“Нийслэл өргөө” ХК тендерээ дамладаг байсан нь илчлэгдлээ
2013/11/27
АТГ-аас сэжигтнээр татаж, цагдан хорих 461 дүгээр ангид саатуулагдаад байсан “Нийслэл өргөө” ХК-ийн ерөнхий захирал Б.Ганзоригийг Төрийн ордны өргөтгөлөөс эхлээд төрөх эмнэлэг хүртэлх том том тендерийг өөрийн болгодог түүнийг авлигын хэрэгт холбогдсон байж болзошгүй гэх үндэслэлээр саатуулжээ.
Өмнө нь Б.Ганзориг зөвшөөрөлгүйгээр Баянзүрх дүүргийн II хорооны нутаг “Оргилуун” худалдаа, үйлчилгээний төвийн зүүн талд барилга сүндэрлүүлж багагүй хэл ам дагуулсан ч зөвшөөрөлгүй барилгын ажлыг Мэргэжлийн хяналтын газраас зогсоох арга хэмжээ хүртэл авч байсан.
Яармагийн дэнж дээр барьж буй IV төрөхийн барилгын ажлыг “Нийслэл өргөө” компани гүйцэтгэж байгаа бөгөөд гурван жилийн өмнөөс барилгын ажил эхэлсэн ч өнөөг хүртэл ашиглалтад ороогүй. Энэ эмнэлгийн тухай бид өнгөрсөн дөрөвдүгээр сард мэдээлж байсан. Тухайн үед улсаас зарлаж буй тендер болгоныг яагаад ганц “Нийслэл өргөө” ХК авдаг байсан юм байсан мөн хөрөнгө мөнгө нь шийдэгдсэн атал өнөөг хүртэл ашиглалтад ороогүй байгаа нь цаанаа ямар нэг хардлага дагуулахад хүрээд байгаа, барилгын цаад нууц ноёнтон хэн бэ гэх зэргээр мэдээлэл гарч байсан. Гэтэл тус компанийн захирал Б.Ганзориг дээрх бүх үндэслэлийг үгүйсгэж худал мэдээлэл тараалаа хэмээн биднээс залруулга гаргахыг хүсч байжээ.
Цаашлаад тус компани IV төрөхийн тендерийг авч, барилгын ажлыг эхлүүлсэн хэдий ч цааш нь дамжуулан өөр компанид зарсан гэнэ. “Тендер болгонд хуруу дүрж, хор хутгадаг Б.Ганзориг” гэж барилгынхан дунд хэдийнэ алдаршсан нэгэн болох нь батлагдлаа. Өөрөөр хэлбэл тэрбээр цаас хувилдаг шиг тендерийг бас хувилдаг гарамгай нэгэн гэнэ. Энэ нь мөнгө хаяж авсан тендерээ дараагийн хүндээ шилжүүлэхдээ “Би тэдэн хувийг нь авлаа. Чи барь” гээд тохирохыг хэлдэг тухай эх сурвалж мэдээлж байсан байна. Өнгөрсөн жил ашиглалтад орох ёстой байсан тус эмнэлгийн төсөвт өртөг ч яагаад өссөн юм бол гэдэг нь өөрийн эрхгүй анхаарал татах асуудлын нэг болоод байна. Өөрөөр хэлбэл тус компани төсөвт өртгийн 89-93 хувийг санхүүжилтээр авсан. Гэтэл дээрх барилгууд нь одоо болтол дуусаагүй, төсвийн анхны дүн нь 38-69 хувиар өссөн байна. Бүр тодруулбал өнгөрсөн хугацаанд энэ барилгын анхны төсөвт өртөг болох 19 тэрбум төгрөг нэмэгдсээр 33 тэрбумд хүрч, ирэх жилээс нааш ашиглалтад орохооргүй болжээ. Анхнаасаа л тус барилгын дэд бүтэц, цэвэр, бохир усны асуудал шийдэгдээгүй гэж олон асуудал яригдаж байсан боловч энэ жил дэд бүтцийн асуудлыг шийдвэрлэж, 200 гаруй тэрбум төгрөгөөр “Буянт-Ухаа” хорооллоос дулаан, бохирын шугамыг татаж байгаа гэнэ. Гэтэл энэ бүхэн дээр дөрөөлөн “Нийслэл өргөө” компанийнхан дахиад 14.2 тэрбумын санхүүжилт шаардсан нь олон хүний гэдэнг хөдөлгөсөн тул албаны хүмүүс шаардсан мөнгийг нь өгөх боломжгүй гэдгээ хэдийнэ мэдэгджээ. Ингээд Барилга хот байгуулалтын дэд сайд Г.