Universe Best Songs  наадмын шүүгч Рагу нь UBS телевизийн захирал Л.Балхжавыг “хар тамхичин”  гэж хэлээгүй бөгөөд манай сайтын орчуулгын алдаа болно. Рагу болон UBS телевизийн захирал Л.Балхжав нараас хүлцэл өчиж байна.

 

“Universe best songs” наадмын шүүгч, дууны инженер Рагу Раман өнгөрсөн 16-ны өдөр АНУ-д ажиллаж, амьдрахаар явсан билээ. Тэрээр явахынхаа өмнө  Монголд өнгөрүүлсэн долоон жилийн хугацаан дахь хийж бүтээсэн ажил болон Монголын хөгжмийн урлагийн тухай бидэнтэй сонирхолтой яриаг өрнүүлсэн юм.

- Танд энэ өдрийн мэндийг хүргэе. Манай  Хуур.mn сайтын урилгыг хүлээн авсан танд баярлалаа. Хоёулаа  Рагу гэж хэн бэ яагаад урлагийн амьдралыг сонгосон талаар ярилцлагаа эхлэх үү?

 

- Би  уг нь хот төлөвлөлтийн инженер мэргэжилтэй. Энэ мэргэжлээрээ коллежид гурван жил, их сургуульд нэг жил сурч байсан ч хичээлдээ тааруу оюутан байсан. Тэр үеийнхээ амьдралыг үзэн яддаг байлаа. Тийм дээ ч ирээдүйдээ барилга бариад, өдөр бүр барилгачидтай хамт ажиллаад, амьдрахыг хүсээгүй. Амьдралд минь шинэлэг өнгө төрх авч ирэх тэр л том өөрчлөлтийг хүссэндээ өөрийнхөө дуртай, хийхийг хүссэн зүйлээ хийх гэж  хөгжмийн амьдралаа сонгосон доо.Би Сингапурт хоёр жил, Английн Middlesex University-д дөрвөн жил “Дуу бичлэгийн урлаг” гэдэг ангид суралцаж, шилдэг төгсөгч болж байсан.

 

- Миний бодлоор аливаа урлагт хөдөлмөрөөс гадна авъяас их чухал. Та өөрийгөө хэр их авъяастай гэж боддог вэ?- Хүн бүр ямарваа нэгэн авъяастай гэж боддог. Бүгд тэр авъяасаа гадагш гаргаж чаддаггүй л болохоос. Жишээ нь дуучин Сараа юм уу Болдыг харахаар өөрсдийгөө эрсдэлд оруулж, алдах вий гэж айлгүйгээр өөрийн авъяасаа нээж чадсан байгаа юм. Урлаг дан ганц авъяасаас гадна эрсдэл, бэрхшээлийг даван туулах чадварыг бас шаарддаг. Зөвхөн дуу дуулаад, нотуудаа зөв байршуулахаас гадна уран бүтээлч өөрийнхөө амьдрал, хүсэл мөрөөдлөөрөө дэнчин тавиж байж амжилтанд хүрдэг.  Тэд өөрийн дотоод санаа бодол, мэдрэмжийг илтгэж  бусадтай уран бүтээлээрээ холбогддог. Би хөгжим зохиодоггүй ч зохиодог хүмүүсд талархаж явдаг. Тиймдээ ч авъястнууддаа, ялангуяа залууст уран бүтээл хийхэд нь туслахыг хүсдэг.

 

- Яагаад манай хөгжмийн урлагийг сонирхох болсон бэ?
- Би Сингапурт дуу бичлэгийн студидээ Монголын рок попынхны олон цомог дээр ажиллаж байсан. Харангын Чука, хийлч Дээгий, Ариунаа, сахал Пүүжээ, Камертоны бүх цомогууд болон Болд, Ганаа, Эбагийн анхны бие даасан цомгууд дээр ажилласан. Яагаад анх Камертон манай студийг сонгож ирэх болсныг мэдэхгүй. Хэсэг хугацааны дараа Болд бид хоёр бараг нэг гэр бүлийнхэн шиг сайн найзууд болсон байсан. Нэг өдөр Болд надтай холбоо бариад “Би нэг төсөл хэрэгжүүлэх санаатай, “B Production” гэдэг продакшн монголд нээх гэж байна. Монголын Мариан Керри болохоор нэг охин байна. Нэр нь Маралжингоо. Энэ төсөлд минь дэм болоод хамтран ажиллаач ээ” гээд санал тавьсанаар би анх Монголд ирсэн.

