УИХ-ын гишүүн Д.Лүндээжанцан өчигдөр “Монголын үнэн “сонины редакцид зочлон ирж манай сэтгүүлчдийн асуултад хариуллаа. Үе үеийн парламентад өөрийн үүрэг, оролцоог нэр төртэй биелүүлж ирсэн түүний үг, үзэл бодол уншигч танд ч мөн үнэтэй байх буй за.

 

 

ИРЭХ ЖИЛИЙН ТӨСӨВ ТАРЖ БУТАРСАН
ЭЭДЭМ ШИГ БОЛСОН

 
-Цаг үеийн асуудлаар яриагаа эхэлье. Та ирэх оны төсөвт шүүмжлэлтэй хандаж байсан хүмүүсийн нэг. Бүр “эдийн засаг дотор халуунтай хүн шиг байна” гэж тодотгосон. Ямархуу дүн нуруутай төсөв баталсан гэж бодож байх юм. Дүгнэлт хийж үзсэн л байх?
-Төсвийн шат шатны хэлэлцүүлэгт, ялангуяа төсвийг батлах үед би өөрийн байр сууриа илэрхийлж байсан. Уг нь Төсвийн тогтвортой байдлын тухай хууль зэргээр төсвийг батлах, зохиох орчин чанарын шинэ төвшинд гарсан. Үүнээс хойш төсвийг урсгал байдлаар ч юмуу тохиолдлын маягаар баталдаг үзэгдэл арилна гэж олон хүн итгэж байсан. Гэтэл ирэх жилийн төсөв өмнөх жилүүдийнхээс дээрдсэнгүй, бүр дордсон гэж хэлж болно. Сангийн сайд Ч.Улаан ирэх жилийн төсвийг шахсан бяслаг шиг дүгнэсэн байна лээ.Би бол тарж бутарсан ээдэм шиг болсон гэж хэлмээр байна. Манай улс гурван төсөвтэй юм шиг болсон. Нэгдүгээрт, улсын төсөв, хоёрдугаарт бонд, гуравдугаарт үнэ тогтворжуулах хөтөлбөр гээд. Улсын төсөв батлах хамаг цаг хугацаагаа бусдад нь зориулаад алдчихаж байгаа юм. Мөн өрийн хязгаарыг ДНБ-ий 40 хувьд барьж, цаашид нэмэхгүй, ам.долларын ханшийг 1384 төгрөгт барина гэсэн асуудал анхнаасаа маргаан дагуулж байсан. Ам.долларын ханшийг бага төгрөгт барихаар хэдэн төгрөгийн зөрүү үүснэ. Түүгээр нь татварыг давуулан биелүүлсэн болж харагдана. Өөрөөр хэлбэл, хялбар аргаар төлөвлөгөөгөө биелүүлнэ гэсэн үг.

...Засгийн газрынхан бүгд сайн сайхан байгаа гээд яриад байхлаар бас эргэлздэг юм билээ. Гэтэл “Том төрөөс ухаалаг төр лүү” уулзалтын үеэр Ерөнхийлөгч яг миний дээр хэлсэн санааг ярьсан. Тэгэхэд төрийн тэргүүн ч гэсэн адилхан бодолтой байгаа юм байна гэж бодсон. Цалин, тэтгэвэр, тэтгэмжийг нэмэхгүй их удаан барьж байна. Боломжийн амьдралтай айл энэ нэмэгдлийг мэдрэхгүй байж болно. Харин ард түмэн мэдэрнэ. Нийслэлийн гэр хороолын айлуудад нүүрс тарааж байгааг Ерөнхий сайд үнэ өсгөхгүйгээр тухайн айлд түлэх түлээ нь очиж байгаа гэж хэлж байгаа боловч аль ч аймагт нүүрсний үнэ өндөр хэвээрээ л байна. Би хувьдаа үүнийг шоу л гэж бодож байгаа. Цалин, тэтгэвэр, тэтгэмжийг 10 гаруй хувиар нэмж, иргэдийн алгыг тэнийлгэж магадгүй юм. Ер нь горьдлогын төсөв болсон гэж хэлж болно...

Ард түмний халааснаас хулгай хийх замаар засаг ашиг олж, алдагдлаа нөхнө гэж ойлгож болно. Үүнийг Засгийн газрын ов мэх гэж харж байгаа. Энэ жил валютын ханш өсөхөд Ерөнхий сайд түр зуурийн үзэгдлийг сүржигнүүллээ гэж мэдэгдэж байсан. Гэтэл долдугаар сараас хойш таван сар өнгөрчихөөд байна шүү дээ. Тиймээс би ам.долларын ханш өндөр төвшинд байгааг дотор халуунтай хүн шиг гэж дүгнэсэн. Үүнийгээ ч хэд хэдэн удаа хэлж, ярьсан. Гэхдээ сүүлд нь юу билээ гэж эргэлзэх бодол төрж эхэлсэн л дээ. Засгийн газрынхан бүгд сайн сайхан байгаа гээд яриад байхлаар бас эргэлздэг юм билээ. Гэтэл “Том төрөөс ухаалаг төр лүү” уулзалтын үеэр Ерөнхийлөгч яг миний дээр хэлсэн санааг ярьсан. Тэгэхэд төрийн тэргүүн ч гэсэн адилхан бодолтой байгаа юм байна гэж бодсон. Цалин, тэтгэвэр, тэтгэмжийг нэмэхгүй их удаан барьж байна. Боломжийн амьдралтай айл энэ нэмэгдлийг мэдрэхгүй байж болно. Харин ард түмэн мэдэрнэ. Нийслэлийн гэр хороолын айлуудад нүүрс тарааж байгааг Ерөнхий сайд үнэ өсгөхгүйгээр тухайн айлд түлэх түлээ нь очиж байгаа гэж хэлж байгаа боловч аль ч аймагт нүүрсний үнэ өндөр хэвээрээ л байна. Би хувьдаа үүнийг шоу л гэж бодож байгаа. Цалин, тэтгэвэр, тэтгэмжийг 10 гаруй хувиар нэмж, иргэдийн алгыг тэнийлгэж магадгүй юм. Ер нь горьдлогын төсөв болсон гэж хэлж болно.