Байгальмаа энэ сарын эхээр IV төрөхийн ажлын явцтай танилцах үеэр доорх хариултыг авч байсан юм. -300 ортой эл эмнэлгийн төсөвт өртгийн зөрүү нь 14 тэрбум төгрөг байна. Хуучин 19 тэрбумаар төсөвлөсөн байсан юм. Тиймээс үүнийг шууд шийдээд явахад учир дутагдалтай. Иймд энэ эмнэлгийг барьж буй компани Төсвийн байнгын хороонд төсөвт өртөг нь яагаад нэмэгдээд байгаа тухай саналаа хүргүүлсэн байгаа. Энэ асуудал хараахан тодорхой болоогүй байна. Мөн одоо мөрдөж байгаа Тендерийн тухай хуульд хариуцлагын асуудлыг тодорхой зааж өгөөгүй. Тиймээс энэ асуудлууд үүсээд буй юм. Үүнийг хуульд сайн тусгаж өгөх хэрэгтэй.
Мөн төрийн байгууллагууд төдийгүй төсөлд оролцож байгаа аж ахуйн нэгжүүд Тендерийн тухай хуульд өөрчлөлт оруулах тал дээр санал нэгтэй байгаа. Хамгийн доод үнийг санал болгосон нь төсөлд шалгардаг нь буруу. Тиймээс боломжит үнийг нарийн судалж байж, тендерийг шалгаруулбал яасан юм бэ гэж бодож байна. Ямартай ч албаны хүний хэлж буйгаар хамгийн бага үнийн саналаар тендерт ялдаг буруу зуршлыг арилгана гэж хэлсэн нь олон хүний анхаарлыг өөрийн эрхгүй татлаа. Учир нь хамгийн бага үнийн санал хэлж тендерт ялдаг “Нийслэл өргөө” ХК ийнхүү IV төрөхийн барилгын ажлыг царцаасан нь тендерийн үнийн саналаас харагдаж байгаа юм. Тэгээд ч тус компани нийслэлд зарлагдсан тендерийн дийлэнхийг авдаг гэдэгтэй олон хүн санал нийлэх байх. Учир нь тэд өөрсдийгөө өнгөрсөн хагас зуун жилийн түүхтэй компани гэж бахархдаг мөртлөө ганцыг нь ч өөрсдөө барьдаггүй, зүгээр л барилгын “ченж” болсон компани. Түүнчлэн “Нийслэл өргөө” компани өнгөрсөн онд Олимпийн хорооноос хэрэгжүүлж буй Спортын бэлтгэл, сургуулилтын төвийн барилга гээд хэд, хэдэн газрын барилгын тендерт ялсан. Эзгүй хээр тал газар татвар төлөгчдийн мөнгөөр хэдэн давхар шавар балгас босгочихоод одоо улсаас ийм их хэмжээний мөнгө нэхээд сууж байгаа нь хуульд хэр нийцтэй юм бол. Салбарын сайд нь хүртэл эл төрөхийн барилгыг Засгийн газрын түвшинд яригдаж байж шийдвэрлэх асуудал хэмээн хэлж байсан. Гэтэл анхнаасаа дэд бүтцийн асуудал нь шийдэгдээгүй газарт төрөх эмнэлэг барих тендерийг яагаад зарлав. Мөн тус компани ямар замаар уг тендерийг авсан бол гэх зэрэг ноцтой асуудлууд урган гарч ирж байгаа юм. Энэ хэргийг хууль тогтоох байгууллагууд нь анхааралдаа аван шалгавал ганц Б.Ганзориийн хэргээр дуусахгүй эрх бүхий холбогдох хүмүүсийн ч асуудал сөхөгдөх нь ойлгомтой боллоо.
unen · 2013/11/28
naadakh chin baidag l asuudal sh dee. ter udur bur gemgui humuusiig alj baidag hulduuj baidag eko-iin nimdavaaa ter mon uranii narankhuugeee l bariachdee