 

-  Нээрээ таныг  олон студийн дизайныг хийсэн гэж сонссон юм байна?
- Би чинь студийн дизайн, дугаралтын инженер мэргэжилтэй болохоор анх студи байгуулах талаар зөвлөгөө өгч хамтарч ажилладаг байсан. Тэр утгаараа Монголд олон студийн дизайныг хийсэн . “B Production”, “Nature Sound”, “Up music production”, СУИС-ийн дуу бичлэгийн студи, “Pro Sound”, ахиад нэг студи байдаг нэрийг нь мартчихаж ээ.

 

- Та уран бүтээл дээр ажилахдаа юуг чухалчилдаг вэ?
-Ер нь би дуугаралт их чухал гэж боддог. Би олон хамтлаг дуучдын дууны бичлэг болон найруулгыг хийсэн. Тэгэх болгондоо уран бүтээлчийн өөрийх нь өнгө төрх, мөрөөдлийг гаргахыг хичээдэг. Та сонсоод үзээрэй. DZ man ,Камертон, 3 охин, Киви, A Sound, Lemons, Болд, Никитоны сүүлийн цомог, Болдын Монгол поп, Люмино хамтлагийн Сэнбий дуу бүгд өөр өөр дуугаралттай. Хамтлаг дуучдын онцлогт нь тохируулж ингэж дуулаарай тэгж дуулаарай гэж зөвлөж, өөр мэдрэмж өөр сэтгэлийн хөдөлгөөнийг гаргахыг эрмэлздэг.

 

- Монголын урлагийн талаархи таны анхны сэтгэгдэл?
- Юуны өмнө монголын уран бүтээлчдийг, одоо байгаа одуудыг хүндлэх нь зүйтэй. Яагаад гэвэл тэд амьдралынхаа олон жилийг энэ урлагт зориулсан. Гэвч хүмүүсийн хөгжмийн талаархи ойлголт нь хуучин байна. 2013 он болчихоод байхад 1980-аад онтой адилхан сэтгээд байна. Аль ч улс оронд очиход залуучууд нь их хүчтэй байдаг бол энд урлагийн “хөгшин мафи” нь их хүчтэй байсаар байна. “Миний дууг дуулбал би чамайг дэмжинэ, ивээн тэтгэнэ. Харин миний дууг дуулахгүй бол туслаж чадахгүй” гэсэн сэтгэлэгээтэй байдаг юм билээ. Заримдаа аргагүйн эрхинд  залуус хөгшин сэтгэлгээтэй дуу дуулж, хөгшин сэтгэлгээтэй нэвтрүүлэгүүдэд оролцдог. Намайг анх ирэхэд Харанга, Сараа, Хурд, Никитон гэх мэтчилэн цөөхөн хамтлаг дуучид монголын хөгжмийн ертөнцөд зонхилж байсан. Одоо ч гэсэн хэвээрээ л байна. Залуу хамтлаг дуучид дутагдаж байсан бол одоо ч бас хэвээрээ л байна. Залуучуудыг дэмждэггүй хуучин “коммунист” сэтгэлгээтэй хүмүүстэй хамгийн түрүүнд тэмцмээр санагдсан.