-Ерөнхийлөгч МАН-ын бүлэгтэй адил байр суурьтай байгаа юм бол төсөвт хориг тавих эрх нь нээлттэй шүү дээ. Хориг тавих болов уу?
-Ерөнхийлөгчийн хоригийг би хэлж мэдэхгүй байна. Уг нь Ерөнхийлөгчийн хууль тогтоох эрх мэдэлтэй харилцах харилцааны хамгийн том хөшүүрэг нь хориг байдаг. Төрийн тэргүүн өөрөө Үндсэн хууль, үндэсний аюулгүй байдлын манаач. Энэ утгаараа хориг тавих эрхтэй. Ерөнхийлөгч УИХ-ын замбараагүй үйл ажиллагааг хазаарлахын тулд хориг тавих бүрэн эрхээ хэр сайн хэрэгжүүлж байна вэ гэдэг нь хууль тогтоох эрх мэдэлтэйгээ харилцаж байгаа харилцааг илэрхийлдэг нэг арга юм. Ард түмний төлөөлөл төрийн тэргүүн маань ард түмэнд ашиггүй хууль батлагдлаа гэж үзвэл хориг тавихаас өөр аргагүй. Гэхдээ Ерөнхийлөгч болж өгвөл хориг тавихгүй юмсан гэх зарчмаар ажиллаж байгаа юм болов уу гэж зарим нэг зүйлээс би ойлгож байна.

-УИХ-ын хууль тогтоох эрх мэдэл Засгийн газарт хөтлөгдөөд байна уу гэсэн шүүмжлэл бий. Улсын төсөв батлахад ч энэ бас л ажиглагдлаа?
-Засгийн газарт төсөв зохиох бүрэн эрх байдаг. Тэр ч утгаараа Засгийн газар нь бүрэн эрхийнхээ дагуу төсвийг зохиосон шиг зохиож, боловсруулсан шиг боловсруулах ёстой. Харин бодлогын том асуудлыг УИХ харж байх ёстой байдаг юм. Боломж нь байвал төсөв хэлэлцэх үйл явц дөрөв, таван сар үргэлжлэх ёстой. Бид сүүлийн үед битүү том тоонд хэт хөтлөгдөж байна. “Шинэ сум” төсөл гэхэд л 80 тэрбум, дээр нь Засгийн газрын мэдлийн олон сан бий. Энэ бүхэн хяналтгүй зарцуулагдах хэмжээнд хүрсэн. Тэр байтугай “Хүний хөгжил сан”-гийн мөнгөөр байшин барина гэж ярьж байна шүү дээ. Энэ бүгдийг сайн хянаж, нягтлах бүрэн эрх нь УИХ-д байдаг боловч үүнийгээ сайн хэрэгжүүлж чадахгүй байгаа болохоор наашаа, цаашаа болоод байгаа юм шүү дээ. Төсөв гэдэг нь жил бүр батлагддаг. Төсвийн тухай хууль гэдэг нь төсвийг зохиох, боловсруулахад баримталдаг хууль. УИХ, Засгийн газар бие биедээ хатуу хяналт, шаардлага тавьдаг байх ёстой. Энэ хоёр байгууллагын эрүүл, зөв харилцаа хамгаас чухал.

-Төсөв хэлэлцэх явцад Ерөнхий сайд ямар ч задаргаагүй төсөв оруулж ирсэн. Жишээ нь, үүнд МАН-ын бүлгийн зүгээс ямар хяналт тавьсан вэ?
-Манай бүлгээр энэ асуудлыг хэлэлцэж задаргаа хийсэн. Задаргаа хийсэн ч зориулалт, объект нь тодорхойгүй байсан. Цаашдаа энэ бүхнийг тодорхой болгох ёстой. Битүү төсвийг хэрхэн зарцуулсныг хянах гэхээр холбогдох байнгын хороод ирэх сарын 31-нд төсвийн жил дуусч, хоёрдугаар сар гэхэд төсвийн гүйцэтгэлээ өргөн барина гэсэн тайлбар өгч байгаа. Төсвийн хуульд зааснаар хэрэгжилт 100 хувь байх ёстой. Одоо хэдэн хувьтай байна вэ гэдгийг харах үлдлээ. Гүйцэтгэлд МАН-ын бүлэг хатуу хяналт, шаардлага тавьж ажиллана.

