагсаалт, газрын зураг хоёр очно гэсэн үг. Дээр нь, тоологч нарт тухайн газар орноо сайн мэдэх хөтөч нарыг гаргаж өгч байгаа. Хөтөч хэн байхав гэхээр тухайн газар орондоо амьдардаг, орчноо мэддэг, тоологчийг ямар нэгэн байдлаар өрхөө олохгүй байх байдалд хүргэхгүй байх хүмүүсийг шалгаруулж сонгож авсан. Нийслэлд бол хороодын хэсгийн ахлагч, хөдөө бол багийн Заасг дарга нар хөтөчөөр ажиллана. Хүн амын нягтаршил ихтэй хотын дүүргүүдэд хэсгийн ахлагч нарын хүрэлцээ муу байгаа учраас олон нийтийн байцаагч нарыг хүч нэмж ажиллуулахаар төлөвлөж байна.

-Тэгэхээр ямар ч тохиолдолд тоологч нар хаалга тогшоод орж ирэх нь тодорхой юм байна. Эсрэгээрээ иргэд ямар үүрэгтэй оролцох юм бэ. Судалгаа үргэлжлэх хугацаанд гэртээ хүн байлгах гэдэг ч юм уу?

-Ер нь бол улсын хэмжээнд хийдэг хүн амын тоологотой ижил хэмжээнд хийж байгаа ажил учраас айл өрх, иргэний өөрсдийнх нь оролцоо зайлшгүй шаардлагатай. Тооллого, мэдээлэл цуглуулах хугацаанд гэртээ заавал хүн байлгах хэрэгтэй. Мөн өрхийн гишүүдийн албан ёсны мэдээллийг авах ёстой иргэний бичиг баримтуудыг бэлэн байлгах ёстой. Яагаад гэвэл, энэ ажлыг богино хугацаанд өндөр зохион байгуулалттай хийж байгаа учраас тоологч нар нэг айлд удаад байх бололцоогүй байгаа. Тийм учраас тоологчийг ирэхэд бичиг баримтаа бэлэн байлгаж, ажлаа саадгүй хийхэд нь туслалцаа үзүүлэх хэрэгтэй байна. Түүнчлэн судалгаанд хамрагдахдаа өрхийн насанд хүрсэн нэг гишүүн заавал байх шаардлагатай. Өөрөөр хэлбэл, насанд хүрээгүй иргэн гэр бүлийн гишүүдээ төлөөлж судалгааны асуултат хариулах, гарын үсэг зурж баталгаажуулах боломжгүй гэсэн үг. Тэгэхээр өрхийн гишүүдээ төлөөлж насанд хүрсэн нэг хүн заавал байж, гарын үсэг зурах ёстой гэсэн үг. Үүнээс гадна судалгааны үеэр эзгүй байх, ажлаар хол явж байх тохиолдол гарахыг үгүйсгэхгүй. Тийм учраас бид зөвлөхүүдээрээ дамжуулаад айл, өрхүүдэд урьдчилж мэдэгдэж, мэдээлэл хүргэж байгаа.

-Тэгэхээр таван ам бүлтэй өрхийн насанд хүрсэн нэг гишүүн нь тоологчийг ирэхэд бусад гишүүдийнхээ бичиг баримттай байж байхад болно гэсэн үг үү?

-Тэгж ойлгож болно. Өрхийн гишүүдийг заавал бүгдээрээ гэртээ байж байгаад хамрагдана гэсэн шаардлага тавихгүй байгаа. Насанд хүрсэн нэг гишүүн нь бусдыгаа төлөөлөөд судалгаан дээр гарын үсэг зурж баталгаажуулахад л болно. Түүнчлэн гэрийн эздийг эзгүй хойгуур гэрийг нь хараад сууж байгаа хүн байж гэж бодъё. Энэ тохиолдолд тэр хүн тухайн өрхийн гишүүн биш учраас төлөөлж гарын үзсэг зурах эрхгүй. Тоологч нар заавал тухайн өрхийн гишүүнийг байлцуулж байж судалгаагаа авна, гарын үсэг зуруулна.

-Хэрэв өрхийн гишүүд нь гэртээ ирж амжилгүй судалгаанаас хоцорвол яах вэ?

-Өргөдөл гомдлын механизм бүрдүүлсэн. Аймаг, дүүргүүдэд өргөдөл гомдлын мэргэжилтнүүдийг ажиллуулж байгаа. тэгэхээр ямар нэгэн байдлаар судалгаанд хамрагдаагүй үлдсэн өрх байвал дараа нь энэхүү өргөдөл гомдлын системээр судалгаандаа хамрагдах бололцоогоор нь хангаж өгсөн.