 

- Үнэхээр Монголын урлаг “хөгшин” байна гэж үү?
- Тийм. Тэр хүмүүс 10 жилийн, 20 жилийн өмнө алдартай хүчтэй байсан байж болно гэхдээ одоо залуучуудаа дэмжих хэрэгтэй. Гэвч тэд 10 жилийн өмнөх хүчээ алдахыг хүсэхгүй, халааг нь авах залуусаа бодохгүй байна. Ер нь бол 50 настай хүмүүс гэртээ сууж байдаг шдээ /инээв/. Тэгэхгүй 50 хүрчихээд залуусын чиг хандлагыг заах гээд хичээх хэрэггүй, харин тэдний хийх гэсэн шинэлэг бүхнийг дэмжих хэрэгтэй. Би залуу уран бүтээлч, залуу зохиолчийн дууг дуулах хэрэгтэй гэж боддог. Тэгж байж урлаг хөгжинө. Залуучуудыг өөрөөсөө зайлуулсан, гишгэсэн тэр “мафи”-ийн эсрэг тэмцсээр залхаж байна.

 

- Таныг ирэхэд Монголын урлаг ямар байсан бэ? Одоо өөрчлөгдсөн үү?
- Өөрчлөгдөөгүй. Миний амнаас гарч байгаа үг гашуун ч гэсэн үнэхээр ямар ч өөрчлөлт гараагүй гэж бодож байна. Хэн хэн нь урлагийг атгаж байсан тэр хэвэндээ л байна. Залуучуудын орон зай үнэхээр хязгаарлагдмал байна. Тийм болохоор интернетийг би уран бүтээлээ олны хүртээл болгох зөв орчин гэж боддог. Яагаад гэхээр интернетэд залуус чөлөөтэй сэтгэгдэлээ бичиж, бие биенээ дэмжиж, бие биенийхээ хөгжмийг худалдаж авч болно. Тэд нар өөрсдийн уран бүтээлээ хийгээд л явна. Нөгөө нэг “томчууд”-тай сайхан харилцаатай байх гэж хичээх хэрэггүй болно.

- Та Universe Best Songs наадмыг таван жил хөтлөхдөө “Чадваргүй байна”, “Мэдрэмж байхгүй”,”Караокены дуучин” гэсэн үнэлгээ олон өгч  байсан. Тэгэхлээр залуусын дуулах чадвар таны үнэлэлтээр муу байгаа юм болов уу?


-Үгүй. Илүү сайн болох хэрэгтэй. Залууст авъяас нь байна, чадвар нь байна. Нэг хөгийн зүйл нь тэмцээний дараа тэдэнд ямарч карьер байхгүй. Одоо бодоод үзэхээр нэвтрүүлгийн дараа жил болгоны 25 гээд таван жилийн 115 / сүүлийн жил 15 /  дуучинтай болчихлоо. Одоо яах вэ? / инээв/. Энэ наадмаас Дөлгөөн, Цэлмүүн, Хишигдалай гээд цөөхөн залуус яг уран бүтээл хийж байна.  Анх UBS телевиз гоё нэвтрүүлэг эхлүүлсэн ч сүүлийн гурван жил нь авъястнууддаа төвлөрөхийн оронд шүүгч нарын “ток шоу”-ны хандлагатай болж утгаа алдсан гэж бодож байна. Энэ бас нэг талаараа миний буруу л даа. Утгаа алдаад эхлэхэд нь больчих ёстой байсан юм. Надад боломжийн хэмжээний цалин санал болгож, тэр нь надад хэрэгтэй байсан учраас би шүүгчээ хийсээр л байсан. Балхаа ах хүн болгонтой холбогдож хамтран ажиллахыг хүсдэг. Түүний талаар зарим хүмүүс хятадын эрлийз, хүүхдүүдийг ашиглан мөнгө олж байна гэж шүүмжилдэг нь намайг эмзэглүүлдэг. Тэр миний санаанд оромгүй зүйлсийг хийдэг. Яг санал нийлдэг зүйлүүдийг ч хийдэг. Зарим нь Балхаа ах UBS хоёрыг нэг юм шиг бодоод байдаг. Балхаа ах тусдаа, UBS тусдаа шүү дээ. Тэр хайр, хамтын ажиллагаа, эв нэгдлийг эрхэмлэдэг хэнтэй яаж, ямар гэрээ хийхээ сайн мэддэг, гүйлгээ ухаан сайтай хүн.