-МАН-ын удирдлагууд орон нутагт ажиллаж байна. Энэ үеэр ахмадуудын тэтгэврийг нэмэх хүсэлт олонтаа гарч байна. Гэтэл хэзээ нэмэхийг ч хэлэхгүй байна шүү дээ?
-Манай бүлэг цалин, тэтгэврийг 30 хувиар нэмэх шаардлага тавьсан. Гурван талт хэлэлцээрээр анх төсвийн төсөлд оруулж ирсэн 200 тэрбум дээрээ нэмж 35 тэрбум төгрөг суулгахаар болсон юм билээ. Нартай ч юм уу, бороотой юм уу нэг өдөр сэмхэн нэмэх юм ярьж байна. Юутай ч “явсан нохой яс зууна” гэгчээр бүлгийн гишүүд хөөцөлдсөний эцэст санхүүг нь бага хэмжээгээр нэмэгдүүлж чадлаа. Төсвийн тодотголын үеэр энэ асуудал дахиж сөхөгдөнө. Төсвийн тодотголыг нэн даруй оруулж ирэх хэрэгтэй байна. Ахмадууд тэтгэврийн зээлнээс өндийж чадахгүй байгаа нь үнэн. Төрийн алба үнэхээр данхайж байна. Шинэ сургууль баригдвал багш, сургууль нэмэгдэх нь тодорхой. Гэтэл шинэ хууль батлах болгондоо захиргааны албан тушаал бий болгоод байна. Ерөнхийлөгч төрийн аппарат томорсныг хэлж байна лээ. Хэдийгээр бид сөрөг хүчин ч гэлээ хууль санаачлах эрх байгаа. Тиймээс иргэдэд хэрэгтэй олон хуулийн төсөл санаачлах бодолтой байна.

 

 

ЭНЭ ХЭДЭН САЙД БАЙХГҮЙ БОЛЧИХВОЛ
МОНГОЛ ЗАСАГЛАЛГҮЙ БОЛЧИХ ГЭЭД БАЙГАА ЮМ УУ

 
 -УИХ, Засгийн газрын харилцаа, хамаарлыг ярихад нөгөө л Үндсэн хуулийн өөрчлөлтийн асуудал хөндөгдөнө. Өнөөдөр Засгийн газрын 19 сайдын 17 нь УИХ-ын гишүүн байгаа. Сая МАН Их хурлаараа улстөрийн намуудтай зөвшилцөх асуудлыг тогтоол болгож баталсан. Үүнд Үндсэн хуулийг өөрчлөх асуудал ч багтсан байгаа. Тиймээс ойрын үед энэ байр сууриа илэрхийлж, ямар нэгэн алхам хийх болов уу?
-Би намын Их хурал хуралдахаас өмнө өөрийнхөө байр суурийг илэрхийлсэн. Үндсэн хуулийг өөрчилнө гэж том ярихаасаа илүү эхний ээлжинд иргэдийн дунд “дордуулсан долоон өөрчлөлт” гэсэн нэр зүүсэн заалтыг хэрхэх вэ гэдгийг авч үзэх ёстой. Эндээс авах, өөрчлөх ч юм бий. Эдгээр өөрчлөлтийг тухайн үед улстөрийн зөвшилцлөөр шийдсэн. Тэр үед гаргасан алдаагаа хүлээн зөвшөөрч байна. УИХ нь 76 гишүүнтэй ийм бүтэц бүрэлдэхүүнтэй үед Засгийн газар давхардах юм бол үнэхээр хонины найр гэдэг шиг юм болно. Төрийн эрх мэдлийн нарийн хуваарилалтын талаар ярих олон алдаа, зөрчил бий. Үүнийг нэн даруй засах ёстой. Гэтэл 2016 оноос засна гэж яриад байгаа. Тэр хүртэл хүлээнэ гэдэг их инээдэмтэй. Хэдэн хүнийг ажилтай байлгахын тулд “давхар дээл” өмсгөж болохгүй л дээ. Энэ хэдэн сайд байхгүй болчихвол Монгол засаглалгүй болчих гээд байгаа юм уу. Эднээс өөр боловсон хүчин энэ намд байдаггүй юм уу зэрэг асуулт гарч ирж байна. Тийм учраас Үндсэн хуулийн өөрчлөлтийн хугацааг нааш татах хэрэгтэй. Ийм л байр суурьтай байна. Тулгамдсан асуудал учраас тэр хүртэл хүлээгээд байж болохгүй.

