О.Баасанхүү: Х.Тэмүүжинг бакалаврын мэдлэгээ сайжруул гэж хэлмээр байгаа юм
2013/11/24
УИХ-ын гишүүн О.Баасанхүүг “Ярилцах танхим”-даа урилаа. Тэрбээр Тамхины хяналтын тухай хуульд өөрчлөлт оруулахаар хуулийн төсөл боловсруулаад байгаа билээ. Энэ асуудлаар болон цаг үеийн сэдвээр ярилцлаа.
-Тамхины хяналтын тухай хууль хэрэгжээд удаагүй ч та өөрчлөлт оруулахаар төсөл санаачилсан байна. Хуульд ямар өөрчлөлт оруулах гэж байгаа юм бэ. Гишүүд ч дэмжсэн гэж сонсогдлоо?
-Миний саналыг дэмжиж 52 гишүүн гарын үсгээ зурсан. Тамхины хяналтын тухай хуулийн зарим зүйл заалтыг нь амьдралд илүү ойр байлгаж, хуулийг хэрэгжүүлэх үүднээс тодорхой өөрчлөлт оруулах саналаа Засгийн газарт хүргүүлсэн байгаа. Засгийн газар хуулийн хугацаанд 30 хоногийн дотор хариу өгөх ёстой. Таван үндсэн чиглэлээр өөрчлөлт хийхээр төсөлд тусгасан. Нэгдүгээрт дэлхийн бүх оронд онгоцны буудал дээрээ тамхи татах цэгтэй байдаг. Манайхан гудамж талбай болон онгоцны буудлын гадаа ил задгай газарт тамхи татдаг. Тэдэнд яаж хяналт тавих нь ойлгомжгүй байна л даа. “Та тамхи татахаа боль” гэдэг шаардлагыг нэг нь нөгөөдөө тавихаар “Би хаана татах юм бэ” гэж асуудаг. Тэгэхээр тамхи татдаг газраа очиж тамхиа тат гэж хэлэх үүднээс тамхи татдаг цэг байгуулах санал оруулж байгаа юм. Өөрөөр хэлбэл тамхи татах тусгай цэг байхгүй болохоор тэдэнд шаардлага тавих ч арга алга. Тамхи татдаг цэгтэй болох ёстой. Хоёрдугаарт сургууль, цэцэрлэгийн ойролцоо 500 метрээс дотогш тамхи татахгүй байх хуулийн заалт хэрэгжихгүй байгаа. Үүнийг өөрчилье гэж байгаа юм. Зарим гишүүн 200, 250 болгоё гэдэг саналыг гаргасан. Тухайлбал АН-ын бүлгийн дарга “Би 250 метр байх дээр зөвшөөрч байна” гээд гарын үсгээ зурсан. Ингэж өөрчлөх болсон бас нэг шалтгаан бол өнөөдөр Улсын их дэлгүүрт тамхи зардаггүй. Улсын их дэлгүүр гэдэг чинь тухайн орны нүүр царай. Ямар ч орны УИД-т нь зарагддаггүй бараа гэж байдаггүй. Их дэлгүүрийн ард цэцэрлэг ажилладаг учраас тамхи зардаггүй. Тийм учраас их дэлгүүрт тамхи зарах боломжийг нь нээж өгөх ёстой гэж үзээд байгаа. Гэхдээ үүнийг судалгаанд үндэслэж байж өөрчлөлт оруулах ёстой. Тухайн үед миний сонссоноор Г.Уянга гишүүн 500 метрээр тогтоовол яасан юм бэ гэж санал гаргаад гишүүд гар өргөөд дэмжсэн юм билээ. Тэгэхээр ямар ч судалгаагүй батлагдсан гэж би ойлгож байгаа юм. Иймд хууль хэлэлцэх явцад 100 эсвэл 200, 250 магадгүй 600 болж өөрчлөгдөж болно. Гол нь судалгаагаа тойрч ярих үүднээс энэ санлыг доод төвшингөөр оруулж ирсэн. Дээд түвшинд хүргэх нь бүрэн нээлттэй шүү дээ. Гуравт нь далд бизнесийг ил болгоё гэж байна. Тухайлбал зарим ТҮЦ хуулийн хүрээнд тамхи зараад татвараа төлдөг байсан. Гэтэл далд болсноор татвар далд байдалдаа орсон. Татварын Ерөнхий газар төлөвлөгөөгөө өнөөг хүртэл биелүүлж чадахгүй байгаа нь нууц биш. Мөн Гэхдээ онцгой албан татварыг гурван жилд нэг удаа нэмэгдүүлсэн байдлаар оруулж ир гэсэн төсөв байгаа.