 

- Залуучуудын орон зай дутагдаж байгаа нь таны бухимдалыг хүргэж байгаа юм байна гэж ойлголоо?
- Тиймээ. “Universe Best Songs” нэвтрүүлэг дууссаны дараа оролцогч хүүхдүүд нь “00 цаас” шиг  хэнд ч хэрэггүй хаягддагт нь үнэндээ залхаж байна. Шоу нэвтрүүлгээ гаргахдаа маш их мөнгө зардаг хэрнээ дараагийнх нь үр дүн нь бага байдаг. Залуу хүн өөрийнхөө цаг завыг зарцуулаад тэрхүү шоуг өөрийнхөөрөө чимж байгаагийнхаа хариуд мөнгө авч байх ёстой. Урлагийн “Томчууд” болохоор залуучууддаа туслаад хөлс хөдөлмөрийг нь үнэлэхийн оронд “Би чиний ах биз дээ. Чи миний дүү биздээ. Үнэгүй ажилла” гээд төлбөр мөнгө өгдөггүй. Энэ чинь эцсийн эцэст юу юм бэ? Ямар нь новш нь юм бэ? Тэгсэн мөртлөө өөрсдөө LX 570,  Rаngerover унаад л, худлаа инээгээд л, НҮБ-ийн дуу дуулаад л, янз бүрийн юм хийх гэж оролдоод л, худлаа жүжиглээд л...Энэ бол зүгээр л нэг хараал идсэн “ШОУ” л байхгүй юу даа. Би ийм хөгийн шоунаас залхаж байна. Хүүхдүүдэд туслах гээд байгаа юм шиг жүжиглэх хэрэггүй шүү дээ.

 

- Тэгвэл яах ёстой юм болоо?
- Жинхэнээсээ тэдэнд туслах хэрэгтэй. Ямар нэгэн хэв маяг байх ёсгүй. Хэрвээ хүүхэд бит бокс хиймээр байвал хийж л байг л дээ. Хүссэн л юмаа хийг . Энэ чинь шинэ үе шүү дээ. Шинэ зүйл байх ёстой ш дээ. Тэрнээс биш хуучинсаг сэтгэлгээгээрээ хашаад хориод байх ёсгүй. Залуучууд өөрсдийгөө илэрхийлэхийг хүсэж байгаа, хүсэл мөрөөдлөө гаргахыг хүсэж байгаа, бидэнд  шудрага хандаасай гэж хүсэж байгаа. Дуу дуулчихаад мөнгөө адилхан л авахыг хүсэж байгаа. Иймээс залуучуудыг давтан давтан хуураад хүсэл мөрөөдөл дээр нь дэвсээд байвал тэд нар “том” болоод мөн л өөр хүмүүсийн мөрөөдөл дээр дэвслэх болно. Зарим нэг урлагийн томчууд гэгдэх тэр “хараал идсэн” хүмүүс иймэрхүү харилцаагаа зогсоох хэрэгтэй. Тэгэхгүй бол энэ байдал нь тойрог шиг тойроод, үеийн үед иймээрээ л байна.

 

- “Making the band”, “Universe best songs” наадмаас олон хамлаг дуучид жил бүр гарч ирдэг. Чанартай чанаргүй хамаагүй. Гэхдээ үзэгч, сонсогчид муулсан мөртлөө л сонсоод байдаг


