МИАТ компанийн өмнөх удирдлагуудын 10 тэрбумыг залилсан хэргийн талаар хэн юу хэлэв
2013/01/25
Дайны эрсдэлийн даатгалын сангийн мөнгийг гадаадын компанийн данс руу шилжүүлсэн гэх МИАТ компанийн өмнөх удирдлага Ц.Орхон нарын идэж шамшигдуулсан 10 тэрбумын хэрэг олны анхаарлыг татаад байгаа.
Хэргийг хоёр жил орчим шалгаж байгаа бөгөөд "Монголиан Эйрлайнес" компанийн эзэн Ч.Хоролсүрэн, түүний төрсөн дүү Ч.Суурьтогтох, Н.Гантөмөр, МИАТ ХК-ийн гүйцэтгэх захирлын албан тушаалыг хашиж байсан гавьяат нисгэгч Р.Бат-Эрдэнэ, Ц.Орхон болон түүний эхнэр Ү.Цэцэгмаа, Төрийн өмчийн хороонд ажиллаж байсан С.Батхишиг, О.Мандахбаяр нарыг баривчлан цагдан хориод байгаа билээ. Харин энэ хэрэгтэй холбогдуулж ар араасаа олон хүний нэр гарч эхэлсэн бөгөөд уг хэргийн талаар хэвлэл мэдээллээр дамжуулан хэн юу хэлсэн байна вэ.
-Энэ хэрэгт 2012 оны нэгдүгээр сарын сүүлээр эрүүгийн хэрэг үүсгэн шалгаж эхэлсэн. Гэхдээ уг хэрэгт шаардлагатай гэрч байхгүй гэсэн үндэслэлээр түдгэлзүүлээд байсан юм. Улмаар 2013 оны эхээр хэргийг дахин сэргээж нэр бүхий долоон хүнийг сэжигтнээр тооцож баривчилсан.
Нийт долоон хүн байгаа. Эднээс “МИАТ” компанийн мөнгийг завшсан хэмээн Эрүүгийн хуулийн 166.1.3, 150.3-аар МИАТ компанийн гүйцэтгэх захирлаар ажиллаж байсан Ц.Орхон, Р.Бат-Эрдэнэ нарыг шалгаж байна. Мөн дээрх завшсан мөнгийг угаасан байж болзошгүй гэсэн үндэслэлээр “МИАТ” компанийн Коммер, Санхүү хариуцсан захирал асан Ч.Хоролсүрэн, түүний төрсөн дүү Ч.Суурьтогтох, Ч.Хоролсүрэнгийн компанийн нягтлан Н.Гантөмөр, С.Батхишиг, Ц.Орхоны эхнэр Ү.Цэцэгмаа нарын таван хүнийг сэжигтнээр тооцон шалгаж байна.
Сэжигтэн Ц.Орхоныг ШШГЕГ-ын харьяа хорих 461 дүгээр ангид хорьсон. Бусад зургааг нь өнгөрсөн баасан гаригт сэжигтнээр тооцон тус ангид цагдан хорьсон байгаа.
-Уг хэрэгт хуулийнхан холбоотой байж магадгүй. Мөн төрийн өндөр албан тушаалтан, төрийн албан хаагч, хувийн болон бизнесийн компаниуд, хуулийнхан гээд олон удаагийн үйлдлээр, олон хэлбэрээр хууль бус үйлдэл хийсэн байж болзошгүй. Шалгалтын явцад арван тэрбум төгрөг бол сэжигтнүүдийн угаасан, залилсан мөнгөн дүнтэй харьцуулахад маш бага тоо. Маш их хэмжээний мөнгөний тухай яригдах байх. Энэхүү мөнгө угаасан дөрвөөс таван улс дамжин үйлдэгдсэн хэрэгт гурван шатны шүүхээс хорих ялаар шийтгүүлсэн МАХН-ын дарга Н.Энхбаярын хамаатан садан болох хэдэн хүнийг шалгаж эхэлсэн.
Ч.Хоролсүрэн манай нутгийн хүн л дээ. Их л сүрхий бизнесмэн, МИАТ-ийг авч явах менежментийг хамгийн зөв хийгээд байгаа юм шиг санагдсан. Ч.Хоролсүрэн зохих хэмжээний мөнгөтэй л байх, миний ойлгосноор бол. Өмнө нь бизнес хийж мөнгөтэй болсон гэж ойлгосон.