-Энэ онд “Чингис” бондын зарцуулалт, “Үнэ тогтворжуулах хөтөлбөр” зэргийн үр өгөөжийг тааруухан болсон гэж захын хүн хэлж байна. Ирэх жил мөн адил бондын хөрөнгийг зарцуулна, үнэ тогтворжуулах нэрээр баахан мөнгө гаргана. Энэ бүхэнд сөрөг хүчний зүгээс хяналт тавих бодит боломж ер нь бий юу?
-Сөрөг хүчний зүгээс УИХ-д асуулга тавихаар хэрэгжилтийг тайлагнана, хяналт тавих механизмыг бүрдүүлнэ, зөв зүйтэй л гээд байдаг юм. Гэтэл бодит байдалд ярих, толгой дохих хоёр ялгаатай. Үзсэн, дуулсан хоёрын хооронд дөрвөн хуруу зай байдаг гэдэг шиг. Яг өнөөдөр бол тэрнээс ч хол зай байдаг юм байна гэж харж байна. УИХ дээр ярьсан бол яриагаа хэрэгжүүлдэг, үүрэг хариуцлагаа хүлээдэг байх ёстой. Худлаа ярьж, худал мэдээлэл өгсөн бол бас ялгаагүй хариуцлагаа хүлээдэг байх ёстой шүү дээ. Эдийн засгийн төв байгууллагуудаас гаргаж байгаа мэдээлэл ч үнэн эсэхэд эргэлзэхэд хүрч байна. Статистикийн мэдээнд хүртэл шүү дээ. Нийгэм хөгжөөд, бараа бүтээгдэхүүний үнэ буураад байна л гэх. Өнөөдөр бодит байдал энэ мэдээлэлтэй нийцэхгүй байгааг олон хүн мэднэ. Цаасан дээр гаргасан мэдээллийг нь үнэн эсэхийг нь шалгадаг байх ёстой. Худлаа мэдээлэл гаргасан бол хариуцлага тооцдог тогтолцоонд шилжих хэрэгтэй байгаа юм. Тийм учраас сүүлийн үед Өрийн удирдлагын тухай хуулийг нэн даруй оруулах тухай асуудал яригдаж байна. Энэ их зөв зүйтэй алхам болж байгаа юм. Үүнийг хэлэлцэх явцад үнэн бодитой тоо баримттай больё гэсэн шаардлагыг хатуу тавина.

-Засгийн газрын хэрэгжүүлж байгаа ажил амьдралд үр шимээ өгөхгүй байгаа учраас тэр зүгт чиглэсэн шүүмжлэл газар авч байна. Үнэхээр нэг л болохгүй байна аа даа?
-Шинэчлэлийн Засгийн газар гэж өөрсдийгөө нэрлэсэн. Хэвлэл мэдээллийн хэрэгслээр арт түмний тархийг энэ нэрээрээ угааж байна. Энд, тэндгүй очиж тууз хайчлаад л, бүх үйл хэргээ “шинэчилж байна” л гээд байдаг. Үе үеийн Засгийн газар шинэчлэл хийж байгаагүй юм уу. 1990-ээд оноос хойшхи бүх Засгийн газар шинэчлэлийн Засгийн газар байсан. Урагшаа харж, шинэ юм хийж байгаа гэдэг нь шинэчилж байна л гэсэн үг биз дээ. Харин энэ Засгийн газрыг шинэчлэлийн гэхээсээ илүү ухралтын Засгийн газар гэвэл илүү тохирмоор ч юм шиг. “Алтан нарыг алгаараа хааж болдоггүй” гэдэг шиг яахав гудамж, талбай сайхан болж л байна. Гэхдээ өмнөх үеүдэд хийх мөнгө нь байхгүй байсан. Нөгөө талаар “Сангийн мөнгийг шанагаар гуядна” гэдэг шиг байж болохгүй. Мөнгөтэй байх тусмаа түүнийг илүү нямбай зарцуулдаг байх ёстой. Цаашдаа нийслэлийн олон гудамж, талбай цэцэг алагласан сайхан болно гэдэгт итгэдэг хотын оршин суугчдын нэг нь би. Гэхдээ энэ ажлыг хийхдээ арга барил нь зөв байгаасай гэж хүсч байна. Зорилго болоод үр дүн нь чухал гээд буруу арга хэрэглэж болохгүй. Тэгэхээр шинэчлэлийн Засгийн газар гэж үргэлж ярьж, шоуддагаа багасгамаар юм шиг санагдаад байгаа юм, тун нь хэтрээд байна. Ерөнхий сайд Н.Алтанхуягийг ярьсных нь хэрээр ажиллаад л байгаа юм байна гэж харж байгаа байх. Сайн удирдагч хүн бага ярьж, маш сайн хийдэг байх шаардлагатай. Ерөнхийлөгч Ц.Элбэгдорж компанийг удирдаж байгаа юм шиг улсыг удирдаж болохгүй гэж хэлсэн. Би үүнтэй санал нэг байгаа шүү.

 

 