-Тийм шүү. Тэр хамтлаг, дуучдыг Youtube дээр маш олон хүмүүс үзсэн байдаг. Хүмүүс яагаад муулсан мөртлөө сонсоод байна? Энэ чинь шинэ зүйл, шинэ хэмнэл, шинэ мэдрэмжийг хүмүүст өгч байгаа болохоор, мөн залуу хүмүүс залуу хүмүүстээ зориулж гаргасан дуу болохоор л тэр. “Anemone” хамтлаг  гэхэд анх гарч ирэхдээ жаахан тааруухан байсан ч  алхам алхмаар сайжирсаар чадвар нь хамаагүй их дээшилсэн. Магадгүй “Making the band” жоохон мөнгөгүй шоу байж болно. Тэрхүү гаргаж байгаа хамтлагууд нь муу, ам барьдагийг хүмүүс мэддэг хэрнээ л сонсоод Like дараад comment бичдэг. Энэ чинь л шинэ үе байхгүй юу даа. Гэхдээ  сонсогч залуус гадаадын K-pop урсгалын биш M-POP дууг сонсохыг хүсэж байгаа гэдгийг мэдэх хэрэгтэй. Монголчууд өөрийн Жастин Бибер, Аделийг хүсэж байна. Харамсалтай нь нэг өөр өнгө төрхтэй хамтлаг, дуучин гараад ирэхэд дэмжиж тусладаг нь цөөхөн. Хэн ч тусалж дэмжихгүй байгаа болохоор тэд өсөж дэвжих боломжгүй байгаа юм. Хоёулаа хожино гэсэн нэр томъёог Монголчуудыг ойлгохгүй байна. Нэг нь хожоод нэг нь хожигдох ёстой гэж ойлгоод байдаг юм шиг байгаа юм. Хамтарч ажиллаад үр шимийг нь хоёулаа  хүртэнэ гэдгийг сайн ойлгохгүй байна. Тэр чамайг өргөнө чи түүнийг өргөнө. Тэгэхгүй бүгд хуваагдаад хамраа сөхөөд суучихаад бие биенийхээ эсрэг хийж байгаа юм шиг дуу хийгээд л, чи тэрэнтэй хамтарч ажиллаж байгаа юм бол би чамтай ажиллахгүй гээд эхлэдэг. Нэг бол чи миний найз, нэг бол чи түүний найз гэсэн сэтгэлгээтэй. Чадах чадах зүйлээрээ бие биендээ туслаж хамтарч ажиллавал илүү үр дүнтэй шүү дээ. Тэгсэн атлаа  Концерт дээр бүгдээрээ юу ч болоогүй юм шиг хамтран дуулцгаадаг. Яагаад гээч? Яагаад гэвэл концерт дээр л мөнгөө олдог байхгүй юу даа. Мөнгө л биш бол яг уран бүтээлч талаасаа хамтран ажилладаг нь тун цөөхөн.

 

- Тэгвэл  хөшигний ард бидний мэдэхгүй олон зүйл өрнөдөг байхнээ?


- Яг үнэнийг хэлэхэд хөшигний ард байнгын зөрчилтэй байдаг. Хэн нэгэн нь гайгүй зүйл хийвэл “хөгийн юмнууд хачин юм хийсэн байна, чадахгүй байж гээд л” бие биенийхээ талаар хөгийн зүйл ярьдаг. Ийм хар яриа аль ч урлагт хэрэггүй. Яагаад гэвэл урлаг сэтгэхүйгээр амилдаг учраас. Монголд хөдөлмөрлөх хүсэлтэй олон залуус байна л даа. Тэд нар нэг алдана, амжилтанд хүрнэ, ахиад нэг алдана, амжилтанд хүрнэ. Магадгүй тэд найман удаа алдахыг ч үгүйсгэхгүй ш дээ. Ярихад амархан л даа. Гэхдээ америкийг хар л даа. Хэн ч хэзээ ч ганцаараа авирсаар байгаад алдартай болдоггүй шүү дээ. Олон хүний хамтын ажиллаганы үр дүнд тэр Жастин Бибер ч юм хэн ч юм дээш гарч ирдэг юм. Монголд хэнч  алдартай хөл бөмбөгийн багтай болохыг хүсдэггүй. Бүгд л ганцаараа Асашёорү аварга шиг болохыг хүсдэг. Өөрийнхөө нэр хүндийг өөр бусадтай хуваалцахыг хүсдэггүй. Өөрийнхөө нэрийг хамгийн урд нь байлгахыг хүсдэг.  Би RokitBay-тай сайн найзууд л даа. Тэр хүмүүсийн яг ийм сэтгэлгээнээс болоод хамтарч уран бүтээл хийхээс зайлс хийдэг юм шиг санагддаг. Тэр залуу “Би юу ч хийсэн болноо. Мөнгө нь чухал биш. Миний мөрөөдөл шүү дээ” гэдэг. Хэрвээ бүгд би ганцаараа хожино гэсэн ойлголттой байвал урлаг хөгжин дэвшихгүй.

