Баяр наадмын амралтын өдрүүдэд ирсэн дуудлага, хэрэг зөрчил болон олон нийтийн сүлжээгээр цацагдсан зарим хэргийн талаар Цагдаагийн байгууллагаас өнөөдөр /2026.07.20 / мэдээлэл хийлээ.

Баярын амралтаар Цагдаагийн байгууллагад гэмт хэрэг, зөрчлийн шинжтэй 9446 дуудлага, мэдээлэл бүртгэгдлээ. Үүнээс гэмт хэргийн шинжтэй 488 дуудлага бүртгэгдэж, шалгалтын ажиллагаа явуулж байна гэв.

Зарим хэргийн талаар тодруулбал, Нууц амрагтайгаа хамтарч нөхрийнхөө амийг хөнөөсөн хэрэгт холбогдсон этгээдийг өнөөг хүртэл саатуулаагүй гэсэн мэдээлэл гарсан. Энэ талаар Цагдаагийн байгууллагад ямар мэдээлэл байна вэ?

-Хөвсгөл аймгийн Арбулаг сумын нутагт 7-р сарын 17-ны өдөр бусдын аминд халдсан хэрэг бүртгэгдсэн. Хэрэгт холбогдсон этгээдийг хорих тодорхой үндэслэлүүд байдаг. Хэргийг нотлох баримттай бүрэн танилцсаны үндсэн дээр хуульд заасан ажиллагааг хэрэгжүүлнэ. Цагдаагийн байгууллагаас шалгалтын ажиллагаа явуулж байна.

Хорих эсэх асуудлыг Цагдаагийн байгууллага биш, прокурорын саналаар Шүүхийн байгууллага шийдвэрлэх эрх зүйн зохицуулалттай хэмээн хариуллаа.