БҮХ ХҮН ИТГЭЛ НАЙДВАРАА ШҮҮХЭД ТАВЬДАГ
 
-Та бол ардчилсан парламентын “амьд домог” болсон хүн. Үе үеийн парламентын хуулийн салбарын асуудлыг голлон хариуцаж, бодлогыг тодорхойлж ирсэн. Энэ парламентын үед хууль, шүүхийн шинэчлэл чамгүй сайн хийгдэж, олон ч хуульд өөрчлөлт орж, шинээр батлагдаж байна. Таны оюун бодлоо чилээж ирсэн салбар ямар ч байсан шинэчлэгдэж байгаагийн илэрхийлэл биз дээ?
-Би хуулийн “субботник” гэдэг зүйлийг нэлээн их хийсэн хүн. Тэгэхээс ч аргагүй үе байсан. Эрх зүйн шинэтгэлийн хөтөлбөрийн хүрээнд эрх зүйн шинэчлэлийн барилгыг босгосон юм шүү дээ. Гадаад, дотоодын нэртэй хуульчид зөвлөгөө өгч ажилласан.1992 онд Үндсэн хууль батлагдангуут арыг нь залгаж гарч ирэх хуулиудыг боловсруулахад ханцуй шамлан орсон. Цагаан цаасан дээр хар бэхээр атар газрыг хагалж эхэлсэн үе шүү дээ. Ингээд боловсронгуй болгох хоёрдугаар үе шат 2000 оны эхээр дууссан. Одоо гурав дахь үе шатандаа ороод явж байна. Сэтгэл зовоож байгаа нэг зүйл бол хоёр системийн зөрчил. Өөрөөр хэлбэл, эх газрын эрх зүйн тогтолцоо буюу Ром, Германы эрх зүйн тогтолцоо, далайн эрх зүйн тогтолцоо буюу Америкийн тогтолцоо хоёр зөрчилдөөд байгаад асуудал байна. Энэ хоёр тогтолцоо ялангуяа хууль эрх зүйн салбарт харшилдах зүйлс их байна. Бизнесийн салбарт яах аргагүй зарим хуулиуд нь далайн орны эрх зүйн тогтолцоогоор орж ирээд холилдож байна. Холилдохоос ч өөр аргагүй юм даа. Шүүхийн тухай багц хууль өнгөрөгч есдүгээр сарын 1-нээс хэрэгжиж, давж заалдах шатны шүүхүүдийг тойргийн журмаар байгуулах ажил яригдаж байна. Энэ хуулиуд хөлөө сайн олж чадахгүй байна. Зарим хүмүүс ямар шүүхээр яаж давж заалдах билээ гээд хайгаад явж байна шүү дээ. Хэдийгээр дээд шүүх доод шатныхаа шүүхийг удирдахгүй ч гэсэн шүүн таслах үйл ажиллагааны удирдлагыг хангах үйл ажиллагаагаа таслахгүй байх ёстой гэсэн шаардлагыг Дээд шүүхийн танхимын дарга нарт тавьсан. Шүүхийн ерөнхий зөвлөл шүүн таслах үйл ажиллагаанд оролцдоггүй. Манай шүүгчдийн цалин хангамж харьцангүй гайгүй. Урьд нь ч тийм байсан. Сая шүүгчдийн цалинг нэмэх асуудал яригдахад Шүүхийн ерөнхий зөвлөл тогтоох ёстой гэсэн асуудал орж ирсэн. Үүний дагуу УИХ цалингийн хувь хэмжээг баталж өгсөн. Хүний хар, цагааныг дэнслэх газар шүүх. Бүх хүн итгэл найдвараа шүүхэд тавьдаг. Шүүгч хүн өөрөө “амьд хууль” байх ёстой. Амьд хууль болсон шүүгч хэр ажиллахаас их зүйл шалтгаална. Гэтэл өнөөдөр шүүгчдийн талаар ямар гомдол, санал байдаг вэ гэхээр улстөрийн захиалгаар ажилладаг, мөнгөтэй, эрх мэдэлтэй нэгний талд шүүхийн шийдвэр гардаг гэсэн шүүмжлэл байдаг. Нөгөө талаар шүүн таслах үйл ажиллагаараа хэнд ч захирагдах ёсгүй шүүгч даргадаа захирагддаг. Энэ мэт байдлыг арилгахын төлөө л бид ажиллах ёстой. Мөн Цагдаагийн хууль, Гэрч хохирогчийг хамгаалах тухай хууль гээд олон хууль батлагдсан. Одоо Мөрдөх албаны тухай хууль, Хууль сахиулагчийн эрх зүйн байдлын тухай хууль, Гэмт хэргийн тухай хуулиуд өргөн баригдсан байна. Эдгээр хуульд няхуур, нямбай ажиллах шаардлагатай. Уг нь парламентад хуульчид зонхилж байх ёстой газар. Энэ тухай ярихлаар, мэргэжил нэгтнээ оруулах гэлээ, нийгмийн янз бүрийн салбарын төлөөллийг үгүйсгэлээ гэж ярьдаг хүмүүс олон байдаг. Харамсалтай нь жилээс жилд парламент дахь хуульчдын тоо цөөрч байгаад эмзэглэж явдаг. Ард нь хуулийн сайн баг ажиллаж байгаа гэдэгт л итгэх юм даа. Ямар ч гэсэн дээрх хуулиудыг Их хурлаар хэлэлцсэний эцэст сайн хууль өлгийдөж авна гэдэгт найдаж байгаа. Мөн Хууль сахиулах үйл ажиллагааны тухай хууль орж ирэх ёстой. Эрүүгийн байцаан шийтгэх хууль буюу одоогийн хэллэгээр гэмт хэрэг хянан шийдвэрлэх хуулийн төсөл байна. Эдгээр хуулийг шүүн таслах үйл ажиллагааны явцад хүний эрхийг хангах механизмыг суулгаж өгөх процессын хуулиудыг ч орхигдуулж болохгүй. Тэгэхээр хуулийн салбарын эрх зүйн орчны шинэтгэлд дээд зэргээр анхаарч, хамтад нь авч үзэх шаардлага зүй ёсоор гарч ирж байгаа юм.

