З.Баянсэлэнгээс “Бенз” Чимгээ хүртэл
2013/11/21
Жендер, тэгш эрх ярих дуртай манайхны хувьд 2012 оны УИХ-ын сонгуулиар Д.Арвин, М.Батчимэг, З.Баянсэлэнгэ, Р.Бурмаа, С.Одонтуяа С.Оюун, Ц.Оюунгэрэл, Д.Оюунхорол, Д.Сарангэрэл, Г.Уянга, Л.Эрдэнэчимэг нар гишүүн болоод байгааг нь тун ч талархан хүлээж аваад байгаа билээ.
Өмнөх УИХ-д Д.Арвин, Д.Оюунхорол, С.Оюун гурав л байсан бол энэ парламент түүхэндээ хамгийн олон эмэгтэй гишүүнтэй байгаагаараа онцлог юм. Тэгвэл энэ гишүүдийн хэн нь хэн болох талаар доор өгүүлсү.
Д.Арвин
Тэр өмнө нь Ардын намыг МАХН байх үед ёстой аатай жаатай явсан толгой. Тухайлбал 2004-2006 оны телевизийн бичлэгийг ухрааж үзвэл Д.Арвин гишүүн АН-ынхныг шүүмжилж, ширээ шааж байгаа дүр зураг тодоос тод бий. Тэр үед АН сөрөг хүчин харин МАХН олонх байсан юм.
2000-2012 он хүртэл буюу МАХН, МАН-ын үед Их хуралд энэ намаас нэр дэвшиж УИХ-ын гишүүн болж байсан. Хүний амьдралаар бол бүхэл бүтэн нэг үе байгаа биз. УИХ-ын гишүүний зөөлөн суудалд гурвантаа залраад байгаа Хэнтий нутгийн унаган охин түүний хувьд өмнө нь 2004, 2008 оны УИХ-ын сонгуульд төрөлх Хэнтий аймгаасаа нэр дэвшин ялалт байгуулж байсан бол өнгөрөгч оны сонгуулиар Баянзүрх дүүргээс нэр дэвшсэн нь олныг гайхшируулж байсан юмдаг. Гэтэл энэ үеэс МАН болон Д.Арвин хатагтай хоёрын хооронд ан цав үүсч эхэлсэн нь харагдаж байсан билээ. Тухайн үед эрхэм гишүүний ярьснаар намынх нь удирдлагууд түүнд ямар ч дэмжлэг үзүүлээгүй гэдэг. Тэр ч байтугай сурталчилгааны самбар ч гаргаж өгөөгүй ажээ.
Дээр нь УИХ-ын гишүүн, МАН-ын дэргэдэх НАМЭХ-ны тэргүүн Д.Оюунхорол ОТИС-ийнхаа багш, ажилчдад “Д.Арвин гишүүнийг дэмжиж болохгүй” гэсэн анхааруулга өгч БЗД-ийн НАМЭХ-ны хурал дээр ч тэгж хэлж байсан тухай тухайн үеийн хэвлэлүүдээр гарч л байсан. Түүгээр ч зогсохгүй БЗД-ийн НАМЭХ-ныхон хэд хэд болон хуваагдаж, хоорондоо хагаралдан бөөн бужигнаан болж байсан гэдэг.
Нэгэн ярилцлагадаа “Дондогдулам хатны сүнстэй ярилцсан” гэж дурдсан эрхэм гишүүн маань нэг өдөр Ардын намын батлахаа Ардчилсан намын гишүүний батлахаар сольж, улс төрийн томоохон өөрчлөлт хийж, хүмүүсийн нүдийг орой дээр нь гаргасан юм. Гагцхүү түүнийг ийм сонголт хийхэд Ардын намынхны хүйтэн хөндий байдал нөлөөлснөөс гадна УИХ-ын дарга З.Энхболд тэргүүтэй АН-ынхан том түлхэц өгсөн нь дамжиггүй.