-Түр оршин суугч болон бүртгэлгүй, шилжилт хөдөлгөөнөө хийлгээгүй байгаа өрхүүдийг хэрхэн хамруулах вэ?

-Тоологч нар Монгол Улсын нутаг дэвсгэр дээр амьдарч байгаа бүх өрх, хүн амыг засаг захиргааны нэгжийн харьяалал хамаарахгүйгээр тухайн байршил дээр нь бүртгэх үүрэгтэй. Жишээлбэл, Увс аймгийн Хяргас сумаас Улаанбаатар хотод ирж суурьшаад шилжилт хөдөлгөөнөө хийлгэж амжаагүй хүн байвал тухайн газартаа бүртгэлтэй эсэхийг нь үл хамааран судалгаандаа оруулна. Үүний цаана “иргэний бүртгэлийн урамшуулалтай тогтолцоо” гэсэн давхар бодлого явж байгаа. Энэ нь юу гэсэн үг вэ гэхээр мэдээллийн сан бүрдсэний дараа тухайн хүнд “танд төрийн ийм үйлчилгээ авах эрх нээгджээ. Та энэ үйлчилгээг авахыг хүсч байвал шилжилт хөдөлгөөний асуудлаа шийдүүлэх хэрэгтэй байна. Эндээ бүртгүүлээд үйлчилгээгээ авч болно. Эсвэл өөр газарт бүртгүүлээд үйлчилгээгээ авч болно “гэх жишээтэй.

-Түр оршин суугчдын үндсэн хөрөнгө нь өөр газарт байж болно шүү дээ. Энэ тохиолдолд иргэд тооллогод хамрагдахдаа үндсэн эд хөрөнгөө мэдүүлэх ёстой юу?

-Хөдөө амьдардаг хүн хотод түр оршин сууж, өвөлжиж байж болно л доо. Гэхдээ тооллогол хамрагдахдаа орон нутагтаа байдаг мал, хөрөнгө юу байдаг юм тэрийгээ л үнэн зөвөөр нь мэдүүлэх үүрэгтэй.

 -Өрх гэдэг ойлголтийг юу гэж ойлгох вэ.

-Өрх гэдэг бол гэр бүл гэдэг ойлголтоос арай өөр асуудал. Гэр бүл гэдэг нь эхнэр, нөхөр хоёрын гэрлэлтийг баталгаажуулж байгаа асуудал. Харин өрх гэдэг бол нэг орон байранд хоорондоо харилцан хамааралтай, эдийн засгийн хувьд нэгдмэл, нэг тогооноос хамт хоол идэж байгаа гэж ярьдаг шүү дээ. Түүнийг л өрх гэж авч үзнэ. Тэгэхээр нэг өрхөд хэд хэдэн гэр бүл байж болох нь. Гол нь нэг тогооноос хоол идэж байна уу, эдийн засгийн хувь бие биеэсээ хэр харилцан хамааралтай байна гэдгийг нь гол үзүүлэлт болгож авч байгаа.

-Монголд байдаг хамгийн бодитой жишээ бол эцэг, эхийнхээ орон сууцны нэг өрөөнд нь гэр бүл зохиогоод тусдаа гарчихсан залуу гэр бүлүүд байдаг. Энэ тохиолдоолд хоёр өрх айл байна гэж тооцох уу?

-Бид тоологч нартаа үүрэг өгөхдөө айлд ороод үзэмжээрээ өрхийг нь бүртгэхгүй ээ. Тухайн өрхийн гишүүдтэй ярилцаж, өрхийн шинж байдлыг нь тодорхойлно. Түрүүн ярьсан эдийн засгийн хамаарлыг нь тодорхойлно гэсэн үг. Өөрөөр хэлбэл, таны хэлсэн тохиолдолд нэг хэсэг нь эдийн засгийн хувьд нэгдмэл нэг тогооноос хоол иддэг. Нөгөө хэсэг нь эдийн засгийн хувьд тусдаа байж болно шүү дээ. Тийм учраас эдийн засгийн хамаарлыг нь авч үзнэ гээд байгаа юм.

-Судалгаанд хамрагдаагүй үлдсэн өрхөд ямар хохиролтой байх вэ?

-Тоологчийн гарын авлагад тухайн өрхөд дөрөвөөс доошгүй удуу очиж, заавал судалгаанд хамруулахыг эрмэлзэж ажиллахыг зөвлөмж болгосон. Ямар нэг байдлаар судалгаанд хамрагдаж чадалгүй үлдсэн тохиолдолдтүрүүн хэлсэнчлэн өргөдөл, гомдлын журмаар нөхөн бүртгүүлж болно. Тийм учраас орхигдох магадлал бараг байхгүй.

