УИХ дахь эмэгтэй гишүүдийн бүлгийн санаачлагаар Зүүн хойд Азийн орнуудын эмэгтэй парламентчдын чуулга уулзалт энэ сарын 24-25-нд Улаанбаатар хотноо “Боловсролоор дамжуулан энх тайван, хөгжил дэвшлийг урагшуулахад эмэгтэй парламентчдын гүйцэтгэх үүрэг” сэдвийн дор зохиогдон өндөрлөлөө. 

Чуулга уулзалтад ОХУ, БНХАУ, БНАСАУ, БНСУ, Япон улсаас төлөөлөгч оролцохоос гадна НҮБ, түүний салбар байгууллагууд, Азийн сан зэрэг боловсрол, эмэгтэйчүүдийн оролцоо, хүний эрхийн чиглэлээр идэвхтэй үйл ажиллагаа явуулдаг олон улсын байгууллагуудын төлөөлөл урилгаар оролцсон юм.

Тусгай үүрэг гүйцэтгэгч Элчин сайд С.Бадрал: "Монгол Улс ЮНЕСКО-гийн Ерөнхий бага хурлын 37 дугаар чуулганд тогтоолын төсөл оруулж хэлэлцүүлэн, Ардчиллын боловсролоор дамжуулан дэлхийн иргэнийг төлөвшүүлэх зорилтыг дэмжих гэсэн тогтоол өнгөрсөн долоо хоногт батлуулсан байна. Энэхүү тогтоолын ач холбогдол нь иргэний болон хүний эрхийн боловсрол, ардчиллын боловсролын асуудлаарх сургалтын хөтөлбөрийг боловсруулах, хэрэгжүүлэх талаар улс орнуудын олсон сайн туршлагыг хоорондоо хуваалцах, харилцан суралцахыг хүссэн заалтад байгаа. Монгол Улс Ардчиллын боловсролын тухай тусгай тогтоолыг 2012 онд НҮБ-ын Ерөнхий Ассемблейн 67 дугаар чуулганаар батлуулсан бөгөөд НҮБ-ын гишүүн нийт 193 орны дэмжлэг аван батлагдсан. Энэ 49 орон хамтран зохиогчоор орсон энэхүү тогтоол нь ардчиллын боловсролын асуудлаар НҮБ-аас гаргасан анхны тогтоол бөгөөд үүнийг “Түүхэн тогтоол” хэмээн олон улсын хамтын нийгэмлэг өндрөөр үнэлсэн" хэмээн онцолж байв.

Мөн ЮНЕСКО-гийн төлөөлөгч Еөнис Смит: "Энх тайван ба хөгжил дэвшлийг урагшлуулахад дэлхийн иргэнийг төлөвшүүлэх ЮНЕСКО-гийн зорилтын гүйцэтгэх үүргийн талаар илтгэл тавьсан юм. Тэрбээр Монгол Улс ардчиллын боловсрол, иргэний оролцоог хөхиүлэн дэмжихэд манлайлж байна" гэж илтгэлдээ дурдсан.

УИХ-ын гишүүн Д.Оюунхорол: "эмэгтэй парламентчдын хувьд бид нийгэмд тулгараад байгаа 4 гол асуудалд анхаарлаа хандуулан, идэвх санаачилга гарган ажиллах нь илүү үр дүнтэй болно гэж илтгэл тавихдаа онцолсон. Гэр бүлийн гишүүдийн хариуцлага, эмэгтэйчүүдийн үнэлэмжийг өсгөх агуулга бүхий бодлого, төсөл хөтөлбөрүүдийг боловсруулж хэрэгжүүлэхэд эмэгтэй хууль тогтоогчид санаачлан оролцох учиртай гэж тэрбээр хэллээ. Түүнчлэн эмэгтэйчүүдийн цалин хөлстэй ажил эрхлэлтийг нэмэгдүүлж, өрхийн бизнесийг хөгжүүлэх, дэмжих, бага орлоготой эмэгтэйчүүдийг төрийн бодлогоор дэмжин тэтгэхэд эмэгтэй парламентчид түлхүү анхаарах шаардлага тулгарч байгааг онцолж байлаа. Охид, эмэгтэйчүүдийн боловсролыг дээшлүүлэх зөв бодлого, хөтөлбөр хэрэгжүүлбэл эмэгтэйчүүдийн ядуурал, цаашлаад нийгмийн ядуурал буурна гэж үзэж байна гээд эмэгтэйчүүд эмэгтэйчүүдээ дэмжиж, үлгэрлэх, тэднийг урам зоригоор тэтгэж байх"-ыг уриалсан юм.

Түүнчлэн тэрбээр "Азийн орнуудын нийгэм, соёлын хандлага эмэгтэйчүүдийг хүлээн зөвшөөрөх, улс төрийн эрх мэдэл бүхий албан тушаалуудад сонгон гаргахад хойрго хандаж байна гэж үздэг ч  дэлхий дахинаа эмэгтэй ерөнхийлөгч, ерөнхий сайд олноор сонгогдон ажиллаж байгаа нь бидний бахархал болж байна.