М.Батчимэг
Ерөнхийлөгч Ц.Элбэгдоржийн зөвлөхөөр ажиллаж байгаад УИХ-ын гишүүн болсон хүн бол М.Батчимэг. Ерөнхийлөгчийн хүн гэгддэг тэрбээр өнгөрсөн оны есдүгээр сард Хэвлэл, мэдээллийн эрх чөлөөний тухай хуулийн төслийг боловсронгуй болгох ажлын хэсгийн ахлагчаар ажилласан юм. Гэвч Ерөнхийлөгч энэхүү хуулийн төслөө эргүүлэн татахад хүрсэн билээ. Учир юун хэмээвээс Ерөнхийлөгчийн Тамгын газрын дарга П.Цагаан ярихдаа "Ерөнхийлөгч хэвлэлийн эрх чөлөө, тэнд ажилладаг сэтгүүлчдийн бичиж туурвих эрх чөлөөг баталгаажуулах зорилгоор уг хуулийн төслийг санаачилсан. Гэвч хуулийн төслийн хэлэлцүүлгийн явцад хуулийн үзэл санаанд хэвлэлийн эрх чөлөөг хумих, хязгаарлах, хэвлэлийн эрх чөлөөнд төрийн нөлөө, оролцоог нэмэгдүүлэх тал руу хэлбийх шинжтэй болсон тул төслийг татаж авлаа" хэмээн тайлбарласан учраас УИХ хэлэлцүүлгийг шууд зогсоосон юм. Ийнхүү хуулийн төслийг гэнэт татахаар болсон нь уг төслийг ахалж байсан УИХ-ын гишүүн М.Батчимэгийн уур унтууг нэлээдгүй хүргэсэн юм. Түүнчлэн хэвлэлийнхэн “М.Батчимэг гишүүн хэзээ сэтгүүлчдэд ийм өс саначихаа вэ?” гэж хүртэл гайхаж байсныг нь яана. Цэгц шулуун, шударга гэмээр харагддаг ч Хэвлэлийн эрх чөлөөний тухай хуулийн төсөл дээр арай л түргэн хөдөлж байсан нь багахан алдаа гаргав уу ч гэмээр л санагдаж байсан юм.
З.Баянсэлэнгэ
2008-2009 онд Нийслэлийн Чингэлтэй дүүргийн 17 дугаар хорооны Засаг дарга байсан МАХН-ын Чингэлтэй дүүргийн Мянгатын даргаас Их хурлын гишүүн болсон азтай эмэгтэй бол З.Баянсэлэнгэ. Гишүүн болох болохдоо БШУЯ-ны Нийгмийн бодлого байнгын хорооны даргаар томилогдчихсон гэж байгаа. МАХН-ын дарга Н.Энхбаярыг Төв аймгийн урьдчилан хорих төвд саатуулагдсаныг эсэргүүцэж, суллахыг шаардан жагсаал цуглаан зохион байгуулж байсан төдийгүй “Хэлмэгдэгсдийн хөшөө”-ний урд олон хоногийн нойтон өлсгөлөн хүртэл зарлаж байсан тэрбээр Н.Энхбаяр даргыгаа ярихаараа нүднээс нь нулимс цийлэгнээд л ирдэг. Гэхдээ ингэж уйлж унжиж, суулт хийснийхээ шагналыг тэр авсан. Авах авахдаа бүр намын жагсаалтаар нэр дэвшсэн юм. З.Баянсэлэнгэ байтугай өчнөөн жил энэ намын төлөө үг хэл, үйл хөдлөлөөрөө зүтгэсэн нөхөд намын жагсаалтаар нэр дэвшээгүй байхад тэр шууд л ногоон гэрлээр орсон юм. Мөн буруу ташаа мэдээлэл нийтэлсэн, бусдын нэр хүндэд халдсан гүтгэлгийн чанартай мэдээ, нийтлэл хэвлэн нийтэлсэн бол тухайн байгууллагыг 1-3 сая төгрөгөөр торгоно гэсэн заалтыг байнгын хороогоор авч хэлэлцэх үед З.Баянсэлэнгэ гишүүн “Энэ торгуулийн хэмжээ бага байна. Торгуулийн хэмжээг 10-15 сая төгрөг болгосон нь зөв” хэмээн элийрч гишүүд болоод сэтгүүлчдийн дургүйцлийг хүргэж байсан юм.
Р.Бурмаа
Нэлээдгүй хугацаанд сонгуулийн хууль, сонгогчдын эрх ярьж чамгүй амжилт олсон “Сонгогчдын боловсрол” төвийн тэргүүн Р.Бурмаа бол цэцэд зарга заальхай үүсгэхдээ тун ч гаргууд, зартай нэгэн. Тэрбээр 2007онд УИХ-ын дарга Ц.Нямдоржийг суудлаас нь унагаж байсан түүхтэй юм. Тодруулбал, Үндсэн хуулийн цэц 2007 оны тавдугаар сард УИХ-ын дарга Ц.Нямдорж УИХ-ын бvрэн эрхэд удаа дараа халдаж Үндсэн хуулийн холбогдох заалтыг зөрчсөн нь тvvнийг албан тушаалаас нь огцруулах vндэслэл болно гэсэн дvгнэлтийг гаргасан юм. Магадгvй Цэцийн тvvхэнд албан тушаалтныг огцруулах vндэслэл болно гэсэн анхны дvгнэлт энэ байсан байх. Өөрөөр хэлбэл иргэн Д.Ламжав, Р.Бурмаа нарын өргөдлөөр Үндсэн хууль зөрчсөн нь тодорхой болж, УИХ-ын даргыг огцруулах vндэслэл болсныг хэлэлцэж байсан юм.