-Судалгааны хугацааг сунгах уу?

-Хугацаа сунгах асуудал бол байхгүй. Энэ сарын 25-ны өдрөөс эхэлж, ирэх сарын 9-ны өдрийн 22.00 цагаар дуусгавар болно. Үүнтэй холбоотойгоор нэг зүйлийг анхааруулахад арванхоёрдугаар сарын 9-ны өдрөөс хойш тоологч нар айл, өрхөөр явж судалаа хийхгүй. Ер нь улсын хэмжээний ийм том судалгааны үеэр тоологч нарын нэрийг барьж, хулгай, тонуул хийх үзэгдэл гардаг. Тийм учраас тоологч нарын баталгаажуулсан тамга бүхий үнэмлэхийг шалгаж үзсэний дараа гэртээ оруулж, мэдээлэл өгөх хэрэгтэй.

-Иргэдийн амьжиргааны төвшин тодорхой үе шаттайгаар хувьсч байдаг байх. Тэгэхээр энэ судалгааг хэдэн жил болоод шинэчлэх ёстой байдаг вэ?

-Гурван жилд мэдээллийн санг шинэчлэх талаар зөвлөмж гарсан байдаг. Тийм учраас бид 2010 онд эхлүүлсэн судалгааг одоо 2013 онд шинэчилж байна шүү дээ.

-Иргэдийн өгсөн мэдээллийн үнэн зөв эсэхийг хэрхэн мэдэх вэ?

-Иргэд өмнө нь хэрэгжүүлсэн халамжийн хөтөлбөрт хамруулах зорилготой эндүүрч болох юм. Гэхдээ энэ удаа нийт хүн амыг хамруулж байгаа, амьжиргааны түвшинг тогтоох үзүүлэлтүүд нь өөрчлөгдсөн., тооцоолох аргачлал, систем нь өөр, тухайн авч байгаа мэдээллийг үнэн бодит байдлыг бататгах үүднээс хоёрдогч үүсвэрээс давхар мэдээлэл авч байгаа гэдгийг ойлгох хэрэгтэй. Юу гэхээр иргэний бүтгэл, малын А дансны бүртгэл, ЗЦГ, АТГ-аас автомашины бүртгэл мэдээллийг тодруулах гэдэг ч юм уу, өрх бүрийн мэдээллийн хоёрдагч эх үүсвэрээс мэдээлэл авч баталгаажуулна.

-Салбар дундын мэдээллийн санг зөвхөн төрийн байгууллагууд л ашиглах эрхтэй юм уу. Хувийн хэвшил тур дундаа банкууп энэ мэдээллийг санг ашиглаж найман хувийн хүүтэй орон сууцны зээл хүссэн иргэдийн судалгааг хийж болох уу?

-Бололгүй яахав, заавал төрийн байгууллага гэхгүйгээр иргэдэд зориулсан төрийн бодлого, хөтөлбөрийг, жишээ нь, найман хувийн хүүтэй орон сууцны зээлийг хөтөлбөрийг хэрэгжүүлж байгаа арилжааны банкууд ч ашиглаж болно. Мөн Засгийн газрын төсөл хөтөлбөрийг хэрэгжүүлж байгаа олон улсын байгууллагууд ч ашиглаж болно. Бид найман хувийн хүүтэй орон сууцны зээлтэй холбоотой асуултыг судалгаандаа оруулсан. Энэ мэдээллийг арилжааны банкууд ашиглаж, бодлого хөтөлбөрөө боловсруулж болно. Түүнчлэн өвөл утааны асуудал босдог. Энэ судалгаагаар утаагүй зуухыг авах ёстой хүмүүст нь хүргэх боломж үүснэ. Гэх зэргээр агаарын бохирдлыг бууруулахад ч хувь нэмрээ оруулах боломжтой.

-Тооллогын үеэр гарч болох хүндрэл бэрхшээлийг тооцсон уу. Үүний эсрэг ямар арга хэмжээ авч байгаа вэ?

-Богино хугацаанд буюу 10 хоногт зохион байгуулах ажил. Одоо өвөл болж байна. Баруун аймгуудад цас их орж байна. Үүнтэй холбоотойгоор тоологч нарт үйлчлэх автомашины найдвартай байдлыг хангах, нөөц шатахуунтай байх, тоологч нарыг дулаан хувцас, хэрэглэлээ базаах тал дээр нь зохион байгуулалтын ажил хийж байна.

 

Сэтгүүлч Ч.Саранзаяа