МИАТ-ийг хувьчилж авахын тулд "Монголиан Эйрлайнес" компанийг байгуулсан гэдгийг би мэдэхгүй. Ч.Хоролсүрэн халагдаад явсан шүү дээ. Тэгээд сүүлд хувийн компанитай болсон гэж дуулдсан. МИАТ-ийн мөнгө угаадаг, гадаад дотоодын компанийн талаар ямар ч мэдээлэл байхгүй. Мөнгө угааж байна гэдэг мэдээлэл бас байхгүй байлаа. Харин 2011 он, 2012 оны заагаар энэ мэдээллийг дуулсан. Тэгээд хууль хяналтын байгууллага үүнийг шалгаж байгаа гэсэн мэдээлэл ирсэн. Хууль хяналтын байгууллагад дэмжлэг үзүүлээд Төрийн өмчийн хорооноос шалгах хүн томилж өгч байлаа. Тэгээд шалгалт хийсэн. Би 2012 он дөнгөж гараад ажлаа өгсөн. Түүнээс хойш би мэдэхгүй.
Намайг одоо өөрийгөө өмөөрөөд л гэнэ. Би өөгүй цагаан гээд хэлбэл бусдад итгэл үнэмшил төрөхгүй л дээ. Ер нь бол тэр их мөнгө, зөрчлийн талаар ойлголт алгаа. Тэр дундаа цаана наана нь мөнгө угааж байгаа талаар ямар ч ойлголт алга.
Миний ганц хэлэх зүйл бол тэр эргэлдээд байгаа, угаагдаад байгаа мөнгөнөөс нэг ч төгрөг аваагүй ээ. Энэ үгийг шалгадаг газар нь шалгаад, шалгалт дууссаны дараа олон түмэнд сануулаарай. Би үүнд итгэлтэй байна.
Надад баяжаад сүйд болсон зүйл алга. Хэцүү байна. Аймаар юм болчихлоо шүү дээ. Нийгмийн сэтгэл зүйд хэвлэл яаж нөлөөлдгийг би мэднэ.
Монголбанкны Санхүүгийн мэдээллийн албаны дарга Б.Төмөрбат
-Хэрэг мөн үү, биш үү гэдгийг шүүх тогтооно. Мэргэжлийн хүний үүднээс авч үзвэл эхлээд суурь гэмт хэрэг нь үйлдэгдсэн байх ёстой. Эхлээд залилангийн гэмт хэрэг үйлдсэнийг нь тогтоосон баримт бичиг нь байх ёстой.
Тэгвэл гэмт хэргээс олсон хар мөнгө гэдэг нь тодорхой болчихно. Тэр хар мөнгийг дамжуулсан, шилжүүлсэн, өөр хүний гарт өгсөн л бол мөнгө угаах гэмт хэрэг болчихно. Жишээ нь, гэмт хэрэг үйлдэж олсон мөнгө нэг хүнээс нөгөөд шилжихэд л мөнгө угаасан гэмт хэргээр яллах боломжтой. Гэмт хэргийг үйлдсэн хүн нь өөрөө мөнгөө авч яваад ийм тийш тэнээд ирсэн бол, эсвэл өөр хүний сейфэнд хадгалуулсан бол мөнгө угаах гэмт хэрэг болно. Яагаад гэвэл манай хуулийн зохицуулалт ийм.
Монголд бол мөнгө угаахын тулд заавал гурван үе шат дамжсан байх албагүй гэж үздэг. Хууль бус хөрөнгөөр байшин худалдаж авсан байхад л хангалттай. Иймээс энэ хэргийг хэлбэрийнх нь хувьд харахад мөнгө угаасан байж болох талтай.
Эрүүгийн хуульд мөнгө угаах гэмт хэргийг тусгасан. Хуульд тэдний үүргийг тусгаад өгчихсөн учраас банкууд үүргээ ухамсарлаж, сэжигтэй гүйлгээ ирсэн тохиолдолд бидэнд даруй мэдэгдэх ёстой.