Өнөөдрийн байдлаар нийслэлийн хэмжээнд 400 орчим  замын цагдаа хөдөлгөөнийг зохицуулж байгаа бөгөөд зөрчил гаргасан жолоочийг бэлэн мөнгөөр торгох арга хэмжээ авдаг.

Тэгвэл цагдаа нар хэвлэгч, уншигч төхөөрөмжид тухайн жолоочийн иргэний  үнэмлэх, жолооны үнэмлэх, хурууны хээг уншуулснаар торгуулиа бэлэн бусаар төлөх боломжтой боллоо.

Энэхүү төхөөрөмжийг нийслэлийн хэмжээнд ажиллаж байгаа 400 цагдаад  хүлээлгэн өгсөн юм. Ингэснээр замын цагдаа нар ирэх даваа гарагаас эхлэн ажил үүргээ гүйцэтгэх үедээ тусгай зориулалтын уншигч, хэвлэгчийг ашиглан, зөрчил гаргасан жолоочид газар дээр нь торгуулийн хуудас хэвлэж өгнө.

Замын цагдаа нар торгууль, хураамжийг бэлэн мөнгөөр авч хувьдаа завшдаг тухай шүүмжлэл байнга дагадаг байдлыг халах үүднээс шинэ төхөөрөмжийг "Чингис" бондын санхүүжилтээр “Смарт солюшинс” компани гүйцэтгэсэн аж.

2013 оны төсөвт батлуулсан Ерөнхий сайдын 50 тэрбум төгрөгийн 1.8 тэрбумаар нь эдгээр төхөөрөмжийг худалдан авсан юм байна. Энэхүү өслийн гүйцэтгэгч компани нь  шалгах төхөөрөмж, тасалбар хэвлэгч гэсэн үндсэн хоёр төхөөрөмжийг сервер, сүлжээний холболтын хамт иж бүрнээр нь ашиглалтад бэлэн болгожээ.

Уг төхөөрөмж нь халаасанд багтах хэмжээтэй уншигч бөгөөд төхөөрөмжид жолоочийн иргэний үнэмлэх, хурууны хээ, жолооны үнэмлэхийн аль нэгийг уншуулан хувийн бүртгэлд нь нэвтэрнэ. Ингэснээр тухайн жолоочийн зөрчлийн түүхийг харах боломжтойгоос гадна татвар, даатгалын төлөлт, үзлэг оношилгоо, хяналтын камеруудаар илрүүлсэн зөрчлийг нь хүртэл харж болох боломжтой.

Тасалбар хэвлэгч төхөөрөмжөөр зөрчлийн торгуулийг хэвлэж өгөх ба 14 хоногийн хугацаанд төлөх ба хугацаа хэтрүүлбэл торгуулийн хэмжээ нэмэгдэх, жолоо барих эрх нь хасагдах хүртэл хариуцлага тооцох шинэ журам гаргасан байна.

Шинэ журмыг дагуу бол зөрчил гаргах бүрт жолоочоос оноо хасах ба анхлан олгосон 100 оноо дуусвал жолоодох эрх нь хасагдаж, давтан сургалтад суун шалгалт өгч байж эрхээ сэргээлгэх аж.

Жолоочийн зөрчил нь бүртгэгдэж, мэдээллийн санд ордоггүй учраас давтан үйлддэг, замын хөдөлгөөнд ухамсар хариуцлагагүй оролцон зохиомол түгжрэл үүсгэдэг “чанаргүй” жолооч нарыг энэ систем илрүүлнэ гэж албаны хүмүүс онцолж байлаа. Учир нь шинэ төхөөрөмжүүдэд үндэслэн зөрчил гаргасан жолооч ямар жолооны сургууль төгссөн, хэн гэдэг багшийн бэлтгэсэн жолооч гэдгийг харах боломжтой аж. Зөрчлийн бүртгэл мэдээллийн ийм нэгдсэн сан бүрдэх нь хариуцлага, хяналтын дараа дараагийн ажлуудад түлхэц өгнө гэж салбарынхан хэлж байна.

Бэлэн бус төлбөр тооцоо гүйцэтгэхтэй холбоотой бүх мэдээллийг олон нийтэд нээлттэй байлгана гэв.

Х.Даваа