1995 онд Бээжин хотноо зохион байгуулсан Дэлхийн эмэгтэйчүүдийн IV бага хурал нь Жендэрийн тэгш байдлын төлөөх олон улсын хамтын нийгэмлэгийн хүч чармайлтанд томоохон өөрчлөлтийг авчирч чадсан юм. Азийн орнуудад шийдвэр гаргах түвшин дэх эмэгтэйчүүдийн тоог нэмэгдүүлэхэд анхаарах шаардлагатайг уг хурлаас цохон тэмдэглэсэн нь эмэгтэйчүүд эмэгтэйчүүдийнхээ асуудлыг олж харж шийдвэрлэхэд нөлөөлснөөр эмэгтэйчүүдэд хандах хандлага өөрчлөгдөж эмэгтэй ерөнхийлөгч, ерөнхий сайд олноор сонгогдон ажиллаж байгаа нь бидний бахархал болж байна. Өнөөдөр Монголын хууль тогтоох байгууллага дахь эмэгтэйчүүдийн тоо нэмэгдэж, дэлхийн дундаж үзүүлэлтэд дөхсөн боловч энэ нь эмэгтэйчүүдийн улс төрийн шууд оролцоо өссөнийг илэрхийлж байна гэж дүгнэж болохгүй юм.

Тиймээс цаашдаа бид өөрийн эрхийг сайн мэддэг, эрх чөлөөгөө зөв эдэлдэг, амьдралын ачаагаа даах, улмаар нийгмийн хариуцлага хvлээх чадвартай, идэвхтэй байр суурьтай, боловсролтой эмэгтэйчүүд олноор нэмэгдэж нийгмийг өөрчлөх их хүч болоосой хэмээн хүсч, тийм боломжийг эмэгтэйчүүддээ олгоцгооё" гэж илтгэлдээ хэллээ.

УИХ-ын гишүүн, Гадаад харилцааны сайд Л.Болд: “Та бүхний авч хэлэлцэх гэж буй нэг чухал асуудал бол Эмэгтэйчүүдийн асуудлаарх дэлхий дахины бага хурлын үйл явцыг сэргээх тухай юм. 20 шахам жилийн өмнө Бээжинд хуралдсан  дөрөвдүгээр бага хурлаас хойш дэлхий дахины энх тайвныг бэхжүүлэх, хөгжлийг эрчимжүүлэхэд эмэгтэйчүүдийн гүйцэтгэж буй үүрэг, хариуцлага улам их болсон билээ. Түүний дотор улс орнуудын парламентад эмэгтэй гишүүдийн эзлэх хувь хэмжээ байнга нэмэгдсээр ирлээ. Бээжин хот 1995 оноос хойш танигдахааргүй болон цэцэглэн хөгжсөн боловч та бидний тэр үед ярьж байсан эмэгтэйчүүдийн асуудлууд одоо ч тулгамдсан хэвээр байна. Иймд 2015 онд тавдугаар их хурлыг зарлан хуралдуулах тухай НҮБ-ын Ерөнхий нарийн бичгийн дарга Бан Ги Муны санаачилгыг Монгол Улс дэмжиж байна” гэсэн юм.

Дэлхийн аль ч улс орны эрх барих дээд байгууллагад эмэгтэй­чүүд цөөнх байдаг аж. Манай улсын хувьд ч нийт хүн амын 51,7 хувь, хөдөлмөрийн насны хүн амны 50,4 хувийг эмэгтэйчүүд эзэлдэг хэр нь парламентийн 76 гишүүний 11 нь эмэгтэй гишүүн. Мөн дээд боловсрол эзэмшигчдийн 64 хувь, магистр, докторын зэрэг эзэмшигчдийн 66 хувь, боловсролын салбарын нийт ажиллагсдын 71,3 хувь, төрийн захиргааны байгууллагад ажиллагсдын 40 гаруй хувийг эмэгтэйчүүд эзэлж, эмэгтэйчүүд нийгмийн амьдралын бүх салбарт идэвхтэй үүрэг гүйцэтгэж байгаа гэсэн судалгаа бий. Гэсэн хэдий ч удирдах албан тушаалд голчлон эрчүүд тэргүүлдэг хэдий ч гол ажлын гүйцэтгэлийг эмэгтэйчүүд үүрдэг. Энэ нь ч өнөөг хүртэл хэвээр... Эмэгтэйчүүдийн оролцоог төр түших төвшинд нэмэгдүүлэх нь ганц манай улсын тулгамдсан асуудал биш гэдгийг Зүүн хойд Азийн орнуудын эмэгтэй парламентчдын чуулганаас харагдаж байгаа юм.

Х.Даваа