Ард түмний итгэлийг хүлээж, тэдний амьдрал ахуйг дээшлүүлэхээр сонгогдон гарч ирсэн хэдэн нөхдийн зарим нь үнэхээр тэнэгтэж чадаж байна аа. Ерөнхий сайд нь арвайн гурил идэхийг санал болгож байхад Аюулгүй байдал гадаад бодлогын байнгын хорооны дарга шинээр "цагаан толгой" зохиож, ажлаа хийхээс илүүтэйгээр жиргэж суудаг гишүүн өөрт ашигтай төсөл боловсруулаад л. Энэ байдлууд манай төрийг эмгэнэл рүү хөтөлнө.

Хийх зүйлгүй гишүүн хэл шинжлэлийн эрдэмтдийг ажилгүй болгоно

УИХ-ын гишүүн Ц.Цолмон өдөр тутмын хэрэгцээг харгалзан латин үсгээр монгол хэлийг бичих хувилбарыг боловсруулж зохиогчийн эрх авчээ. Тэрбээр энэхүү батлагдсан хувилбарыг өдөр тутмын хэрэглээндээ ашиглаж байхыг УИХ-ын гишүүддээ санал болгосон байна. Санал хүргүүлэх тухай албан бичгээ ангийнхандаа илгээсэн. Мөн санал болгож буй хувилбарын шинэлэг давуу тал нь Ө, Ү үсгийг оновчтой тэмдэглэж байгаа гэнэ. Тодруулбал, криллийн Ө-г ойрлцоо дуудагддаг латины Q үсгээр, Ү-г ойролцоо дуудагддаг болон төстэй харагддаг V үсгээр тэмдэглэх юм байна. Жишээ нь, Хөдөө тал минь малаар дүүрэн гэдэг өгүүлбэрийг Hqdqq tal mini malaar dvvren гэж бичих аж.

Тэрбээр энэ талаар “Би саяхан кирилл монгол хэлийг латин галигаар тэмдэглэх хувилбар гаргаснаа, Оюуны өмчийн газар өгөөд эрхийн бичгээ авлаа. Хүмүүс мессэж эсвэл мэйлийг өөр өөрийнхөөрөө бичдэг. Ингэхдээ латин галигийнхаа 26 үсгийг нэг хэсэг нь давхардуулж, нөгөө нь дутуу хэрэглэдэг. Энэ нь зарим тохиолдолд буруу зөрүү ойлгогддог. Тиймээс энэ бүгдийг нэгтгэж, тогтсон нэг жишигт оруулъя гэж шийдсэн. Ямар ч байсан Оюуны өмчийн газраас "Оюуны бүтээл" гэсэн эрхийн бичгээ авчихсан байгаа. Харин одоо үүрэн телефоны операторуудад хандаж, нийтийн бүтээл болгох дээр анхаарч ажиллах бодолтой байна” гэжээ. УИХ-ын гишүүн дээр нь Аюулгүй байдал гадаад бодлогын байнгын хорооны дарга хүн ийм зүйлээр хөөцөлдөн яваа нь олны хэл амыг дагуулаад буй. Ямартаа ч ойр тойрны хүмүүс нь түүнийг хэл шинжлэлийн ухааны эрдэмтдийг ажилгүй болгох нь хэмээн шоолж суугаа гэнэ.

Өөрт ашигтай бусдад халтай тогтоолын төсөл

УИХ-ын гишүүн М.Зоригт буруу талдаа жолооны хүрд бүхий тээврийн хэрэгслийн импортыг хориглох тухай УИХ-ын тогтоолын төсөл санаачилж, өргөн бариад байгаа. Ард иргэдийн эсэргүүцэлтэй тулгараад байгаа энэхүү тогтоолын төслийн талаар тэрбээр “Төслийн үндсэн үзэл санаа нь ердөө л цэгцлэх. Цэгцэлж байгаа нь энэ гээд баруун талдаа жолооны хүрдтэй машины эздийн эрхийг шууд зөрчих гээд байгаа юм биш. Өөрөөр хэлбэл, 2015 оны нэгдүгээр сарын 1-нээс баруун талдаа жолооны хүрд бүхий хуучин тээврийн хэрэгслийн импортыг хориглох тухай ярьж байгаа юм. Үүнээс хойш Монголын хилээр энэ төрлийн авто машиныг оруулахгүй байвал асуудал аяндаа зохицуулалтад орно гэсэн үг" гэжээ.