-Тамхины далд бизнесийг яаж ил болгоно гэж?
-Тодорхой газраар тамхины борлуулалт хийгээд эхлэхээр зарагдаж байгаа хэмжээгээр нь татвар авч болж байгаа юм. Татварын бодлогоор далд бизнесийг нь ил болгох ёстой. Түүнээс явуулын ТҮЦ ажиллах ёсгүй. Үүн дээр хатуу арга хэмжээ авъя гэдэг зүйлийг ярьж байна. Хууль өөрөө хэрэгжих боломжтой болоод ирэхээр хяналт тавих бололцоо нь бүрдээд ирнэ. Энэ утгаараа далд бизнес аажмаар ил болно гэж ойлгож байгаа.
-Таныг бусдын лоббид орсон гэх мэтээр Л.Эрдэнэчимэг гишүүн буруутгаж байсан. Тийм зүйл байгаа юм уу?
-Манай улсад бусдыг хардах эрхтэй ч гүтгэх эрх байхгүй. Тэр утгаараа гишүүнийг яагаад ингэж анхны хууль санаачлагч нь биш мөртлөө улайран бүдүүлэг авирлаад байгааг би гайхаж байна. Чуулганы хуралдааны үеэр “О.Баасанхүү гишүүний төсөл дээр гарын үсэг битгий зур, чи эмэгтэй эрэгтэй гишүүний дунд дайн зарласан шүү” гэх мэтээр орилоод байсныг бодохоор инээд ч хүрэх шиг. Би энэ төсөл батлагдах эсэх дээр улайрсан зүйл алга. Түүнчлэн зөвхөн амьдралд нийцсэн хууль гаргах хүсэлтэй байгаагаас өөр санаа алга байна.
-Л.Эрдэнэчимэг гишүүнтэй энэ асуудлаар уулзаж санал солилцсон зүйл бий юу?
-Би Л.Эрдэнэчимэг гишүүнд хэлсэн. “Та ажлын хэсэг ахалж байсан хүний хувьд мэдээлэл авъя” гэсэн чинь “Үгүй” гэсэн. Би Нийгмийн бодлогын байнгын хорооны гишүүн биш ч гэсэн дуртай байнгын хороон дээр сууж санал гаргах эрх хуулиар нээлттэй байгаа. Тэр утгаараа хуулийн эсрэг яриад байгаа хүнтэй уулзаад ч үр дүнд хүрнэ гэж бодохгүй байна
-Хоёулаа одоо арай өөр сэдвээр ярилцъя гэж бодож байна. УИХ-аар “Урт нэртэй” хуулийн төслийг хэлэлцэж эхэлсэн ч төсөв хэлэлцсэнтэй холбоотойгоор чимээгүй болчихлоо?
-Надад ирсэн мэдээллээр Д.Арвин гишүүн хуулийн төслийг боловсруулах ажлын хэсгийг ахлаад З.Энхболд дарга дээр очиж танилцуулсан байна лээ. С.Ганбаатар, Б.Бат-Эрдэнэ гишүүн бид гурав нэг саналтай байгаа. УИХ, Байнгын хорооноос ажлын хэсэг томилоод шалгаад зөрчлийг нь тогтоосон. Энэ зөрчлүүдийг шийдэх эсэх асуудлыг дүгнээгүй байж Засгийн газраас оруулж ирсэн гээд дахиж ажлын хэсэг гаргаад дэмжээд явж байгаа нь УИХ Засгийн газрынхаа дор орсон юм шиг харагдаж байгаа. Нөгөө талаараа Байнгын хорооны тогтоол ямар ч үнэ цэнгүй болж харагдаж байна. Тиймээс эхлээд Байнгын хорооны дүгнэлтийг авч хэлэлцэх ёстой. Сая ажлын хэсэг шалгалтаар явахад зөрчлүүдийг арилгах гэж оролдсон зүйл харагдаагүй. Гарсан бүх зөрчлүүд нь бүгд хэвээрээ байсан. Тийм учраас би хуульд өөрчлөлт оруулахыг дэмжихгүй байгаа.
-Шүүгчдийн цалинг ирэх оны эхнээс нэмэгдүүлж байна. Цалин хангамж нэмэгдсэнээр шүүгчид авлигаас ангид байна гэдэг зүйлийг тэд ярьж байгаа. Энэ нь тийм байж таарах уу?