Р.Бурмаа:
- Хуулийн хувийн хэрэгтэй танилцахад эх хувь нь байхгүй ноорог байсан. Та эх хувийг миний өв хөрөнгө гээд сэтгүүлчдэд дэлгэж үзүүлж байсан. Ямар хуулийн заалтаар хувийн өмч болгосон юм бэ хэмээн асуухад
Ц.Нямдорж “Би өөрийн ажиллаж байсан бүх хуулийн хувийн хэргийг өөртөө авдаг. Эх хувиа Тамгын газарт өгнө гэсэн заалт байхгvй. Би гишvvнийхээ хувьд өөрийн ажиллаж байсан хуулийн хувийн хэргийг өөртөө хадгалах эрхтэй. Гишүүдийн эрхэд халдах эрхгүй хүмүүс хэт халдаад байна” хэмээх хариултыг хүртэл өгч байсан.
С.Одонтуяа
2008 оны УИХ-ын сонгуульд БГД-т чамгүй хөрөнгө, хүч хаян байж нэр дэвшээд өвдөг шороодсон ч дахин 2012 оны сонгуульд даагаа нэхэж, ялалт байгуулсан хүн бол УИХ-ын гишүүн С.Одонтуяа. Тэрбээр саяхан БГД-т хамт нэр дэвшсэн С.Эрдэнийгээ шүүхэд өгсөн гэсэн яриа гарч, багагүй шуугиан тарьсан. Тодруулбал, сайд С.Эрдэнэ нь "Ажилласан жил, тэтгэврийн даатгалын шимтгэлийг нөхөн тооцох тухай хууль"-ийн төслийг санаачилж, УИХ-аар батлуулсан. С.Одонтуяа гишүүний хэлж буйгаар "1994 оноос өмнө дөрвөөс дээш хүүхэдтэй ээжүүд, 25 жил ажилласан цэргийн алба хаагчийг хүчээр шахам тэтгэвэрт гаргаж байсан. Тэдний ажилласан жил өөрийнх нь хүсэлтээс үл хамааран тасалдсан байдаг учир дээрх хуульд хамруулах ёстой” гэнэ. Гэтэл С.Одонтуяа гишүүний хэлсэн дээрх зүйлийг С.Эрдэнэ сайд үл тоож, тус хуульд оруулаагүй юм байна. Шүүхэд өгсөн үндэслэлийг тэдний хэн хэн нь дээрхээс болсон гэж тайлбарлаж байгаа ч цаанаа олон жилийн угшилтай хэрүүл, маргаанаас болсон байх гэсэн таамаглал дэвшүүлэх хүмүүс ч байна. Харин С.Одонтуяа гишүүний хувьд шүүхэд өгөөгүй хэмээн албан ёсоор мэдэгдээд байгаа билээ.
С.Оюун
Иргэний Зориг намын дарга С.Оюун бол улс төр хэмээх их айлд хамгийн азтай явж байгаа бүсгүйчүүдийн нэг яах аргагүй мөн. Анх ахынхаа нэрээр улс төрд орж ирлээ хэмээн шүүмжлүүлж, гоочлуулдаг байсан түүнийг Их хурал байх ёстой төлөөллийн нэг хэмээн дүгнэж, үнэлж хүндлэх хүн олон болсон. УИХ-ын сонгууль болж шинээр ЗГ байгуулагдах бүрт л Иргэний Зориг нам идтэй шидтэй, элдэвтэй гэмээр сайдын суудал авч чаддаг.