- Монголд дууны инженер мэргэжлийг эзэмшсэн хүн цөөхөн байдаг. Энэхүү мэргэжил их чухал юм шиг санагддаг?


- Чухал ш дээ. Дуулж чадахгүй мөртлөө дуу дуулах гээд ирдэг олон хамтлаг дуучид байна. Америкийн хөгжмийн студид хүртэл ашигладаг янз бүрийн эффектүүдийг ашиглан дууг нь засдаг. Дуучин биш хүнийг хүртэл дуучин шиг сонсогдохоор болгож чадах бүх студийн технологиудыг ашигладаг. Нэг хөгийн юмыг хүн сонсож болохуйц болгоно гэдэг мэргэжлийн минь хувьд таашаал өгдөг юм шүү /инээв/. Заримдаа би боддог л доо. Ямар утгагүй цаг үед бид амьдарч байнаа. Бусдад авъястай мэт харагдах атлаа бодит байдал дээрээ авъяас гэх юм байхгүй. Монголын зарим алдартай хуучны хип хоп хамтлагууд хүртэл үглэж чаддаггүй. Хүний үглэснийг сонсоод хоёрдугаар зам дээр нь яг адилхан үглэснийг жинхэнэ хип хоп гэхгүй шүү дээ. Гэсэн атлаа маш их фенүүдтэй. Эхний ирсэн жилээ би их гайхдаг байсан. Их алдартай олон сонсогчидтой, олон жилийн туршлагатай хамтлагууд дуулж, үглэж чадахгүй байсан. Гэхдээ би ажлаа хийх ёстой шүү дээ. Мөнгө өгч байгаа хүмүүс рүүгээ зөрүүлээд  довтолж чадахгүй. Юуг чадах вэ гэхээр тэд нар луу довтлохгүйгээр тэдний хийж заншсанаас шинэлэг, өөр зүйлийг хийх. Гэхдээ эцсийн эцэст би амьдралд хайртай хүн. Сайхан дуу бичдэг, сайн хөгжим дардаг хүмүүсийг дэмжиж ажиллах их дуртай.

 

- Таны талаар сөрөг бодолтой явдаг хүмүүсийг юу гэж боддог вэ?


Монголчууд надад дуртай байна уу үгүй юу гэдэг нь ямар ч хамаа байхгүй. Би ерөөсөө санаа зовдоггүй. Хүмүүс миний талаар янз янзын л зүйл ярьдаг. Замын голд явж байгаад л машиныхаа цонхыг буулгаад л “Гадаад пизда минь. Халтар сармагчин минь. Тогооч” гээд л хэлдэг. Надад энэ нь аягүй инээдтэй санагддаг. Бүр гадуур явж байх үед зарим хүмүүс намайг хуруугаараа заагаад л  “Чи хар пизда минь Монголд ирчихээд, чамд юу хэрэгтэй юм бэ, Санаа авах гээд байгаа юм уу” гэдэг. Тэгэхээр нь би хэлдэг л дээ. “Хүн л бол хүн шүү дээ. Африк байна уу гадаад байна уу ямар ч хамаагүй шүү дээ” гэж. Ингэж хэллээ гээд үнэхээрийн надад нөлөөлдөггүй. Монголчууд намайг таалж байна уу үгүй юу гэдэг нь ямарч хамаагүй. Хамгийн гол нь хүн ямар ч үед хүнлэг чанараа алдаж болохгүй.

- Ямарваа нэг урлагт үзэгч сонсогчид их чухал байдаг. Манай орны хувьд цөөхөн хүн амтай болохоор урлагийн хөгжил бусад орныхтой харьцуулахад өөр байдаг байх?