Түүнийг ийн хуулийн төсөл боловсруулсаныг сонссон зарим иргэдЕвропоос автомашин оруулж ирдэг бизнесээ авч үлдэхийн тулд ингэж байна хэмээцгээж байна. Ямартаа ч М.Зоригтын зорилго бүтвэл ирэх 2015 оноос буруу талдаа жолооны хүрдтэй автомашины импортыг хориглох аж. Ингэснээр Монгол Улсад зөвхөн баячууд нь машин унах эрхтэй болж байгаа. Энэ ч утгаараа нийгмийн ихэнх хэсэг нь түүнийг буруутгаад байгаа.

Харин түүний өөр нэгэн үйлдэл бусдыг бухимдахад хүргээд байгаа. Учир нь тэрбээр ихэнх цагийг цахим ертөнцөд зураг авч, жиргэж өнгөрөөдөг. Энэхүү байдалд нь ундууцсан нэгэн “Элдэв шоугаа зогсоо. Юу ч хийхгүй байж худлаа зураг авч, жиргэхээс өөр ажилгүй “гөлөг” гэжээ. Түүнд өгч байгаа энэхүү "анхааруулга" үүгээр зогсохгүй.

Арвайн гурил санал болгосон Ерөнхий сайд

Ерөнхий сайдын тэнэглэл дуусдаггүй ээ. Тэрбээр өчигдөр "Ерөнхий сайдын 30 минут"-ын үеэр онигоонд орж, хөгөө хөлдөө чирлээ. Цахилгаан дулааны үнэ нэмэгдэж байгаа асуудлийг энгийнээр тайлбарлах гэсэн үү нэг л хошин тайлбар хийсэн. Тэрбээр "Та нар бод доо. Халуун усыг хэрэглэсэн, эс хэрэглэсэн ч танай карантны цаана ирээд зосгож байгаа. Харин хэрэглэхгүй болохоор хөрнө шүү дээ. Тэгээд нөгөө нөхдүүд чинь халаагаад таныг усанд орох нуу гээд хүлээгээд байгаа юм байна. Тэгэхээр нэмэх шалтгаан бол ийм байгаа юм" гэв. Түүний тэнэглэл ингээд дуусаагүй. Учир нь "Би цагаан будаа байхгүй бол гурил иднэ. Яагаад ингээд хэтэрхий тансаг, үрэлгэн байдлыг өөгшүүлээд байдгийг ойлгохгүй юм. Юм идэхгүйгээр өлсөж үх гэж хэлээгүй л байна. Гэхдээ байгаа юмандаа зохицуулалт хийгээд идчих л дээ. Манай арвайн гурил гэж галзуу гоё юм байна шүү дээ" хэмээн арвайн гурилыг ард түмэндээ санал болгосон.

Харин асуудал дагуулж байж олгогдохоор болсон оюутны тэтгэлгийн талаар "Дээр оюутнууд алах гэж байлаа. Яахаараа надад 60 гаруй мессеж ирдэг билээ гэсэн чинь "70 мянга өг" гээд оюутнууд явуулчихсан байсан" гэсэн юм.

Л.Эрдэнэчимэгийн эсрэг О.Баасанхүү тэмцэж байна

Тамхины хяналтын тухай хууль өнгөрсөн гуравдугаар сарын 1-нээс мөрдөгдөж эхэлсэн. Эл хуулийг УИХ дахь эмэгтэй гишүүдийн зүгээс санаачлаад байгаа. Энэхүү хууль хэрэгжиж эхэлснээр сургуулийн насны хүүхдүүдийн дунд бий болоод байсан дам тамхидалт буурсан байна. Тэгвэл УИХ-ын гишүүн О.Баасанхүү тамхины тухай хуулийн эсрэг хуулийн төсөл санаачилж, гишүүдээс гарын үсэг цуглуулж байгаа аж. Гэтэл Тамхины хяналтын тухай хуулийг санаачлагч УИХ-ын гишүүн Л.Эрдэнэчимэг гишүүн "битгий саналаа өгөөрэй" хэмээн өөрийн цахим хуудаснаа уриалга гаргасан.

Б.Тэмүүлэн