Өнгөрсөн долоо хоногоос эхэлж УИХ-ын гишүүн О.Баасанхүү, Л.Эрдэнэчимэг нарын дунд "Тамхины хяналтын хууль"-тай холбоотойгоор асуудал үүсгээд байгаа.

УИХ-ын гишүүн О.Баасанхүүг тамхины бизнес эрхлэгчдийн лоббид автаж, Тамхины хяналтын тухай хуульд ашиггүй өөрчлөлт оруулах гэж байна хэмээн УИХ-ын гишүүн Л.Эрдэнэчимэг мэдэгдэл хийсэн билээ. Тэрбээр О.Баасанхүүг гишүүдэд худал тайлбар хэлж гарын үсэг цуглуулсан хэмээн буруутгаад байгаа юм.

Тэгвэл О.Баасанхүү гишүүн Тамхины хяналтын тухай хуульд ямар өөрчлөлт оруулахаар санал гаргаснаа тайлбарлалаа.  Тэрбээр энэ хуулинд зарим судалгаагүй тоо орсон тул өөрчлөх ёстой гэж үзсэн аж. Тухайлбал, Сургууль цэцэрлэгийн ойролцоо 500 метрээс дотогш тамхи татахгүй гэсэн учир дутагдалтай бөгөөд УИХ дэлгүүр энэ хүрээнд багтаж байгаа тул тамхи худалдахаа больсон. Тэрбээр "Ямар ч орны УИД-т зарагддаггүй бараа гэж байдаггүй. Тамхи худалдаалах боломжийг нь гаргаж өгөх ёстой" гэлээ.

Харин УИХ-ын гишүүн Л.Эрдэнэчимэг “О.Баасанхүү гишүүн Тамхины хуульд өөрчлөлт оруулах төсөлдөө тамхи татах цэг байгуулах заалт тусгасан гэж худал хэлээд 40 гаруй гишүүний гарын үсэг зуруулсан. Үүнд нь  ерөнхий боловсролын сургуулийн хичээлийн байраас 500 метрийн дотогш тамхи борлуулахыг хориглоно гэх заалтыг 100 метр болгон багасгах заалт туссан” гэж мэдэгдээд байгаа юм.

Гэхдээ УИХ-ын гишүүн О.Баасанхүүгийн санаачилсан хуулийн төслийг дэмжиж 40 гаруй гишүүн гарын үсэг зурсаныг бодоход Тамхины хяналтын тухай хуульд алдаа байна гэж үзсэний илрэл болов уу. Тэгээгүй бол УИХ-ын гишүүд баталсан хуулиа дахин өөрчлөх гээд гарын үсэг зурна гэж байхгүй л байлтай. Хамгийн хачирхалтайн УИХ-ын гишүүд ямар утга агуулгатай төсөл болохыг  мэдэхгүйгээр О.Баасанхүүг дэмжиж гарын үсэг зурсан гэдэг нь юу л бол.

Ямартай ч бид энэ хоёр дунд дэгдээд буй асуудалд хэнийхэн зөв, хэн нь ялалтаар дуусах бол гэдгийг харж суух л үлдэж байгаа бололтой.

Х.Даваа