-“Малгай өөрчлөгдсөн ч толгой нь өөрчлөгдөхгүй” гэдэг үг байдаг. Ерөнхийдөө авлига байгаа юм уу, байхгүй юм уу. Үүнийг нотлох хэрэгтэй. Байхгүй бол хардаад яах юм бэ? Цалин нэмэх тухайд өгөх мөнгө нь байгаа бол өг л дөө. Гэхдээ эмч, багшийг гомдоож болохгүй. Мөнгө нь байгаа бол цалинг нь нэмэх ёстой. Түүнээс биш шүүгч л нэг мундаг юм хийнэ дээ гэж бодох хэрэггүй. Эмч байна. Хүний амь аварч байна шүү дээ. Муу хэлүүлсэн ч гэсэн үхэлтэй тэмцэж байна. Тэр утгаараа боловсрол, эрүүл мэндийн салбарт ч үр дүнтэй ажил хийх ёстой гэж боддог.
-Хуулийн салбарт эрх зүйн шинэчлэлийн асуудлыг ярьж байна. Олон хуулийн төсөл санаачлан боловсруулаад УИХ-д оруулаад ирсэн. Зарим нь батлагдсан, хэлэлцэх шатандаа яваа хуулийн төслүүд ч байна. Та эрх зүйн шинэчлэлийн асуудалд хэр сэтгэл хангалуун байна вэ, хуульч хүний хувьд?
-Эрх зүйн шинэтгэл дээр нэг зүйлийг хэлмээр байна. Эрх зүйн шинэтгэлийн чиглэлээр явагдаж буй төслийг хэн санхүүжүүлсэн юм бэ гэж. 2013 оны төсөвт Эрх зүйн шинэтгэлтэй холбоотой ямар ч мөнгө тусаагүй. 2014 оны төсөвт ч байхгүй. Тэгсэн хэрнээ төрийн албан хаагчид Тайвань руу явлаа гэнэ. Хурал чуулган хийлээ, том том ном хэвлэгдэн гарч байна. Хэвлэлээр ярьж байна. Үүнийг хэн санхүүжүүлж байгаа юм. Санхүүгийн тайлангаа тавих хэрэгтэй. Хүний юм идсэн хүний ам зөөлөн байдаг. Хүний юм авсан хүний гар зөөлөн байдаг юм. Тэгэхээр аливаа улс оронд Үндсэн хуулиа баталсан бол суурь хуулиа баталдаг. Суурь хуулийг сайжруулах тухай асуудал ярина гэхээс суурь хуулиа үгүйсгээд шинэ суурь хууль гаргана гэж байхгүй. Тухайлбал Гэмт хэргийн тухай хууль гэж ярьж байна. Ийм хууль гэж байхгүй. Гэмт хэргийг таслан зогсоох тухай хууль гэж байж болно. Гэмт хэргийг таслан зогсоох нь арга зүйн асуудал. Түүнээс гэмт хэргийг тайлбарласан байж болохгүй юм. Энэ нь сурталчилгаа болчихно. Хоёрдугаарт аж ахуйн нэгж байгууллагыг эрүүгийн хэрэгт татна гэж байх ёсгүй. Яагаад гэхээр өмчийн асуудал яригдаж байна. Нэг компанийн эзэн муу ажил хийлээ гэж бодоход бүх ажилчдыг нь буруутгаж болохгүй. Энэ бүгд онол дээрээ байгаа. Тэгэхээр би Х.Тэмүүжинг бакалаврын мэдлэгээ сайжруулаасай гэж хэлмээр байгаа юм. Би сүүлийн үед Хууль зүйн байнгын хороонд суухаа больчихоод байгаа. Яагаад гэхээр тэдэнд хичээл заах гэж байгаа юм шиг санагддаг болсон. Тэдний ярьж байгаа зүйл ямар ч судалгаа, эдийн засгийн тооцоо байхгүй байгаа юм. Би анх Тахарын алба байгуулах тухай ярихад нь хэлсэн. “За Тахарын алба байгуулахад хэдэн төгрөг хэрэгтэй вэ” гэж байсан. Хувцас, ажилчдын цалинд хэдэн төгрөг төлөвлөж байгаа юм бэ гээд. Энэ асуудлыг бид ярих цаг болсон. Х.Тэмүүжинг залуу хүний хувьд зөв юм хийгээсэй гэж хүсдэг.
-Эрх зүйн шинэтгэлийн төсөл хийхийн тулд төсөв нь хэн нэгнээс хараат бусаар орж ирж байна гэж хардаж байна. Хаанаас санхүүжилтыг нь оруулж ирсэн гэж харж байгаа юм бэ?
