Хөдөлмөр, халамжийн үйлчилгээний ерөнхий газраас гаргасан судалгаанаас үзэхэд Монгол улсад  нийт 531,1 мянган хүүхэдтэй өрх байна. Нийт өрхийн 38 хувь хүүхэдгүй, нийт хүүхэдтэй өрхийн 72,8 хувь нь 1-2 хүүхэдтэй байна.

Тиймээс жирэмсэн эх, 0-3 хүртэлх насны хүүхдээ асарч байгаа эх, 4 хүртэлх насны ихэр хүүхэдтэй эх /эцэг/, 3 болон түүнээс дээш хүүхэд төрүүлэн өсгөж байгаа өрх толгойлсон эх /эцэг/-д тэтгэмж олгох хуулийн төслийг УИХ-аар энэ долоо хоногт хэлэлцэхээр болжээ.

Хуулийн төсөл батлагдснаар:

-4 хүртэлх насны ихэр хүүхдэд нэг удаа тэтгэмж олгох;

-эхэд жирэмсэний 5 сартайгаас эхлэн төрөх хүртэл хугацаанд тэтгэмж олгох;

-0-3 хүртэлх насны хүүхэдтэй эхэд хүүхэд асарсаны тэтгэмжийг сар бүр

олгох;

-3 болон түүнээс дээш хүүхэдтэй өрх толгойлсон эцэг, эхэд улирал бүр тэтгэмж олгох юм.

Энэ хуулийг хэрэгжүүлэхэд нийт 72.4 тэрбум төгрөг жилд нэмж зарцуулагдах бөгөөд  2018 оноос хэрэгжиж эхлэх аж.

3 бүлэг, 10 зүйлтэй энэхүү хуулийн төслийг Монгол Улсын Үндсэн хууль болон бусад хууль тогтоомжид нийцүүлэн боловсруулсан бөгөөд уг хуулийн төсөлтэй холбогдуулан Нийгмийн халамжийн тухай хуульд нэмэлт, өөрчлөлт оруулах тухай хуулийн төслийг хамтад нь боловсруулсан болохыг хууль санаачлагчид мэдэгдсэн.

Хуулийн төслийн Нэгдүгээр бүлэгт Нийтлэг үндэслэл, Хоёрдугаар бүлэгт Тэтгэмжийн төрөл, хэмжээ, олголт Гуравдугаар бүлэгт Бусад зүйл хариуцлагын асуудлыг тусгасан байна. Тодруулбал,

Хуулийн төслийн 1 дүгээр зүйлд хуулийн зорилтын талаар;

Хуулийн төслийн 2 дугаар зүйлд Эхэд тэтгэмж олгох тухай хууль тогтоомжийн талаар;

Хуулийн төслийн 3 дугаар зүйлд хуулийн нэр томьёоны талаар;

Хуулийн төслийн 4 дүгээр зүйлд хуулийн хамрах хүрээний талаар;

Хуулийн төслийн 5 дугаар зүйлд тэтгэмжийн төрлийн талаар;

Хуулийн төслийн 6 дугаар зүйлд тэтгэмж авах эрхийн талаар;

Хуулийн төслийн 7 дугаар зүйлд тэтгэмжтэй холбогдсон харилцааны талаар;

Хуулийн төслийн 8 дугаар зүйлд бусад асуудал

Хуулийн төслийн 9 дүгээр зүйлд хууль тогтоомж зөрчигчид хүлээлгэх хариуцлагын талаар;

Хуулийн төслийн 10 дугаар зүйлд хууль хүчин төгөлдөр болох хугацааны талаар тус тус тусгана.

Хүүхдийн өсөлт, хөгжилтөд 0-2 хүртэлх насанд шимт хоол тэжээл, сайн асаргаатай байх нь хүүхдийн тархины болоод цаашдын биеийн хөгжилд хамгийн их буюу эерэгээр нөлөөлдөг. Гэтэл манайд 0-2 хүртэлх насны хүүхдийг асран халамжлах байгууллага дутагдалтай байгаагаас эцэг, эхийн хэн нэг нь хүүхдээ асарч гэртээ байгаад, тэр хугацаанд нь тухайн өрх нэг хүний цалингаар амьдрах нь түгээмэл бөгөөд хүүхэддээ шим тэжээлтэй хоол өгч, хөгжлийг нь хангаж чаддаггүй байна. Тиймээс энэ хуулийн төслийг санаачилжээ. Нөгөө талаас  Монгол Улсад олон хүүхэдтэй өрх толгойлсон эх, эцгийн амьжиргааг дэмжих тэтгэмж, тусламжийн хэмжээ бага, хууль эрх зүйн зохицуулалт хангалтгүй байна. Монгол Улсын нийт хүүхэдтэй өрхийн 16 орчим4 хувийг өрх толгойлсон ганц бие эх /эцэг/-тэй өрх эзэлж байна. Олон хүүхэдтэй ганц бие эх, эцгийн хувьд хөдөлмөр эрхлэх боломж хязгаарлагдмал, орлогын эх үүсвэр багатай, олсон орлого нь өрхийн амьжиргаанд хүрэлцдэггүй тул хүүхдээ эрүүл өсгөн бойжуулах, боловсрол, эрүүл мэндийн үйлчилгээнд бүрэн хамруулахад хүндрэлтэй байдаг. Эдгээр хүндрэлээс шалтгаалан хүүхэд хараа хяналтаас гарах, хүчирхийлэл, дарамтад өртөх, хүнд хүчир хөдөлмөр эрхлэх зэргээр хүүхдийн эрх зөрчигдөх тохиолдол гарсаар байна. Тиймээс дээрхи асуудлуудыг зохицуулах зорилгоор энэ хуулийн төслийг санаачилсан ажээ.

Хуулийн төслийг хэлэлцэхэд хэн юу хэлсэн талаар болон УИХ-ын нэгдсэн чуулганаар асуудлыг хэрхэн шийдвэрлэсэн талаар бид эргэж мэдээлэх болно.