Ж.Мөнхбатыг АН-ын генсек яагаад тоогоогүй вэ?
2013/11/27
МАН-ын Ерөнхий нарийн бичгийн дарга Ж.Мөнхбат Монголын улс төрийн намуудын Ерөнхий нарийн бичгийн дарга нарыг Улаанбаатар зочид буудалд өчигдөр нээлттэй хүлээн авч уулзсан юм. Уг уулзалтаар Монголын улс төр, эдийн засагт болж буй үйл явдлыг дүгнэн хэлэлцэж цаашид хэрхэн хамтран ажиллах, зөв шийдэлд хүрэх талаар харилцан ярилцаж, санал солилцсон билээ. Энэхүү намыуудын уулзалтад нийт 12 намын Ерөнхий нарийн бичгийн дарга нар оролцсон бөгөөд Ардчилсан намын генсек Ц.Оюундарь ирээгүй. Өмнө МАН-ын дарга М.Энхболд намын дарга нартай хийсэн уулзалтаар мөн л АН-ын дарга Н.Алтанхуяг хүрэлцэн ирж байгаагүй удаатай.
Уулзалтын үеэр намын ерөнхий нарийн бичгийн дарга нар "иргэд, улс төрийн талцал хуваагдал газар авсан, нийгэм, улс төрийн байдал тогтворгүй байгаа энэ үед улс эх орныг чиглүүлэн залах намууд хоорондоо ойлголцож, зөвшилцдөг байх, нэгдмэл нэг зорилго, бодлоготой байх нь хамгаас чухал" гэдгийг онцолсон юм.
Харин Ц.Оюундарь даргын хувьд өөрийг нь огцруулахаар суулт зарлаад буй Дарханы асуудлаа цэгцлэхээр тус аймагт ажиллаж байгаа учраас уулзалтад ирээгүй бололтой.
МАН-ын Ерөнхий нарийн бичгийн дарга Ж.Мөнхбат “Өнөөдрийн уулзалтаар есөн асуудлыг авч хэлэлцлээ. Улс эх орны тогтвортой хөгжлийн асуудал, Үндсэн хуулийн өөрчлөлт, улс төрийн намуудын талцалж хуваагдаж буй асуудал болон залуучуудын хөгжил төлөвшилийн асуудлыг ярилцлаа. Уулзалт харьцангүй ажил хэрэгч боллоо. Уулзалтаас гурван үндсэн шийдвэр гаргасан. Энэхүү уулзалтыг улиралд нэг удаа тогтмол зохион байгуулж байя, парламентад суудалтай улс төрийн намууд УИХ-д хэлэлцэж байгаа асуудлыг талаар бусаддаа мэдээлэл өгөх болон цаашдын хамтын ажиллагаа илүү үр дүнтэй болгох ёстой гэж үзсэн. Үүнээс үүдэн маргааш улс төрийн намуудын Ерөнхий нарийн бичгийн дарга нар нэгдэж, улс төрийн мэдэгдэл гаргахаар боллоо. Энэхүү мэдэгдэлд ирэх оны төсөв, эдийн засаг, валютын үнийн асуудал болон гадаад өрийн хэмжээг нэмэгдүүлж байгаа талаар тусгасан байгаа. Харин засгийн эрхийг барьж байгаа Ардчилсан намын Ерөнхий нарийн бичгийн дарга Ц.Оюундарь өнөөдрийн уулзалтад ирсэнгүй. Иймд улс төрийн намуудын Ерөнхий нарийн бичгийн дарга нар цаашид энэхүү уулзалт сууж байгаач гэсэн санал хүргүүлэхээр боллоо" хэмээн ярилаа.
Ямартай ч АН-ын генсек улс төрийн намуудын Ерөнхий нарийн бичгийн уулзалтыг өөрийн тойргийн ажлаа илүүд үзэж тоогоогүй бололтой.
Х.Даваа