-Төрийн албан хаагчдын цалин тэнгэр газар шиг ялгаатай байгаа энэ үед шүүгчдийн цалинг нэмсэнд шүүмжлэлтэй хандаж байгаа олон хүн бий. Ингэж цалинг нэмснээр авлига, хээл хахуулаас ангид байж чадах болов уу?
-Авлигаас ангид байж чадах эсэхийг би хэлж мэдэхгүй. УИХ шүүгчийн цалинг тогтоосон. Гэхдээ бусад салбарын цалингийн харьцааг хэт их алдагдуулахгүй байх ёстой. Өөрөөр хэлбэл, шүүгчийн цалин харьцангуй өндөр байж болно. Гэлээ гэхдээ зөрүүтэй байж болохгүй гэсэн зарчмыг би баримталж байна. Зөвхөн хуульдаа захирагдаж, хараат бусаар ажлаа явуулах нийгмийн баталгааг олгох хэрэгтэй гэдэг үүднээс шүүгчдийн цалинг нэмсэн. Бусад салбарын хүмүүс үүнд шүүмжлэлтэй хандаж байгаа нь үнэн. Гэхдээ нийгмийн шударга ёсны баталгаа иргэдэд өөрсдөд нь алсуураа хэрэгтэй юм шүү гэдгийг ойлгуулах хэрэгтэй. Тийм учраас авлига, хээл хахуулд автахгүй байх эсэх нь тухайн шүүгчээс л хамаарна.

 

 

ҮЙ ТҮМЭН ЗӨРЧЛИЙГ ГЭМТ ХЭРЭГ ГЭЖ ҮЗВЭЛ
МАНАЙХ ГЭМТ ХЭРГИЙН ОРОН БОЛЧИХНО

 
 -Өршөөлийн тухай хуулийн төслийг баталснаар 3000 орчим хүмүүжигчийг суллана гэж хуулийн төсөл санаачлагч хэлсэн. Нийгэмд ирэх сөрөг нөлөөллийнх нь талаас шүүмжлэх хүн ч байна. Таны байр суурь юу вэ?
-Өршөөлийн хууль хэзээ гарах вэ гэж надаас олон хүн асуудаг. Хуулийн төсөл санаачлагчид нь нэг их ярихаа болчихлоо. Гэмт хэргийн тухай хуультай уялдаа холбоотой гаргах гэж байгаа болов уу. Гэмт хэргийн тухай хуулиар юуг гэмт хэрэг, зөрчил гэж үзэхийг ялгаж өгнө. Шинэ хууль батлагдсанаар өмнө нь гэмт хэрэг үйлдсэн хүмүүсийн эрх зүйн байдал дордох ёсгүй.

-Эрүүгийн хуулийг хүний эрхийг зөрчсөн хатуу чанга гэж дүгнэх хүн цөөнгүй бий. Тэгвэл Гэмт хэргийн тухай хууль үүнийг зөөлрүүлж чадсан болов уу?
-Гаднын оронд харьцуулсан эрх зүй гэж ойлголт байдаг. Үүний дагуу баривчлах, хорих ялыг аль болох хэрэглэхээс татгалзаж оронд нь гэрийн хорио, тухайн хүнийг чөлөөтэй явах эрхийг нь хязгаарлах арга хэмжээ авдаг. Энэ хуулийн хэрэгжилтийг хянахад хүндрэлтэй болов уу гэж дүгнэж байна. Нийтэд тустай ажил хийлгэх гэж заалт нэмэгдсэн. Ийм шинэлэг заалт байж болно. Аж ахуйн нэгж, компанид эрүүгийн хариуцлага хүлээлгэх асуудал хамгийн их маргаан дагуулж байгаа. Энэ хуулиар ялын бодлого хөнгөрч, хорихоос өөр төрлийн ял оноох тухай ярьж байгаа ч гэмт хэргийн улмаас хохирсон хүний эрх ашгийг бодолцох ёстой. Гэмт хэргийн хөнгөн, хүнд, хүндэвтэр зэрэг ангиллыг байхгүй болгосон. Гаднын оронд гэмт хэргийн гурван категори байдаг. Зарим оронд хоёр категори ч бий. Манайх ганц л категоритой. Үүнийг хоёр болгож захиргааны зөрчлийг хөнгөн гэмт хэрэгт тооцож Зөрчлийн тухай хууль оруулж ирэх санал гаргасан. Монголд үй түмэн зөрчил гарч байгаа. Энэ бүхнийг гэмт хэрэг гэж үзвэл манайх гэмт хэргийн орон болчихсон юм шиг нөхцөл үүсэх гээд байна. Тиймээс Гэмт хэргийн тухай хуулийг бүгдээрээ сайн уншиж судлах хэрэгтэй байна. Юу нь болж, юу нь бүтэхгүй байгааг талаар хэлэлцүүлэг өрнүүлэх хэрэгтэй. Гэмт хэргийн хууль гэхээр хэрэг үйлдсэн хүнд энэрэнгүй хандах юм шиг ойлголт бий болсон. Цаана нь хохирсон иргэн олон байгаа гэдгийг мартаж болохгүй.