Ц.Оюунгэрэл
Монос”-ын Л.Эрдэнэчимэг нэрээ “Бенз” Чимгээ нэрээр сольсон бол америк нөхөртэй хэмээн адлагддаг байсан Ц.Оюунгэрэл сайд “Батаар” сайд болсон. Тэр бүү хэл АУЗ Б.Лхагвасүрэн гуай “Монгол тулгатны 100 эрхэм” нэвтрүүлгээрээ “Батаар” яам хэмээж байна билээ. Тэрбээр АНУ-д худалдаалах гэж байсан Тираннозавр батаар үлэг гүрвэлийн ясыг Монголд авчрах гэж тун ч сайн гүйсэн. Адгийн зарга арав хоног гэгчээр энэ асуудал нэлээдгүй хугацаанд үргэлжлээд, явж явж нэг юм асуудал манай талд шийдэгдэж, “Батаар”-аа нутагтаа авчирч санаа нь амарсан. Төрийн ордны өмнө талбайд “Батаар”-таа гарааш бариулж хэсэг үзэсгэлэн болгож байлгачихаад саяхан Дархан руу аваад талийгаад алга болсон. Түүнчлэн хөшөө талбай нураах дуртай нөхдөөсөө яаж дутах вэ гэсэн шиг эрхэм сайд маань сүм хийд, музейг шинэчилнэ, засна сэлбэнэ хэмээн нураахыг нь нурааж, сүйтгэхийг нь сүйтгээд эхэлчихсэн явж байна. Наад захын жишээг дурдахад, Чойжин ламын музей, Богд хааны ордон музейн хамгаалалтын бүсэд нь халдаж газар олголт хийгдсэнээс тухайн музейн барилгуудад цууралт үүсч эхэлсэн талаар хэвлэлүүд мэдээлж байсан. Харин өнгөрөгч есдүгээр сард музейн барилга байгууламжтай танилцсан Ц.Оюунгэрэл сайд музейд хадгалагдаж буй бүтээлүүд төдийгүй барилга нь түүхийн хамгийн үнэт өв гэдгийг мэдэж, харсан л баймаар.
МИАТ-ийн экс удирдлагуудыг шүүх хурал саяхан болж өнгөрсөн. Энэ хэргээс болж “Батаар” сайд маань Х.Тэмүүжин сайдтай муудалцсан. Тодруулбал,сайдын дүү нь МИАТ-ийн нисэхийн инженер байсан гэлцэх.
Д.Оюунхорол
Дараагийн хүн бол УИХ-ын гишүүн Д.Оюунхорол. Түүний үүх түүх, намтрыг та сайн мэднэ.Отгонтэнгэр Их сургуулийг үүсгэн байгуулагч, МАН-ын дэргэдэх НАМЭХ-ны тэргүүн тэрбээр 2004 оны УИХ-ын сонгуульд өрсөлдөөд ялагдсандаа шаралхсан уу яасан МАХН-ын лидер Н.Энхбаярынхаа талаар ширүүхэн үг хэлж байсан санагдана. Түүнчлэн 2012 оны УИХ-ын сонгуульд Завхан аймагтаа УИХ-ын гишүүн асан Д.Балдан-Очиртой нэр дэвшсэн. Харин сонгогчидтойгоо хийсэн уулзалтан дээр мань хоёр түр тар хийж, нэг нэгнийхээ но-г дэлгэхээ алдсан төдийгүй одоо хонь чоно болсон гэдэг юм билээ.
Мөн өнгөрөгч оны УИХ-ын сонгуулийн дараа Д.Оюунхорол гишүүнтэй холбоотой нэг дуулиан дэгдсэн нь 500 саяын асуудал байсан. Тодруулбал, Өнгөрөгч оны есдүгээр сард “Завханы хөгжил” нэрийн дор “Д.Оюунхорол 100 саяыг завшиж, 400 сая төгрөгөөр намынхныгаа ивээн тэтгэжээ” гэсэн нийтлэл гарч байсан ч тэрбээр үүнийг үгүйсгэж, мэдээлэл хийсэн байдаг юм.
Д.Сарангэрэл
2012 оны УИХ-ын сонгуульд намын жагсаалтад 10-т бичигдсэн ч өмнөх 9 хүн нь УИХ-ын гишүүн болж, гишүүн болж чадалгүй үлдсэн хүн бол Д.Сарангэрэл. Тэрбээр хамгийн багадаа 12 хүн намын жагсаалтаар УИХ-д орно гэж тооцоолж суусан тул гишүүн болно гэдэгтээ итгэлтэй байсан аж. Гэвч түүний азын од нь гийж, “азтай тахиа” хэмээн нэрлэхэд хүрсэн гэмээр нэгэн үйл явдал болсон юм. МАН-ын экс генсек У.Хүрэлсүх УИХ-ын гишүүнээс татгалзах хүсэлт гарган УИХ-д мэдүүлсэн. Ингээд Д.Сарангэрэл түүний орыг залгаж, гишүүн болох нь тодорхой болсон юм. Хамгийн сонирхолтой нь анх МАН-ын экс генсек У.Хүрэлсүх манай намд ажиллаач хэмээх саналыг тавьж байсан гэдэг шүү. Тэрбээр өнгөрөгч оны 12-р сарын 13-нд Г.Батхүү, Д.Арвин нарын хамт гишүүний тангаргаа өргөж байсан билээ. Түүнийг Д.Оюунхорол гишүүнтэй харьцуулж хардаг, ярьдаг хүн цөөнгүй байдаг. Тэднийг нэгэн хурал дээр хоорондоо муудалцаж, нэг рүүгээ салаавч гаргасан гэх шуугиан дэгдсэн. Харин Д.Сарангэрэл үүнийг эрс үгүйсгэсэн.