- Тиймээ тийм. Би тэгж боддог. хэтэрхий цөөхөн хүн амтай болохоор урлаг хөгжихгүй байна гэж боддог. Монголчууд дэлхийн нийтийн анхаарлыг татах хэрэгтэй. Монголчуудыг хараад байхад тусдаа л байхыг хүсдэг. Хэнээс ч хамааралгүй байхыг хүсдэг. Ертөнц тийм тогтолцоотой биш шүү дээ. “Монголчууд бид л онцгой хүмүүс” гэсэн сэтгэлгээтэй байгаад бусдаас өөрсдийгөө тусгаарлаад байвал надаас 100 дахин чадвартай, 1000 дахин авъяастай хүн Монголд ирэх хүсэлгүй болно. Бүр сүүлдээ монголчууд чинь өөрсдөө өөрийнхөөрөө бүх зүйлээ байлгахыг хүсдэг хүмүүс шүү дээ гээд хэн ч туслах хүсэлгүй болно. Тэгэхээр тийм сэтгэлгээ Монголд хэрэггүй. Хэрвээ өөрсдөө бүхнийг чадна гэж бодож байвал өөрсдийнхөө амьдарч байгаа ертөнцөө сайн таниагүй байна гэж хэлэх байна.

 

- Ам барих талаар юу гэж бодож байна?


Ер нь телевизүүд энэ зүйлийг эхлүүлсэн, одоо ч гэсэн байна. Сайн дугаралттай байхыг хүсээд ийм зүйлийг бий болгочихсон. Тэгээд студи дээр очоод дуугаа бичүүлээд яг CD-нээсээ тоглуулж байгаа юм шиг нэвтрүүлэг болон концерт дээр гаргаад байдаг. Бүх л телевизүүдийн дарга нар үүнд буруутай байх. Телевизүүдийн өөрсдийнх нь сайн дуугаралт гаргаж чадахгүй байдлаасаа болоод ийм байдал олон жил үргэлжилсээр. Амьдаараа дуулж чадахуйц сайн дуучдыг ч гэсэн ам бариулж “алж” байна. Монголчуудыг ам барьж байгааг нь мэдэхгүй тэнэг гэж бодоод байдаг юм шиг байгаа юм. Үгүй. Ам барьж байгааг мэдэж байгаа. Энэ чинь одоо юу болоод байгаа юм бэ? Одоо болих хэрэгтэй.  

 

- Яагаад гэнэт явахаар болчихов оо?


-Би хувийнхаа амьдралд анхаарч, өөртөө цаг гаргах хэрэгтэй юм шиг байна. Ялангуяа би эхнэрээ маш их санаж байна. Бид хоёр 2006 онд танилцаад одоо хүртэл хамт байгаа. Манай эхнэр Нью-Йорк хотод амьдарч байгаа. Би эхнэрээсээ маш удаан хол байлаа. Ахиж түүнээсээ хол байхыг хүсэхгүй байна.

- Төгсгөлд нь  манай ярилцлагыг уншиж байгаа уншигчидад хандаж юуг хэлэх вэ?   


-Тайвшир аа. Амьдрал ганц шүү дээ. Энэ ганц амьдралдаа муу энерги түгээгээд л маргалдаад байх нь утгагүй шүү дээ. Сөрөг хандлагаар хүмүүс рүү довтолдог байдалаа болио. Надруу довтлох нь надад нөлөөлдөггүй. Яагаад гэвэл тодорхой хэмжээний амьдрал үзсэн. Харин хүүхэд залуучууд руу тэгж болохгүй. Битгий залуучуудын баллаад хаячихаа. Явах гээд надад олон мэдрэмжүүд давхцаад байна л даа. Гэхдээ миний өөрөө ч ойлгохгүй байгаа юм нь юу юунаас илүү уур л их мэдрэгдэж байна.Чадах чинээгээрээ хүмүүст тусалж чадаагүй учраас магадгүй би өөрөө өөртөө уурлаж байж ч болох юм. Сайн мэдэхгүй юм даа. Миний амьдралын томоохон шилжилтын үе дээрээ ирчихээд байгаагаас тэр юм болов уу даа.

- Бидний урилгыг хүлээн сонирхолтой яриа өрнүүлсэн танд баярлалаа
Эх сурвалж:  www.xyyp.mn сайтын өмч бөгөөд зөвшөөрөлгүй хуулбарлахыг хориглоно.