-Хууль зүйн салбарын бодлогыг тодорхойлж байгаа хүмүүсийн хооронд сүүлийн үед шинэ, хуучны ялгаа мэдрэгдээд байх шиг. Энэ нь салбарын бодлого тодорхойлоход бэрхшээл учруулах юм уу?
-Шинэчлэлийн Засгийн газар учраас шинэчлэх ёстой гэж үзвэл өөр хэрэг. Харин болж байсан юмыг буруутгаад муутгавал тэрэн шиг буруу юм байхгүй. Алхам тутамдаа сайжруулаад явбал дэмжилгүй яахав. Бид Үндсэн хуулийнхаа дагуу эрх зүйн шинэчлэл хийлээ. Энэ бол зогсолтгүй үйл явц. Одоо гурав дахь шинэ шат уруугаа орж ирлээ. Манай орны цаашдын хөгжлийн чиг хандлага, өнөөгийн нөхцөл байдал, гадаад орнуудын туршлагаас харж шинэчлэх хэрэгтэй байгаа юм. Удаашруулж бас яарч байж түүхий юм хийж болохгүй. Бид л удаан ажилласан гээд юм болгонд бул хар чулуу шиг байж болохгүй шүү дээ. Нөгөө нэг хэсэг нь шинэчилнэ гээд жолоогоо алдаж болохгүй. Энэ засагт гялтайж байгаа ганц юм нь ч байж магадгүй. Ямар ч байсан хууль зүйн салбарын шинэчлэл урагшилж байна. Шинэчилж, сайжруулья гээд зүтгэж байгааг би хувьдаа сайшааж байгаа.

-Шүүх хуралд иргэдийн төлөөлөгчдийг оролцуулах нь Үндсэн хууль зөрчиж байна гэсэн дүгнэлтийг Үндсэн хуулийн цэц гаргасан. Хууль зүйн байнгын хороо үүнийг хүлээн зөвшөөрөөгүй. Та ямар байр суурьтай байна вэ?
-Энэ маргаан их эртнээс эхэлсэн. Үндсэн хуулийн цэц их суудлын хуралдаанаар энэ маргаанд цэг тавих болов уу. Социализмын үед хоёр ардын төлөөлөгч шүүх хуралдаанд ордог байсан. Захиргаадалтын үе байсан учраас болдог байсан байх. Зарим нь Америкийн тангарагтны шүүхийн жишгээр явах нь зөв гэж үздэг. Энэ хоёрын завсраар иргэдийн төлөөлөгчдөд таслах эрх олгосон. Шүүх хуралд иргэдийн төлөөлөгчдийг оролцуулах нь шүүн таслах үйл ажиллагаанд саад болно гэж Үндсэн хуулийн цэц дүгнэлт гаргасан. Үүнийг Хууль зүйн байнгын хороо хүлээж авахгүй гэсэн. Ирэх баасан гаригт дахин энэ асуудлыг хэлэлцэнэ. УИХ хүлээж аваагүй тохиолдолд Үндсэн хуулийн цэц их суудлын хуралдаанаар хэлэлцэж эцсийн шийдвэрийг гаргана. Цэцийн гишүүдийг хоцрогдсон байна гэж хүмүүс шүүмжлээд байх шиг байна. Гэхдээ үндэслэлээ тайлбарлах байх гэж бодож байна. Би Үндсэн хуулийн өмнөөс тайлбар хийх хэрэг байхгүй. Хуульчийнхаа хувьд энэ асуудалтай холбоотой зарим зүйлийг судлаад сууж байна.

 

 

ЗӨВШИЛЦӨНӨ ГЭДЭГ ЧИНЬ ХУЙВАЛДААН БИШ
ТӨР БАРИХ УРЛАГ

 
-Монголбанкны Ерөнхийлөгч инфляцийг нэг оронтой тоонд барина. Ам.долларын ханшийг өсгөхгүй гэх мэтээр байнга ярьдаг ч бодит байдалд амлалт нь биелдэггүй. Эргээд энэ албан тушаалтнуудтай хариуцлага тооцох механизм байдаггүй юм уу?
-Төв банк Засгийн газар хэт сүжирвэл маш осолтой гэж өмнө нь ч хэлж байсан. Хэт сүжрээд эхлэхээр цаасан мөнгө хэвлэдэг. Эдийн засгийн байдал хүнд үед үнэ тогтворжуулж байгаагүй. Ёстой болдоггүй ганц юм тэр гэдэг байсан. Одоо яагаад үнэ тогтворжуулах хөтөлбөр хэрэгжүүлж болдог болчихсон юм. Монголбанкны Ерөнхийлөгчөөр ажиллаж байсан О.Чулуунбатаас асуухаар болдоггүй юм гэх юм. Хэнийх нь зөв бурууг мэдэхгүй. Мэдээллийн зөрүүтэй байдал анзаарагдаж байна. Зарим нь мэдсээр байж гаднын байгууллагын нэрийг барьж төөрөгдүүлдэг байх. Эдийн засгийн ойлголт жигдрэхгүй байна. УИХ-ын гишүүд бүхнийг мэдэгч биш шүү дээ. Үнэ тогтворжуулснаар бүх юм сайхан болно гэж Монголбанкны Ерөнхийлөгч хэлж байсан. Манайхан их мартамхай юм. “Сахил хүртээд шал дордов” гэгчээр мөнгө гаргаад ч үнэ тогтворжсонгүй. Ард түмнийг илбэдэх гээд байна л даа. Зарим нэг нь түүнд нь итгэдэг л байх. Гэхдээ төрийн түшээ хүн гэнэн итгэмтгий байж болдоггүй юм байна. Ийм байдал алдаанд хүргэдэг. Би үргэлжийн сэтгэл хөндүүр явдаг. 20 жилийн алдаа оноо бидэнтэй холбоотой. Хэдийгээр олонхиороо асуудал шийддэг гэж өөрийгөө зөвтгөж болох ч тэгж болохгүй. Нэгэнт баталчихсан учраас ингэж цайруулаад ч нэмэр байхгүй. Ямар нэгэн хууль батлагдах хүртэл эргэлзээгээ тайлж, үр дагаврыг нь ойлгож байж кнопоо дарахын төлөө явж байна.