Г.Уянга
Түүний хувьд Иргэний хөдөлгөөнд байхдаа тухайн үеийн Ерөнхийлөгч Н.Энхбаярыг хамгийн ихээр шүүмжлэн тэмцэж, түүний но-г баримтуудаар илчилсэн нэвтрүүлэг хийдэг байсныг нь бид тодоос тод санаж байгаа. Хувь заяа гэдэг сонин юм даа. Өмнө нь Амлалт нэхэх ард түмний хөдөлгөөний удирдагч хэмээх гуншинтай Г.Уянга ЧД-т өрсөлдөж, ялагдал хүлээж байсан. Харин 2012 оны УИХ-ын сонгуульд Н.Энхбаяр тэргүүтэй МАХН, М.Энхсайхан тэргүүтэй МҮАН нэгдэж байгуулсан “Шударга Ёс” эвслээс гишүүнээр сонгогдоод байгаа билээ. Угийн тэмцэгч, зоригтой эмэгтэй гэгддэг түүнийг нэг нам, эвсэл, нөхөддөө тууштай байж чаддаггүй юм байна хэмээн шүүмжлэх хүмүүс ч мундахгүй. Тэрбээр “Эх орныхоо төлөө бол хэнтэй ч хамтрахад бэлэн” хэмээн хэлж байсан түүх ч бий.
Л.Эрдэнэчимэг
“Монос”-ын гэх тодотголтой энэ бүсгүй 2008 оны УИХ-ын сонгуульд Сүхбаатар аймагт АН-аас нэр дэвшиж ялагдсан. Ялагдлын шалтгаан юу гээч
Тэр үед зүүн аймгуудын нутгаар маш их цас орж, зуд нүүрлэсэн байсан юм. Гэтэл хатагтай Л.Эрдэнэчимэг зуданд малаа алдаж, зутарсан айлын гадаа очоод хээвнэг зургаа авахуулчихсан байсан. Угтаа бол сонгуулийн PR-аа хийж, сонгогчдоос жаахан “кок авах” санаатай явсан нь талаар болж харин ч олны зэвүү дургүй хоёрыг зэрэг хүргээд авсан юм. 2012он бол Л.Эрдэнэчимэг гишүүний хувьд аз, од нь гийсэн жил байсан юм. Тэрбээр СХД-т АН-аас нэр дэвшиж, нам нь ч өөрөө ч ялалт байгуулсан. Түүний хувьд улс төрд бол их л идэвхтэй, хичээл чармайлттайгаар орж ирсэн бас ажлаа эхлүүлсэн. УИХ дахь эмэгтэй гишүүдийн даргаар сонгогдсон тэрбээр Их хурлын даргыг хүртэл санаа зовоход хүргэсэн. Их хурлын чуулганы танхимыг өөрийн тарьж ургуулсан гоёмсог цэцгүүдээрээ чимж, тохижуулсан юм. Гэтэл тэрбээр хамгийн сүүлд “Монос”-ын гэгдэх нэрээ “Бенз” Чимгээ нэрээр солиод байгаа. Яагаад гэхээр эрхэм хатагтай Бенз S500 машинтай болсноо олон нийтийн цахим хуудсаар зарлан, машинаа магтсанд иргэд “бид хоёр идэхгүй хоосон хонохгүй өдрийн хоолоо залгуулж байхад баярхлаа” хэмээн дургүйлхсэн. Мөн 2012 оны сонгуулиас дөнгөж өмнөхөн айлын гал унтраах гэж шанага барьж зогссон түүнийг “шанага” Л.Эрдэнэчимэг гэж хочлох болоод байсан бол одоо “Бенз” Чимгээ хочтой болоод байгаа. Харин УИХ дахь эмэгтэй гишүүдээс хамгийн олон хочтой хүнийг тодруулбал тэр яах аргагүй түрүү магнай болно доо.
Б.МЯГМАР
Зочин · 2013/11/22
Шанага шанагаар **********саар бенз болгосоон гэж...