Ч.Улаан сайдын улайссан төсвөөр энэ засаг “гоёно
2013/11/21
Тун саяхан даа УИХ-ын гишүүн Ц.Нямдорж чуулга-ны нэгдсэн хуралдааны үеэр Сангийн сайд Ч.Улааныг нэлээд ширүүхэн шүүмжилснийг санаж байна. Учир нь манай улс сүүлийн үед эдийн засгийн нөхцөлөөрөө сахил хүртсэн биш шал дордов гэгчийн үлгэрээр нэгэнтээ замначихжээ.
Угаас хатуу ширүүн үгтэй гэгддэг Ц.Нямдорж “Сангийн сайд нь татварын бодлогоо барихгүй, байгууллагууд санхүүжилт байх гүйгээс болж гацаанд орж байгаа нь үнэн.Бид хуулиа тонгочуулаад, зарчим тогтоохгүй байгаа нь буруу. Арав, арваннэгдүгээр сарын эдийн засаг ямар байхыг хараарай” гэж байлаа
Түүний хэлснээр ер нь хэцүүхэн зураг гараад явчих шиг дүр зураг нэгэнт харагдчихлаа биш үү. Мэдээж үнэн үгэнд хүн өшөөтэй тул Нямдорж гишүүний үгэнд нэлээд “халамцсан” УИХ-ын гишүүн, Сангийн сайд Ч.Улаан “Эдийн засаг доройтож муудсан зүйл алга” хэмээн ганцхан өгүүлбэр чулууд чихаж билээ. Энэ мэт хоёр гишүүний төсвийн байр байц болон нийгэм, улс төрийн эдийн засгийн нөхцөл байдлын асуудлаар хөөрхөн маргаад авахыг харсан ангийн нөхөд нь Улаанаас урваж Нямдоржийн үгийг уг нь ултайхан бодож чихнийхээ хажуугаар нэг их гаргахгүй байсан нь дээр л дээ гэх шүү утгатай үгийг дайж байв.
2013 оны төсөвт тодотгол хийх шаардлага гараад бай гаа хэн хүнгүй хэлж байгаа. Тэгвэл ирэх жилийн төсвийг ямар чиглэлийг барьж боловсруулсан бэ гэх асуултууд ээлж дараалан түүнийг булж хариуд нь тэрбээр “Төслийг боловсруулахад учиртай. Өөрөөр хэлбэл, 2012 оны төсвийн зарлагын өсөлтөөс нэмэгдүүлэхгүй байх зарчим барьсан. Хамгийн сүүлд нь дотоодын нийт бүтээгдэхүүнд эзлэх өрийн хувь хуулийн заасан хэмжээнд байх ёстой. Энэ үзүүлэлтийн хувьд бодит байдалтай уялдуулж, тооцоо судалгаа хийхэд 2014 онд хуульд нэмэлт өөрчлөлт орох зайлшгүй шаардлага үүсээд байгаа. 2010 онд УИХ тогтоол гаргаж, бүтээн байгуулалтын ажлыг өрнүүлэх ёстой гэж үзсэн. Гадаад зах зээлээс 1.5 тэрбум ам.долларын үнэт цаасыг босго гэсэн үүргийг Засгийн газарт өгч байсан.
Энэ бодлоготой уялдуулж 2011 оноос Монгол Улсад бүтээн байгуулалтын ажил эрчимжиж, тэр үзүүлэлтүүдийг төсвийн үзүүлэлтэй уялдуулан хуульчлан баталсан. Харамсалтай нь 2011 онд ийм хэмжээний эх үүсвэрийг босгож чадаагүй. Харин энэ жилээс эхлэн “Чингис” бонд, Хөгжлийн банкны эх үүсвэр бүрдсэнээр манай улсад бүтээн байгуулалтын ажил эрчимжүүлэх үе шат эхэлсэн. Тэгэхээр хуулийн тогтоосон хугацаа хоёр жилээр ухарч хэрэгжих шаардлага гарч байна. Энэ үүднээс төсвийн үзүүлэлтийг уялдуулан боловсруулсан” гэдгээ хэлсэн. Таны боловсруулж өргөн барьсан авлигажсан төсвийн орлого, зарлагыг хэт үрэлгэн хэмээн шүүмжилж байгаа гэсэн сэтгүүлчийн асуултад “Төсвийн орлогыг аль болох бодитой байх, хэрэгжих үндэслэлтэй, өнөөгийн эдийн засаг санхүүгийн бодит шаардлага хэрэгцээг хангасан байх зарчимд нийцүүлэхэд онцгой анхаарал хандуулсан. Энэ үүднээс төсвийн орлогыг тооцохдоо татварын шинэ төрлийг бий болгохгүй гэсэн зарчим барьсан. Өөрөөр хэлбэл, манай улс татварын нэн тааламжтай орчинтой орон.