-МАН-ын бүлгийн гишүүдийн байнгын хорооны бүрэлдэхүүний асуудлаар Үндсэн хуулийн цэц хариу өгсөнгүй. Одоо дахиад хандах гэж байгаа гэсэн. Үр дүн гарах болов уу?
-Эрх баригчид манай намыг олон сар бүлэггүй явуулж, ямар ч хаалгачгүй байхад гоол оруулсан. Үндсэн хуулийн цэцэд нэр бүхий хэдэн хүн нэхэмжлэл гаргасан. Би ч багтаж байгаа.Харамсалтай нь хүлээж аваагүй. Тийм учраас давж заалдахаар зэхэж байна. Манай эрх баригчид өөрсдөөсөө ичих хэрэгтэй. Сөрөг хүчний ганц, хоёр хүн байнгын хороодод харьяалагдаж байхад өөрсдөө сайд, гишүүний үүргийг давхар гүйцэтгэж байна. УИХ-ын гурван байнгын хороо, дэд хорооны ажлыг давхар хийж байна. Уг нь ийм олон ажлыг амжуулж байгааг нь бодохоор цалинг нь нэммээр юм шиг. Яг үнэндээ бүх ажлыг оромдож байна.

-МАН олон жил засаг барьж, олонхи болж явсан. Сөрөг хүчний байр сууринд ажиллахад ямар өөрчлөлт мэдрэгдэж байна вэ?
-Манайх олонхи ч, цөөнх ч байсан. Тийм учраас өнөөдөр зөв бодлогыг дэмжихэд гал хамгаалагчийн үүрэг гүйцэтгэж байна. Манай нам нийгмийн ардчилсан үзэлтэй. Ард түмний ядуулаг хэсгийн амьдралыг дээшлүүлж, чинээлэг дундаж давхаргыг бий болгох зорилготой. Түүнчлэн бизнес эрхлэгчдэдээ тус болдоггүй юмаа гэхэд тушаа болохгүй байх юмсан гэж боддог. Миний нэг зарчим байдаг юм. Олонхи, цөөнх зөвшилцөж ажиллах хэрэгтэй гэсэн. Үүнээс болоод намынхандаа ч аялдан дагагч, тал засагчаар дуудуулж явсан. Олонхи ингэж боддоггүй юм байна. Сүүлийн үед уур амьсгал арай зөөлөрч байна. Нэгэн үйлсийн төлөө явж байгаа учраас улс орныхоо төлөө нэгдэх хэрэгтэй Зөвшилцөл гэхээр бүх юмыг найрна гэсэн үг биш. Одоо зөвшилцөл гэхээр жаахан айдаг болж байна. Манайхан хуйвалдаан гэж ойлгоод байдаг. Энэ чинь хуйвалдаан биш төр барих урлаг. Парламентын ардчиллын амин сүнс нь юм.

-УИХ-ын гишүүн Р.Амаржаргал гишүүний бүрэн эрхээсээ татгалзах өргөдлөө гаргасан. Ордонд энэ талаар ямархуу бор шувуу нисэх юм. Таны хувьд үүнийг хэрхэн дүгнэж байна вэ?
-Би Р.Амаржаргалтай олон жил хамт ажилласан. Бие биеэ хүндэтгэдэг. Хар багаасаа нэгнээ мэднэ. Хоёулаа нэгдүгээр хороололд амьдардаг байсан. Залуухан багш нар өглөө ажилдаа явах гээд хамтдаа автобусанд суудаг байлаа. Сайн эдийн засагч, туршлагатай улстөрч гэж үнэлдэг. Аливаа асуудалд хэт нэг талыг барьж туйлширдаггүй. Яг л голыг нь олдог хүн. УИХ-ын гишүүн Р.Амаржаргал Монголд хариуцлагын тогтолцоо алга болсныг олж харжээ. Хариуцлагатай нийгэм байгуулахад анхаарал хандуулахын тулд гишүүний бүрэн эрхээсээ татгалзах алхам хийсэн болов уу. Олонхи нь хэрхэн ойлгож байгаа юм бүү мэд. Хариуцлага нэхсэн Р.Амаржаргалын байр суурийг би хувьдаа дэмжиж байна.