-Би хэн санхүүжүүлснийг нь мэдэхгүй. Засгийн газарт энэ асуудлаар асуулга тавих гэж байгаа. Яагаад гэхээр бүх хийж байгаа ажлууд мөнгөтэй байдаг. Нэг ширхэг цаас чинь мөнгө. Сургалт явуулна, мөнгө зарцуулна. Хэдэн хүнийг Тайвань, АНУ руу дагуулж явна, хэдэн төгрөг байх вэ. Энэ чинь төсвөөр батлагдах ёстой биз дээ. Эрх зүйн шинэтгэлд зарцуулах мөнгө гэж төсөвлөсөн нэг ч зүйл хараагүй. Төсөвт тусгасан байгаа бол түүнийгээ хэлчих. Байхгүй бол хэн хаанаасаа санхүүжүүлж байгааг гаргаж тавих хэрэгтэй. Мөрдөх албаны хууль, Тахарын хууль, Эрүүгийн байцаан шийтгэх хууль гээд олон хуулийг санаачлаад батлуулах гэж байна. Энэ бүх хөтөлбөрийн мөнгийг хэн санхүүжүүлж байгаа юм. Үүнийг ил болгож, ард түмэнд тайлагнаач гэдэг зүйлийг хэлэх байна.
-Авлигатай тэмцэх тухай хуулийн төсөлд өөрчлөлт оруулахаар та болон нэр бүхий гишүүд ярьж байгаа юм билээ. Хуульд ямар өөрчлөлт оруулах гэж байгаа юм бэ?
-Ер нь Авлигатай тэмцэх тухай хуулийн төсөлд өөрчлөлт оруулах зайлшгүй шаардлага байна. Энэ хуульд “АТГ-ын дарга нь 55-аас дээш настай хүн байна” гээд заачихсан байгаа. Энэ нь эмэгтэй хүний тэтгэвэрт гарах нас. Ийм утгагүй байж болохгүй. Зөвхөн энэ асуудлаар Үндсэн хуулийн цэцэд хандаж болж байгаа байхгүй юу. Энэ хуульд өөрчлөлт оруулахаар Засгийн газраас санал авахаар өгсөн байгаа.
-Та намынхаа ажилд хэр оролцож байгаа вэ. Намынхаа даргыг БНСУ-д очсоноосоо хойш эргэсэн үү?
-Эргэж очоогүй. Саяхан бага чуулгандаа оролцсон. Манай нам Ардын нам хоёр бол нэг түүхтэй. Харамсалтай нь цөөхөн хүнээс болж энэ нам хоёр талд болсон. М.Энхболдыг би Ц.Элбэгдоржийн сайн найз гэдгийг мэднэ. Тэдний хурал бөөн будилаан болсон гэж би дуулсан. Одоогийн зарим гүйцэтгэх товчооны гишүүд нь сонгогдоогүй хүмүүс байдаг гэж би дуулсан. Үнэний ортой ч байх. Тэдний намтай харьцуулахад манай нам харьцангүй шинэ байгаа ч илүү зөв тал руугаа явж байгаа гэж би бодддог.
-МАХН даргаа өөрчлөх тухай ярьж байгаа гэдэг мэдээлэл цацагдсан. Ер нь танай намын дүрэмд намын дарга хэдэн жилээр томилогддог байхаар заасан байдаг вэ?
-Ардын намын үндсэн зорилго бол засгийг авах бус харин Хувьсгалт намыг үгүй хийх. Тэд зорилгодоо хүрэхийн тулд бүх зүрх сэтгэл оюун санаагаа дайчилж байгаа гэж ойлгож байгаа. Намын даргыг сонгох эсэх нь намын Их хуралаар шийддэг.
-Ярилцсанд баярлалаа.
Т.Амартүвшин
Зочин · 2013/11/26
ene medlegvi lobidoj garj irsen sonin nuhur yum bolgon deer sonin yum yarih yum uuriiguu od gej bodoo bga yum baihdaa
batgerel · 2013/11/25
amjilt xusii , demjij baina shv , unexeer yarij baigaa zuild chin xiii baga ajiglagddag , amidral bol togloom bish zugaa tsengel bol bur bish , zasgiin uil ajilgaag xarxaar patsaanuud zugaatsaj bgaam shig xaragddag , temt*** xeregtei bidnii duu xooloi bolooroi
Зочин · 2013/11/25
****anhuu gishuunee ene erguu yumnuud comment bichij l baig zov l yum yarisan bn shdee
Зочин · 2013/11/25
MONGOLIIN TURD KENDIKRASH TA HOYOR SHIG HEREGGUI AMITAD ALGA DA.
Зочин · 2013/11/25
HELEE HAZSAN HERUULCH JESUS-N BOLON AVILGALCH YALTANII BUGSNII ALCHUUR!!! MONGOL TURIIN SHIVSHIG!!!