Тэгэхээр татварын хөнгөлөлт чөлөөлөлт, бизнесийн таатай орчныг хадгалж үлдэнэ. Харин татварт тэгш, шударгаар хандах үүднээс татварын бааз суурийг өргөтгөх, байгаа боломжоо дайчлах үндсэн дээр төсвийн орлогыг бүрдүүлнэ гэсэн зарчмыг барьсан. Харин зарлагыг аль болох хязгаарлах зарчмыг барьж байна. Өмнөх жилүүдэд байсан буруу практикийг халах ёстой. Төсвийн орлого нэмэгдэх хэрээр зарлагаа нэмэгдүүлдэг буруу зуршлаас ангижрах ёстой гэсэн зарчмаар зарлагаа тооцсон. 2014 онд урсгал зардал өмнөх оноос тав орчим хувиар буурсан байдлаар төлөвлөгдсөн. Хэрэггүй үргүй зардлыг тэвчих, орон тоог нэмэгдүүлэхгүй байх, төсвийн алдагдлыг хэмнэх, улсын төсвөөс өгч байгаа татаас, шилжүүлэг дэмжлэгийг аль болох бага хэмжээнд хязгаарлах. Нөөц бололцоогоо дайчлан төсвийн орлогыг зарлагатайгаа уялдуулах зарчим баримталсан. Ирэх оны төсөв ДНБ-ний хоёр хувьтай тэнцэх алдагдалтай байхаар төлөвлөгдөж байгаа. Энэ нь хуулийн зөвшөөрсөн хэмжээнд багтаж байгаа” гэдгийг хэлж байв. Төсвийн тэнцэл 600 тэрбум төгрөгийн алдагдалтай, төсвийн орлого 1 их наяд 500 сая төгрөгөөр тасалдсан, инфляц 15 хувьтай, төлбөрийн тэнцэл 160 орчим сая долларын алдагдалтай, Хүний хөгжил сан 1 их наяд төгрөгийн хуримтлагдсан өртэй, хөөсөн зарлагатай, зарлагаа даахгүй орлоготой эдийн засаг үүсчихлээ Сангийн сайд аа. Гэтэл өнөөдрийг хүртэл өөрчлөгдсөн зүйлгүй харин ч өргөн хэрэглээний бараа бүтээгдэхүүний үнэ нэмэгдсэн, байр орон сууц мөрөөдөл болтлоо ахичихсан байхад Монгол Улсын мөнгөний авдрыг хэдэн оныг улирч барьсан Ч.Улаан сайд таг дуугүй харсаар л байх уу.
Эх сурвалжийн мэдээлж байгаагаар Сангийн сайд Ч.Улаан сүүлийн үед Н.Алтанхуягийг үг үйлдлийг бодлогоороо зөрөх болсон байна. Тухайлбал Н.Энхбаярыг суллагдсаны дараа түүний тоомжиргүй үйлдэл илт идэвхижих болжээ. Олон жил улс төрд явсан хашир улс төрчийн энэ үйлдэл Шинэчлэлийн Засгийн газрын хувь заяа бүрхэг болж байгааг илтгэж ч мэдэх юм. Тийм ч учраас төсвийн хэлэлцүүлгийг хийхэд чуулганы танхимд хүрч ирэхгүй Засгийн тэргүүнийхээ нүүрийг улалзуулж байна. Мэдээж Н.Алтанхуяг сайд төсвийг нэг бүрчлэн уншаагүй учир Сангийн яамны оруулж ирсэн тоонд ихэд будилж, бухимдсан. Тиймдээ ч төсвийнхөө алдааг УИХ-ын гишүүдтэйгээ хамтран хянаж, засаж сайжруулаад явах зорилготойгоо учирласан. Өөрөөр хэлбэл “бүгдээрээ нийлж байгаад Ч.Улааны оруулж ирсэн төсвийг хяная” гэж байгаа агуулгаар ойлгогдсон. Ийнхүү Шинэчлэлийн гэх нэрэн дор нэгдсэн гурван ч намын хамтарч байгуулсан Засгийн газрынхан түнжин муутай байгаа нь улсын төсвийг магадгүй одоогийн нөхцөл байдлаас ч дордуулаад баталчихлаа гэх хүмүүсийн яриа нэлээд байна. Ч.Улааны улайссан төсөв гэгдвэл яанам бэ?
М.Тунгалаг